“Увидаст лимбэ” дуурийг анх 1791 оны есдүгээр сарын 30-нд Австрийн Вена хотын “Ауф дер Виден” театрт тоглож байсан түүхтэй. Энэхүү бүтээл нь амьдралынхаа турш нийт 22 дуурь бичсэн суут хөгжмийн зохиолч А.Моцартын хамгийн сүүлийн дуурь гэдгээрээ онцлогтой.
Уг дуурийг мэндэлснээс нь хойш 200 орчим жилийн дараа буюу 1993 оны нэгдүгээр сарын 16-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа толилуулж байв. Хоёр бүлэг, 10 үзэгдэлт уг дуурийг найруулагч Г.Эрдэнэбаатар тайзнаа найруулан тавьж, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Баатаржав удирдан, зураачаар П.Баатарсүрэн ажилласан байна. Анхны Зарастрод Н.Төмөр Очир, С.Баянбилэг нар гоцолж байсан бол Шөнийн хатанд ардын жүжигчин Б.Жавзандулам болон дуурийн дуучин С.Энхжил нар гоцолжээ.
Энэ удаад дараах бүрэлдэхүүнээр “Увдист лимбэ” дуурийг толилуулна.
Шөнийн хатныг гавьяат жүжигчин Ө.Уянга, дуучин Г.Энхнаран нар амилуулна.
“Увдист лимбэ” дуурийн либретто
Нэгдүгээр бүлэг
Нэгдүгээр үзэгдэл: Эзгүй газар төөрсөн ханхүү Таминог нэгэн араатан мөшгөн хөөсөөр. Энэхүү аймшгаас сүрдсэн Тамино аврал эрэн дуудсаар ухаан алдан хөсөр унана. Гэнэт гарч ирсэн гурван хатагтай гүрвэлийг ид шидээр устгана. Тэд Таминод сэтгэл татагдах боловч Харанхуйн хатны албат нар тул аргагүйдэн энэ явдлыг хатандаа дуулгахаар явцгаана. Таминог сэргэхэд Харанхуйн хатны барлаг, шувууны гөрөөчин Папагено гарч ирнэ. Тэрээр хатны хэрэгцээнд зориулж амьд шувуу барьж өгөөд хариуд нь хоол хүнсээр шагнуулж гол зогоодог нэгэн аж. Папагено араатныг өөрийн гараар устгаж Таминог аварсан хэмээн худал ярих ба үүнийг мэдсэн гурван хатагтай эргэж ирээд түүний хошууг цоожилж шийтгэнэ. Тэд Таминод нэгэн жижигхэн гуутай зураг өгөх бөгөөд энэ нь Харанхуйн хатны хулгайлагдсан гүнж Паминагийн зураг гэнэ. Тамино зургийг үзээд дурлахын зэрэгцээ өрөвдөн хайрлаж түүнийг ямар ч үнээр хамаагүй олж аврахаар шийднэ.
Хоёрдугаар үзэгдэл: Гэнэт аянга цахиж Харанхуйн хатан үзэгдэнэ. Хар санаат шидтэн охин Паминаг нь авч одсон тухай гунигтайгаар яриад хэрэв түүнийг олж ирвэл эхнэр болгон өгөхөө ханхүүд амлана. Хатны өрөвдөм байдал Таминогийн хиргүй сэтгэлд үзэн ядалт, өс хонзонгийн дөлийг үүсгэнэ.
Гуравдугаар үзэгдэл: Гурван хатагтай эргэж ирээд хар санаатны нэрийг Зарастро хэмээх бөгөөд аян замдаа сайн явахыг ерөөгөөд Таминод нэгэн увидаст лимбийг бэлэглэнэ. Таминогийн бараа бологчоор явахыг Папагенод даалгана. Дахин худал ярихгүй байхыг сануулаад түүнд ид шидтэй бяцхан хонхнуудыг бэлэглэнэ. Мөн хатагтай нарын ярьснаар тэр хоёрыг гурван цэцэн хүү Зарастрогийн шилтгээн рүү газарчлах ажээ.
Дөрөвдүгээр үзэгдэл: Зарастрогийн ордны нэгэн өрөөнд башир зальт Моностатос Паминаг харгалзах ба хайр сэтгэлээ хүчээр илэрхийлэхийг оролдоно. Төөрч яваад санаандгүй орж ирсэн Папагеногоос үхтлээ айж зугтан гарна. Папагено Паминатай танилцаж улмаар ирсэн учраа ойлгуулаад тэр хоёр оргон зугтахаар шийднэ.
Тавдугаар үзэгдэл: Гурван цэцэн хүү Таминог ордны гадна хүргэж ирээд зорьсон хэргээ бүтээхийг захиад явцгаана. Сүрлэг байгаль, үзэмж төгөлдөр орд харшийг харсан Тамино ийм газар хорон санаатан байна гэдэгт итгэж яднa. Тамино лимбээрээ тоглож эхлэх зуур уран тансаг хийцтэй орд харш, эргэн тойрны эмх цэгцтэй байдал, үзэсгэлэнт байгаль, өнгө зохицол зэрэг нь хөгжмийн уяхан эгшигтэй нийлээд амьд бүхэнд сэтгэлийн цэнгэл, амар амгаланг авчирдаг нууцыг мэдэрнэ. Гэнэт хаа нэгтээ Папагеногийн дэвүүрийн дуу гарах ба Тамино түүнийг хайж одно. Энэ үес оргож явсан Папагено, Памина хоёр Моностатостой халз тулгарч шидэт хонхнуудын ачаар мэнд гарсан боловч Зарастротой таарч гарах замгүй болно. Памина үнэн учраа хэлж өршөөл хүснэ. Зарастро түүнд өршөөл үзүүлэхийг амлаж харин түүнийг зовоож байсан Моностатосыг шийтгэх зарлиг буулгана. Мөн Тамино, Папагено нарыг сорьж, ариун сүмийн ёсны дагуу эр зориг, тэвчээр хатуужил, дотоод сэтгэлийн хүч тэнхээг шалгаж үзэхээр шийднэ.
