Манзуширын хийдийн өвөрт өссөн айлын отгон охин Б.Батрэгзэдмаа Монголын утга зохиолын мөнгөн үе гэгдэх 1990-ээд оны найрагчдын нэг.Театр, жүжигт сэтгэл урвасан түүнийг одоо ч зураач болох багын адтай хүслэн хатгасаар яваа. Түүний шүлгүүд яг л өөр шиг нь хээнцэрлэл, чамирхалгүй үнэнийг урсгаж өгдөг. Сэтгэлгээний дотоод сэрэл мэдрэмж, өндөр дээд язгуурыг түүний часхийсэн жүжгийн зохиолууд, яруу найргийн эрхэмсэг оршихуйгаас нь тольдож болно. Хэт хүчирхэг сэтгэлийг ямагт мэдрүүлж байдаг энэ эрхэм хатагтай эх дэлхийгээ энхрийлэн “АСОАДАРЭ” хэмээх нэр хайрласан.”Тайчигч хөвгүүд ба саарал гудамж” жүжгээс нь эхлээд та биднийг театр өөд даллан дуудаж байдаг яруу найрагч, зохиолч Б.Батрэгзэдмаагийн тархи зүрхний олон “илэрхийлэл” алтан тайзнаа биежин тавигдсан байдаг. Театрт тэр цурамхийлгүй зохиож, найруулж, зурж, бичиж өөрөө жүжиглэхээс бусдыг гар хамхилгүй хийж явсан тод мөртэй. Цахим хуудастаа уншигчдынхаа анирт даруухан чимээлж суудаг энэ хатагтай тэр бүр хэвлэлд ам нээдэггүй. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэхэд таатай байна.
– Хатагтай Батрэгзэдмаагийн “нэг өдөр” хэрхэн өнгөрдөг вэ? Чөлөөт уран бүтээлч таны хязгааргүй эрх чөлөө эрхгүй атаархал төрүүлдэг?
– Хүмүүс их сайхан зүйлээр амьдралаа хөтлүүлдэг. Том гэрэл гэгээгээр амьдрал эхэлдэг. Өглөө босоод “Бидний амьдралыг энэ их гэрэл хөтлөх юм даа” гэж би нарны тухай нэг мөр бодож байсан юм. Миний өдөр янз бүрээр өнгөрнө. Жүжгийн зохиол бичиж байхдаа их эрт сэрдэг. Өглөө тав юм уу, зургаан цагт босч бичдэг. Дунд нь хоол ундаа хийж, орой хүртэл бичээд эртхэн унтахыг хичээдэг. Шөнө суудаггүй. Сүүлийн үед яруу найраг бичээд шөнө сууж байгаа. Өдөр бүр л өөр өөрөөр өнгөрдөг. Яг нэг тогтсон загвартай биш. Заримдаа өдөржингөө сайхан унтана. Заримдаа өдөржингөө хөдөлмөрлөнө. Чөлөөт уран бүтээлчдийн нэг сайхан юм нь эрх чөлөө байдаг. Өөртөө дарга, өөртөө цэрэг байж чаддаг.
– Бичих гэж, бодох гэж ирснээ ханатал мэдрээд сайхан хувь байх даа?
Хүн ажиллахын төлөө энэ хорвоод ирээгүй. Амьдрахын төлөө, гэгээрэх, сүнсний чанарыг улам төгөлдөржүүлэх хувь хишгээр ирсэн. Өнөөгийн нийгмийг харж байхад хүмүүс тогтсон загвараасаа болоод амьдрал ийм гэсэн загвартай болсон. Өглөө босоод л ажилдаа яваад л, өдөржин хөдөлмөрлөөд л, буцаж ирээд л, жилийн хэдэн өдөрт нь баярлана энэ тэр гээд л бүх зүйлүүдэд загвар бүтээсэн. Амьдрал загварчлагдсан. Яг үнэндээ амьдрал бол загвар биш. Уран бүтээлчдэд л азаар байгалийнхаа өгөгдөхүүнээр амьдрах хувь байдаг. Ганц уран бүтээлчид биш нийтээр ийм сэтгэл зүйтэй байвал асар гайхамшигтай зүйл бий болно. Өвлийн хүйтэнд хар үүрээр хүүхдийнхээ нүд ,хамар, ам, бүх юмыг нь битүүлээд л цэцэрлэгт хүргээд л хөөрхий эцэг, эх ажил руугаа явж байгаа нь амьдралын нарийн сайхан зүйл гэж би ерөөсөө боддоггүй. Энэ бол бид нэг загварын амьдралаар л амьдарч байгаа гэдгийг илрэл. Бүхэлдээ хүн төрөлхтөний амьдрал аймшигтай загварчлагдсан. Америкийн нийгмийг харж байхад тэр хүмүүсийн бүх юм нь аймшигтай хайрцганд орсон. Дэлхий хаа сайгүй л амьдралын бодит утгаас их зөрж амьдарсан. Гашуун, эмгэнэлтэй амьдралаар хүн төрөлхтөн явж байна. Их цөөхөн хүн, ард түмэн өөр үйлээр явж байна. Дийлэнх олонхи нь нэг хутгагдсан, хэлбэр, загварт амьдралынхаа үнэт цагуудыг өгч ажлын төлөө амьдарч байгаа юм шиг… Өглөө тахиа донгодохоор сэрнэ гэдэг байгалийн ёс. Одоо бол шөнөөр амьдардаг хот улс болсон. Нарны гэрлийн оронд неон гэрэл доор… Неон гэснээс миний тарьдаг цэцгүүд шөнөөр унтдаг. Дэлбээгээ хумьдаг. Гэтэл шөнө гэрлээ асаалттай орхиход тэд гэрэлтэй байна гээд дэлгэрдэггүй. Би бүр ширээний гэрэл ойртуулж тавихад цэцгүүд унтдаг цагтаа унтсан… миний чийдэнг огт тоогоогүй…цаад ертөнцийн цагтаа үнэнч байсан шүү.
-Сайхан хэллээ. Неон гэрэл дор амьдардаг хот улс болжээ гэж?
