УДБЭТ-ын уран бүтээлчид энэ амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 3, 4-нд “Трубадур” дуурийг толилуулах гэж байна. Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн томоохон бүтээлүүдийн нэг болох “Трубадур” дуурь нь дөрвөн бүлэг, найман үзэгдэлтэй.
Энэ дуурийг анх 1853 оны нэгдүгээр сарын 19-нд Ромын Аполло театрт тоглож байсан бол 140 гаруй жилийн дараа Монголын тайзнаа амилуулсан билээ.
Дуурийн үйл явдал XV зууны Испанийн иргэний дайны үед өрнөнө. Азучена болон залуу Ди Луна гүнтэн, түүний хайртай бүсгүй, гүнгийн эхнэр болохоор хүлээж буй Леонора хатагтай, гүнгийн өрсөлдөгч Манрико (гүнгийн төрсөн дүү боловч тэд өөрсдөө мэдэхгүй) гэсэн дөрвөн дүр дээр тулгуурлан өрнөдөг.

“Трубадур” дуурийн либретто
Нэгдүгээр бүлэг
Нэгдүгээр үзэгдэл
Эртний нэгэн цайз.
Эрхэмсэг гүн ди Лунаг хүлээх зуур Феррандо нөхөддөө олон жилийн өмнө ди Луна гүнгийн гэр бүлийнхэнд тохиолдсон нэгэн аймшигт түүхийг ярьж өгнө. Олон жилийн өмнө бурхан болооч хөгшин гүн ди Луна хоёр хүүтэй байжээ. Нэгэн удаа хүүхдийн орны дэргэд хөгшин цыган байхыг харсан асрагч эх тусламж дуудан орилжээ. Урилгагүй зочныг барьж, ордноос хөөсөн боловч бяцхан хүүгийн бие муудсан байна. Хөгшин цыганыг аюул авчирсан хэмээн сэжиглэн шатаажээ. Гэвч хэрэг явдал үүгээр дууссангүй. Хөгшин шулмыг цаазалсан тэр өдөр түүний охин ордонд сэм нэвтэрч гүнгийн бяцхан хүүг хулгайлжээ. Хүүг эрээд олоогүй бөгөөд хөгшин шулмыг шатаасан нурмаас хүүхдийн араг яс олдсон аж. Хөгшин гүн хүүгээ амьд гэдэгт итгэж байсан ба дүүгээ эрж олохыг залуу эзэнтэнд захижээ. Шатсан шулмын сүнс шар шувуунд хувилж, тэр нь шөнө дөлөөр энэ хавиар байнга үзэгдэх болсон хэмээн Феррандо яриагаа өндөрлөв.
Хоёрдугаар үзэгдэл
Цэцэрлэг. Шөнө.
Залуу ван авхай Леонора өөрийн найз бүсгүй Инест Манрико гэгч залууд дурласан тухайгаа ярьж хүлээнэ. Орой болсон тул Инес Леонораг дагуулан явна. Манрико ирэхгүй бололтой. Гүн ди Луна ирнэ. Леонорагийн цонх гэрэлтэй байх бөгөөд үүнийг харсан гүнгийн сэтгэлд хар бууна. Бүсгүй хэн нэгэн хүнийг хүлээж байгаа бололтой. Энэ үед цэцэрлэгт хүн дуулах сонсогдлоо. Трубадур иржээ. Харанхуйд Леонора гүнг тэврэн авах боловч андуурснаа ойлгон Манрикогоос уучлалт гуйна. Манриког нүүрээ ил гаргахад гүн эртний дайснаа танина. Доромжлогдсон гүн сэлмээ сугалан Манрикотой илд зөрүүлнэ. Леонора тэднийг салгахыг оролдох боловч тамирдан унана.
Хоёрдугаар бүлэг
Гуравдугаар үзэгдэл
Бискай уулын бэлд цыганы нүүдэл буудаллан тухалжээ. Азyчена Манрикод эхийнхээ үхэл болон өөрийн аймшигт алдааны тухай ярьж өгнө. Өшөөгөө авахын тулд тэрээр гүнгийн бяцхан хүүг хулгайлж, галд шатаахыг хүсжээ. Гэвч уй гашуудаа баригдан, андуурч өөрийн төрсөн үрээ галд шатаажээ. Манрико гайхан эхээ ширтэнэ. Тэр Азученагийн хүү биш аж. Азучена түүнийг төрсөн үр шигээ хайрлан өсгөж, асарч сувилснаа ярьж, одоо ч хайртай байдгаа хэлнэ. Гэхдээ Манрико гүнгээс өшөөгөө авах ёстой гэдгийг ойлгуулна. Энэ үед Манрикогийн найз Рюицээс элч ирнэ. Манриког үхсэн гэсэн худал мэдээ авсан Леонора гэлэнмаа болохоор завдаж буй тухай Рюиц захидалдаа бичжээ. Хайртыгаа аврахаар Манрико яаран замд гарна.
