“Монгол бол бөхийн орон”, “Монголчууд бол бөхдөө хайртай ард түмэн”… бид ийнхүү бахархан ярьцгааж, хааяа гадныхан ч биднийг тийн шагшина.
Тэр үнээн, монгол бол яахын аргагүй бөхийн орон. Захын монгол залуу л хормойгоо шуугаад босоод ирэхэд ачих тонгорохоос эхлээд адгийн нохой мордох хүртэл арван гурван мэхтэй. Монголчууд ясны барилдаанч, төрөлхийн авьяастай, дөрвөн мөч, сээр нуруундаа тэгшхэн бяртай. Сэтгэлгээ нь хүртэл олон хувилбартай, дасан зохицох, шинэ боломж, гарц эрж хайхдаа гаргуун. Нүүдэлчдийн онцлог. Тиймээс ч сая хүрэхгүй цөөн монгол XIII зуунд дэлхийг дагуулахад, эр тоотой бүхэн нь эрэлхэг баатар, хүчирхэг нударга болж явсан биз. Дурын арван монгол залууг мөн дурын арван шар, эсвэл арван хартай халз барилдуулбал эргэлзээгүй монгол залуус тоглоод л хаячихна.
Хамгийн олон бөх нэгэн зэрэг гарч барилддаг орон бол Монгол. Улсын наадмаар суманд доод зах нь 32 бөх, аймагт 128 бөх барилдана. 333 сум, 20 аймаг, хот, тэгээд нийслэлд барилдаж буй бөхийнхөө тоог нийлүүлбэл, тэр өдрүүдэд улсын хэмжээнд тоот бөхийн тоонд орж, торгон зодогны сэнжигнээс дугтарсан бөхчүүдийн тоо наад зах нь 14 000 хүрнэ.
Бөхийн төрлөөр олимп, дэлхий, тивийн тэмцээнээс авсан медалийг нь хүн амынх нь тоотой харьцуулсан үзүүлэлтээрээ монголчууд бидтэй хэн эгнэх вэ, дэлхийд тасархай манлайлна. Цөөхөн хэдэн монгол залуус Арлын орны нэгэн бахархал, үндэсний спортыг нь арав гаруй жил ээлж дараагүй хаанчилж байна. Цаашид ч үргэлжлэх шинжтэй. Хэрвээ монгол залуусыг байнгын эрчимтэй бэлтгэл, хатуу дэг журам дор байлгавал ямар хүчирхэг болдгийн жишээ нь тэд.
Эр хүний дээдийг бөх гэж үзнэ. Үнэлэмж маш өндөр. Бөх хүн бол гүндүүгүй дөлгөөн зан, уужуу ухаан саруул, энэрэлт зөөлөн сэтгэл, тэгээд мэдээж хэрэг хүч чадалтай, самбаа зоригтой. Жинхэнэ эр хүний идеал болсон дүр төрх. Хүү төрвөл “Эрдэмтэн болоорой” гэж бараг хэлэхгүй, харин “Бөх болоорой” л гэж ерөөнө, бэлгэшээнэ.
Дэлхий дээрх хамгийн олон бөхийн хөшөөтэй ард түмэн бол монгол. Намхай, Буур аваргуудаас эхлээд л хэдэн арван арслан, заан, аваргуудын хөшөө монгол нутгийн өнцөг булан бүрд бий. Захын улсын начин нь хүртэл арга ядахдаа л нэг цээж барималтай. Казахууд аугаа бөх Хажимухандаа, Оросууд Ивандубныйдаа, Иранчууд Тахтидаа, Эстонууд Алекстаа, Гүржүүд Апполон Старошвилидээ, Америкчууд Чемберстээ тэр бүр хөшөө босгосон юм болов уу даа, ингэхэд.
Монголчуудын дунд хамгийн их түгээмэл байдаг, бас олноороо бахархан ярилцдаг домог, хуучийн сэдэв бол бөхчүүдтэй л холбоотой. Яриад яриад ханахгүй. Бөхтэй холбоотой зүйр сэцэн үгс, холбоо үг, ерөөл магтаал, оньсого таавар, ертөнцийн гурав хүртэл бий. Манай уран билэгт зохиолчид бол хүчин билэгт бөхчүүдийнхээ талаар зөндөө ихийг бичсэн дээ. Бөхчүүдийн талаар хамгийн их зохиол бүтээл гаргасан орныг шалгаруулбал бас л манайх үнэмлэхүй түрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Бидний бөхдөө хандах хандлага ер бусын. Түрүү бөхийнхөө хөлснөөс шударч аваад магнайдаа түрхэж буйг харсан малайз нөхөрт яаж ч тайлбарлаад юуг ч ойлгуулах боломжгүй. Бүдүүн бүдүүн нүцгэн нөхдүүд нэг нэгнээ түшээд унтаад ч байгаа юм шиг зогсож буйг эр эмгүй нийтээрээ хараад хөшчихийг гаднынхан яагаад ч ойлгохгүй.