Гэтэл бид нар үйлдвэрийн нормын ажилчид шиг амьдарч байна. Их гунигтай амьдралыг туулж байна. Жишээ нь бүхэлдээ жинс өмсөнө гэдэг бүгдээрээ ширүүн материалаар хийсэн, нэг хэвийн өнгөний ертөнцөд амьдарч байна гэсэн үг. Үүндээ итгэсэн хүмүүс маш их байна. Гэхдээ угтаа бол амьдрал өөрөө тийм биш. Энэ айхтар хууль, дүрэм бүх юм ахиад л хатуураад л улам л загварчлагдаад л байна… Нийгмийнхээ загвартаа итгэсэн хүмүүс өөрсдөө шалихгүй загвар хийчихээд тэр загвартаа өрөвдөлтэй амьдралаа үүсгэдэг. Ихэнх хүмүүсийг харж байхад амьдралынхаа аз жаргал, амьдралын мөн чанараар амьдарч байгаа хүн тун ховор. Дандаа том нийгмийн эрэг, шураг болоод амьдарч байна. Цөөхөн үндэстэнгүүд их айхтар амьдарч байна. Жишээ нь Япон цаад язгууртаа их айхтар хүмүүс. Гэхдээ Япон дотроо тун цөөхөн нь амьдралын мөн чанар руу орж чадсан нь зүй тогтлыг бүтээж чадсан байдаг. харин хотжил нь бол ёстой нэг аймшиг. Саявтархан японы зохиолчийн намтрыг уншиж байлаа. Тэрэн дээр би өглөө хэдээс хэдэн цагт зохиолоо бичдэг зургаагаас арван хоёр хүртэл, дараа нь би гүйдэг, тэгээд би усанд ордог, уран зохиолын ном холбогдох материалуудыг уншдаг, тэгээд үзгээ авдаг гэж бичсэн байсан. Энэ хүн амьдрал, ажил хоёр бүх юмны тэнцвэрийг олж чадаж байна. Гэтэл бид нарын оюун санаа бол юм бүтээх гээд үзээд байдаг. Далай багш “Таны хамгийн харамсалтай санагддаг зүйл юу вэ гэхэд маш их ажиллаж хөдөлмөрлөж мөнгө олоод, тэр мөнгөө эргээд эрүүл мэнддээ зарцуулдаг нь надад ойлгогддоггүй” гэж хэлсэн байдаг. Яг түүнтэй ижил бүхэлдээ нийгэм, хүн төрөлхтөн байгалийн ёс зүй, байгалийн өөрийнх нь гарвал чанараа дагаж амьдарч байгаа тийм амьдрал ер нь устах нь… уг нь нүүдэлчин бидэнд энэ бүхэн хадгалаатай байна даа. Гэвч хэдийн алдагдаж эхлэсэн.
– Энэ бүхний гэгээлэг гарц юу байна гэж та бодож байна?
-Бурхны авралаар уран зохиол, урлаг, амьд чанар руу ордог зүйлс намайг хөөе гээд зогсоож байна. Би зогссон. Амьдрал бол ажил хийхийн төлөө биш юм байна, өөрөө өөрийнхөө амьдралыг эзэмшихийг хүсэх болсон. Миний цаг хугацааг би өөртөө зориулахыг хүсч байна. Өдрийн хэдэн цагт нь би бүтээлээ хийнэ, сайхан тайван унтаж амрах хэрэгтэй, тайван амгалан байдлыг өөртөө үүсгэх хэрэгтэй. Хүмүүс амьдралынхаа мөн чанарт ийм хувьслуудыг хийгээсэй гэж хүсч байна. Энэ бол асар чухал. Нийгмийн зогсолтгүй араа хөдөлгүүрээс болоод асар олон гэмтлүүд үүсч байна. Бид нар хуурмаг загвараасаа болж, тэр загварт баригдаж амьдарч байгаагаасаа болж өвчин зовлон их хүрч, янз бүрийн хорт хавдар өвчнүүд үүсч байна. Хоол унд зүй зохистой биш байна. Гэр бүлийн амьд харьцаа эвдэгдсэн. Өдөржин ажил хийгээд гэр бүлдээ зарцуулах цаг нь орой хоёрхон цаг байдаг. Гэтэл гэр бүлийн амьдрал бие биетэйгээ хичнээн ойр нэгдэх тусмаа сайхан амьдарна. Гэр бүлдээ зарцуулах цаг байхгүй болсон. Бидний хамаг л сайхан гэр бүлийн уур амьсгалыг энэ нийгмийн амьдрал арчаад хаяж байна. Өнөөдөр хоньчин малчин болоод яв гэвэл хэцүү. Гэхдээ тэр арга зүй, тэр ухамсар бол агуу зүйл байна.
-Гэр бүлийн уур амьсгалыг хүртэл чангаах ахуйг мэдрэх сөхөө ч бас үнэндээ алга байх шиг?
Бидний бөөрөнхий гэр угтаа агуу нарийн утгатай юм шүү дээ. Халуун ам бүлийг жинхэнэ зангидаж чаддаг тийм гүн утгатай өвгөд дээдсийн зохиомж… энэ бол загвар биш…байгалийн утгатай нэгдсэн зохиомж байжээ.
-Улаанбаатар луу тэр сайхан гэртэй, малтай бүгдээ хаяад шуураад ороод ирж байна л даа?
Тийм ээ. Эмгэнэлт, хувь заяа руу л буудаллан ирж байна даа. Манай яруу найрагч, их сайхан монгол сэрэхүйтэй яруу найрагч Баяржаргал ах бид энэ талаар ярьж байлаа. Тэгээд ах их зөв юм хэлсэн. Хөдөөнөөс нааш малгүй боллоо гээд хот бараадан ирсэн ард түмэндээ байр барьж өгье хотжуулья гэхийн оронд хорин сая төг өгөөд мал ав гээд яг илгээлтийн эзэд шиг бүр яг нутаг руу нь явуулаад эхэлвэл хот ч энэхэн аягандаа бантагнахгүй.. утаандаа хахахгүй. Тал сайхан нутаг маань эзгүйргүй шүү дээ. Нүүдлийн соёлыг тээгчдээ хэрхэн буцаан нүүлгэх вэ гэдэг л бидний бодох зүйл юм даа уг нь.. Суурин соёл иргэшил хэтийдээд түүндээ дэлхий цөхөрч унаж байхад… хоцрогдол маань харин хожил биш гэж үү… Үнэн хэрэгтээ дайн байлдаан энд тэнд галаа ноцоох нь хэт их хөгжлийнхөө эргэлтийг эргүүлэх түлш нефть л хайж байгаа зүйл шүү дээ. Малаа маллахдаа дэлхийтэйгээ ойртож, тэнгэрийн хэлээ ойлгож амьдардаг бидний бахархам амьдралд аргал хэрэгтэй болохоос атомын цахилгаан станц даанч хэрэггүй эд дээ.
–Тэгвэл таньд хэн жаргалтай харагдаж байна?
Аз жаргалтай амьдарч чадаж байгаа хүмүүс тун ховор. Баян хүнийг жаргалтай гэж санаж магадгүй. Гэтэл хэт их хөрөнгө бүтээгээд тэр хөрөнгө мөнгөнийхөө машиныхаа эргүүлгэн дотор ороод өөрийнхөө үнэт цагуудаа тараагаад дуусдаг. Жишээ нь олныг захирах гэж, олонд үүрэг даалгавар өгөх гэсээр байгаад амьдралынхаа үнэт цагуудыг алдаж үрнэ. Гэтэл хүн гэдэг амьтан хэмжээтэй. Идэж, уух нь хүртэл хязгаартай. Хүний хүсэл хязгааргүй бие хязгаартай. Бие маань цаг дотор явдаг. Энэ цаг дотор байгаа биед хязгаарлагдмал чанар оршиж байдаг. Хүнд тодорхой хэмжээнд идэж уугаад болох хөрөнгө мөнгө байхад, идэж ууж амжихгүйгээр ихийг цуглуулна гэдэг андуурсан амьдрал. Хүн төрөлхтөн бүхэлдээ том андууралтай, хувь хүмүүс андууралтай байна.
