Тэрбээр ярилцах зуураа “Дуртай зүйлийнхээ төлөө эгч нь зорилго, тэмүүлэл, цаг хугацаа, залуу насаа зориуллаа даа” хэмээн өгүүлсэн юм.
Үйлчин эмэгтэй театрын босгоор алхан ороход тусалсан ээж, эгч, ах дүүс, найз нөхөд, мөн ажлыг нь ойлгож дэмждэг үр хүүхдүүддээ талархан баярлаж явдгаа манай сониноор дайж уламжилсан юм.
-Та драмын театрт хэчнээн жил ажиллаж байна вэ?
-Би театрын оёдолчноор 40 жил ажиллаж байна. Эгч нь хамт олныхоо жаргал зовлонг хуваалцан, ахмад уран бүтээлчдийнхээ сургаал, захиасыг сонсож он жилүүдийг үдлээ. Өдгөө би театрын ахмад ажилчдын нэг болжээ. Хэдийгээр нас ахиж, ажилдаа ядардаг болсон ч театрынхаа улаан байшин, хамт олноос явах бодол тэр бүр төрөхгүй л байна. Өөрийнхөө залгамж халааг бэлдэж, хоёр охин хувцасны оёдолчноор авсан. Үйлэнд уран оёдолчин үлдээхийн тулд тэдэнд ажлынхаа онцлог, арга барил, эзэмших дадлаас заан сургаж байна даа.
-Та театрын хамт олон дунд анх хөл тавьж байсан тухайгаа дурсаж яриач?
-Би урлагт дуртай хүүхэд байсан. Аравдугаар ангиа дүүргээд урлагийн хүн болохоор шийдэж, Багшийн дээд сургуулийн кино драмын ангид шалгалт өгөх гэсэн боловч тэр жил элсэлт авсангүй. Тэгэхээр нь урлагийн байгууллагын хаяа түшье, хэтдээ хүсэл маань биелэх байлгүй хэмээн бодож үйлчлэгчээр ажилд орсон. Нэг жил ажиллаад л оёдолчин болсон доо. Тэр үед театрын оёдолчин Б.Цэгмид гуай “Үйл урлана гэдэг чинь эмэгтэй хүний хийх ёстой ажил. Тиймээс сайхан оёж сурах хэрэгтэй” гээд өөрийн сурсан эрдмээсээ харамгүй заадаг байв. Ийм сайхан, өөдрөг хамт олны дунд ажиллаж байгаа цагт сайн зүйл их сурна даа гэж боддог байлаа. Жүжигчин болно гэдэг хүсэл тээж орсон би нэг л мэдэхэд өмсөх хувцсыг нь урлах ажилд татагдаж, утас, зүүтэй нөхөрлөсөн дөө.
-40 жилийн хугацаанд та тоолж баршгүй хувцас урласан байлгүй?
-Хоёр жилийн өмнө тоолоход 180 жүжгийн туслах болоод гол дүрийн хувцас оёсон байна лээ. Түүнээс хойш театрын тайзан дээр олон жүжиг тавигдлаа шүү дээ. Нэг жүжигт гол дүрээс гадна дөрвөөс таван туслах дүр байдаг тул урласан хувцсаа тоолбол их тоо гарна. 1990-ээд оны үед театр орон тооны цомхтгол хийхэд ганцаараа оёдолчноор үлдэж байсан. Би арван жил ганцаараа театрын хувцас оёсон шүү. Тэр үед сонгодог болоод түүхэн жүжиг их тавигддаг байсан болохоор гэр бүлийнхэнтэйгээ хамтраад зарим ажлаа амжуулдаг байлаа.
-Танаар театрын жүжигчид гоёлын дээлээ олон жил зэхүүлсэн байх аа?
