-Та ер нь яагаад дуурийн театраас халагдчихсан юм бэ ?
-Хувийн ашиг сонирхлын үүднээс намайг халсан. Театрын ажилчид уран бүтээлч мөн удирдлагуудын дунд завсарын хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүсийн хийж байгаа холион бантан. Удирдлагуудын ажлыг үймүүлсэн хүмүүс дээ. Энэ асуудлаас болоод театрын ажлыг хойш нь татсан уу гэхээс биш урагш нь түрж яваагүй. Гэхдээ театр байж л байна, театр нурчаагүй шүү дээ.
-Яагаад асуудал гарах болсон юм бэ?
-Театрын гол асуудал бол мэргэжлийн уран бүтээлчид. Мэргэжлийн хүнгүйгээс болоод театрын ажил урагшлахгүй тал бий. Жишээ нь ноот бичдэг редактор байдаггүй. Би өөрөө тэр ноотнуудаа компьютер дээр шивдэг байсан. Тэрийг минь хүртэл үгүйсгэсэн. Ч.Мөнхзул гэдэг эмэгтэй миний хэлсэн тайлбарыг хүлээж авдаггүй. Ихэнхдээ мушгиж ярих дуртай. Миний шивсэн ажлыг та өөртөө мөнгө хийх гэж хийлээ, байгууллагын эдийг шамшигдууллаа гэж ярьдаг. Дуурийн театрт мэргэжлийн уран бүтээлчдээс гадна мэргэжлийн ажилтан хэрэгтэй байна гэдгийг хамгийн түрүүнд ойлгох хэрэгтэй. Энэ талаас нь хүртэл харахад өөрөө мэргэжлийн хүн биш гэдэг нь харагдаж байгаа юм. Тэс хөндлөн зүйлсийг ярьдаг.
-Ч.Мөнхзул захирал таныг үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн …?
-Тэр нь нэгдүгээрт намайг жүжигчидтэй тулж ажилладаггүй гэсэн асуудлыг тавьсан. Манай театраас үндэсний болон гадаадын гэсэн хоёр төрлийн жүжиг тавигддаг. Дуурийн театр нэг найруулагчтай бүх уран бүтээлчидтэй ерөнхий найруулагч тулж ажиллахад хүнд. Хоёр туслах найруулагч хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг би удаа дараа тавьж байсан ч тэр хүн хүлээж аваагүй. Хоёрдугаарт надтай хамтраад ажиллаач театрт гоо зүй, ёс суртахуун, боловсорлын төвшинг сэргээх хэрэгтэй байна гэсэн боловч тэр хүн надад “Тэр зүйл чинь хэзээ яаж сэргэдэг юм, хэдэн сарын хэдний өдөр сэргэх юм” гэж сөргүүлсэн. Тэгээд энэ зүйлийг хийсэнгүй гэж ярьж байгаа юм. Гурав дахь нь өнгөрсөн тавдугаар сарын 5-нд манай театрын 50 жилийн ой болсон. Тэрний хөтөлбөр найруулгыг Жамъяандагва гуайтай ярьж байгаад боловсруулсан. Х.Гэрэлчимэг болон манай туслах н.Сарангэрэл гэдэг хүн байдаг. Тэгээд заавал найруулагчдыг солино гээд миний туслахыг энэ арга хэмжээний найруулагчаар тавих гэж зүтгэсэн. А. Дашпэлжээ гэдэг хүнтэй Мөнхзул хамтраад миний боловсруулсан зүйл дээр үгсэж байгаад тэр ажлыг Сарантуяагаар хийлгүүлсэн.
-Өөрөөр хэлбэл Дуурийн театрт фракц үүсчихсэн гэж хэлж болох уу?
-Яг тийм болчихсон. Энэ зүйлээс болоод дуурийн театр дандаа хожиж байгаагүй, хожигдож ирсэн. Энэ фракцын асуудал үе үеийн туршид байсан. Гэхдээ урьд нь учиртай байлаа. Удирдлагууд дотор фракц үүсээд зөрчилддөг байсан ч тэр асуудлыг зохицуулж чимээгүй болгодог хүн нь би байсан юм. Яахав уран бүтээлчид дунд хов жив гардаг ч тэр хэсэгтээ л яригдаад өнгөрдөг шүү дээ. Долоон удирдлага байдаг байлаа гэхэд дөрөв нь нэг тал гурав нь нэг тал болчихоод тэмцээд байдаг. Тэр зүйл нь даамжраад ажилчид руугаа орчих тал байдаг байсан. Тэр үед нь би өөр аргаар тэр асуудлыг чимээгүй болгож тайвшруулдаг байсан. Хэрэв тийм зохицуулалт байгаагүй байсан бол дуурийн театр гэдэг газар байхгүй болчихно шүү дээ.