-Дэлхийд нэр өгөх тухай санаа таниас гарсан. Их содон сонсогдож байгаа?
Амьдрал гэдэг аз жаргалтай агшин хормуудаа мэдэрч, тэр бүхнээ үнэлснээр, сайн сайхан руу чиглүүлснээр болж байдаг. Өөртөө амьдарлаа зөв зарцуулах. Өнөөдөр би яруу найргаа амьдрал минь амьдрал байжээ гээд үхэх нэг хүний ч болов түүний төлөө бичдэг. Нэгээсээ цаашаагаа мянга үүнээс цаашаа цаг үе эрин маань тэгж яваасай гэсэн үүднээс. Хувь хүний агуу солиорол байж магадгүй. Гэхдээ би дэлхийгээ шинээр харж байна. Дэлхийгээ шинээр харах цаг болсон. Амьдралаа шинээр харах цаг болсон. Тийм учраас бүгд шинээр хараасай гэхдээ би өнөөдөр дэлхийдээ нэр өгсөн. Энэ бол зүгээр солиорол , гэнэтийн өвчин биш. Энэ бол миний хувьд энэ амьдралын хэв загвар яг юу болоод байна, би хэн болох, миний иргэн тойронд хэн байна, энэ цаг үе минь юу вэ гэх олон мянган асуултанд би хариу олохыг хичээсэн.
-Та хариултаа олсон уу?
Би эцсийн бүлэгт хариу олсон. Өнөөдөр шинэчлэлийг хийхийн тулд шинээр дэлхий ертөнцөө нэрлэх хэрэгтэй. Би дэлхийд нэр өглөө АСОАДАРЭ гэж нэрлээд энэ нэр маань Ариун Сэтгэлийн Орон Авралт Дарьь Эх гэсэн манай гаргийн язгуурын эх утгын нэрийг танин барьж нэрлэхийг хүссэн. Ингэж нэрлэхийн тулд дэлхийн өөрийнх нь мөн чанарыг маш сайн микро түвшинд, макро түвшинд судлахыг хичээсэн. Манай цэнхэр гаригийн язгуур чанар эхийн умайгаар эхлэлтэй. Дээдийн номонд дарь эхүүд дэлхийг агуулж дааж сахиж явдаг гэдэг. Дорнодод Ногоон дарь эх гэх юм уу, Өрнөдөд Гэгээн Мария ч гэх юм уу… энэ бол далд чанарын л илрэл гэж би бодож байна. Би яагаад дэлхийд нэр өгч байна вэ гэхээр аливаа юманд сүнслэг утга гэж байна. Үгтэй үргэлж хэлхээ холбоонд нь оршин амьдарч явах яруу найрагч зохиолчийн амьдрал үгийн сүнслэг эрчимлэг амьдлагыг мэднэ. Асар сүнслэг үг, үхмэл үг ч гэж байна. Хүний нэрнээс асар их зүйлүүд шалтгаалдаг. Хувь заяаных нь олон хэллэгүүд явагдаж байдаг. Монголчууд нэрийн нууцыг асар өндөр түвшинд мэднэ. Билэгшээх оюун санаа нь агуу утга бүхий. Нэр хүндэдвэл бэрх заяа ирдэг болоыг ч мэднэ. Манай тэнгэрлэг оюунт ард түмэн маань үгийн үнэ цэнийг асар сайн ойлгосон ард түмэн. Бид гараг дэлхийгээ сүнслэг амин чанараас нь харах хэрэгтэй байна шүү дээ. Хүн төрөлхтөн бид нар огторгуй руу гадаад ертөнц рүү, гаригс одод олон сайхан нэр өгсөн. Долоон бурхан од, алтан гадас од, үүрийн цолмон гээд л нарийн нандин нэр өгсөн. Хүслээ шивнэнэ. Алсын одод руу сүүгээ өргөнө. Залбирна. Дэлхий гэдэг үгний язгуур чанар нь юу вэ гэхээр их хэцүү. Утга нь тод биш. Гараг эрхсийн шинж чанартай үг. Миний өөрийн нэр их л сайхан билэг дэмбэрэлтэй нэр юм билээ. Оюун ухаанаар үйлдэгч эхийн нэр. Би баярладаг хувь заяа маань бичих туурвих юм байна гээд одоо бол бүр итгэчихсэн. Ариун сэтгэлийн орон авралт дарь эхийн нутаг юм шүү гэвэл бид дэлхийнхээ газрын хэвлий рүү гараа явуулах уу? Би лав энэ насандаа үүнийг хийхгүй тийм үнэмшилтэй болсон. Хүүхдээ мөн тэгж мөн би хүмүүжүүлдэг. Ач гучаа би буруу үйл гэж газар бүү ух муу ёр гэж яншина. Урьдын хөгшчүүд шиг яншихын дээдээр харин чиг яншина даа.
– Та шүлгүүдээ цахим хуудсаараа түгээж байгаа. Уншигчидтайгаа харилцаж тэднийг сонсох мэдээж илүү амьд харилцаа байх?
– Уран бүтээлийн гэнэн цаг гэж байдаг байх. Би тэр цагаа өнгөрөөсөн. Би бүтээлийн цагаа бусадтай хуваалцахыг хүссэн. Ер нь бол би үг санааг хүнээс харамладаг зүйл гэж огт бодохгүй байна. Интернет дээр хоёр зуугаад шүлэг хоёр гурван сар бичиж шууд тавьж нээлтэй урланд амьдарсан. Надад маш сайхан сэтгэгдэл өгсөн шүү. Дотоод бодомжоо яруу найргаар илэрхийлэхийг бодсон. Хоёрдугаарт яруу найрагт гэгээрлийн мөн чанарыг шингээхийг би илүү их зорьж яваа. Баруунд урлаг уран зохиол тэр чигтээ гутрал гунигаар дүүрэн хүний дотоод мөн чанаруудын үзэгдэл л илт илэрхийлэгддэг. Тийм бүтээлүүд олон зуун жилээр явчихлаа. Гэтэл Монголын болоод Дорнын оюун санаанд соён гэгээрүүлэгч мөн чанар асар хүчтэй явж ирсэн. Равжаа хутагт, Инжинаш, бүр Анхдугаар Богдын бүтээлүүд бүр дээд шидийн чанартай шүү дээ. Уншсан сонссон дуулсан нь хүртэл гэгээрэх увьдас шингээж туурвидаг байжээ. Монголчууд хэн мэдэж таньсан байна, мэдэж таньсныхаа үгийг сонсох дуртай ард түмэн. Манай нутагт тэр өвгөн номтой хүн тэр хүнээс л очиж асуу, үлгэрт мэргэн хүнээс асуугаад ир ээ гээд явуулдаг. Оюунт хүнийг хайрладаг ард түмэн. Оюунт хүн нь үүргээ ухаарч гэгээрүүлэх дагуулах хүч нь болж явсан. Аливаа нийгмийн оюун санааг баригчид нийгмээ хөтөлж авч явдаг.
-Та яруу найрагт юу авчирья гэж үзэг шүүрдэг юм бэ? Манайд нийгмийг сэхээрүүлж авч явж байгаа хүн байна уу?
