"Эрхэм элч" продакшны захирал МУГЖ С.Лхагвасүрэнг зарим хүн Монголын Мистер Бэн хэмээх. Царайны төрх, үг яриа, үйл хөдлөл гээд бүхий л зүйлээрээ үзэгчдийн магнайн үрчлээг тэнийлгэж чаддаг чадварлаг жүжигчний тайзан дээрх төрхийг хүн бүр таньдаг ч хувь хүнийх нь талаас сонин хэвлэл тэр бүр нийтлээд байдаггүй. Тэр өөрөө ч хэвлэлийн "баатар" болоод байхыг хүсдэггүй юм билээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Юуны өмнө Морин жилийн мэндийг хүргэе. Уран бүтээлийн олз омог арвин уу?
-Баярлалаа. "Ган зам" сонины нийт уншигчиддаа мөн cap шинэ мэнд хүргэе. Миний хувьд 2014 оныг амжилт бүтээлийн ганзагадүүрэн угтаж байна. Зах зухаас нь дурьдвал өнгөрсөн онд хийсэн “Жексон амьд" УСК-ныгоо DVD болгон гаргаж байна. Сая хүмүүс утасдаад "DVD бэлэн болчихсон" гэлээ.
Тэгээд л түүнийгээ авч, эх хувийг нь харах гээд явж байна. Морин жилийн босгон дээр энэ киноны маань DVD хувилбар "Hi-Fi Records"-ын салбаруудаар худалдагдах юм. Гэхдээ хийсэн бүтээлээ өөртөө хадгалах, авах сонирхолтой байгаа үзэгчиддээ хүргэх зорилгоор цөөн тоогоор хэвлүүлсэн.
Манай "Эрхэм элч" уран бүтээлийн нэгдлийнхэн уран бүтээлээ цувралаар DVD болгон гаргадаг учраас тэдгээрийг хувийн цуглуулгадаа архивладаг хүмүүс бас байдаг юм билээ. Тиймээс тэднийхээ хүсэлтийн дагуу гаргадаг. Нөгөөтэйгүүр телевизүүдээр нийтийн хүртээл болчихсон учраас олон тоогоор гаргах нь зохимжгүй шүү дээ.
Олон хувиар хэвлүүлэх нь эргээд оюуны хулгай хийдэг "урт гартнуудад" бас өртчих магадлалыг бүрдүүлдэг.
-Та сонин хэвлэлд тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй болохоор хувь хүний тань тухайд тийм ч нээлттэй бус юм шиг?
-Би Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн. Бараг л дөнгөж мэндлээд Улаанбаатар хот руу ороод ирсэн юм билээ. Тийм болохоор нийслэлийн сургууль, цэцэрлэгт л сурч хүмүүжсэн хүүхэд л дээ. Зуныхаа амралтаар хөдөө гарч, өвөө, эмээдээ очдог байсан. Ахлах ангиас эхлээд дээд сургууль орсноосоо хойш тэр бүр хөдөө явж чадахгүй болсон.
Хааяа Эрдэнэт рүү тоглолтоор явахдаа "Шинэ үе продакшин"- ынхан маань "Лхагваа ахынхаа төрсөн нутагт идээ будааныхаа дээж өргөж, дурсгалын зураг татуулъя" хэмээн түр саатдаг. Намайг хүндэлдэг, Бооёо тэргүүтэй "Шинэ үе продакшин"-ы дүү нартаа их баярлаж явдаг юм.
-Хүмүүс "Хошин урлагийнхны царайг нь харахаас л инээд хүрдэг " хэмээн ярих нь бий. Багадаа хэр хөгжилтэй хүүхэд байв?
-Хүүхэд бүхэн л бага байхдаа хөгтэй, хөгжилтэй адал явдлуудтай учирч байдаг шүү дээ. Би багадаа их мариалаг хүүхэд байсан л даа. Одоогоор бол бараг сумо бөх шиг бандгар хүүхэд байсан болохоор тухайн үед тарган хүүхдийг юу гэж хочилдог байсан тэр нэр хочоор дуудуулаад л явдаг байлаа.
Тийм байсан гэхэд одоо олон хүн итгэхгүй л дээ. Заримдаа захиалгаар бариу өмд хийлгэж өмсөөд тайзан дээр гарахад "Энэ Лхагваа жаахан таргалчихаасай" гэж ярьдаг тухай ч сонсогдож байсан. Намайг багад тохиолдож байсан нэг хөгтэй явдал бий. Нэг удаа ээж эмнэлэгт хэвтээд, надад хувцсаа алчуурт баадагнаж өгөөд гэр рүү явуулав.
