Монголын үндэсний олон нийтийн телевизийн бүтээл “Хэцүү анги” уран сайхны олон ангит киноны Гэрлээгийн дүрээр үзэгч олонтой анх уулзаж байсан Б.Бадамцэцэг “Miss Mongolia-2010” наадмын тэргүүн байрын шагналыг хүртэж, дэлхийн тавцанд Монгол Улсынхаа нэрийг гаргаж шагнал хүртсэн бахархал болсон сайхан бүсгүйчүүдийн залгамж халаа юм. Өдгөө загварын тайзнаа алхаж, моделийн ажлыг хийдэггүй тэрбээр мисс гэдэг нэрээ эрхэм, цэвэр авч үлдэхийг хүсдэг нэгэн.
Ээжийнхээ мэргэжлийг өвлөн эмч болохоор суралцаж буй түүний үзэл бодол хийгээд амьдрал, уран бүтээлийн талаар энэ удаагийнхаа дугаарт ярилцсанаа эрхэм уншигч танд хүргэж байна. Тэрбээр бидэнтэй ярилцах үеэрээ нэг хэсэг уран бүтээлээсээ завсарлага аваад байсан Монголын чадварлаг хамтлагуудын нэг болох “Салхи” хамтлагийн шинэхэн уран бүтээлийн клипэнд тоглоод завгүй байсан юм. Тэрбээр манай сэтгүүлд анх удаа гэр бүлийнхээ талаар, хэн хүн ч мэддэггүй хоббиныхоо тухай гээд олон нууцаа дэлгэж ярьсан юм.
– Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ жилийг ямар жил байгаасай гэж бодож байна вэ? Сүүлийн үеийн сонин хачнаасаа хуваалцаач.
– Хүн бүхэн жил бүрийг ажил үйлс, бүх зүйл сайн сайхан жил байгаасай гэж хүсдэг. Би ч мөн адил сурлага хөдөлмөр, ажил үйлсэд маань тийм сайхан жил байгаасай гэж хүсч байна. Би хичээл номондоо шамдаж, илүү их хичээхийг хүсч байна. Хэдийгээр хоёр жилийн дараа сургуулиа төгсөх ч одооноос илүү их мэрийж, дэвшилттэй байхыг хүсч байгаа. Яг одоогоор “Салхи” хамтлагийн ах нарынхаа хайрын сэдэвтэй шинэ уран бүтээлийн клипний зураг авалттай байна. Манай ээж Монгол, Солонгосын хамтарсан Дорнын анагаах ухааны төвийн захирлаар ажилладаг. Ээжтэйгээ хамтраад шинэ оны өмнөхөн Нийслэлийн Засаг даргын тамгын газрын харьяа Асрамжийн төв дээр очно гэж төлөвлөж байсан ч арай амжаагүй. Тэр асрамжийн төв дээр сүүлийн гурван жил дараалан очсон. Энэ жил ээжийнхээ эмнэлгийнхэнтэй хамтарч очоод хүүхдүүдэд үзлэг хийж, шинэ оныг тэдэнтэй сайхан өнгөрөөнө гэж бодож байсан ч цаг зав болж өгсөнгүй. Асрамжийн төвийн хүүхдүүд маань бас өөр хөтөлбөртэй болсон.
Оюутны амралт эхлээд ойрд завтай байгаа болохоор одоо асрамжийн төв дээр очиж, ээжийн эмнэлгийн эмч нар хүүхдүүдэд үзлэг, оношлогоо хийхээр төлөвлөж байна. Facebook, Instagram-ын найзууддаа мөн уриалга гаргаад энэ ажилд хамтран оролцооч, асрамжийн газрын хүүхдүүдийн эрүүл мэндэд анхаарахад хувь нэмрээ оруулаач гэсэн хүсэлтийг маань маш олон хүн сайхнаар хүлээж аваад томоохон хэмжээний ажил зохион байгуулахаар төлөвлөж байна. Зорилго нь гэвэл энэ удаа хүүхдүүдийг эрүүлжүүлэх, витаминжуулах явдал юм. Бас ганцхан Нийслэлийн Засаг даргын харьяаны асрамжийн газарт биш бусад бүхий л асрамжийн газруудад энэ үйл ажиллагааг явуулаач гэсэн саналууд ихээр ирж байгаа учраас энэ ажлыг өргөн хүрээтэй хийхээр төлөвлөж байна. Ээжтэйгээ хамтарч хийх гэж байгаа анхны ажил учраас өргөн хүрээтэй болох байх гэж найдаж байгаа.