Манайд бий. Харин сонсох гэдэг нь чухаг. Жишээ нь саяхны цаг шүү дээ. Ренчин гуай Монголын бүх л сайхан үгүүдийг авч үлдэхийн төлөө тууштай тэмцсэн. Тэр ганц хүний эрмэлзэл нь монголын үгийн сан хөмрөгийг ямартай ч тухайн цагт гайхамшигтай хадгалж авч гарсан. Яруу найрагт гэгээрлийн утгыг авчиръя гэж би боддог. Хоёрдугаарт би хүний ертөнцөд ирээд хүнд хэрэгтэй амьдрахыг хүсч байна. Үүнийг маань хэн нэгэн ойлгоосой гэсэн ухамсар надад байна.
-Таны цахим сүлжээний найзууд номыг тань их шалгааж байгаа харагддаг. Та нетээр тавьсан шүлгээ ном болгох гэж байна уу?
-Хоёр ном болж байна . Сэрсэн дэлхий АСОАДАРЭ, Гэрэлтэх дэлхий АСОАДАРЭ гэсэн нэр бүхий яруу найргийн хоёр ном сая баринтаглалаа. Би энэ яруу найргийн номыг гэгээрлийн утга руу илүү их барьж бичихийг хичээлээ. Хоёрдугаарт интернетэд дэлгэсэн шүлгүүдээс хүмүүсийн сайхан магтаалуудыг мөн их сонслоо. Миний сэтгэл их баяссан. Асар сайхнаар хүлээж авч байна. Сайн сайхны эрэлхийлэл үнэхээр их хүслэн болжээ гэдгийг мэдэрсэн. Миний шүлгүүдийг маш ихээр татаж авч байна. Нетэд найзын харилцаа тогтоохдоо ихэвчлэн алдартай хүнийг эрдэг гэсэн. Харин миний хувьд хэн хүн ч гэсэн миний шүлгийг уншаасай гэж боддог. Сайн сайхны эрэл цангаа хаа сайгүй байна. Түүнийг нь жоохон хөндөхөд л баясан сэрж байх юм. Зарим нь намайг гайхдаг та ер нь яаж амьдраад байна. Тэр чигтээ хөгжим, хайр бүх юман дотор та амьдраад байна. Бид нараас огт өөр амьдраад байна. Таны гэр чинь хаана байна гэсэн асуулт тавьсан. Зарим нь өөрийнхөө зүрх сэтгэлийн дуу хоолойг мөн байна гэдэг. Бүр чи бусадтайгаа ижилхэн байгаач гэх үгийг ч бичдэг. Тэгэхээр нь бүгд хотын мод шиг хөрөөдөг үү гээд нэг удаа хариу бичсэн.
– Төв аймгийн Манзуширын хийдийн өвөр өссөн Батрэгзэдмаа гэх жаахан охиныг юу тэгтэл нь яруу найраг , жүжгийн зохиол, гэгээрсэн ертөнц руу хөглөсөн юм бэ?
– Миний удмын дээдсүүд үнэхээр сайхан хүмүүс байсан. Аав, ээж аль аль талаасаа. Манай ээжийн талынхан тайж угсаа гаралтай. Бас Манзушир хутагт Цэрэндорж гэх их хүнээр ээжийн аав ээж хоёул овоглодог. Хутагтын айл гэсэн үг гэж надад хэлдэг . Би ээжээсээ энэ тухай нарийн юм яриулж чадаагүй дээ одоо харамсдаг. Ээжийг маань нутгийнхан, бас шавь нар нь жижигхэн бурхан гэж өхөөрддөг байсан. Ээж маань бие жижигтэй л дээ, уран зохиолын багш хүн. Аав маань монгол хэлний багш. Ийм сайхан оюуны оронд өсч торнисны буян хишиг гэж их байна. Их сайхан олон номнуудын дунд өссөн. Гэр дүүрэн номнуудыг би бүгдийг нь уншсан. Ийм сайхан хувь ерөөлтэй би азтай хүн. Оюуны хөгжил гэдэг их сайхан зүйл. “Инээмтгий хүн” гэдэг зохиолыг багадаа авч уншаад үхтлээ айгаад хар дарж зүүдлээд сүйд болж байсан. Вааран дотор хүүхдийг хийгээд ваарны хэлбэртэй болгож хүмүүст үзүүлж мөнгө олдог. Нүүрийг нь ярж инээдэг болгодог гээд л бид нарын ахуй амьдралд хэзээ ч байхгүй аймшигтай зүйлийг уншаад хар дарж зүүдэлдэг байлаа. Би юмыг хурдан төсөөлдөг. Асар хурдан юмыг нүдэндээ харчихдаг. “Усан доогуур наян мянган бээр аялсан нь” романыг уншаад усан доогуур амьдарна гэж юу гэсэн үг вэ гээд л далай үзээгүй хүүхэд чинь Зуун модныхоо голд орж нүдээ нээгээд усан дотор харах гэж оролддог байлаа. Инээдтэй. Усан дотор амьдарч үзэх гэж байгаа нь тэр. Би их сониуч хүүхэд байсан. Энэ бүхнийг одоо бодоход ном надад төсөөллийн ертөнцийг сайхан өгсөн байх… Миний бага нас сонин, сонирхолтой номын том ертөнц байсан. Ижий аавын минь буян. Унш гэж надад хэн ч хэлээгүй би өөрийнхөө хүслээр л уншдаг байсан.
-Та фэйсбүүкт шүлгүүдийнхээ доор гайхалтай зургууд их тавьдаг.Таньд уран зургийн асуулгүй орхиж болохгүй хүсэл байх шиг санагддаг?
Би зураач болно гэж боддог байсан. 1990-ээд оны их сайхан яруу найргийн үе намайг татчихсан. Тэгээд яруу найраг уран зохиол руу орсон. Би Лхагвасүрэн багшид баярладаг. Намайг утга зохиолын зам руу орохд хадгийг маань авсан юм шүү дээ. Аав бид хоёр очсон . Би хадаг багшид барьсан. Энэ бол уран зохиолын анхны зам маань байсан юм шүү. Их дэмбэрэлтэй эхэлжээ гэж би одоо боддог.
-Таны гарт бурхан бийр бариулахдаа яруу уянгал, урнаар зур гэж заяажээ дээ?