-Оёдлын томоохон салон нээгдээгүй үед театрынхаа ажилчдын гоёлыг урладаг байсан. Одоо нийгэм хөгжөөд сайхан болжээ. Сүүлийн үед хамт олон маань ажлыг минь хөнгөвчилж, гоёл, гангараагаа оёдлын тусгай газар, эсвэл салонуудаар захиалж зэхүүлдэг болсон. Одоо тайзан дээр толилуулах жүжгийн хувцас голдуу урлаж байна. Би ажилдаа дуртай. Хамт олныхоо дундаас ажлын амтыг мэдэрсэн болохоор оёдолчин болсондоо харамсдаггүй, харин ч баярладаг. Оёдолчин мэргэжил сайхан шүү дээ. Хийсэн хувцсыг маань хүмүүс өмсөөд явж байхыг хараад “Үүнийг би урласан юм шүү” гэж бодож урамшдаг. Тулж, түшээд авах сайхан хамт олны дунд хөл тавьсан болохоор эе, эвийн халуун дулаан уур амьсгалыг үргэлж мэдэрдэг юм.
-Өөрийнхөө бүтээлийг тайзан дээр амилж буйг үзэгчийн суудлаас хараад ямар бодол төрдөг вэ?
-“Отелла” жүжгийг анх үзчихээд театрт тавих жүжгийн хувцас энгийн хувцас оёхоос тэс өөр, жүжигчин хүн өмссөн хувцсаараа дүрээ тодотгон гаргаж өгдөг юм байна гэдгийг мэдэрсэн. Түүнээс хойш “Ромео, Жульетта”, “Диваажингийн хаалга”, “Дон Жуан”, “Парисын дарь эхийн сүм”, “Гамлет”, “Хаан түүх”, “Тэнгэрийн хүү”, “Ану хатан” гээд олон жүжгийн хувцас оёсон. “Ромео, Жульетта”, “Тэнгэрийн хүү” жүжгийн хувцсыг театрынхаа зураачтай зөвлөж, өөрөө бие дааж оёж байлаа. Жүжгийн хувцас урлана гэдэг амар ажил биш, мэдрэмж, ухаан их шаарддаг. Би “Ромео Жульетта”-гийн хувцсыг өөрөө гардаж, бүх чимэг зүүлт, хэрэгсэлтэй нь урласан болохоор хайртай.
Театрын найруулагч ямар нэгэн жүжиг тавихаас өмнө тайзны зураач, тайзны засалч, мужаан, оёдолчинтой зөвлөлдөж ярилцдаг. Хамтын хүчээр нэг баг болж ажилласны үндсэн дээр олны сэтгэлд хүрэх чанартай уран бүтээл төрдөг юм шүү дээ. Би театрынхаа жүжигчдийг сайхан хувцсаар гоёх юмсан гэж үргэлж хичээдэг. Урласан хувцсыг маань өмсөөд тайзан дээр тоглож байгаа жүжигчдийг хараад урам, эрч хүч авдаг шүү.
-Ямар жүжгийн хувцас цаг хугацаа, хөдөлмөр их шаардсан бэ?
-Надад театрын жүжигчдийн хувцас оёж, нойргүй хоносон өдөр олон. “Тэнгэрийн хүү” жүжгийн хувцасны загвар, дизайныг зураач Э.Батцэнгэл гаргасан. Сургуулиа дөнгөж дүүргээд театрт хувцасны зураачаар ажиллахаар ирсэн түүний авьяасаар хамт олон маань их бахархсан. Тэрбээр ажлынхаа гарааг “Ану хатан” жүжгийн хувцасны зураг зурахаас эхэлж байсан. Энэ жүжгийн хувцас загвар, хийц, оёдол, эсгүүрээрээ үзэгчдийн сонирхлыг татаж чадсан. “Ану хатан, “Тэнгэрийн хүү” жүжгийг үзсэнээс хойш хүмүүс загварыг нь гоёлдоо шингээж урлуулах болсон.
-Театрын хувцасны загвар, хийцээр хүмүүс гангарах болсонд та харамсдаг уу?