Сум орон нутгийнхан нутгаасаа нэг начинтай болчих гэж ёстой хуйгаараа хөдөлнө. Нутгийн бизнесмэнүүд нь том том цүнхтэй мөнгө чирчихээд наадмын талбайгаар сэжигтэй эргэлдэж, нутгийн улс төрчид нь тасархай тактик боловсруулж, ард олон нь аягатай цайгаа ч өрөмтөхийг анзаарахгүй, гарт таарсан даавуу шаавууны өөдсийг хүртэл сэтгэл догдлон мушгилна. Тэгээд нутгаас нь цолтой бөх төрчихвөл хотлоороо цэнгэлийн манлайд ёстой нэг хэдэн өдөр, сараар умбана даа.
Нутгаас төрсөн улсын цолтондоо хийх хөрөнгө оруулалт гэдэг чинь өнтэй жилийн хур шиг л бууна. Хэдэн арван саяын жийпээс эхлээд, арга ядсан арванхан төлөгтэй эр хүртэл нэг төлгөө харамнахгүй тэврээд ирнэ.
Яахав, хааяа жудаггүй зарим нь түмэн олныхоо тэр сайхан өргөмж сэтгэлийн өр рүү өшиглөж байгаа нь харагддаг л юм. Эр бярдаа эрэлхэж, зодоон цохион хийнэ, балмад танхай авирлана. Ялангуяа 90-ээд онд манай цолтой бөхчүүд бараг толгой дараалан хужаа спирт зөөцгөөсөн дөө. Хөөрхий хөөрсөн монгол эрс “Манай арслан ч аугаа арслан шүү дээ” гэлцсээр, тэр арслангийнхаа хуулийн дээгүүр, хил, гаалийн дээгүүр оруулж ирсэн хужаа спиртийг нь уугаад элэг нь харлан олноороо үхэцгээж байв. Гэсэн ч монголчуудын маань бөхөө хайрлах, дээдлэх сэтгэлийн уудам зайд тэдний тэрхүү түр зуурын хар наймаа, хор спирт огтхон ч толбо суулгаагүй билээ. Бид бөхөө дээдэлсээр, хайрласаар, тэднийгээ харсаар л байгаа.
Гэхдээ бас эргэж харах, эргэцүүлж бодох, эмзэглэх зүйл байна аа, байна. Монголчууд бид бөхийн орон мөн ч бас оюун ухаан, эрдэм мэдлэгийг ч дээдэлдэг, гэхдээ бүр эрхмээс эрхэмд тооцдог ард түмэн биш сэн бил үү. Гэтэл ер нь л тийм биш шиг харагдаад байх аж, сүүлийн үед. Учир юун гэвэл… Тодорхой жишээн дээр яривал илүү итгэл үнэмшилтэй болох байх. Ойрхон, бас гайгүй мэдэхийн хувьд төрсөн нутгаараа жишээ авья. Би Говь-Алтайн Халиун сумын уугуул. Манай сум их олон алдартнуудтай, тэдэн дотроос нэгдлийн алдарт дарга, хөдөлмөрийн баатар Д.Лодойхүү, анхны тэмээчин баатар Б.Үрчгэр, их соён гэгээрүүлэгч М.Цэдэндорж, өнөө цагийн аугаа их хүмүүн Л.Түдэв нар бол онцгой билээ. Мөн цагтаа “Хоёр Мөнхийн араас хоёр Цэрэн” гэгдэж явсан улсын начин Цэрэндаш манай нутгийнх. Алдаж эндэж явснаас амжилт арвин гаргаагүй ч цуутай, эр бяртай сайн ч начин явсан юм билээ. Эндэж осолдоогүйсэн бол наанадаж улсын арслантай гэгддэг. “Говь-Алтайн мэнгэт”, “Догшин хар” гэхчлэн олон нэр хочтой. Хүүхэд байхад начингийн хүзүү толгой, хөл гар нь хад чулуугаар сийлж, хар тугалгаар цутгачихсан мэт харагддаг байсансан. Аргагүй л төрмөл бөх. Ямар сайндаа бие барахад шарилыг нь Увсынхан авах гээд ирчихжээ хэмээн хардаж сэрдэцгээгээд, тэрүүхэндээ хөөрхөн хөл, цуу яриа хүртэл тархаад амжихав.