-Хэрвээ удирдлага хоёр хуваагдсан гэх асуудал хэзээнээс эхэлсэн бэ?
-Манай театр гэдэг бол балет, дуурь гэж хоёр хуваагдсан байдаг. Анх 1970-1980 оны үед хойно төгссөн манай сайн уран бүтээлчид ажиллаж байсан, Б.Жамьяндагва, Д.Лувсаншарав гуай гэх мэт. Мөн ард түмний дундаас авьяастай хүмүүсийг дагалдан уран бүтээлч болгож авч байсан. Харин 80-аад онд манайхан дотооддоо мэргэжлийн уран бүтээлчид төгсгөж эхэлсэн. Энэ үед албан ёсны биш нэг жижиг үзэл гарч ирсэн л дээ. Балет илүү, дуурь илүү гэсэн жижигхэн үзэл гарч ирсэн. Биендээ хэлдэггүй хэрнээ нэг тийм тэмцэл явсаар байгаад сүүлдээ Б.Жамьяндагва гуай, Л.Эрдэнэбулган гуай хоёр дээр ирээд дуусч байгаа юм. Түүнээс хойш 90-ээд он гарахад балет илүүрхэж. 2000 онд Дуурийнхан илүүрхсэн. А.Дашпэлжээ гэдэг хүн удирдалагаар ажиллаж, тэр үед намайг болон удирдаач нарыг халж байсан хүн. Харин энэ удаа дахин Ч.Мөнхзул гэдэг хүн А.Дашпэлжээ гэдэг хүнтэй нэгдээд дахиад намайг халчихсан. Энэ бичигдээгүй үзэл одоо хүртэл явсаар л байна. 2004 онд Б.Сэргэлэн дарга орж ирээд дуурь дарагдаж балетад анхаарал тавина гээд гараад ирчихсэн өөрөө ч балетийн хүн байсан. Гэхдээ энэ фракцыг дэвэргэсэн хүмүүс бий. “Г.Эрдэнэбаатараас болоод дуурь уналтанд орлоо гэж”. Тэгтэл одоо энэ хоёр сонгодог урлагийг алийг нь ч мэдэхгүй хүн орж ирээд бүгдийг нь булингартуулаад хаячихаж байгаа юм.
-Таныг ажилчдын хүсэлтээр халагдсан гэсэн шүү дээ. Х.Гэрэлчимэг балетмейстр өвчний магадлалаар ажлаасаа гарсан гэсэн үнэн үү?
-Тухайн үед бүх нийтийн хурал хийж Г.Эрдэнэбаатар гэдэг хүн ажлаа хангалтгүй хийдэг гэсэн шийдвэр гаргасан. Тэгсэн чинь театрт байдаг миний хөдөлмөрийн дэвтэр алга болчихсон байсан. Тэгээд нөхөн даатгалд орох гээд төв архив дээр очоод шүүлгэсэн чинь бүх нийтийн саналаар ажлаа хангалтгүй хийдэг гэсэн тайлбартай бичиг гарч ирсэн. А.Дашпэлжээгийн тушаал мөн гарч ирсэн. Уг нь театрын ажилчдыг ганц хүн шийдвэр гаргаад халдаг зүйл биш юм. Төрийн урлагийн зөвлөлөөс шийдвэр гарч удирдлагуудад хүргүүлснээр халагдах шийдвэр гарах ёстой юм билээ.