Дөрөвдүгээр үзэгдэл
Нэгэн сүмийн ойролцоо
Гүн ди Луна Леонораг хулгайлахаар цэргийн хамт иржээ. Гэлэнмаа нар сүм рүү өглөөний мөргөл үйлдэхээр явна. Тэдний дунд Леонора байна.
Гүн тэдэнд ойртон ирж Леонораг эхнэрээ болохыг гуйна. Энэ үед сүмийн хаалгаар Манрико нөхдийн хамт орж ирнэ. Гүн Манрикотой илд зөрүүлэхийг хүссэн боловч арга буюу хүчин мөхөсдөж явна. Хайртай хоёр тэврэлдэн уулзана.
Гуравдугаар бүлэг
Тавдугаар үзэгдэл
Цэргийн лагерь. Гүнгийн цэргүүд Манрико, Леонора хоёрын нуугдсан цайзыг эзлэхээр бэлдэнэ. Цэргүүд баривчлагдсан Азученаг гүн дээр авчирна. Xүүгээ хайж яваа ядарсан тэнүүлчин хэмээн Азучена учирлан гуйж, суллан явуулахыг гуйна. Гүн түүнийг хөөхийг тушаана. Энэ үед Феррандо ирж, Азучена олон жилийн өмнө дүүг нь хулгайлсан цыган мөн болохыг танина. Гүн түүнээс өчиг авахыг цэргүүддээ даалгана.
Зургаадугаар үзэгдэл
Манрико, Леонора хоёрын хуримыг хийхэд бүх юм бэлэн болжээ. Өрөөнд Рюиц орж ирэн Азучена баригдсан болохыг дуулгана. Түүнийг шатаах ажээ. Цонхоор дайсны лагерь болон түүдэг гал харагдана. Эхээ аврахаар залуу эр цэргүүдээ тулаанд дуудна.
Дөрөвдүгээр бүлэг
Долоодугаар үзэгдэл
Шоронгийн цамхаг.
Азученаг аврах оролдлого бүтэлгүй болж, Манрико баригджээ. Леонораг Манрикотой уулзчих вий хэмээн айж, гүн өнөө шөнөдөө багтаан эх хүү хоёрыг цаазлахаар шийджээ. Леонора Манриког суллахыг гүнгээс гуйх боловч гүн шийдвэрээ өөрчилсөнгүй. Хор шар нь буцалсан гүн Леонораг орхин явахыг завдтал Леонора нэгэн болзол тавина. Хэрвээ гүн Манриког суллавал Леонора түүний эхнэр болох аж. Мөн бүсгүй Манрикотой сүүлчийн удаа уулзах зөвшөөрөл гуйна. Баярласан гүн зөвшөөрнө. Леонора түүнд мэдэгдэлгүйгээр бөгжиндөө нуусан хороо ууна.
Наймдугаар үзэгдэл
Шоронгийн харанхуй өрөө
Тамлуулж ядарсан Азучена үхлүүт хэвтэнэ. Манрико дэмийрч буй эхээ тайвшруулан унтуулна. Хаалга нээгдэн Леонора орж ирнэ. Хайртдаа эрх чөлөө авчирснаа хэлж Леонора түүнийг тэвэрнэ.
Дахин хамт байна хэмээн Манрико баярлах боловч Леонора үлдэх ёстойгоо хэлнэ. Сэтгэл урвасан хэмээн Манрико түүнийг зэмлэн хөөнө. Хайртдаа үнэнч тэрээр хор ууснаа хэлж, Манрикогийн гар дээр үхнэ.
Леонораг хүлээж цөхсөн гүн хойноос нь ирж хууртсанаа мэднэ. Гүн Манриког даруй цаазлах тушаал өгнө. Цэргүүд Манриког авч явна.
Азучена сэрж хүүгээ хайх боловч олсонгүй. Хүү минь хаа байна гэхэд Гүн түүнийг цонх руу чирч харуулна. Манрико цаазлагджээ. “Мэдэж ав. Тэр чиний дүү” хэмээн Азучена хашгирч, үхэтхийн унана.