– Дэлхийн олон улс, орнуудад миссүүд гэхээр энхийн элч, хүмүүнлэгийн үйлстнүүд байдаг. Монголд миссүүд энэ чиглэлээр ажиллаж чаддаггүй юм шиг санагддаг юм. Хүмүүнлэгийн чиглэлээр хийсэн ажлыг тань асууна гэж бодож байтал ийм ажлыг аль хэдийнэ хийдэг байсан байх нээ?
– Би мисс болсноосоо хойш ийм үйл ажиллагаа явуулж эхлээгүй. Дөрөвдүгээр ангиасаа энэ ажлыг эхлүүлсэн юм. Дэлхийн шатрын аварга А.Энхтуул бид хоёр ээжийнхээ гэдсэнд байхаас л найзууд билээ. Тэд маань биднийг гэдсэнд байхаас л найзалж, нөхөрлөдөг байсан. Хоёр ээж маань цалингаа цуглуулж байгаад 2004 онд “Сэтгэлийн өглөг” нэртэй асрамжийн газрын хүүхдүүдэд бэлэг өгөх үйл ажиллагааг анх зохион байгуулж байсан түүхтэй. Тэр цагаас хойш 2010 онд мисс болсоныхоо дараа очиход нөгөө хүүхдүүд маань маш том болчихсон, яагаад удаан ирээгүй юм бэ гэж надаас асууж байсан. Тэгээд л би “Энэ хүүхдүүд намайг санадаг юм байна. А.Энхтуул бид хоёрыг үгүйлдэг юм байна” гэж бодоод ойр ойрхон очдог болсон. Мисс болсноосоо хойш тэр асрамжийн газраас гадна дахиад гурван өөр асрамжийн газарт очдог болсон. Бас хөгшчүүлийн асрамжийн төв дээр очдог болсон.
– Сурлагадаа их сайн охин байсан гэж сонссон юм байна. Бас нийгмийн идэвхтэй охин байсан гэсэн.
– Би арван жилд байхдаа нээлттэй биш, хичээлээс өөр юм хийдэггүй, бүрэг ичимхий охин байсан. Одоо манай арван жилийнхэн уулзахаараа “Чамайг ийм болсон гэхэд итгэмээргүй байна” гэж хэлдэг. Үсээ гөлчийтөл нь боочихсон, формынхоо өмдөн дээр юбкаа давхарлаж өмсөөд л явдаг хичээлийн хэнээтэй охин байсан даа. Одоо арван жилийн нөгөө ангийнхан хараад намайг их өөрчлөгдсөн гэдэг юм.
– Ээжтэйгээ их дотно юм шиг санагдлаа. Тэгвэл аавыгаа, ер нь гэр бүлээ танилцуулаач.
– Би ааваараа болон аавынхаа мэргэжлээр их бахархдаг. Аав маань ОХУ-д байлдааны нисэх онгоцны нисгэгч гэсэн мэргэжлийг эзэмшиж ирсэн. Тэр үед байлдааны онгоц, нисдэг тэрэгтэй авахуулсан зургуудыг нь одоо ч харахад надад маш гоё санагддаг. Ааваараа бахархах сэтгэл ихээр төрдөг. Одоо бол аав маань хувиараа Японоос машин оруулж ирж борлуулдаг бизнес эрхэлдэг. Би айлын том охин. Дороо нэг дүүтэй. Дүү маань таван настай, Анужин гэдэг.
– Дүүтэйгээ нэлээд насны зөрүүтэй юм аа?
– Дүү маань миний охин шиг л байдаг. /инээв/ Гадуур заримдаа хамт явахаар хүүхдийг маань гэж бодоод, зарим хүмүүс бүр “Ямар өөр юм бэ? Аавтайгаа адилхан байх, тийм ээ?” гэж асуудаг шүү.
– Ер нь дээрээ ах, эгчгүй, айлын том охин байх хэцүү юм шиг ээ…
– “Хэцүү анги” уран сайхны кино надад төөрөлдсөн ах нарыг маань олж өгсөн. Тэр кинонд хамтарч тоглосон ах нартайгаа одоо ч би дотно холбоотой байдаг. Тэд маань надад зааж зөвлөн загнах үедээ загнаж, урамшуулж, бүх зүйлд минь хамт байдаг болсон. Хааяа ах нартайгаа уулзахад үнэхээр сайхан байдаг. Яг л төрсөн ах нар шиг маань надад ханддаг. Би тэдэнтэй өөрт тохиолдож байгаа бүхий л зүйлээсээ хуваалцаж, саналыг нь сонсдог доо.
