Уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн авьяас чадварыг үнэлэх, урамшуулах зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүй соёл, урлагийн салбараас оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчийг шалгаруулдаг “Мөнгөн мод-2024” хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2025.03.27/ УДБЭТ-т боллоо.
“Мөнгөн мод-2024” наадмын хүрээнд судлаач, зохиолч, продюсер, соёлын өвийн бүтээл, ном хэвлэлийн бүтээл, уран сайхны нийтлэл, нэвтрүүлгийн бүтээл, архитектурын бүтээл, зар сурталчилгааны бүтээл, цахим бүтээл, гэрэл зургийн бүтээл, хувцас загварын бүтээл, тайзны бүтээл гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээлийг, найруулагч, удирдаач, хөгжмийн зохиолч, хөгжимчин, дуучин, бүжиг дэглээч, бүжигчин, зураач, жүжигчин, тайзны урлагийн бүтээл, дуу хөгжмийн бүтээл, дүрслэх урлагийн бүтээл, кино урлагийн бүтээл гэсэн 13 төрлөөр шилдэг уран бүтээлчдийг тодруулж, “Мөнгөн мод” цом, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан юм.
16 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү наадмын шилдэг уран бүтээлчийн төрөлд 104 уран бүтээлч, шилдэг уран бүтээлийн төрөлд 63 уран бүтээл өрсөлджээ.
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг танилцуулъя.
“Мөнгөн мод” наадмын Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн шагналыг “Хүн сүрэг” бүтээлээрээ уран бүтээлч Б. Мөнхцэцэг хүртлээ.
Б.Мөнхцэцэг нь орчин үеийн өрөг урлалын чиглэлээр бүтээлээ туурвидаг бөгөөд тус бүтээл нь Монгол улс, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулж Герман улсад “Нүүдэлчдийн дараах туршлага” үзэсгэлэн солилцооны хөтөлбөрийн хүрээнд бүтээсэн өрөг урлаг, эсгий төмөр, ланд арт бүтээл юм. Уран бүтээлч Б.Мөнхцэцэг нь 2024 онд “Нүүдэлчин зөн”, “Хүй дарсан чулуу”, “Эх дэлхийгээ анагаахуй”, “Орчин цагийн нүүдэлчдийн жим”, “Монгол Япон арьсан урлал” зэрэг үзэсгэлэнд оролцсон бөгөөд “Монгол Франц эсгий” туршлага солилцох хөтөлбөр зэрэг олон улсын 20 орчим төсөл, арга хэмжээнд хамтран ажилласан.
“Мөнгөн мод” наадмын Тайз дэлгэцийн урлагийн шилдэг зураачийн шагналыг “Клеопатра” түүхэн сэдэвт сонгодог драмын жүжгийн ерөнхий зураачаар ажилласан “Монгол театр”-ын уран бүтээлч Ч.Батболд хүртлээ.
Ч.Батболд нь тайзны 11 жүжиг, концертын ерөнхий зураачаар, 15 жүжиг, концертын гүйцэтгэх зураачаар, мэргэжлийн урлагийн байгууллагын 26 тайзны уран бүтээлийн зураачаар ажилласан туршлагатай.
“Мөнгөн мод 2024” наадмын Архитектурын шилдэг бүтээлийн шагналыг “Хүрээ Майдар дуган” бүтээлээрээ архитектор Г. Нямцогт хүртлээ.
Тус дуган нь 5 давхар шилэн бүтээцтэй, давхар болгондоо олон нийтэд зориулсан соёл, зан үйл, хурал цуглаан, төрөл бүрийн сургалт, бясалгал явуулах танхимтай, үндэсний архитектур төлөвлөлтийн онцлогийг илэрхийлсэн, шашин соёлын гүн утга бэлгэдлийг агуулсан байхаар бүтээгдсэн бөгөөд Хүрээ Майдар бурхныг дуганы хамт бүтээснээрээ нийслэл хотын түүх, соёлын чухал нандин өв дахин бий болж гадаад дотоодын жуулчин, сүсэгтэн мөргөлчдийн очих дуртай эрхэм газруудын нэг болсон байна. Хүрээ Майдарын дуганы барилгад орчин үеийн техник технологийг ашигласан “Smart” шийдлийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн нь түүнд хадгалагдах соёлын өвийг эрсдэл багатай зориулалтын орчинд хадгалж хамгаалах, зорин ирэгсдийн тав тухтай байдлыг хангаж чадсан цогц байгууламж болсон.