Нутгийнхны хамгийн ихээр, нийтээрээ мэддэг хүн бол Цэрэндаш начин. Бүсээ хөөргөөд бүсэлчихсэн таадгар залуу “Би ч начингийн нутаг ш тээ” хэмээн шилээ шөргөөнө. Өөр нутаг хошууныхан ч ихэнхдээ “Аан, нөгөө мэнгэт начингийн нутгийн залуу юу” гэж лавлана.
Харин би өдий хүртэл, Ло дарга, Ү баатар, эсвэл Цэ найрагчийн нэрийг хэлээд “Би түүний нутгийнх аа” хэмээн нүүр бардам хэлж буй нутгийн нэг ч хүнтэй таарсангүй. Зарим нь “Нээрээ Ло дарга гээд нэг хэнхэг өвгөн байсан юм биш үү?” гэж лавлан арга ааш барна. Цэ начингийн нэрэмжит барилдаан, тэмцээн гэж үе үе болох ч Цэ найрагчийн нэрэмжит ямар нэгэн юм болж байхыг би сонссонгүй. Цэ начиндаа зуу зуугаар нь мал, сая саяар нь төгрөг бариад очдог нутгийн зон олон маань өнөөдөр насны бөгсөнд ганцаардаж, өвгөрч буй Тү эрхлэгчийг хадаг сүү, хэр тааруухан уртай зураг төдийхнөөр аргална. Олонхи нь түүний амьд байгаа эсэхийг нь ч анзаарахгүй, залуус бол бараг л мэдэхгүй. Урт цагааны үүдээр сүүмийчихээд алхаж явахад хажуугаар нь дайрчих гээд л өнгөрнө. Тү эрхлэгч /Л.Түдэв/ бол ганц сумын төдий хүн биш, Монгол орны төдийгүй нийт монгол туургатны эрхэм хүнсэн, уг нь. Цэдэндорж найрагч, соён гэгээрүүлэгч ч мөн ялгаагүй. Өнөө Цэ найрагчийн төрсөн бууцны арын хананд нэг бартагдуухан хийцтэй самбар байрлуулсан төдийгөөр орон нутгийнхны маань тэр их хүнээ гэх гэгээн хүндэтгэл нь төгсгөл болж байгаа юм.
Энэ бол гагц манай нутгийнхны үзэгдэл биш, монгол даяар байгаа нийтлэг, түгээмэл үзэгдэл болно. Тиймээс ус нутгийнхан маань нутгаа муу хэллээ хэмээн бүү зэмлэтүгэй. Би сайн мэдэхээрээ жишээлж л авсан хэрэг. Ухаан байгаад сэтгэл гаргавал нэг юм бодно биз ээ.
“Монгол туургатны 100 эрхэм” нэвтрүүлгээр хэдэн аваргууд маань бараг толгой дараалан гарах шив. Гэтэл хэдэн эрдэмтэн, мэргэд, номын оройд ойртсон хүн энэ нэвтрүүлэгт оров. Миний анзаарснаар л лав бөхчүүдээсээ төдий олон болж шальсангүй.
Булганыхан ах дүү аугаа аваргуудаараа, олимпийн аваргаараа бахархана. Бахархалгүй яахав. Булган бүү хэл Монгол даяараа бахархах учиртай юм хойно. Гэхдээ өөр бахархах юмгүй мэт аашилж болохгүй шүү дээ. “Дамдинсүрэнгийн Урианхай” гэдэг нэрийг хэлээд “Энэ хүн Булганых” гэн бахархаж буй нэг ч булганы залуутай би л лав таарсангүй. Гэтэл энэ хүн чинь хүн төрөлхтний түвшинд, урьдах хойчихтой нь сэтгэж чадсан бараг анхны монгол сэтгэгч юм шүү дээ.
Увсынхан бөхөөрөө алдартай. Увс л гэхээр хүдэр хүдэр хүрэн чийрэг залуус нүдэнд өөрийн эрхгүй харагдах болж. Гэхдээ Увсаас бөхийн аваргаас гадна бас ухаан, сэтгэлийн, эрдэм мэдлэгийн аваргууд төрдөггүй хэрэг үү?