– Өөрт чинь дэлгэцийн бүтээлд тоглуулах саналууд цөөнгүй ирдэг гэсэн. Нууц биш бол ямар саналаас татгалзаж, ямар саналыг хэрхэн хүлээж авч байна вэ?
– Би одоо 21 настай. Залуу насандаа хийж үзмээр байгаа бүх зүйлээ хийгээд үзчихсэн. Энэ бол залуу насны хувьд юм л даа. Ирээдүйд бол надад өөр өчнөөн олон зорилго, мөрөөдөл бий. Одоо би хүүхэд байхдаа телевизээр гарах юмсан, тайзан дээр титэм зүүх юмсан, кинонд тоглох юмсан гэж дотроо нууцхан мөрөөддөг байсан бүх мөрөөдлөө биелүүлчихсэн. Эмэгтэй хүн болгоны мөрөөдөл болсон титмийг авсан, олон улсын тайзан дээр Монголынхоо нэрийг гаргасан учраас өөр цаашаа шунаад, хүсээд байх зүйл байхгүй гэж боддог. Загвар өмсөөд топ модель болно гэсэн бодол надад байхгүй. Харин одоо бол мисс гэдэг нэрээ аль болох гоё, сайхнаар авч явахыг хүсдэг.
Саналын хувьд гэвэл надад уран бүтээлийн багагүй саналууд ирдэг. Гэхдээ “Үгүй” гэж хэлэх маш хэцүү байдаг. Яагаад гэвэл мэргэжлийн сургуулийг нь төгсчихсөн жүжигчид кинонд тоглож чадахгүй байхад намайг гээд санал тавьж байгааг нь би хүндлээд тэдэнд ихэнхдээ зөвшөөрдөг. Хамгийн сүүлд л гэхэд саяхан нэг киноны санал ирсэн. Киноны ажил нь эхлээгүй байгаа учраас тэр талаар дэлгээд дэмий байх. Сэдвийн хувьд эмнэлэг, эмчийн сэдэвтэй уран бүтээл байгаа. Одоогоор яг шийдээгүй байна. Хүмүүсийн тавьсан саналд бол татгалзаж байгаагүй. Жүжигчин Б.Навчаа эгчтэйгээ би их ойр дотно байдаг. Б.Навчаа эгч маань болон “Фантастик” продакшны ах нар маань хамгийн түрүүнд надад санал тавьдаг, зааж зөвлөдөг болохоор надад огтхон ч хэцүү юм байдаггүй. Кинонд тоглох нь тухайн үедээ хэцүү байдаг ч дараа нь бодохоор маш дурсамжтай, сайхан байдаг. Миний хобби гэх юм уу даа.
– Зарим хүмүүсийн зүгээс чамайг дэндүү эрт нүцгэллээ гэх шүүмжлэл гарч байсан. “Домогт Ану хатан” кинонд болон нүцгэн зургаа авахуулсан асуудалд…
– “Ану хатан” кинонд бол би бүтэн нүцгэлээгүй. Миний хөх л гарсан. Биеийнхээ доод хэсгээр бол би шарваартай байсан. Өмсөж байсан дан дээл маань зөвхөн дээд хэсгээрээ л тайлагдсан. Би тэрэнд бол нэг их эмзэглээгүй. Яагаад гэвэл гэр бүлийнхэнтэйгээ маш сайн ярилцтал бүгдээрээ надад зөвшөөрсөн. Үүний дээрээс “Ану хатан” гэдэг түүхэн кинонд дүрээ үлдээж, мундаг жүжигчидтэй хамтарч ажилласан нь миний хувьд нэр хүндийн асуудал байсан. Нүцгэн зургаа авахуулсан асуудал бол өөрөө оюуны өмчийн бүтээл гэдэг утгаар нь би хандсан. Түүнээс би гэдэг хүн зүгээр л гудамжаар явж байгаад зурагчин руу ороод нүцгэнээр зургаа авахуулчихаагүй. Анхнаасаа төлөвлөгөөтэй, оюуны өмчөөр баталгаажсан, Германы гэрэл зурагчин Оливиа өөрийн бүхэл бүтэн багийн хамт Монголыг зорьж ирээд авсан зураг учраас би тэрэнд ерөөсөө эмзэглэдэггүй. Яагаад болохгүй гэж? Би залуу насныхаа сайхан бүхнийг тэр зурганд л үлдээсэн шүү дээ.
