Төмөр бол жирийн л нэгэн залуу хархүү. Тэр энэ жил 19 настай. Дүр төрх хийгээд зан мэдлэг ухааны хувьд бусдаас нэг их торойж ялгараад байх зүйлгүй оюутан. Хоёр жилийн өмнө түүнийг их сургуульд орж амьдралд хөл тавихад ээж нь бүх чадлаа дайчилж, ирээдүйд улс орондоо хэрэгтэй хүн болохыг захьжээ.
Тэр нэгэн охинд хайртай. Түүнтэйгээ одоо нэг их дотно биш боловч ирээдүйд хамтдаа сайхан амьдарна хэмээн үргэлж мөрөөднө. Хааяа найзуудтайгаа нийлж савах бөгөөд тамхийг гэрийнхнээсээ нууцаар татна. Сурлагадаа нэг их гавихгүй боловч хоног өдрийг урсгалаараа өнгөрөөсөөр хэзээ нэгэн цагт бүх сайхан болно гэдэгт итгэнэ. Бас залхуу. Нэг үгээр хэлэхэд Төмөр бусад өсвөрчүүдээс ялгараад байх зүйлгүй жирийн л нэгэн байлаа. Тэр өдөр цаг агаар тун сайхан байлаа. Төмөрийн ээжийн төрсөн өдөр болж байсан тул тэр ээж, охин дүү хоёртойгоо солонгос хоолны газар оройн хоол идэхээр гарав. Оройн нар тэнгэрийн хаяанд мишэлзэн их хотыг зөөлөн гэрлээрээ илбэсэн тааламжтай цаг байсан тул тэр гурав Сүхбаатарын талбайг дайран алхсаар зорьсон газартаа хүрэв. Очсон газар нь бусад гадаад хоолны газруудаас ялгагдах зүйлгүй, цэвэрхэн боловч чамин биш орчинтой ажээ. Хоолны газар бараг хоосон байсан бөгөөд Төмрийн ээж цонхны хажуу талын, хажуудаа тусгаарлагч хаалттай ширээг сонгон авлаа. Нэлээд цаад ширээн дээр сууж байсан солонгосууд, тэднийг дагаж яваа хоёр монгол хүүхэн чанга шаагилдан, хөхрөлдөх нь бага зэрэг таагүй сэтгэгдэл төрүүлнэ.
Тэр гурав хоолоо захиалчихаад сууж байтал хажуу талынх нь хаалттай ширээний зүгээс дав див хийсэн чимээ гарч, согтуу хүмүүс зодолдож байх шиг болжээ. Юу болж байгаа нь Төмөрт сайн харагдсангүй, харин тэр таагүй чимээ зүрхийг нь бага зэрэг бачимдуулав. Ахиулан харвал хөсрийн хувцасласан хоёр согтуу эр байх агаад тэд л шуугиан тарьсан бололтой. Хоёр согтуу жижигхэн биетэй, бохир заваан төрхтэй, тортой юу ч юм барьцгаасан бөгөөд нэг нь өрөөсөн хөлгүй тул суга таяг тулсан нь нүдэнд улам ч хүйтэн. Ашгүй албаны хувцастай хоёр залуу хамгаалагч орж ирэн бөөн дуу шуу болсноо тэднийг чирэн гарцгаав. Дотор амар жимэр болж, зочдын хоол ч ирэв. Гэтэл хоёр хамгаалагч нөгөө хоёр гайхлыг сугадчихсан цонхны дор ирж зогсов.