Х.Гэрэлчимэг бол өөрөө их чанга хүн л дээ. Хуучны үзэл баримтлалтай. Хааяа хараал ерөөл хэлнэ. Одоо хуучны баримтлалаар авьяастай залуус ажиллахгүй шүү дээ. Авьяасыг нь гаргаж, сэтгэл хөдлөлийг ил болгох л балетместрийн ажил. Тэрнээс биш чи илжиг, нохой гээд байвал хэн тэр хүний удирдлаганд ажиллах вэ дээ. Тэр зүйлд нь тулгуурлаад Ч.Мөнхзул халах тушаал гаргасан. Х.Гэрэлчимэг та нарыг загнадаг уу, загнадаг, хараадаг уу, хараадаг гээд л халаад хаячихсан. Тэр хүн өвдөж өвчний магадлагаагаар халагдаагүй. Ажилчид санал гаргаад халчихсан. Бас л хууль бусаар л халчихсан юм шиг байна лээ. Одоо бас шүүхээр явж байгаа сураг бий.
-Таныг мөн театрын эд хөрөнгийг цувчуулсан гээд байгаа шүү дээ?
-Энэ яг надтай холбоотой биш юм. Хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрчихсөн зүйл. Найман жилийн өмнө алга болсон эхнэр үсний асуудал. Би тус болох ёстой, манай театрын зарим ажилчид ч сайн мэддэг нэг хүнд эхнэр үс өгсөн юм. Тэр хүн эхлээд шууд над дээр ирж гуйгаагүй, манай хувцасны эрхлэгч надаас ирж гуйсан юм. Дөрвөн цаг гэхэд авчраад тавьчихна, гадаадаас хүн ирчихсэн хамт зураг авахуулах гэсэн чинь хэрэг болоод байна гэхлээр нь хувцасны эрхлэгч болон гуйсан хүнд өгсөн. Хүнд нэг тус болох санаатай. Гэхдээ тухайн үедээ нэг сая 800 мянган төгрөгийг эхнэр үс гуйж авсан хүн төлчихсөн. Бүр гурав нугалж төлсөн, тухайн үедээ. Тэгээд хэрэг хаагдчихсан. Энэ зүйлийг ч гэсэн мөн ухаж гаргаж ирээд хариуцлага тооцож нээнтэглэсэн л дээ.
-Хэрвээ Ч.Мөнхзул захирал ажлаа өглөө гэхэд театрын ажлыг сайн авч явах хүн бий юу?
-Тийм хүн бий. Шинэ боловсон хүчин, чадварлаг залуучууд ч зөндөө байна. Хэрвээ бүр болохгүй байлаа гэхэд би театрын даргаар очвол юу хийхийг мэдэж байгаа юм. Дахин сэргээгээд ажиллах боломж байна. Мэргэжлийн хүмүүс бас байна. Театрыг маш зоригтой засч ажиллах залуу хүмүүс бий. ССАЖЯ-ны сайд яагаад урлагийн асуудлыг шийдээд байгааг ойлгохгүй байгаа юм. Соёл, Урлаг хоёр чинь хоорондоо өөр шүү дээ. Соёл гэдэг бол хүрээ. Урлаг гэдэг бол тухайн орны хөгжилтэй холбоотой том түлхүүр шүү дээ. ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл өөрөө урлагтай холбоогүй хүн тэгээд урлагийн салбарын удирдлагуудыг мэргэжлийн бус хүнээр сонгодог нь бүр ч гайхалтай.
-Дуурийн театрын удирдлагыг шүүхэд өгсөн, шүүх таны талд шийдвэр гаргасан гэсэн?
-Шүүхийн хоёр шатны шийдвэр гарсан надад одоо бий. Анхан шатны шүүх миний талд гарсан. Үүний дараа ялагдсан талд давж заалдах 14 хоног өгөх ёстой хүлээ гэсэн. Тэгээд 14 хоног болоход давж заалдсан. Гэхдээ Ч.Мөнхзул өөрөө шүүх хуралд оролцож байгаагүй. Өөрөө яагаад ч юм ирдэггүй. Олон төрлийн шалтаг хэлээд түүний оронд н.Болорчулуун гэх өмгөөлөгч залуу явдаг.