– Сүүлийн үед загварын тайзан дээр гарсан уу? Ер нь моделийн чиглэлээрээ цаашид ажиллах уу?
– Миний хувьд загварын тайзан дээр алхах мэдрэмж бол үнэхээр давтагдашгүй тийм сайхан мэдрэмж байдаг. Гэхдээ загварын ертөнцөд байгаа хүмүүс маань хэдий өөрийнхөөрөө байгаа ч гэсэн заавал баян хүний хараанд байж, мөнгө авдаг байх ёстой ч гэдэг юм уу, тэр бүхнээс би үнэхээр их залхсан. Тэр нь миний ирээдүйн амьдралд маш ихээр нөлөөлөх байсан учраас би загвар гэдэг зүйлээс холдох ёстой юм байна гэж бодсон. Би хүүхэдтэй боллоо гэхэд миний хүүхэд ээжийнхээ залуу үеийг үзээд “Мисс Б.Бадамцэцэг ийм ч хүнтэй холбогдсон” гэх муу муухай мэдээлэл гарч ирвэл тэр хүүхэд хэзээ ч надаар бахархахгүй. Тийм болохоор би ирээдүйгээ ч бодсон, өөрийнхөө нэр хүндийг ч бодсон эмч хүн болох учраас муу түүхтэй байх ёсгүй гэж бодоод загварын салбараас хөндийрсөн.
– Багштайгаа холбоотой байдаг уу?
– Би Ч.Содтуяа багшийн шавь. Багш маань 2004 оны Монголын мисс болоод дэлхийн миссийн тэмцээнд оролцож шагнал хүртэж байсан бол миний хувьд 2010 оны Монголын мисс болоод дэлхийн мисст оролцож шагнал хүртэж байсан. Одоо бол би байнга очиж уулзаад, утсаар яриад дотно холбоотой байж чаддаггүй. Гэхдээ би багшдаа үнэхээр хайртай. Яагаад гэвэл загварын ертөнцөд хэрхэн зөв явах вэ гэдгийг багш маань надад үнэхээр сайн ойлгуулж өгсөн. Хувь хүн ухамсраасаа болж өөр тийшээ алхдаг гэдгийг би тэр хүнээс маш сайн ойлгож авсан.
– Миссийн болон моделийн олон улсын тэмцээний үеэр томоохон агентлагууд, брэндүүдийн нүүр царай болох, гэрээ байгуулах саналууд ихээр ирдэг. Чамд ийм боломж гарч байв уу?
– “Мисс интернэйшнл” тэмцээний үеэр Японы нэгэн агентлагийн гэрэл зурагчин надтай фото чиглэлээр гэрээ хийе гэж уулзсан. Тэр үед би дөнгөж 18 настай байсан болохоор бие дааж шийдвэр гаргаж, том хэмжээний гэрээнд хариулт өгч чадаагүй. Тэгээд ч олон улсын тэмцээнд орчихсон болохоор надад илүү хүсээд байх зүйл тухайн үедээ байгаагүй. Тэр хүнд “Монголдоо очоод гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад хариугаа өгье” гэж хэлсэн. Монголд ирсэний дараа дахиад интернэтээр холбогдоход нь би гэрээсээ хол удаан хугацаагаар байх шаардлага анх удаа гарч байгаа болохоор уучлал гуйгаад өнгөрч байсан.
– Одоо эмч болохоор суралцаж байгаа гэсэн. Маш их цаг хугацаа шаардсан, хичээл нь хүнд хэцүү мэргэжил шүү дээ. Ээжийн чинь ажил мэргэжил нөлөөлсөн үү?