“Мөнгөн мод” наадмын Дизайны шилдэг бүтээлийн шагналыг “Шинэ Хархорум хотын лого бэлгэдэл дизайны бүтээл”-ээрээ С.Чулуунбаатар хүртлээ.
Энэхүү лого бэлгэдэл дизайны бүтээл нь Мөнх хааны зарлигаар эртний Хархорум хотод 1254 онд хийгдэж, “Түмэн амгалант” ордонд байрлаж байсан мөнгөн модны хэлбэрийг ерөнхий дүрслэлдээ агуулсан, таван багана нь Орхоны хөндийд хот хүрээгээ байгуулж байсан эртний төр улсуудын 5 хотыг бэлгэдсэн, газар усыг аргадаж, урт удаан оршин тогтнохын бэлгэдэл яст мэлхий суурь, баяр жаргал, эв нэгдэл, буян хишиг дэлгэрэхийн бэлгэдэл өлзий хээг дүрсэлсэн, орой хэсэгт ширээтэй онги тамганы дугариг байршуулсан байна.
“Мөнгөн мод” наадмын Хувцас загварын шилдэг бүтээлийн шагналыг “Цагаан зүрх” коллекцоороо уран бүтээлч А.Түвшинзаяа хүртлээ.
Түүний “Цагаан зүрх” коллекц зүрхэн хэлбэрийн зохиомжийг хувцасны загвар шийдэлтэй холбон утсан холбоогоор дүрсэлснээрээ онцлог юм. Эрхэмсэг дүр төрхийг тодорхойлсон, тансаг, өөр өөрийн гэсэн нарийн эсгүүр, гар чимэглэлээр урлаж өгсөн нь энэхүү загварын дахин давтагдашгүй байдлыг илтгэж өгсөн.
“Мөнгөн мод” наадмын Цахим шилдэг бүтээлийн шагналыг “М дижитал Караоке” бүтээлээрээ “М Мюзик” ХХК хүртлээ.
Монголын дуу хөгжмийн салбарын эко системийг хөгжүүлэх эрхэм зорилготой “М Мюзик” ХХК нь 800 гаруй хамтлаг дуучид, уран бүтээлчидтэй гэрээ байгуулж, 3,100 гаруй дууг чанарын өндөр түвшинд караоке контент болгон хэрэглэгчдэдээ хүргээд байна. Тус компани нь Монголын нийт хамтлаг дуучдын 95 хувьтай албан ёсны гэрээ байгуулж, тусгай эрхтэйгээр 14,000 орчим дууг стрийминг үйлчилгээгээр дамжуулан хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлээд байна.
“Мөнгөн мод” наадмын Уран сайхны нийтлэл, нэвтрүүлгийн шилдэг бүтээлийн шагналыг “Монголын баялаг 330” бүтээлээрээ “Монголын баялаг өв соёл” ХХК хүртлээ.
Монгол орны 21 аймаг, 330 сумыг хамарсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн чухал ач холбогдол бүхий “Монголын баялаг 330” цуврал нэтрүүлэг, төсөл хөтөлбөрийг 2020 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү бүтээл нь байгаль орчин, түүх соёлын дурсгалуудад хүндэтгэлтэй хандах, хайрлан хамгаалах асуудал хөндсөн бөгөөд 14 аймгийн 210 суманд зураг авалт хийгдэж дууссан. Одоогоор 10 аймгийн 161 сумын нутаг хийгдсэн нэвтрүүлгийг олон нийтийн хүртээл болгоод байна.