Хоёрдугаар бүлэг
Нэгдүгээр үзэгдэл: Зарастро мэргэдүүдтэйгээ сорилгыг яаж явуулах тухай хэлэлцэнэ. Тэрээр Паминаг Харанхуйн хатнаас булаах болсон шалтгаан хийгээд сэтгэлийн Таминогийн тэвчээрийг шалгаж үзсэний эцэст гүнжийг түүнд өгөх тухай ярилцана. Тэдний шийдвэрээр нэгдүгээрт эм хүний үгэнд үл автах ба тэдэнтэй нэг ч үг солихгүй байх, хоёрдугаарт ямар ч үед сэтгэлээ захирч биеэ барьж чаддаг байх, гуравдугаарт гал усны аюулыг эр зориг тэвчээрээр туулж чадах ёстой бөгөөд энэ бүхнийг давж чадвал жинхэнэ хайр сэтгэл өөрөө ирж үнэний замд орох ажээ.
Хоёрдугаар үзэгдэл: Анхны сорилт эхлэхэд Харанхуйн хатны илгээсэн гурван хүүхэн ирж тэр хоёрыг элдвээр ятган эндээс зайлуулахыг оролдоно. Угийн бүтэл муутай Папагено байн байн тэсвэр алдавч Тамино үргэлж сануулснаар гурван хүүхэн хэргээ бүтээж чадалгүй хөөгдөн явцгаана.
Гуравдугаар үзэгдэл: Паминаг Цэцэрлэгт харсан Моностатос, залуу бүсгүйн гоо сайханд шунан аргаа баран байтал Харанхуйн хатан гүнжийн дэргэд ирнэ. Харанхуйн хатан Зарастрог устгаж түүний зүрхэнд хадгалагдан байгаа ариун сэтгэлийн алтан дэнлүүг эзэмшихийг санаархаж байгаа бөгөөд үүнийг гүйцэтгэхийг охиндоо тушаагаад эс биелүүлвээс эх үрийн холбоогоо үүрд тасална хэмээн айлган загнаад явна. Учраа олохоо байсан гүнжийг Зарастро ирж тайтгаруулна.
Дөрөвдүгээр үзэгдэл: Тамино, Папагено хоёрын дараачийн сорилго эхлэх бөгөөд уух, идэх, гэрлэх гурваас өөр юм боддоггүй Папагено нь энэ удаагийн сорилгыг давж чадахгүйд хүрнэ.
Тавдугаар үзэгдэл: Тамино ариун сүмийн хуулиар эцсийн сорилгод орохын тулд Паминатай салах ёс гүйцэтгэнэ. Үүнийг Памина буруугаар ойлгож ихэд гайхна. Дарсанд халамцсан Папагено гэргийтэй болохыг мөрөөдөн ганцаар дуулж суух үед Зарастрогийн илбэдэн илгээсэн нэгэн эмгэн түүн рүү ирж өөрийгөө эхнэр чинь хэмээн танилцуулахад Папагено эгдүүцэн эсэргүүцэх боловч эмгэний шахалтаар үнэнч нөхөр нь болохоо андгайлахад хүрнэ. Энэ үед эмгэн залуу бүсгүй Папагена болон хувираад алга болно.
Зургаадугаар үзэгдэл: Ариун сүмийн мэргэд гал усны саад буюу эцсийн сорилгод орохоор ирсэн Таминог зоригжуулна. Энэ мөчид Памина түүнийг эрсээр олж ирэх ба хамтдаа туулахаар шийдэж увидаст лимбийн тусламжтайгаар тэд их аюулыг сөрөн гэтэлнэ.
Долоодугаар үзэгдэл: Бие сэтгэлийн хүнд хэцүү сорилгуудыг амжилттай туулсан тэр хоёрт ариун сүмийнхэн баяр хүргэж үнэнч хайр сэтгэлийг магтан дуулна.
Наймдугаар үзэгдэл: Ганцаар үлдсэн Папагено бүтэлгүй хувь заяандаа гомдон өөрийгөө егүүтгэхээр шийдэж ядан байтал гурван цэцэн хүү бас хүрэлцэн ирж шидэт хонхыг нь сануулна. Хонхны гайхамшигт дуу Папагено, Папагена хоёрыг учруулна.
Есдүгээр үзэгдэл: өсөрхсөн Зарастрогоос Моностатос хатнынхныг дагуулан газарчилж ариун сүмийг сөнөөхөөр ирэх боловч залуу хосуудын үнэнч хайраар хүч нэмсэн ариун сэтгэлийн сүмийнхэн хорон санаатнуудыг ялан дийлнэ.
Аравдугаар үзэгдэл: Гэрэл гэгээ, саруул ухаан, нинжин сэтгэлийн их удирдагч Зарастро наран суудалдаа заларч, үнэн хэмээх ариун үйлс хэзээд ялах тавилантайг тунхаглаад хүндэтгэлийн дууллаар дуурь төгсөнө.