– Би одоо нүүр ам судлалаар сурч байна. Ээжийн маань ажил мэргэжил нөлөөлсөн гэхээсээ илүү ээжээрээ бахархсандаа энэ мэргэжлийг сонгосон юм. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд, эмэгтэй хүн өглөө босоод толинд харахдаа миний ямар нэг зүйл болохгүй байна гээд ямар нэг зүйлдээ сэтгэл дундуур, өөртөө сэтгэл хангалуун бус байвал тэр өдөр тэр чигтээ тийм л байдаг. Хүн толинд өөрийгөө хараад гоё сайхнаа мэдэрч чаддаг сэтгэхүйгээр өглөөг угтвал тэр өдөр нь мөн л тийм байдаг. Магадгүй тэр хүнд олон боломж, олон хаалга нээгдэх, азтай байх зэрэг сайхан зүйлүүд тохиолдож болно. Ер нь өглөөг яаж угтана, өдөр тийм л байдаг шүү дээ. Түүнтэй яг адилхан би эмэгтэй хүмүүст өөртөө итгэх итгэлийг бэлэглэхийг хүсдэг. Миний ээж мундаг хүн. Би толинд харчихаад өөрийнхөө том хацарт дургүй, яаж том хацраа арилгах вэ гэхэд ээж маань өөрийгөө ингэж голж болохгүй гээд л зөвлөдөг байсан.
Ээж маань өнгөрсөн жил маш хүндээр өвдсөн юм. Ээж маань өөрөө тэрийгээ давж гарч чадсан. Өглөө сэрээд харахад ээж маань толиныхоо өмнө суучихсан, өвчиндөө болоод нойр нь хүрэхгүй, хэдэн цагт ч хамаагүй толиныхоо урд сууж байдаг байлаа. Тэгээд намайг хараад хэдий өвчтэй ч гэсэн байдгаараа инээгээд л өөрийгөө “Хөөрхөн байна уу? Сайхан байна уу? Би улам бүр л царайлаг болоод байх юм” гээд л хэлдэг байсан. Бусдын нүдээр харахад ээж маань өвчиндөө болоод маш ядарсан, царай алдсан гэдэг нь харагддаг байсан ч ээж өөрийгөө гоё болгож хараад, сэтгэл зүйгээрээ маш хурдан эдгэрсэн юм. Тийм болохоор би ээжээрээ маш их бахархаж, түүгээр дамжуулан хүмүүст өөртөө итгэх итгэлийг бэлэглэнэ гэж бодоод нүүр ам судлалаар суралцаж байгаа. Одоогоор би шүдний эмч болохоор суралцдаг. Төгсөөд нүүр, амны мэс заслын чиглэлээр үргэлжлүүлэн суралцана гэж бодож байгаа.
– Тэгвэл гоо сайхны мэс ажилбарыг хувьдаа дэмждэг байх нь?
– Тийм. Би гоо сайхны мэс засалд орсон хүмүүсээр маш их бахархдаг. Яагаад гэвэл тэдэнд тийм эр зориг байна. Нөгөө талаар, хүн өөрийнхөө сэтгэл дундуур байгаа зүйлээ засч янзлаад түүнд улам их боломж гарч ирэхийг үгүйсгэх аргагүй. Түүнд адаглаад л өөртөө итгэх итгэл бий болно. Би ч гэсэн өөрөө ирээдүйд энэ салбарт ажиллаж, хүмүүст өөртөө итгэх итгэл бэлэглэхэд нь тусална гэж боддог.
– Ирээдүйд өөрийн гэсэн эмнэлэгтэй болох мөрөөдлийг тээж байгаа гэсэн үг үү?
– Тийм ээ. Энэ нь Анагаахын сургууль төгсөж байгаа бараг хүн болгоны мөрөөдөл байх. Би одоо сургуулиа төгсчихөөд гадагшаа явж магистр хамгаална. Дараа нь туршлагатай, дадлагатай эмч болохын тулд сувилагч ч хийнэ, асрагч ч хийнэ. Туршлага хуримтлуулж ажиллана. Тэгж байж л би сайн эмч болно гэж боддог.
– Б.Бадамцэцэг надад ном уншдаг юм шиг санагддаг. Ямар төрлийн номыг голчлон сонгодог вэ? Нууц биш бол хамгийн сүүлд ямар ном уншив?
– Би бодит бус, тайлагдашгүй, хийсвэр сэтгэлгээний ном унших дуртай. Эсвэл бүр од гариг, сансар огторгуйн тухай ном унших дуртай. Ер нь нууц гэсэн ангилалд багтах номуудыг голчлон унших дуртай. Хамгийн сүүлд “Анна Франкийн өдрийн тэмдэглэл” надад маш их таалагдсан. Уншиж байхдаа би уйлаад, сүүлийн хэдэн хуудас нь харагдахгүй байхад л нүдээ цавчаад уншиж дуусгасан. Сэтгэлд маш их үлдсэн. Одоо бол “Өлсгөлөн тоглоом” /Hunger game/ номыг уншиж байна. Кино нь гарахаас өмнө түрүүлж уншиж дуусгаад, кинон дээрээ номон дээр төсөөлсөн хүмүүс маань ямар байх бол гэдгийг тэсэн ядан хүлээж байгаа. Ээж маань надад маш их ном авч өгдөг. Саяхан “Урлагийн түүх” гэдэг номыг авч өгсөн. Удахгүй тэр номыг уншина даа.
