Монгол Улсын Гавьяат жүжигчин Х.Чапаевын уран бүтээлийн хос цомог шинээр хэвлэгдлээ. "Алтайг цуурайтуулсан аялгуу" нэртэй энэхүү цомогт казахын ард түмний болон баруун Монголын үндэстэн ястны сэтгэлд хоногшсон 30 гаруй дуу багтсан байна.
Гавьяат жүжигчин маань казах үндэсний хөгжим домбор, мөн морин хуур, гитар,икел, аманхуур гээд цомогт багтсан дуу бүрийнхээ хөгжмийг өөрөө тогложээ. “Ардын дуу хуур бол далай шиг шавхагдашгүй баялаг” хэмээн ярьдаг тэрбээр өнгөрсөн хугацаанд сэргээн дуулсан ардын богино болон харилцаа дуунуудаа олон түмэндээ хүргэхээр шийдсэн нь энэ юм. “Алтайг цуурайтуулсан аялгуу” буюу казахаар “Алтайды жангырткан ауендер” нэртэй энэхүү цомог Hi-Fi Records-ийн бүхий л салбараар худалдаалагдаж эхэллээ.
Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Чапаев нь Монголын урлагт бүтээсэн туурвил бүтээлүүдээрээ үндэсний хөгжмийн уламжлалыг жинхэнэ эртний сонгодог дэг жаягаар нь авч үлдсэн, сэргээн хөгжүүлсэн, түгээн дэлгэрүүлж, хойч үедээ өвлүүлж яваа билээ. Орчин үеийн драмын жүжиг, үндэсний дуурийн гол, туслах дүрүүдийг орон нутгийн театрын тайзнаа бүтээсэн асар олон талтай уран бүтээлчдийн нэг. Монгол оронд театрын урлагийг үүсгэн хөгжүүлэх, мөн 1930-аад оноос хойшхи Монголын нийгмийн адармаатай түүхэн цаг үеүдийн эрхшээлээр бараг мартагдаад байсан үндэсний урлагийн өв уламжлалыг орчин үед сэргээн хөгжүүлэх их үйлсэд Х.Чапаев нь амьдралынхаа 53 жилийг зориулсан байдаг.
Алс баруун хязгаар Увс аймагт анх 1962 онд Соёлын ордон байгуулагдахад тэрбээр 16-хан настайдаа жүжигчин, хөгжимчнөөр орж ажиллажээ. Тэр цагаас эхлэн хөдөөгийн Соёлын ордонг хөл дээр нь босгох, улмаар Соёлын ордныг Хөгжимт Драмын театр болгон эрс шинэчлэх бүхий л үйл явцыг төрийн бодлогын хүрээнд өндөр түвшинд гүйцэтгэсэн тус Соёлын ордны анхны 24 уран бүтээлчийн нэг билээ.
Гавьяат жүжигчин Х.Чапаев өнгөрсөн хугацаанд үндэсний дуурийн оргилуудын нэг болох “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнгийн дүрд 46 жил тоглож, үе үеийн ардын жүжигчин, гавьяат жүжигчин цол бүхий олон арван Нансалмаа нарыг төрүүлсэн байдаг. Тэрээр нийт 1000 гаруй ардын болон уртын дуу, мөн зохиолын дуу, дуулалт болон драмын 100-гаад жүжиг,таван дуурийн гол ба туслах дүр бүтээжээ. Түүнчлэн 16 дуулалт жүжиг, 27 хүндэтгэлийн концерт найруулан тайзнаа тавьж олны хүртээл болгохын зэрэгцээ дэлхийн 40 гаруй улсад аялан тоглолт хийсэн байна.