Зохиол бүтээлд авъяас өөртөө олон юм агуулдаг байх аа. Сонсгол, дүрслэх гээд л олон найрлагатай зүйл байх гэж боддог. Манай Лха багш зураг зурдаг. Манай Бадарч гуай хөгжим зохио гэвэл зохиочихож мэднэ. Авьяас олон талтын найрлага байх… Хүн бүхэнд л энэ мэдрэмж бий гэж би боддог. Хөгжмийг сайхан мэдэрч, яруу найргийг ойлгон сэхээрдэг шүү дээ…хүн бүхэнд үүнийг мэдэрдэг мэдрэмжүүд байдаг харин тэр чанар төгөлдөржиж болох зүйл гэж би боддог. Миний бичсэн шүлгийг хүлээж авч байна тэр хүмүүсийг би авъяастайн шинж гэж баттай хэлнэ шүү. Монголчууд их тэнгэрлэг дээд чанартай улс шүү дээ. Энэтхэгийн үй олон шиг доод заяатай биш. Манайхан бүр их дээд түвшний мэдрэмжтэй ард түмэн. Хүн тоохооргүй чавганц ч ертөнцийн нарийнийг ямар гүн санаатай үглэнэ гээч. Хүмүүс дотоод баялаг руугаа хандаж амьдрах нь сайхан зүйл. Бид нар гаднах руугаа амьдрах гээд зүтгээд байдаг. Ээмэг бөгж, гоё хувцас, машин тэрэг,хаус гээд л зүтгээд байдаг. Хүн амидлаг чанараараа л амьдрах л чухаг. Би өөрийн ард түмнээ дэлхийн хамгийн сайхан бэлэгдэлийн ой ухааныг тээн явдаг улс гэж боддог. Болохгүй бүх үг зүйр цэцэн үгэнд бий. Болох бүх үйл ерөөл магтаалд нь шингэмэл. Захын хүн цэцэн үгээр үр хүүхдээ загнаад ирсэн. Тэр үгээр загнуулсан хүн хүүхдээ бас сургана.Аман зохиол гэж агуу ухаан.
-Та ангийнхнаасаа ганцаараа сонинд ажиллаагүй, СУИС, театр луу зам жим гаргасан байх аа?
– Ээж, аавын шавь нар бид нараар жүжиг тоглуулдаг байсан. Хөшгөөрөө тайз хийж, эгч балет ахтай хийнэ. Тэр дээд зэргийн балетийг дуурайж тоглох.. Ээж аавын шавь нар инээлдэхээр бид хоёрыг холбож шооллоо гээд л уйлдаг байсан. Хотод орж ирээд театр руу юм үзэх гэж их гүйнэ. Багшийн дээдээс би ер нь нэг их юм аваагүй. Яагаад гэвэл дандаа миний уншсан номнуудыг л ярьдаг байсан. Харин Галаа багшийн лекц сонин байсан шүү. Харин СУИС-д очихоор тэнд хөгжим нь дуугараад л, хүүхдүүд юмаа бэлдээд л урлагийн ертөнц надад мэдрэгдээд би Багшийн дээдээс СУИС руу гүйж очиж Сумхүү гуайн лекцийг сонсдог байлаа. Кино ярина. Намайг их хөгжүүлсэн. Би жүжиг бичиж үзье гэж бодлоо. Драм ямар байх вэ гээд л… Яаж бичихийг зааж хэн нэгэн заагаагүй. Агуу тэнэглэл амжилт олдог байх. Шекспирийн зохиолуудыг СУИС-ийн оюутнуудаас цуглуулж аваад зохиолынх нь эхний 10 хуудсыг л уншиж цаашаагаа яаж явах ёстой вэ гээд өөрөө төсөөлөн боддог байлаа. Тэгээд л дараагийн 10 хуудсыг унших эрхийг өөртөө өгдөг байсан. Тэгээд уншихаар зөрөөд миний Шекспир болох болоогүй байна гээд л, дараагийн 10 нь яах бол гэж ахиад өөртөө үүрэг өгдөг байсан. Би жүжгийн зохиолын драмтургтэй ингэж танилцсан. Дараа нь Шекспирийн нэг зохиолыг яг таасан. Би Шекспир болчихлоо гээд бодсон шүү. Өөрөө хөөрч өөртөө онгирч билээ. Жүжгийн драм ингэж эхэлдэг юм байна, жүжгийн зохиол иймэрхүү маягаар явдаг юм байна гэж махбодийг нь өөрийнхөө сонин сургалтаар ойлгосон. Өөртөө хашаа босгож, унших эрхээ хасаж, өмнөөс нь тэр зохиолыг задалж бичих гэж, дүрийг нь задлах гэж бодож, ингэж эхэлсэн цаашаа яаж явах бол гэж өөрөө цааш нь бичдэг байсан. Ингээд ойлгож эхлэсэн. Тэгээд би Шекспир юм байна гэж агуу тэнэглэсэн дээ. Хүн мөрөөдвөл тэнд хүрдэггүй гэхнээ дэргэд нь унана гэдэг үг байдаг уу … ийм л тэнэглэлтэй хүн шүү дээ би.
– Театрт архивчийн орон тоон дээр ажиллаж юм юмыг нь хийж байсан байх аа?
– Би утга зохиолын ажилтан гэдэг нэртэй, цалин маань архивчийн цалин авдаг байсан. Телевизэд ажилладаг байхдаа баян байдаг байв. Драмын театрт ороод л шууд ядуураад л толгой эргээд, аймаар өлсөөд яг унах шахсан гээд аавдаа хэлнэ. Аав “Хоол ундаа бэлдээд явж бай” гээд л … Дуртай юм болохоороо гүрийгээд байсан. Идэх юмаа авч явдаг болсон. Ихэнх мундаг хүмүүс нь байр хөлсөлдөг, амьдрал нь тийм сайхан биш байгааг мэдэрч байлаа. Миний ирээдүй яг тийм юм шиг санагдана. Хүүхэд л болсон хойно олон гоё өрөөтэй байртай болно , сайхан амьдралтай болно гэж мөрөөдөж байсан. Нэг их салхитай өдөр Урианхай гуай бид хоёр гудамжинд таарлаа. Урианхай гуайд би театрт амьдрах гэдэг цаашдаа юу л бол гээд л баахан зовлонгоо тоочив. Энэ олон гавъяатууд сайхан амьдарч чадахгүй байна. Эцсийн бүлэгт би яах вэ гэж асуусан. Тэгсэн Урианхай гуай “Чамд хувийн амьдралаа сонгоод явах, уран зохиолын амьдралаараа явах хоёр л зам байна. Уран зохиолынхоо замаар явах гэж байгаа бол хэрэгцээгээ л хасчих” гэсэн. Аягүй амархан ганцхан үг хэлээд л болоо (инээв). Миний үеийнхэн хамгийн үнэтэй утсыг барьж байхад надад бол ажилладаг байхад л болох байв. Илүү хэрэгцээг хасах гэдэг үг энэ байв. Тэгээд би хэрэгцээний хойноос явах гэхээ болихоор шийдсэн. Тэгээд л амархан болж эхэлсэн. Хүсэл, шуналаа дарж эхэлсэн гэх үү. Их бүтээхийн хүслэнтэй цагт ийм зөвлөгөө өгсөн. Би тэгээд л Урианхайн үгэнд итгэчихсэн. Зовлон эхэндээ их байсан. Би ерөөсөө хохироогүй. Харин би илүү их чөлөөт байдал руу орж, амьдралын үнэлэмж маань илүү сайжирсан.
-Оюутан, дараа нь театрт ажиллаад тэгээд та хэзээд нь ээж болж байв? Ямар мэдрэмж төрж байв?