“Мөнгөн мод” наадмын Зар сурталчилгааны шилдэг бүтээлийн шагналыг “Соёл танаас эхэлнэ” цахим нөлөөллийн аянаар Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс хүртлээ.
Тус нөлөөллийн аяны хүрээнд 246 контентыг инстаграм, твитер, юүтүб, фэйсбүүк платформд байршуулан сурталчилснаар 65,278,302 удаа цахим хэрэглэгчдэд хүрч, 824,130 таалагдсан, 215,052 сэтгэгдэл үлдээсэн, 14,357 түгээсэн нь иргэд, олон нийтийн талархлыг хүлээж дэмжлэг авсан байна.
“Мөнгөн мод” наадмын Шилдэг судлаачийн шагналыг “Монгол үндэстний эсгий ширмэл урлал” нэг сэдэвт бүтээлээрээ дизайнер, урлаг судлалын доктор, дэд профессор Ц.Батсайхан хүртлээ.
Ц.Батсайхан нь эрдэм шинжилгээний өгүүлэл нэгдүгээр болон холбоо баригч зохиогчоор зургаан бүтээл, Олон улсын хуралд дөрвөн илтгэл, дотоодын хуралд хоёр илтгэл тус тус хэлэлцүүлэн ЮНЕСКО-гийн мэргэжлийн зөвлөх эксперт, Дизайн виталити-2024 Олон улсын бүтээлч наадмыг санаачлан зохион байгуулагч, Эсгий урлалыг ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвд бүртгүүлэх ажлын хэсгийн гишүүн, Монголын дизайнерууд, уран бүтээлчид, судлаачдын эрдэм шинжилгээний нэгдсэн талбар болсон “Дизайн урлаг судлал” сэтгүүлийн Ерөнхий редактораар тус тус ажилласан.
“Мөнгөн мод” наадмын Соёлын өвийн шилдэг бүтээлийн шагналыг “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэнгээр “Чингис хаан үндэсний музей” хүртлээ.
Тус үзэсгэлэн нь Их Монгол Улсын үед холбогдох Монгол эх нутгаас гаралтай ч өдгөө Бүгд найрамдах Франц улсын Үндэсний архив, Луврын музей, Севр Керамикийн музей, хувь цуглуулагч Самуэл Майэрс, Швейцарын холбооны Улсын Ритберг музей зэрэг дэлхийн олон газруудад хадгалагдаж байсан “Өлзий хааны Монгол бичгээр бичсэн захидал” тэргүүтэй 77 дэсийн 129 ширхэг соёлын өвийг эхээр нь авч ирж дэлгэсэн үзэсгэлэн юм. Тус үзэсгэлэнг гадаад дотоодын 16,000 гаруй үзэгч үзэж сонирхсон бөгөөд “Magazine Historia” сэтгүүлийн “Шилдэг түүхэн үзэсгэлэн-2024″ хэмээх нэр хүндтэй шагналыг хүртсэн байна.
“Мөнгөн мод” наадмын Тайз дэлгэцийн бүтээлийн шилдэг зохиолчийн шагналыг зохиолч, найруулагч Г.Бямбасүрэн хүртлээ.
Г.Бямбасүрэн нь 2024 онд “Хувь заяа” уран сайхны киноны зохиолч, ерөнхий найруулагч, “Гажуудал” уран сайхны киноны найруулагчаар тус тус ажилласан бөгөөд Бусаны 29 дэх удаагийн кино фестивальд “Гажуудал” уран сайхны кино сонгогдож нээлт хийсэн ба тус кино “Улаанбаатар” 16 дахь удаагийн Олон улсын кино наадмаас “Шонхор” цом тус тус хүртсэн байна.