Төмөр, охин дүү хоёр хоолоо амтлангаа тэднийг сонирхон харж байлаа. Манай Монголд ууснаа шингээж чадаагүй эрчүүд овилгогүй зан гаргаж, үймээн тарих нь зөндөө байдаг бөгөөд хэн нэгэн тэдний хандыг дарж, амар тайвныг эргүүлэн авч ирвэл хүндлэгддэг билээ. Тэр л ёсоор Төмөр хоёр хамгаалагч залууг талархсан харцаар харж суув. Гэтэл гадаа байсан улсуудын хажууд тас хар жип ирэн зогсов. Тэндээс биеийн тамирын хувцастай, гартаа алтан бөгж, цагтай нэгэн залуу намхан хүүхний хамт бууж ирэв. Тэд хоолны газарт шуугиан дэгдсэн ширээний дэргэд ирцгээлээ. Хамгаалагч залуусын нэг нь ирж түрүүчийн болсон явдлын талаар тайлбарлахыг намхан хүүхэн орчуулахыг харваас биеийн тамирын хувцастай эр бол хоолны газрын эзэн солонгос бололтой. Тайлбар дууссаны дараа тэд бүгдээрээ гарцгааж цонхны дор хөсрийн хувцастангууд дээр ирэв. Солонгос эр хамгаалагчдыг загнах бөгөөд яриа нь үл сонстоно. Гэнэт тэр солонгос бүтэн хөлтэй согтууг элэгдээд авав. Энэ нь Төмөрт таалагдсангүй. Солонгос эр хүн бүр лүү хуруугаараа чичлэн загнах бөгөөд согтууг үргэлжлүүлэн зодов. Дараа нь тэр хамгаалагч залуусыг ээлж дараалан элэгдэв. Тэд юу ч үл дуугарах агаад гөлөлзөн номхон зогсоно. Төмөрийн зүрх бачуурч дотор муухайрав. Үеийнх нь монгол залуусыг мал мэт номхон зогсоогоод зодож байгаа нь түүний уурыг маш хүргэв. Хар элгийн амьтан ирээд Монгол нутаг дээр эзэн хүн шиг загнаж, хүүхдүүдийг нь дорожилж байгаа нь даан ч тэвчишгүй хэрэг байлаа.
Гэтэл хамгаалагч залуусын нэг нь эргэж хараад түрүүнээс хойш номхон зогсож байсан согтууг цохиж унагаад дээрээс нь дэвсэж гарав. Энэ үед Төмөрийн ясны омголон зан дэвэрч тэвчээр алдагдлаа. Тэр ухаан мэдрэлгүй гүйн гараад солонгос эр лүү дайрав. Энэ муу хар элэгтнээс болж монгол монголоо нохой шиг зодож байгаа нь даанч харуусалтай хэмээн түүнд бодогдоно. Төмөр хамаг хүчээрээ солонгос эрийг цохих бөгөөд цаадах нь өөрийгөө хамгаалахын оронд хамгаалагч нар луу муухай хашгирна. Төмөрийн ээжийн орилох чимээгээр гудамжаар явж асан хүмүүс цугларлаа. Хамгаалагчид хэсэг зуур балмагдан зогссоноо Төмөр лүү уулгалан дайрав. Төмөр тэдэнд цохиулахдаа эсэргүүцсэнгүй, харин солонгос эрийг балбасаар байлаа. Хамгаалагч Төмөрийн сүвээ рүү хөшиглөсөнд тэр тэнцвэр алдан төмөр хайсыг толгойгоороо мөргөн ойчив. Хашлагын үзүүртэй төмөр түүний гавал руу цөмрөн оров. Ээжийн час хийсэн дуу гарлаа. Толгойных нь зүүн хэсэг цусанд будагдсан Төмөр хөл дээрээ эргэн босч ирээд хамгаалагч руу гайхсан, гомдсон нүдээр хараад үхэтхийн унав. Хүү ээжийнхээ нүдэн дээр эндэв. Цугласан олон цочирдон чимээ аниргүй бөгөөд гагцхүү солонгос эр л ёолон гиншинэ. Өөрийг нь өмөөрсний төлөө хүүгийн амийг бүрэлгэснээ тухайн үед хамгаалагч ойлогосонгүй. Бусдын л адил Монголын төлөө нэгэн зүрх зогсож, үрийнхээ сүнсийг нутгийн салхи бүүвэйлэн өлгийдөв.