– Их сонин миний биед хүүхэд бүрэлдээд, төрөөд л том болоод дэргэд минь одоо байгаа гэх энэ бүхэн намайг ямагт гайхшруулдаг. Одоо болтол үнэмшимгүй сонин зүйл хэвээрээ л байна. Охиноо би одоо гуйж үнсдэг. Хааяа загнаж ирээд л би чамайг үнсэх ёстой хүн. Урьд нь би чамайг мэдэж үнсэж байсан гээд хэлдэг. Би охинтой. Үр хүүхэд гэдэг миний хувьд гайхалтай зүйл. Хүүхдийн хамаг л юм гайхшрал төрүүлдэг. Эцэг эхээсээ авсан хөдлөл нь хүртэл миний сониуч занг дандаа өддөг. Хүүхэд томорно гэрлэнэ. Тэгээд би ач гучаа үзнэ гээд л бодохоор сонин л санагдаад байдаг юм.
-Та манай театрын найруулагчид зохиолын өлсгөлөнтэй гэж ярьдгийг юу гэж хэлэх вэ?
– Театр гэдэг өөрөө юу юм бэ гэдгийг ярих хэрэгтэй. Театр бол бидний оюун санаа, зүрх сэтгэлээрээ амьдрах тэр орон зай. Нөгөө л загварын амьдрал дундаас өөр оюуны , сэтгэлийн, байгалийн гарвал, зүйлүүдээрээ амьдрах хүслэн бол урлаг байдаг. Театр хүмүүст юу өгдөг вэ гэхээр хүмүүст оюуных нь эрчмийг өгч байдаг, сэтгэлийнх нь баяслыг өгч байдаг, цаашид ирээдүйд хэрхэн амьдрах вэ гэдэг оюуны хөтөч нь болж байдаг гайхамшигтай зүйл юм. Театр гэдэг сэтгэл, зүрх оюуны том орон зай. Энэ оюуны орон зай, монгол хүний сэтгэлгээний түвшин хэр байна, өнөөдөр ямар бүтээл нь дагуулах чанартай байна гээд эхлэх яриа шүү дээ. Олон орны театруудаар явж байхад театр талх. Өглөө босоод маслотой талхаа иддэг шиг. Жишээ нь тэнд би Гүрж гээд л ярихад өглөө урлагийн гудамж дүүрэн хөлхөлдөөн. Оюуныхаа амьдрал руу шумбаж ороод л тэндээ шинэ жүжиг, шинэ оюун санаа, шинэ өнгө будаг, шинэ хэллэг мэдрэхийн төлөө амьдрах тэр бүхэн атаархмаар сайхан. Эхлээд бид нар театрын тухай ойлголтоо эхлээд зөв болгох хэрэгтэй. Зөв гольдрол руу нь оруулах хэрэгтэй. Дотоод мөн чанарыг нь мэдэрч байж театр нь театр болно. Хоёрдугаарт ирж байгаа урлаг, оюун санааны ертөнцийг ойлгох цаг болсон. Би зохимжгүй юманд дургүй. Манайхан улаан хивсний ёслол, Гэгээн муза гээд л хийдэг. Хулгана, зурам ч гэсэн бөөр, зүрхтэй гэдэг шиг бид нэг юм хийгээд байна. Гэхдээ бид нар дуурайгаад байна уу, үнэн бодитой байна уу гэдгээ харах ёстой.
Жүжигчид маань ч уран бүтээлийн үнэлэмжгүй ертөнцөд амьдарч байгаа учраас, тэд нар сайхан байхыг хичээдэг. Гэтэл цалин юу билээ. Даашинз ч тэр гадныхан шиг үнэ цэнэ бодит үнэлэмжийн биелэл байж чаддаггүй дээ. Би үнэн юманд дуртай, бодит амьдралд дуртай. Бид тансаг гоёмсог байхыг хичээж байгаа нь нэг талдаа зөв. Гэхдээ жүжиглэлт, хуурмаг, бодитой үнэлэмжийн дунд явах эмгэнэлтэй. Би их гунигтай зүйлийн тухай ярьж байна. Бид нарын амьдрал асар андуу байгаа шүү гэдгийг л хэлье гэж бодож байна. Амьдрал маань их гомдмоор, золгүй, хуурмаг тоглолтуудаар, хуурмаг амьдралуудаар, хуурмаг сэтгэл зүйгээр, цагийн мөн чанар хуурмагаар эргэж, нийгэм маань бүхэлдээ их андуугаар амьдарч байна. Би энэнд их харамсаж явдаг. Тэрний оронд зүгээр л өөрийнхөөрөө бичиж байгаа нь үнэн, хийж байгаа нь үнэн, би тансаглах гээд ядахгүй, баян, дээд зэрэглэл гээд худлаа дүр үзүүлэхгүй. Өөрийгөө хуурахгүй амьдрах л зөв гэж бодож байна. Би лав бүтээгүй ертөнцийн үзүүлэн болж амьдрахыг хүсэхгүй байна. Би өнөөдөр эгэл байна. Үнэн маань надад таалагддаг. Бид амьдралынхаа амт, шимтийг зөв үнэлж амьдрах хэрэгтэй.
– Манайхны тансаг хэрэглээ бол зүйрлэшгүй болж байгаа.Харин дотоод илэрхийллээ бид хаа нэгтээгээс хайгаад ч олохооргүй гүндээ мартаад байх шиг?