-Дээхэн үед үзэгчдийн хүртээл болох жүжгийн хувцсыг Соёлын яамны зөвшөөрлөөр оёдог байлаа. Театрын жүжигчдийн хувцсыг гадагш гаргахыг хориглож, нарийн чанд хадгалдаг байсан. Тэр үед Э.Оюун гуай уран сайхны зөвлөлтэй уулзаж, дуурь, театрын хувцас ямар байх талаар зөвлөгөө өгнө. Тэрбээр “Театр ариун сүм учраас уран бүтээлчдийн өмсөх хувцсыг та нар сайхан урлаж, олны нүднээс далд газар нандигнан хадгалж байгаарай” гэж захидаг байсан. Сүүлийн үед амьдарч буй орчин, нийгмээ дагаад хүмүүс гоёлынхоо загвар, оёдол, эсгүүрт их анхаардаг болжээ. Эх түүхээ судалж, эртний хаад, ноёдын хувцасны загварыг орчин үетэй хослуулан урлуулж байгаа нь нэг талаар сайн хэрэг.
Гэхдээ театрын жүжгийн хувцаснаас хэн дуртай нь санаа авч, гоёлоо зэхдэг болж байгаад харамсдаг л юм. Тэр дундаа түүхэн жүжгийн хувцасны загвараар туйлшран гоёж байгаа нь буруу. Хаан, хатан, ихэс дээдсийн хувцсыг энгийн хувцасны загвартай хослуулж байна. Энэ нь хувцасны загвар дизайныг өвөрмөц болгож хөгжүүлж байгаа ч эх түүх, өвөг дээдсийнхээ эртнээс уламжлан баримталж ирсэн хувцасны түүх, соёлыг гажуудуулж буй хэрэг.
Хувцас амилах ид шидтэй. Тухайн хүний санаа бодол, үйл хэрэг, цол хэргэмийг өмсөж буй хувцаснаас нь мэддэг байсан уламжлал өнөө цагт жирийн нэгэн гоёл болон алдагдаж байна. Театрын хувцасны санаа театртаа л үлдэх ёстой. Үнэнийг хэлэхэд хаад, хатдын хувцсыг гудамжаар хүмүүс өмсчихсөн явааг хараад өөрийн эрхгүй хармын бодол төрдөг.
Сүүлийн үед залуучууд сонгодог хувцасны загварыг гоёлдоо шингээн урлуулж эхэллээ. Монгол үндэсний хувцас оёдол, эсгүүр, загвараараа өвөрмөц. Тэр ч хэрээрээ монголчууд тансаг эдлэл хэрэглэдэг. Торгоор гоёлоо урлуулж зэхдэг ард түмэн Монголоос өөр хаана ч байхгүй. Харахад л загвар нь дэгжин, давтагдашгүй шүү дээ. Хувцасны гайхамшгийг дэлхийд мэдрүүлсэн улс бол Монгол гэж боддог.
-Та сар шинийн дараа ямар жүжгийн хувцас урлах вэ?
-Манай театрын уран бүтээлчид ирэх сард “Нора” жүжгийг сэргээж тавихаар болсон. Тиймээс оёдолчидтойгоо энэ жүжгийн хувцсыг урлахаар материалаа сонгож авлаа. Мөн долоон найруулагчийн шинээр толилуулах долоон жүжгийн хувцсыг зэхэх гээд морь жилийг өрн үүн ажилтай угтаж байна. Найруулагчид жүжгээ сонгосон тул театрын уран бүтээлчид ирэх сараас улсын наадам хүртэл завгүй ажиллах байх.
-Танай удамд үйлэнд уран хүн байв уу?