“Мөнгөн мод” наадмын Ном хэвлэлийн шилдэг бүтээлийн шагналыг “Дэлхийд тархсан Монгол өв” бүтээлээрээ Шинжлэх ухааны Гавьяат ажилтан, академич С.Чулуун хүртлээ.
Дэлхийн улс орнуудад тархсан Монголын түүх, соёлтой холбоотой дурсгалуудыг эрж хайх, хамтран судлах, хэвлэн нийтлүүлэх, мэдээллийн сан үүсгэх “Дэлхийд тархсан Монгол өв” төслийг академич С.Чулуун 2014 оноос хойш санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү бүтээл нь 14 жилийн хугацаанд ОХУ, Унгар, Дани, Япон, Тайвань, Норвег, Герман зэрэг улс орнуудын музей, номын сан, архив болон хувь цуглуулагч нарт хадгалагдаж буй Монголчуудтай холбоотой түүх соёлын дурсгал, эд өлгийн зүйлсийг олж илрүүлэх, хамтран судлах, хэвлэн нийтлэх албан ёсны зөвшөөрөл, мэргэжлийн тайлбар зүүлттэйгээр Монгол, Англи, Орос хэлээр нийт 12 цуврал боть болгон хэвлүүлээд байна.
“Мөнгөн мод” наадмын Шилдэг хөгжимчин шагналыг Т.Өлзийжаргал хүртлээ.
Т.Өлзийжаргал нь 2024 онд “Winter class” өөрийн уран бүтээлийн бие даасан тоглолтыг УДБЭТ-т зохион байгуулсан ба Антонио Вивальдигийн “Өвөл”, Иоханн Штраусын “Вальс”, хөгжмийн зохиолч Орхонбаатарын Чинбатын “Хүсэл” зэрэг бүтээлийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад дүрсжүүлэн видео клип бүтээн Монголын үндэсний ёочин хөгжмийн урлагийг тив дэлхийд таниулан сурталчилсан шилдэг уран бүтээлч юм.
“Мөнгөн мод” наадмын Шилдэг удирдаач шагналыг Д.Нямдаш хүртлээ.
Д.Нямдаш нь “Classic night”, “Felix Mendelsohn”, “Also sprach Zarathustara”, “New season”, “Snow melody”, “Говь гурван сайхан”, “Хөгжмийг хүн бүрд” сэдэвт тайлбарт концерт зэрэг Монгол Улсын Филармонийн симфони оркестрын есөн концертын ерөнхий удирдаачаар ажилласан.
“Мөнгөн мод” наадмын Шилдэг хөгжмийн зохиолч шагналыг О.Чинбат хүртлээ.
О.Чинбат нь “Хувьсал” продакшны “Хувь заяа” уран сайхны киноны хөгжмийн бүтээлээрээ энэхүү наадамд оролцож байгаа бөгөөд “Мөнгөн мод 2012” наадмын Шилдэг хөгжимчин цомын эзэн болж байсан авьяаслаг уран бүтээлч юм.
“Мөнгөн мод” наадмын Шилдэг дуучин шагналыг А.Отгонболд хүртлээ.
А.Отгонболд нь “Cavalleria Rusticana” дуурийн гол дүр Туридду, “Fallin” цомгийн продюсер, ая зохиогч, дуучин, “Aria Recital” сонгодог тоглолтын найруулагч, дуучин, “Насараа гэж” романс, “J.Fontana II mondo” зэрэг дууны бүтээлийн клип дүрсжүүлэлт, “Duo Tenor” төслийн санаачлагч, дуучнаар тус тус ажилласан ба ОХУ-ын “Оросын дуурь” олон улсын дуурийн дуулаачийн анхдугаар уралдааны тэргүүн байр, Рейнгольд Морицевич Глиэрийн нэрэмжит олон улсын уралдааны тэргүүн байр, Оросын Ардын жүжигчин Сергей Якова Лемешевийн нэрэмжит залуу дуурийн дуулаачийн олон улсын III уралдааны тусгай байр, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, ХХ зууны Манлай дуучин Цэвэгжавын Пүрэвдоржийн нэрэмжит ари, романс дуулаачдын олон улсын VI уралдааны дэд байрыг тус тус хүртсэн.