Нийгэм бүхэлдээ гаж хөгжил руу орсон. Асар гоё хувцас, хунар үнэтэй чанартай юмнууд зүүсэн мөртлөө сэтгэлийн асар их зовлонтой бол тэр эд биш. Авлигал, хээл хахуул олон хуурмаг хууль бус зүйлүүдийг хийчихээд өөрөө дотоодын шаналантай байхаар гадагшаагаа ганган харагдах нь асар хуурмаг зүйл. Одоо бид нар бодитой байя л даа. Ядуу байсан ч бодитой байгаа нь гоё. Зөв амьдрал их ховор байна. Дээр нь бид алуурчид. Хүүхдүүдээ хүртэл аймаар эрдэмтэй хүн болгох гээд арав таван хэлтэй болгох гээд л зүтгэнэ. Хүүхэд хүүхэд насаа хүртэл үзэж чадахгүй. Гадаад хэл бүр нялхаас нь тархи руу нь чихүүлнэ. Оюун ухаан дахь хэл ярианы өвлөгдсөн бүх чанарыг нь алдагдуулна. Би хэлийг сурдаг зүйл гэж боддоггүй. Хүүхэд нэгхэн жилийн дотор л төрөлх хэлээрээ яриад эхэлдэг. Маш их үгийн сан гэнэт л бий болчихдог. Энэ бол сурах биш дотоодод байгаа генетикт хадгалагдсан л үгийн сангийн л сэрэлт. Энэ сэрэлт бүрэн явагдаагүй байхад л хаа байсан уламжлалгүй кодгүй хэлийг хүчээр суулгана. Энэ бол оюун тархины хөгжилд ердөө л гай. Илүү сайхнаар сэрэх байсан зүйл энд тэндхийн хэлний дарангуйлалд шууд өртөнө. Төрөлхөөрөө ярьж бодож сэтгэх тэр чөлөөг өгөхгүй оюуны хөндлөнгийн түрэмгийлэлийг мундаг хүн болгох гээд хийдэг. Хүүхдийг эрдэмтэй болгох гэж аймаар их гэрийн даалгавар өгөөд л хүүхдийн эрхлэх, хайр халамж хүртэх бүх юм нь байхгүй болдог. Ингэж хүүхдүүдээ хохирооход бэлэн байдаг. Дээрээс нь технологийн дэвшлүүд бүхэлдээ бүсэлсэн. Бид нарын алдаа их тодоор нүдэнд харагдаж байна. Хотжилтын алдаа болсон маань утаагаараа “уучлаарай, та нар алдсан шүү” гэдгийг бидэнд хэлж байдаг шиг яг үүнтэй ижил бидний амьдралын загвар яг утаа шигээ андуурагдсан. Нийгэмд та хүн болж төрсөн бол өөрийгөө хуурч амьдрахгүй үнэн амьдар. Би дээрхэн хэдэн эрхмүүдтэй хоол идлээ. Цэмцэгнээд идэхгүй байна. Энэ бүхэн хүний хөдөлмөр. Энэ байцааг нь тарих гэж хөдөлмөр,энэ хоолыг хийж байгаа нь, зөөж авчирч өгч байгаа нь энэ бүгд хөдөлмөр, бид нарын энд сууж байгаа нь ч хөдөлмөр. Идэхгүй байж авдаг. Идэхгүй байж тэднийг ширээн дээрээ тавьчихаад юм иддэггүй тансаг хүн болох гэсэн хуурмаг жүжиг тавьдаг. Шинэ цагийн баячуудын дүр зураг ийм л байна. Би бол энийг шууд эсэргүүцнэ. Би байгальд амьдарч байна. Байгаль гэдэг хэмжээтэй зүйл байдаг.Бид нар байгалийн тэр шимийг хэрэгцээндээ тааруулж идэх ёстой. Гэтэл дандаа хог хаягдал болгож байна. Энэ бол зүгээр л тансаглалын заваарал. Үүнтэй агаар нэг зүйл бол монгол хүн өнөөдөр юу сэтгэж юу бичих нь бидэнд чухал. Гадны сонгодгоор бид сонгодог болохгүй байх. Өөрсдийгөө сонгодог болгох хэрэгтэй. Бидний оюун санаа сонгодог бүтээлийг өөрсдөөсөө туурвих тэр зүг рүү чиглэх хэрэгтэй байна даа.
-Хайр бас бидний дундаас мөн чанараа гээж байгаатай та санал нийлэх үү?
– Энэ бол том яриа. Хүн өөрөө хайрын биелэл. Хүний зүрхний удган орон, тархины лимбэн орон гэдэгт сүнс сэтгэл оршдог болохыг шинжлэх ухаанаараа нотолж л байна. Одоо үнэмшцгээж байна. Америкт тархины сэтгэдэг эсүүд зүрхэнд байна, зүрх сэтгэдэг юм байна гэдгийг нотолсон. Өрнөдөд дахин сэргэлтийн цаг бараг л үүнээс үүдэн эхлэж байна. Нөгөө дорны гүн ухаан, будда , шашин юу нуугаад байна вэ? гээд бүгд наашаа дорно руу харж эхлэж байна. Өнөөдөр ухаантай, эрдэмтэй хүн хэтийдсэн. Маш их мэдлэгтэй хүмүүс болсон. Гэтэл юунд хэрэглэгдэх эрдэм бэ гэхээр байхгүй. Бид нарын биеийг байшин гэвэл бид байшиндаа анхаараад байна. Гэтэл байшин бол байшин. Байшин дотор орших сэтгэл гэх язгуур руу өндийх хэрэгтэй болж ирлээ шүү дээ. Хүн сэтгэлээрээ юуг ч бүтээж чадах агуу чадалтай байж магадгүй нь.. Сансар луу сар луу энэ дэлхий ядуурвал зугтаая гэсэн ирээдүйн төлөвлөгөө нурж, дотоод сүнс сэтгэлээр аялах боломж байна гэж бодож эхэлж байх шиг байна шив дээ. Хүн өөрийнхөө махбодид нөмөргөсөн хувцас хунараар амьдрах, машин тэргээр харьцана гэдэг удахгүй арилсан ойлголт болох байх оо.
– Хотын дарга Э.Батүүл баян айлд төрснөөрөө хувь заяагаараа хорлогддог хүмүүсийн тухай нэгэнтээ ярьж байсан санаанд орж байна?
Дэлхийн нөгөө их баячууд алдартнууд баянаасаа залхаж эхэлсэн. Эхнээсээ Будда гээд л ирж байгааг би Америкт нүдээрээ үзсэн. Маш олон кино одод бурханы шашин шүтэж эхэлсэн байна лээ. Хэт их эд баялаг хүний сэтгэлийг бачимдуулж, хар тамхи татах хорлогдож тарчлахыг, үхэж үрэгдэхийг тэд зуун зуунд мөн ч ихийг үзсэн болохоор бас дахин давтамж болохыг хүсэхгүй байна шүү дээ. Алдарт хүрчихээд алдар нэр мөнгө төгрөгнөөсөө эвтэйхэн мултрах ухаанаа эхнээсээ олж чадаж байна. Нөгөө л бидэнд байгаа бүх боломжийг тэд өндөрт хүрчихээд хайж, намдуухан чимээгүйхэн өөрчлөгдөж байна. дурлал гэдэг асуудлыг харж байхад дандаа солилцооны асуудлууд байдаг. Ихэнхдээ эмэгтэй хүн юм авахыг хүсдэг. Харилцан хамтран ашигтай ажиллана гээд улс гүрнүүд хоорондоо гэрээ байгуулдагтай бараг л адилхан. Хайр дурлал утгаа алдчихсан. Гэтэл бид үр хүүхдүүдтэйгээ харилцан хамтран ашигтай ажиллана байдаггүй. Ирэх биш үр хүүхэд, ижий, аав гэдэг дээр бидний хайрын язгуур оршиж байдаг. Үүнээс илүү Хайр ба бүх нийтийн хайр энэрлийн төлөө явах өндөр сэтгэгдэл тэдэнд ирж байна. Хүний өөрийн сэтгэл зүрх гайхамшигтай юм даа. Бидэнд хайр гэдэг язгуур чанар юу болохыг маань хэлж өгдөг. Хайрын тухай яриа маань үхэл хүртэл минь үргэлжлэх байх ..
-Та зураг зурахаа бүр больчихсон уу?