Ингээд л нөгөө баадантай хувцсаа аваад автобусанд суутал миний хажууд нэг ах суув. Тэгснээ "Ахын дүү хоёулаа гоё кино үзэх үү?" гэж байна. "үгүй ээ" гэлээ. "Тэгвэл хүүхдийн парк орж тоглох уу?" гэв. Бас л "Үгүй ээ" гэлээ. "Хоёулаа Музей үзье л дээ" гэж байна. Мөн л "Үгүй ээ" гэлээ. Тэгэхэд манайх Төрийн ордны ард байсан юм.
Автобус ч Сүхбаатарын талбай дээр зогсож, би буух боллоо. Гэтэл нөгөө ах "Хоёулаа гоё хоол идэх үү?" гэж байна. Манай хүн "Ай хоол уу?" гээд эргэж харснаа уухайн тас л "За тэгье" гэж байгаа юм. Ингээд л тухайн үед 25 дугаар гуанз гэж байсан тэнд оров оо.
Хувцсаа өлгүүлээд л нөгөө баадантай хувцсаа ч хамт өлгөөд ширээн дээр суулаа. Нөгөө ах их л сонирхолтой зүйл ярьж байснаа босоод явав. Би ч хоол захиалж байна гэсэн бодолтой сууж байтал нөгөө хүн буцаж ирдэггүй дээ.
Нэлээд хүлээж суугаад ирэхгүй болохоор нь өлгүүр рүү очоод "Надтай хамт орж ирсэн ах хаачсан бэ?" гэвэл "Гараад явчихсан ш дээ" гэж байна. "За тэгвэл хувцсаа авъя" гэтэл нөгөө баадантай хувцас маань байдаггүй. Ээжийнхээ хувцсыг алдчихсандаа харамсаж уйлсаар харьж билээ. Гэрийнхэн маань энэ тухай сонсоод "За тэр хувцас ч яамай. Миний хүү чинь уг нь мөн ч их гүрийж дээ" гэцгээж билээ(инээв)
-Таныг хошин урлагийн тайз рүү хөтөлж оруулсан хүчин зүйл юу байв?
-Сурагч байсан үе. Сургуулийн их засварлагаа болж байтал "Сэлэм" Тогмид нарын хэдэн жүжигчин орж ирэхээр нь хүүхдүүд таньж "Хөөх, кинон дээр гардаг хүмүүс явж байна" гэцгээгээд л сонирхож байлаа. Тэд хүүхдүүдийг тойруулан харж байснаа намайг дуудаад "Чи маргааш кино үйлдвэр дээр очоорой" гэв.
Маргааш нь, Монгол кино үйлдвэр дээр яваад очтол хүүхдийн киноны нэрт найруулагч Х.Дамдин гуайн "Нэг ангийн хоёр" гэдэг киноны жижигхэн үзэгдэлд проб авч байсан юм билээ. Зөндөө л хүүхэд ирчихсэн байсан. Тэдний дундаас би нэг хүүхдийн хамт шалгарсан даа. Тэр пробд орохдоо ёстой нөгөө "үгүй ээ" гэдгийнхээ эсрэгээр "чадна аа" л гээд байсан.
Ингээд л анх удаа кинонд тоглосон. Нүүрээ будуулаад л, том жүжигчид яаж тоглодгийг хараад их хөөрцөглөж байсан. Тэр цагаас эхлэн гэртээ орж ирэв үү үгүй юу өөрийгөө толинд харж суугаад л нүүр, амаа янз бүр болгож, уйлж, инээж, уурлаж, тоглоомнуудтайгаа ярьж тоглодог болсон доо.
Өвөө эмээ маань намайг багадаа өөрөө өөртэйгээ ярьж тоглох дуртай хүүхэд байсан гэлцдэг сэн. Үүнээс улбаалан манай гэрийнхэн тухайн үеийн Монголын пионерийн ордны дэргэдэх жүжгийн дугуйланд оруулсан юм.
Намайг өмнө нь кинонд тоглож байсан гэдгийг тэндхийн багш нар мэддэг байсан болохоор шалгуулалгүйгээр орохгүй юу. Дараа нь хамт сурч байсан хүүхдүүд "Чамайг анх орж ирэхэд энэ "арын хаалганы" хүүхэд гэдэг байж билээ" хэмээсэн. Тэдэнтэйгээ аравдугаар анги хүртлээ хамт хичээллэж, тоглолтод орж явсаар бие биеэ сайн мэддэг болцгоосон л доо.
Тэр үед жүжигчний мэргэжлийг гэхэд дөрвөн жилд нэг л удаа бэлтгэдэг төлөвлөгөөтэй байсан л даа. Сүүлд хоёр жилд нэг удаа бэлтгэдэг болоод миний үед азаар жил өнжих байсан ч хүүхэд элсүүлсэн. Манай ангийн багш "Говийн зэрэглээ"-гийн Арсланд тоглодог Доржсамбуу гарын шавь нараа бэлтгэх гэж хот, хөдөөнөөс хүүхэд шалгаруулж авсных нь дотор би багтсандаа өнөөг хүртэл баярлаж явдаг.