-Бий, бий. Ээж минь уран удамтай. Өдгөө 86 настай гэхэд дээл сайхан оёно. Үстэй дээл өнгөлж оёхдоо гаргууд. Ээжээсээ үйл мэтгэх авьяасыг нь өвлөсөндөө баярладаг юм. Би эцэг, эхээсээ долуулаа өссөн. Олон эрэгтэй дүүтэй. Тэд маань гарын ур дүйтэй. Аав минь хөдөлмөрч хүн байсан болохоор биднийг багаас нь ажилд сургасан. Эрэгтэй дүү нарын нэг нь уран барималч. Бусад нь монгол гэр хийж, сийлбэр, хээгээр чимэглэж урладаг. Манайх дөрвөн хүүхэдтэй. Өөрсдийнхөө хүсэл, сонирхлоор мэргэжлээ сонгосон. Том хүү маань циркийн жүжигчнээр ажиллаж байгаад саяхнаас барилгын зураг, дизайн сонирхож, япончуудтай хамтран ажиллаж байна.
-Хамаатан садан тань наадам, сар шинийн баяраар өмсөх гоёлоо танд хэдэн сарын өмнөөс захиалж хийлгэдэг гэл үү?
-Тийм ээ. Би өөртөө гоёл бараг зэхдэггүй хүн. Зав ч ховор гардаг. Хүүгээ хурим хийхэд, бас “Алтан гадас” одонгоор шагнуулахдаа өөртөө зориулж дээл урласан. Намайг завгүй ажилладгийг найзууд маань мэддэг болохоор үйлэнд уран зарим нь наадам, сар шинээр өмсөх гоёлыг маань зэхэж өгч баярлуулдаг. Театрын хувцас оёхын хажуугаар хүний гоёл зэхнэ гэдэг хэцүү. Зав бараг гардаггүй болохоор захиасыг нь тэр бүр биелүүлээд байж чаддаггүй. Ажил ихтэй үед хандвал амжихгүй гэж хэлээд заримыг нь гомдоочихно, завтай үедээ заримд нь амласнаа биелүүлэх гээд гоёлыг нь бушуухан зэхэж баярлуулна.
“Загасчны морь усгүй” гэдэг үг бий. Хүүхдүүдээ дээл оёулах гэвэл “Өөрсдөө оёж сур. Өмсөх хувцасгүй хүн шиг битгий ингэж зүтгэж бай” гэж зэмлэнэ. Завгүй үед ээж минь хүүхдүүдийн дээлийг урлаад өгчихсөн байдаг юм. Манай ах дүүс ажилсаг. Тэднийг гар хумхиж, зүгээр суухыг хараагүй. Манай хүүхдүүд ч гэсэн амьдралын төлөө зүтгэлтэй, ажил хийх эрмэлзэлтэй. Том эгч маань их ухаалаг. Зэмлэж, зөвлөж байсан ч бид эгчийнхээ үгнээс тэр бүр зөрөхгүй. Би одоо 60 нас хүрч байгаа хэрнээ л ээжид золгохоор зорьж ирсэн зочдод шинийн гурван хүртэл үйлчилдэг. Ээж минь өндөр настай хэрнээ хурдан, түргэн хөдөлгөөнтэй, ажилд гавшгай. Би хааяа ээжийнхээ насан дээр оччихоод ийм хөнгөн шингэн байж чадах болов уу гэж боддог юм.
-Театрын хувцас оёод ид завгүй ажиллаж байх үед ар гэрийн ажил, амьдрал орхигддог тал байсан биз?