– Юм хийх гэж байгаа хүн өөрөөс нь ямар л хүч чадал, бололцоо, өгөгдөхүүн байна тэр бүхнээ гаргаж ашиглах хэрэгтэй болдог. Тайзаа өөрөө зурчих, дүрээ дотроо дүрсэлснээ цааснаа татлаад буулгах, хөгжмөө сонгох гээд бүх чадамжийг өөрөөсөө эрж эхэлдэг. Азаар би хөгжмийн сонсголтой, хөгжмийн ой тогтоолт, дүрсний ой сайтай. Харин би тоо хүний нэр тогтоодоггүй. Нэг удаа Баатар найруулагч намайг “Чи зураг зурна, найруулна бичнэ, наад юм чинь ихдэж байна. Амьтны дургүй хүрнэ шүү” гэлээ. Би сайн ойлгоогүй бүр гомдсон. Хойно нь Баатар ахын зөв байсан. Хүн болгон л авъяасынхаа хүч чадлаар явах гэж оролддог. Заримд нь өгөгдөхүүнээ нээн илрүүлэхдээ дутуу нээсэн гээд л элдэв явдал бий. Атаархал гэж их хэцүү зүйл болохыг би их сайн ойлгосон. Тэгээд би зураг зурахаа больсон. Хүн юу юугүй бүтээх гээд зүтгэхээрээ элдэв л болдог шүү дээ. Өөрөө мэдэхгүй хүмүүсийн дургүйцлийг хүргэдэг юм байна гэж сүүлд нь би ойлгосон. Нэг хэсэг би зурахаа болиод зөвхөн зохиолоо бичье гэж бодсон. Ер нь найруулаад ч яах юм гэж бодож эхэлсэн. Нэг талаараа энэ их зөв шийдвэр байсан. Хүмүүсийн уур уцаар хүргэхгүй. Гэхдээ энэ их гунигтай. Би зурагтаа асар их хайртай. Би зургаа зурах их дуртай. Зургийнхаа онгод бийр будгаасаа бусдаас болоод татгалзсан. Гэхдээ би дөрөв таван жилийн дараа бийрээ барьж зургаа зурна гэж бодож байна. Яагаад ч юм өнөөдөр энэ шийдвэрээ хатуу гаргалаа. Бийрний хөдөлгөөн их гоё явдал сайхан. Амгаланг өгдөг. Миний охин зурж эхэлж байгаа. Миний охин “Монген”сургуульд зургаар хичээллэдэг. Ханаар минь дүүрэн гоё зурсан зургууд байгаа. Миний охин зураач болог гээд бас л өөрөөсөө холдуулсан байна. Гэхдээ бийрний аз жаргал гоё шүү дээ. Би сэргээхийг хичээж нэг үзнэ ээ. Би сэрсэн дэлхий гэж одоогийн номоо нэрлэсэн тул өөрийгөө сэргээх ёстой болох нь…Надаас юу дэлгэрч болох уу тэр бүгдийг дэлгэрүүлнэ. Хүмүүсийг уриалахаар би зүтгэж байгаа. Өөрт байгаа өгөгдсөн баялгаараа амьдарцгаая гэж тэгэхээр энэ тухай өөрөө бас хичээх хэрэгтэй юм байна.
-Таны шүлгүүдэд дурсамж, хагацал, хайр бүгд байдаг. Магадгүй таны хэлээд байгаа өнөөгийн энэ хурдтай амьдрал жаргалтай дурсамжуудыг маань хүртэл бодох сөхөөгүй булаагаад байх шиг?
-Бидний махбодь цаанаасаа ой тогтоолттой төрүүлсэн байдаг. Үзсэн болгоноо тэр бүр мартдаггүй. Тэр нь хадгалагдаж байдаг. Дурсамж гэдэг яг л тэрний гайхамшигт чанарын нэг юм. Дурсамж гэдэг бидний үзэж туулсан цаг хугацаа дахин үзэгдэх явдал. Сайхан дурсамжууд сэтгэлийн цэнгэлийг өгч байдаг. Муухан дурсамжууд багахан ядрал, цаашид зөв явах бодомжийг өгч байдаг. Ийм гайхамшигтай зохионгуй хүний бие юм байна. Дурсамж хэзээ, хаана яаж амьдлаг вэ гэхээр тод дурсамжууд үргэлж хүнд дурсагдаж явж байдаг. Тод алдаа ч гэсэн хүнд дандаа сургамж өгч байдаг. Гүн ухааны чанараас нь хэлбэл бид нарын өнгөрсөн бүх цаг хугацаа, үеүүд дурсамжаар дахин биежинэ. Дурсамжийн бодит чанар нь хадгалагдаж явсаар генетик хэлбэрээр биежиж бидний махан бодод оршиж байдаг. Ер нь бидний бие тэргүүлшгүй цагаас эхлэлтэй дурсамжуудаар биежсэн шүү дээ. Сайн яваа нь сайхан дурсамжтай нь л шинж. Амьдралынх нь түүхүүд сайн сайхан зүйлээр дүүрч явж байгаад сайн сайхан зүйлүүд хураагдсан бол сайн сайхныг л үргэлжлүүлнэ. Муу дурсамжуудаар дүүрэх юм бол гуниглалын ширэнгэ л бүчиж авна.
-Шөнө дунд хүртэл CD бичлэгтэй суусан таны шинэхэн номууд дуншиж байгаа. Хэзээ ном уншигчдад ирэх вэ?
– Оны эхэнд номын нээлтээ хийнэ гэж төлөвлөсөн. Миний яруу найргаас гэрэл гэгээ, ямар нэгэн сайханг, ямар нэгэн сэтгэлийн дуудлагыг олж аваасай гэж хүсч байна. Би түүнийг бага ч болтугай өгсөн байгаасай гэж залбирч байна. Он эхлэл эхний долоо хоногт яруу найргийн номоо уншигчиддаа хүргэнэ. Дараа их зугуухан роман руугаа орно. Романаа эхлүүлсэн байгаа. Надаас их хүч шаардагдах бүтээл. Их тайван зугуухан бичнэ гэж бодож байна. Яруу найраг миний хувьд цэнгэл байдаг.
– Таны фэйс хуудас богино хугацаанд олныг хамарч чадснаараа бас таныг уяад авсан байх, тийм үү?
Цахим ертөнцөд маш олон цагаар амьдрах муу… Айхтар долгионууд дунд суугаа хүмүүс минь биеэ бодож байгаарай гэж хэлмээр байна. Би та бүхэнтэй хоёр гурван сар интернетэд хамт амьдарсан. Биед их хортой учраас аль болох бодит харилцаагаар харилцахыгаа илүүд тавьж байгаарай гэж хэлмээр байна. Цахим ертөнц маш том ойлголцлын ертөнц байна лээ. Гэхдээ л гараараа бичсэн захиа гоё. Миний шуудангийн хайрцганд дугтуйтай захиа ирэх юм бол би маш их баярлана. Миний дүү өчигдөр намайг СD-ний шүлгээ студидэд уншихад интернетэд энэ тухай тавьсан байсан. Тэгсэн нэг бүсгүй “Би амттай юм аваад та нар дээр очиж болох уу тэгэх үү” гэсэн байсан нь их хөөрхөн хайр хүрмээр санагдсан. Нэг удаа интернетээр миний шүлгийг уншдаг охин үнээний сүүний уураг тавьсан байсан. Би ямар гоё юм бэ гээд коммент биччихсэн юм. Нөгөө охин “Би таньд аваачиж өгмөөр байна. гээд Хоёулаа их дэлгүүрийн өмнө болзъё” гэсэн нь их хөөрхөн. Би тэр охинд яруу найргийнхаа номыг бэлэглэсэн. Цахим ертөнц хүмүүсийг өөр хооронд нь холбох шидтэй. Шидийг нь сайн зүйлд ашиглавал маш сайхан.
-Цаг зав гарган яриа өрнүүлсэн таньд баярлалаа.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН НЭГ ӨДӨР