Нийслэлийн шүүх дахин Ч.Мөнхзулын өмгөөлөгч Болорчулууны өгсөн нэхэмжлэлийг авч хэлэлцээгүй. Үндэслэлгүй гэж үзсэн байгаа юм. Тэгээд мөн 14 хоног дахиад хүлээсэн. 14 хоногийн дотор давж заалдаагүй. Одоо та ажилдаа буцаж очиж болно гэж шүүхээс хэлсэн. Эхлээд уулзаж чадаагүй утсаар холбогдох гэж нилээд удаан оролдсоны үр дүнд холбогдсон. Тэгээд уулзсан манайд ерөнхий найруулагчийн орон тоо байхгүй болчихсон таны авдаг цалинг энд тавьчихлаа. Та хүрч ирээд үүдэнд цэвэрлэгч хий гэсэн хариуг өгсөн. Тэгэхлээр нь би “Цэвэрлэгч хийх гэж “Москвагийн театр урлагийн академи”-д зургаан жил сураагүй. Цэвэрлэгч хийх гэж 34 жил театртаа зүтгээгүй” гэж хэлсэн.
-Таныг яг цэвэрлэгч хий гэсэн гэж үү?
-Үзвэрийн үйлчилэгч гэдэг чинь үүдний өрөөг цэвэрлээд байж байдаг хүн байхгүй юу. Үзвэрийн үйлчлэгч гэж залуу охид ажилладаг, тэр охидтой намайг ажилла гэж байгаа юм. Тэгээд та энд ирэхгүй байж болно, шүүхийн шийдвэрийн дагуу би таныг эргүүлэн ажилд чинь авна тэгээд тушаал гаргана гэсэн. Цалингийн хэмжээ буулгаад боломжит местийг таньд олгоно гэсэн шүү. Энэ муухай доромжлолын төлөө эргүүлээд шүүхэд өгч байгаа. Надад хоёр сая 873 мянган төгрөг өгөх ёстой гэж шүүх шийдвэрлэсэн. Тэгтэл та долдугаар сард ажиллаагүй энэ мөнгийг хасна, мөн та нөүт бүүк хэрэглэж байсан тэрийгээ би өгөөгүй юм. Үлдсэнийг нь тэрэндээ шингээнэ гэж байгаа.
-Нөүтбүүк нь таньд байгаа юм уу?
-Байгаа энэ компьютер дээр театрын бүх зүйл байгаа. “Ханбүргэдэй” дуурийн ноотыг шивчихээд өөртөө ашиглах гэсэн гээд 200 мянган төгрөг хасна гэсэн бас одоо та театрт сая гаран төгрөгний өртэй гэсэн хариуг надад өгсөн. Шүүхэд энэ тухай ч би хэлсэн. Шүүхийнхэн шүүхийн шийдвэрийг дорд үзсэн гэж үзэж байгаа. Тэгээд энэ шийдвэр гарахад хоёр сая 873 мянган төгрөг байсан бол энэ хугацаанаас хойш хоёр гурван сар өнгөрсөн дахин нэхэмжлэл гаргавал дөрвөн сая гаруй төгрөг нэхэмжлэх юм билээ. Би дахин шүүхэд очиж шинэ нэхэмжлэл гаргах гэж байгаа.
-Урьд нь хоёр туслах найруулагч таньтай ажиллаж байсан, тэр хоёр найруулагчийг Д.Эрдэнбулган гуайд дагалдуулж байгаа гэж үнэн үү?
-Урьд нь тийм хүсэлт зөндөө тавьсан надад туслах найруулагч бэлтгэх боломж өгөөч, би ганцаараа хүрэлцэхгүй байна гэж. Гэхдээ хүлээж аваагүй хэрнээ тэр хоёрыг байсан гээд байгаа юм. Тийм юм урьд нь байгаагүй, үе үед л ерөнхий найруулагч ажилладаг. Энэ зүйлийг халах санал тавьсан боловч хүлээж аваагүй.
-Анх Ч.Мөнхзул захирлыг Дуурийн театрынхан таагүй хүлээж авч байсан гэж үнэн үү?
-Ер нь бол тийм. Таагүй хүлээж авч байсан мэргэжлийн бус гээд хүмүүс их дургүй байсан шүү. Анх хурал хийхэд балетийнхан бүгд нуруугаа харуулаад суучихсан. Ер нь уран бүтээлчид одоо хүртэл сайн хүлээж авдаггүй. Урлагт мэргэжлийн хүн хэрэгтэй. Тэднийг ойлгодог, зовлон жаргалыг нь мэддэг хүн хэрэгтэй болохоос, мэргэжлийн бус, баахан үүрэг даалгавар өгөөд, санхүү тооцоо яриад байдаг дарга огт хэрэггүй.
Э.ТЭКҮ
Эх сурвалж: news.mn