“Мөнгөн мод” наадмын Шилдэг бүжиг дэглээч шагналыг Э.Эрдэнэжаргал хүртлээ.
Балетын дэглээч Э.Эрдэнэжаргал нь Монголын балетын урлагт бүжигчдийн ур чадварыг сорьсон дэглэлтүүд, шинэ залуу бүжигчдийг нээн төрүүлэх, хэвшмэл байдлыг өөрчилж илүү сонирхолтой бүжгүүдийг дэглэн найруулах, үзэгчдийг бүжгийн урлагт дурлуулах бүтээлүүдийг хүргэхийг зорьж байгаа бөгөөд 2024 онд “Кармен” контемпорари балет дэглэн найруулсан байна.
“Мөнгөн мод” наадмын Шилдэг бүжигчин шагналыг А.Түвшинбаяр хүртлээ.
А.Түвшинбаяр нь “Тэнгэрийн хутаг”, “Нарны домог” бүжгэн жүжиг, “Наадий” бүжгийн гол дүрийг бүтээсэн. Тэрбээр Азийн “Seoul international dance competition” А зэрэглэлийн тэмцээний тэргүүн байр, Махмуда Эсамбаевагийн нэрэмжит 15 дахь удаагийн олон улсын бүжигчдийн тэмцээний тэргүүн байр, “Virtuoso 2024” -ийн оны шилдэг уран бүтээлч цом хүртсэн байна. Мөн Бүгд Найрамдах Эстони Улсад болсон “Tallinn black nifhts film festival” -д “Чимээгүй хотын жолооч” уран сайхны кинонд гол дүр Мягмарын дүрийг бүтээн гранпри шагналт хүртсэн авьяаслаг уран бүтээлч юм.
“Мөнгөн мод” наадмын Тайз, дэлгэцийн урлагийн шилдэг найруулагч шагналыг Б.Тамир хүртлээ.
Б.Тамир нь “Фантастик” продакшны “Зура-3: Цэвэрлэгээ” уран сайхны киноны найруулагчаар ажилласан бөгөөд тус кино уран бүтээл нь Монгол улсын кино урлагийн салбарт өмнө туршигдаж байгаагүй техник технологи, зураг авалтыг анх удаа нэвтрүүлэн амжилттай хэрэгжүүлж чадсан, олон улсын чанар, стандартад нийцсэн бүтээл болсон гэдгээрээ онцлогтой. Энэхүү уран бүтээлээр дамжуулан өнөөгийн нийгмийн ард нуугдсан бохир улс төр, авлига, албан тушаалын гэмт хэрэг зэргийг уран сайхны аргаар хурцаар шүүмжлэн илэрхийлсэн нь олон нийтийн магтаал сайшаал, санал шүүмжлэлийг хүлээсэн онцгой бүтээл болсон ба Монголын кино театруудын үзэгчдийн рекорд амжилтыг эвдэж, шинэ шатанд гаргасан бүтээл болсон.
“Мөнгөн мод” наадмын Шилдэг жүжигчин шагналыг Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав хүртлээ.
Д.Цэрэндарьзав нь “Скай пирамид” студийн “Ижийдээ очих намар” уран сайхны киноны ээж Дарийн дүрээр нэр дэвшсэн бөгөөд “Хүргэн хүү” киноны Халтмаа, “Үүр цайхын өмнө” киноны Ханд, “Гал хам” киноны Жаргал, АНУ-ын MBS телевизийн “Их хааны нутгаар” баримтат кинонд Тэнгэрийн улаач, Бельги, Орос, Англи, Монгол Улсын хамтарсан бүтээл “Хадаг” киноны гол дүр буюу Лусын эзэгтэй, ӨМӨЗО-ы “Тэнгэрийн хэнгэрэг” киноны гол дүр болох Зөнч, “Хавтаст хэрэг-2” олон ангит киноны Долгор зэрэг 18 кино бүтээлд гол дүр болон 17 туслах дүр бүтээсэн уран бүтээлч юм.