-Хүн бүр амьдралдаа давтагдашгүй онцлогтой байдгийн адил "Эрхэм элч уран бүтээлийн нэгдэл "-ийн уран бүтээлүүдийг хараад байхад бусдаасаа арай л ондоо өгүүлэмж илэрхийлээд байх шиг санагддаг?
– Би үзэгчиддээ хүргэх гэж хичээдэг нэг л зүйл бий. Хошин урлагийг хүмүүс янз бүрээр л ойлгодог. Инээдмийн урлаг гэхээрээ л нүүр, амаа хөдөлгөөд ч юм уу нэг тийм хөнгөн аясаар гаргачихдаг гэж ойлгох хүмүүс байна. Г.Доржсамбуу багш маань "Би жаахан ч болов уран бүтээл хийхдээ инээдмийн өнгө аяс л шигтгэчих гээд байх юм.
Энэ маань, зөв юм болов уу буруу, юм болов уу" гээд бидэнтэй санал бодлоо солилцдог байсан. Багш хамгийн анх "Найрийн ширээний ууц" нэртэй инээдмийн жүжгээ найруулж байхад нь бид нэгдүгээр курст орж байсан юм. Дөрвөн жилийн дараа бид төгсөхөд тэр жүжиг маань тоглогдож л байсан. Үзэгчдэд маш эрэлт хэрэгцээтэй байсан л даа.
Дадлагын ажлаа хийж би тэр жүжгийн хэд хэдэн үзэгдэлд тоглосон. Сургуулиа төгссөний дараа Драмын театрт манай ангийн хэдэн хүүхдийг шалгаруулж авахад би бас шалгараад дахиад нөгөө "Найрын ширээний ууц"-даа тоглож байлаа. Ингээд бодохоор зөв зааж чиглүүлэх талаасаа инээдмийн төрөл рүү багш маань надад их нөлөөлсөн юм болов уу гэж боддог.
Өнгө аясын тухайд анхнаасаа драмын театр руу орсон болоод ч тэр үү аливаа уран бүтээлээ учир зүйн логиктой гаргах юмсан л гэж их хичээдэг. Анх Г.Мягмарнаран ах, Д.Мэндбаяр эгч нарын хүмүүс драмын театраасаа хэдэн хүн аваад, улсаас мөнгө авалгүйгээр, өөрийгөө санхүүжүүлэх зорилготой "Бага театр" гэж байгуулсан юм.
Тэгэхэд би "Найрын ширээний ууц"-д хамт тоглож байсан хүмүүстээ зориулж "Битгий хэлээрэй" нэртэй инээдмийн жүжиг бичихгүй юу. Тэрийг маань манай хэд сайшааж, Г.Мягмарнаран ах тоглолтод оролцолгүйгээр, өөрөө найруулна гээд тайзнаа тавьсан юм.
Сүүлд тэр жүжгийг маань урлаг судлаач С.Дашдондог үзээд "Та бүхний энэ жүжгийг үзээд ичиж инээсэнгүй. Шоолж инээсэнгүй. Яг л үйл явдалд нь орж хөтлөгдөөд инээлээ. Үнэхээр зөв тавьсан, сайхан жүжиг болжээ" хэмээн урмын үг хайрласан. Тэр цагаас хойш агуулга хэлбэрийн зөрчил гэдэг талаас нь их боддог болсон доо.
-Хошин урлагийн төрөл жанр рүү нэгэнт орсон болохоор өнөөгийн жүжигчдийн ур чадварын талаар асууя гэж бодлоо. Зарим хүн "хошин урлагийнхан хүн инээлгэж чадахгүй болжээ " гэж шүүмлэх нь ч бий. Энэ юутай холбоотой вэ. Магадгүй хүн бүр бие даах гээд тус тусдаа продакшин байгуулах болсонтой ч холбоотой байж болох юм?
-Хүмүүс өөрсдөө бодитой шүүмжлэлийг бусдад хүргэж байгаасай. Хүмүүстэй уулзаж ярилцахаар бодитой, баримттай зүйл огт байдаггүй л дээ. Аль продакшны ямар тоглолтыг үзэхэд ямар шүүмжлэл хэлмээр санагдсан ч гэх юм уу. Хамт уран бүтээл туурвихаа болиод тус тусдаа уран бүтээл хийж байгаа нь хүч муудаж байна гэх шүүмжлэл дагуулж болох талтай.