-Байлгүй яахав. Хань маань ажил сайн ойлгодог байсан даа. Хорвоогийн мөнх бусыг үзүүлээд хэдэн жил болж байна. Москвад боловсрол эзэмшсэн, цагдаагийн дэд хурандаа цолтой хүн байлаа. Намайг ажилд дарагдчихсан завгүй суухад хоол, цай хийгээд, бариад ирдэг байсан. Өөрөө завгүй ажилтай хэрнээ л надад зав гаргаад халамжилна. Хонон, өнжин ажиллахаар “жаахан ч гэсэн амарч бай, ингэж ажиллавал ядарна” гээд байнга санаа тавьдаг байв. Ядарсан үедээ “би яах гэж оёдолчин болов, энэ ажлын ард хэзээ гарна даа” гэж боддог байлаа. Хүүхдүүд маань одоо ажлыг минь сайн ойлгодог болсон. Надад “Та театрынхаа ажилд санаа тавь. Бид гэрийн ажлаа таны оролцоогүйгээр амжуулчихна, санаа битгий зов” гэж хэлдэг. Хэрвээ гэр бүл маань намайг ойлгодоггүй байсан бол театрын жүжигчдийн хувцсыг сэтгэл тайван оёж чадахгүй л байсан болов уу.
-Танд алдаа, дутагдал гаргаж байсан тохиолдол бий юү?
-Би шинэ жүжгийн хяналт, нээлтийг заавал үздэг. Үзчихээд урласан бүтээлээсээ алдаа, амжилтаа олж хардаг юм. Хэрвээ алдаа гарсан байвал тэр даруй засдаг. “Хаан түүх” жүжгийн нээлтийг үзчихээд өөрөөсөө их ичиж билээ. Энэ жүжгийн нэг дүр болох Цооногийн өмсөх додигийг багадуулж оёсон байсан. Додиг гэдэг чинь бурхны шашны зан үйлийн хувцас шүү дээ. Би тэр үед гол дүрийн хувцсанд анхаарал хандуулаад анзааралгүй өнгөрүүлжээ. Тэр үед Чинзориг “Та намайг жүжигчний сургууль дөнг өж дүүргэсэн болохоор жаахан гэж голоод жижигхэн додиг хийж өглөө дөө” гэж хэлсэн. Жүжгийн нээлтээс алдаагаа олж харчихаад шинэ додиг бушуухан оёсон. Тэгсэн “Хаан түүх” жүжигт тоглосон тэр залуу удалгүй шилдэг дүрийн шагнал хүртсэн. Тэрбээр шагналаа гардаж авчихаад “Та намайг тайзан дээр дэндүү жижиг додигтой гаргасан. Засаж оёод тааруулсны чинь дараа том шагнал хүртлээ, танд их баярлалаа” гэж хэлсэн. Театрын маань жүжигчид шинэ жүжиг толилуулсны дараа ажлын өрөөгөөр заавал орж ирж, сэтгэгдлээ хуваалцдаг. Тэднээсээ “баярлалаа” гэдэг үгээр байнга шагнуулдаг шүү.
-Театрын оёдолчин жирийн оёдолчдоос юугаараа ялгардаг вэ?
-Жүжгийн хувцас урлахад ур чадвар, сэтгэлгээ шаарддаг. Сонгодог болон түүхэн жүжгийн хувцас оёход хөдөлмөр их зарцуулдаг. Эсгэж оёх, зурах, бодох гээд нарийн ажиллагаатай. Яаж хийвэл энэ хувцас дүр бүтээж буй жүжигчиндээ тохирох бол гээд толгойгоо байнга ажиллуулна. Өмсөх хувцсыг нь оёх юм чинь гээд өөрийн бодол санааг тулгаж, ажилдаа хайнга хандаж болохгүй. УДЭТ-ын тайзны ар талын хамаг ажлыг нугалж, хүчин зүтгэдэг олон уран бүтээлчийн нэг бол яах аргагүй оёдолчин С.Оюунчимэг. Тэрбээр ярилцах зуураа “Дуртай зүйлийнхээ төлөө эгч нь зорилго, тэмүүлэл, цаг хугацаа, залуу насаа зориуллаа даа” хэмээн өгүүлсэн юм. Үйлчин эмэгтэй театрын босгоор алхан ороход тусалсан ээж, эгч, ах дүүс, найз нөхөд, мөн ажлыг нь ойлгож дэмждэг үр хүүхдүүддээ талархан баярлаж явдгаа манай сониноор дайж уламжилсан юм.