Дорноговийнхон маань Равжаа хутагтаараа бахархана. Гэхдээ тэр бахархал дунд бас согог байх шиг. Равжаа хутагтыг зөвхөн шашны хүн, хутагт гэдэг утгаар нь хүндлэх хүндлэл дийлэнхдээ. Тиймээс тэр бахархал нь үнэн хэрэг дээрээ мухар сүжиг бишрэлтэй илүү ихээр холбогдоно. Уг нь миний ойлгодгоор Равжаа хутагт бол шашны хүн гэхээс илүүгээр номонд нэвтэрсэн их соён гэгээрүүлэгч, их сэтгэгч, бясалгагч, их яруу найрагч хүн билээ. Хэрвээ шашны хутагт байгаагүй сэн бол тэр их хүмүүний бүх бүтээл зохиол, соён гэгээрлийг нь Монгол орон даяар байтугай Дорноговийнхон маань ч ер анзаарах шинжгүй ээ.
Төв аймгийн Лүнгээр дайраад гарахад Хадаа аваргын нутгаар явж байна аа гэлцэнэ. Эрдэнэсант ороход Мөөеө аваргын нутагт ирж байна гэж хөөрнө. Оюун билэгтэй, эрдэм мэдлэгтэй хүмүүс энэ нутагт гэтэл бишгүй л байгаа шүү дээ. Түүнийг нь бид мэддэггүй, бид бүү хэл нутгийнхан нь ч мэддэггүй. Бөхчүүдээ л ярина, мэднэ.
Чухам эндээс л сөхөж буй сэдвийн минь гогцоо гарч ирж буй юм.
“Бие бөх болбоос нэгэн үе баатарлаяу,
Сэтгэл бөх болбоос түмэн үе баатарлаяу”
Энэ үгийг монгол түмэн өөрсдөө хэлсэн билээ. Энд өгүүлж буй “БӨХ” нь “ЭРДЭМ” гэсэн бас нэг утгыг давхар илэрхийлж буй. Өөрөөр хэлбэл биеийн эрдэм бол БӨХ юм. Харин сэтгэлийн эрдэм бол энэрэл, нигүүлсэл болно.
Биеийн эрдмийн дээр бас мэдлэгийн эрдэм гэж байна. Мэдлэгийг хүн зөгий бал хураах мэт бага багаар их хүч хөдөлмөрөөр цуглуулан хураах амуй. Гэтэл мэдлэгийн эрдэм хангалттай биш. Хурааж цуглуулсан мэдлэг боловсролоо ухааран таньж, үр ашигтай хэрэглэж эс чадваас мэдлэг байгаад нэмэргүй. Тиймээс ухааны эрдмийг мэдлэгийн эрдмээс эрхэмд үзжээ. Гэсэн хэдий ч түүнээс илүү дээд эрдэм гэж бас буй бөлгөө. Тэр бол сэтгэлийн эрдэм. Хичнээн их эрдэм мэдлэгтэй ч, эр бяртай ч сэтгэлд нинж үүсэж, өршөөн нигүүлсэж эс чадваас орчлонг оноон барьж эс чадна. Тиймээс сэтгэлийн эрдмийг буюу “БӨХ”-ийг бүхнээс эрхэмд үзэж ирсэн байдаг. Тийм сэтгэлийн эрдмийг олсон хүн түмэн үеийг араасаа дагуулах билээ. Бурхан багш Шагжамунийг тийм хэмээнэ.
Дээрх үгэнд зөвхөн дээд эрдэм болох Сэтгэлийн эрдмийг эхлэл эрдэм болох биеийн бөхтэй шууд харьцуулан илэрхийлсэн нь улам утга төгөлдөр болгоно.
Ийн сэтгэлийн эрдмийг хамгийн эрхэмд үзсэн нь монголчууд бидний сэтгэлгээ ямар чанд холын хязгаарт хүрснийг илэрхийлнэ.
Гэтэл өнөөдрийн бидний байр байдал эхлэл эрдэм болох “Биеийн бөх” дээрээ гацчихаад байна.
Хаа сайгүй бөхчүүд бүхнээс эрхэм болчихоод байна. Үүнд бөхчүүдийн буруу байхгүй л дээ. Бөхөө дээдлэлгүй яахав, хүндэлгүй яахав. Бидний соёл, зан заншлийн, сэтгэлгээний нэг салшгүй нандин хэсэг бол монгол үндэсний бөх, түүнтэй холбоотой зүйлс билээ.
Гэхдээ, олон түмэн минь ээ, зөвхөн биеийн хар хүчин чадлыг л өргөмжлөн дээдлээд байвал тэгээд бүдүүлэг биет болох шат руугаа гулсаж байгаа нь тэр дээ.
Б.Номинчимэд