Гэхдээ нөгөө талдаа бүх л продакшн үзэгчддээ сайн зүйл хүргэхийн төлөө л зорилго нэгтэй хөдөлмөрлөж яваа хүмүүс шүү дээ. Зах зээлийн хууль гэдэг өөрөө хатуу. Нэг л удаа муу тоглолт тавилаа гэхэд маргаашаас нь үзэгчдийн тоо эрс цөөрөх жишээтэй. Тэгэхээр хошин урлагийнхан бүгд тоглоод тэднийг үзэгчид үзээд байна гэдэг нь нийгэмдээ эрэлт хэрэгцээ үүсгэж байгаагийн нэгэн илрэл.
Мэдээж, нэг тоглолтод зургаа, долоон үзэгдэл байлаа гэж бодоход нэг, хоёр үзэгдэл нь жаахан сул өгүүлэмжтэй байх нь бий. Ямар ч өө сэвгүй зүйл ер нь ховор шүү дээ. Миний хувьд хошин урлагийг хөгжиж байна гэж боддог шүү. Залуу уран бүтээлчид эрчимтэй гарч ирж байна. Тэд маань инээдмийн жүжгүүдээр тавих, олон төрлийн жүжгийг нэг тоглолтоор багцлан хүргэх зэрэг олон янзаар эрэлхийлэх боллоо. Тэгэхээр энэ урлаг улам л боловсронгуй болоод байна гэсэн үг.
-Таны тайзан дээр бүтээж байгаа дүрүүд, амьдралдаа бүтээсэн дүртэй хэр ойролцоо вэ?
-Би хувьдаа тэс өөр л гэж боддог. Тайзан дээр бүтээж байгаа дүрээрээ би нийгэмд болохгүй бүтэхгүй байгаа зүйлсийг шүүмжлэхийг хүсдэг. Тухайлбал, саяхан "Шинэ үе продакшин"-ынхантай хамт авлигын талаар шүүмжилсэн жүжиг тавилаа.
-Уран бүтээлч хүмүүс гэр бүлдээ зориулах цаг заваар хомс байдаг. Таны хувьд хэр сайн аав бэ?
-Ер нь, энэ талаараа урлагийнхан хэцүү л дээ. Анх урлагийн тайзанд хөл тавьж байхад хүүхэд маань бага байлаа. Нийтээрээ л ажил төрөл, ахуй амьдралаа хэрхэн авч явах талаар шаргуу хөдөлмөрлөж байсан даа. Тэр үед жүжигчдийн цалин хөлс ч бага. Драмын театрын жүжигчид дээд тал нь 60, хамгийн багадаа 30 хоногоос доошгүй тоглолтоор явдаг болохоор гэртээ ер нь цөөхөн цагийг өнгөрөөдөг байлаа. Ялангуяа, баяр ёслолын үеэр гэртээ тогтохгүй.
-Хошин урлагийнхан галт тэргээр явахад амархан цаг өнгөрөөдөг байх тийм үү?
– Нэг удаа социалист орнуудын театрын фествил болоход ахмад уран бүтээлч, залуустайгаа гал тэргэнд зургаа хоногийг аялж өнгөрөөсөн. Тэр үеийн дурсамж их сайхан санаддаг юм. Москва орохдоо, тэндээс ирэхдээ замд уйдсан хүмүүс купе, купегээр дамжаад л их хөгжилтэй явж билээ. Гэхдээ би галт тэргэнд олуулаа явахаас илүүтэй хоёр ортой өрөөнд нь явах дуртай. Тухтай санагддаг юм. Би уг нь тайзан дээрээ л ажлаа хийчихээд бусад үед бол энгийн явмаар байдаг ч олон хүнтэй явахаар тэд намайг тэгээч ингээч гээд "ажлыг маань" бас хийлгэчих гээд байдаг болохоор галт тэргээр явах шаардлага гарвал хоёр ортой өрөөг нь л захиалдаг даа(инээв).
-Танаас хамгийн их чадвар, хөдөлмөр шаардаж байсан нь ямар дүр вэ?
-Тийм тохиолдол зөндөө. Жишээ нь, эмэгтэй хүний хувцас өмсөх, эмгэн болж дүр бүтээх тийм ч амаргүй. Драмын театрт байхдаа Хөхөлдэй хүүгийн дүрийг бүтээсэн маань үнэхээр хэцүү байж билээ. Хяналт шалгалт ихтэй. Тэр жүжгийг маань социализмын нийгмийг далд утгаар шүүмжилсэн аястай юм биш үү гэж хардаж сэрдээд.
Энэ үед урлагт хөл тавиад удаагүй миний хувьд хэцүү санагдаж байсан л даа.
Б.Дэлгэрхишиг
Эх сурвалж: “Ганзам” сонин