“Мөнгөн мод” наадмын Шилдэг продюсер шагналыг Монгол улсын Соёлын элч, Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Дамдинсүрэн хүртлээ.
Х.Дамдинсүрэн нь Венецийн 60 дахь удаагийн Биенналийн Монгол Улсын павильон, Эрхүү хотын “Алтан орд” галерейд “Монголын нэг өдөр” үзэсгэлэнгийн зохион байгуулагч, Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан “Халх гол тангараг” жүжгийн продюсер болон 2024 онд Монгол улсад болсон олон улсын төрийн айлчлал ёслолын арга хэмжээний продюсер, зохион байгуулагчаар тус тус ажилласан.
“Мөнгөн мод” наадмын Дуу хөгжмийн шилдэг бүтээлийн шагналыг “Солонго” бүтээлээрээ уран бүтээлч Г.Солонго хүртлээ.
Монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын ятга хөгжмийн төрөл зүйл, хөг хөглөгөөний онцлогийг шингээн туурвисан ардын дууны найруулгаас эхлээд симфони зураглал, ятга төрийн их найралд зориулсан бүтээл, chill out зэрэг хөгжмийн олон хэлбэрт бичигдсэн зохиол бүтээлүүдээс энэхүү пянз бүрдсэн байна. Солонгын долоон өнгө, хөгжмийн долоон эгшгийг бэлгэдэн нэрлэсэн “Solongo” пянзаар ятгын солонго мэт эгшиг аялгууг сонсогчдодоо хүргэхээр зорьсон бөгөөд Олон улсын хөгжмийн сүлжээ болох Aplle music, Spotify, Deezer, Soundcloud, iTunes store болон Монголын M Music цахим сүлжээ, “Chinzo’s Record room”, “Welcome records” зэрэг хөгжмийн дэлгүүрүүдээр дотоодын болон олон улсад түгээн үзэгч сонсогч, хэрэглэгчдэд хүрсээр байна.
“Мөнгөн мод” наадмын Кино урлагийн шилдэг бүтээлийн шагналыг “Хувь заяа” уран сайхны киногоор “Хувьсал” продакшн хүртлээ.
“Хувьсал продакшн”-ы бүтээл “Хувь заяа” уран сайхны кино нь хүн чанар, ухамсар алдагдаж, төрүүлсэн үрээ өнчрүүлэн үлдээх хүмүүс олширч буй асуудлыг хөндөн, элэг бүтэн амьдрал ямар эрхэм болгохыг, Монгол хүний ухаан, бие биеэ хүндэтгэх хайр хүндлэлийг бий болгох, Монгол ахуй, говь нутгийн аж байдал, зан заншлыг харуулах зэрэг утга санааг агуулсан бүтээл юм.
“Мөнгөн мод” наадмын Тайз дэлгэцийн шилдэг бүтээл шагналыг “Клеопатра” жүжгээрээ “Монгол театр” хүртлээ.
“Монгол театр”-ын анхны уран бүтээл “Клеопатра” сонгодог драмын жүжиг нээлтээ хийснээс хойш 42 удаа амжилттай тоголгдоод байна. Нобелийн болон “Оскар”-ын шагналт Английн зохиолч Бернард Шоугийн “Цезарь Клеопатра хоёр”, суут Уильям Шекспирийн “Марк Антони Клеопатра хоёр” жүжгийн зохиолуудыг нэгтгэн нийлүүлж, үйл явдлын өрнөлийг өвөрмөц тайз, үйлдэл, өгөгдөл, хувирлуудаар холбож хүний хөдөлгөөн, хөгжим, дэлгэц, технологийн шийдлийг чадварлаг ашигласнаараа үзэгчдийн талархлыг хүлээсэн байна.