– Дуурийн театраар бас цөөнгүй эргэлддэг байх аа?
– Тийм шүү. Би сонгодог урлагт маш их дуртай. Классик стильд бас дуртай. Манай ээж намайг залуугаараа хөгшрөөд, хөгшин юм сонирхдог гэдэг. Угаасаа би тийм стильд дуртай юм чинь. Драмын театр болоод дуурийн театрт тоглолт үзэх бол миний хобби. Би тэндээс дэндүү их таашаал авч чаддаг. Дуурьт дуулж байгаа хүмүүсийн өмнөөс огшоод, хоолойных нь дээш, доошоо дуугаралтад хүртэл сэтгэл хөдлөөд өөрөө дуулах гэж байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг.
– Сонгодог урлагийн нөгөө талд Монголын уламжлалт ардын урлаг байдаг шүү дээ.
– Би өөрөө хулсан хуур тоглодог. “Miss International” тэмцээний урлагийн үзүүлбэр дээр би хулсан хуур тоглож, мөн уран нугаралт үзүүлсэн. Үндэсний урлаг дотроосоо би морин хуурыг илүүд үздэг. Ямар л бол ямар хөг аялгуу бүгд гардаг, хүний сэтгэлийг хөндөж чаддаг учраас морин хуурын аялгууг сонсох маш их дуртай.
– Ямар мундаг юм бэ? Тэгвэл хүмүүсийн мэдэж амжаагүй, чамд байдаг өөр авьяас юу вэ? Ухаад байвал олон авьяас гарч ирэх бололтой шүү.
– Жаахан байхдаа зураг их зурдаг байсан. Ихэвчлэн мод зурдаг байсан. Одоо бол юмаар юм хийдэг. Янз бүрийн юм гэртээ хийгээд, өрөөндөө өлгөж, энд тэнд тавих дуртай. Жишээ нь, үсчин гоо сайхны “Жэй” салоны хананд үзмэн ягаан, цагаан өнгө хосолсон ханын чимэглэлийг би өөрийн гараараа хийж өгч байсан. Миний өрөөнд миний гараар хийгдээгүй зүйл бараг л байдаггүй дээ. Ээж маань шинэ зургийн жааз авчраад өгөхөд нь би эвдлээд л буцаагаад өөрчилж янзлаад өмнөхөөс нь бүүр гоё болгож тавьдаг. Аав маань яг тийм зантай. Бүтэн юм байлгадаггүй. Дандаа эвдэж, өөрөө өөрчилж янзалдаг. Би тэр талаар аавыгаа дууриасан юм болов уу. Манай өвөө Дүдэл гээд маш сайн зураач хүн байсан. Хүнийг насаар нь зурдаг. 18 настай охины зургийг зурсан гээд өвөөд өөр нэг хүн зургаа үзүүлэхэд 18 настай охин биш байна гэдэг, хүнийг яг насаар нь зурдаг тийм мундаг хүн байсан.
– Эмч мэргэжлийг сонгоогүй бол интерьер, дизайны чиглэлээр хүч үзэх байжээ? Түүний хажуугаар сахилгагүй охин юм шиг санагдсан. Хуурамч дугаартай машин унаад цагдаад баригдалгүй удаан хугацаагаар явсан гэл үү?
– Залуу насны түрхэн зуурын л юм. Би насаараа ийм галзуу ч юм шиг цоглог явж чадахгүй шүү дээ. Би ер нь хаана ч явсан инээж явдаг. Хэний ч өөдөөс хараад инээнэ гэдэг маш гоё зүйл. Тийм болохоор би энэ байдлаасаа огт ичдэггүй. Зарим хүний нүдээр харахад аальгүй ч юм шиг, сэргэлэн ч юм шиг энэ зан маань буруу зүйл биш. Буруу аальгүй бол буруу, би бол зөв аальгүй. /инээв/
– Сэтгүүлийнхээ зочин болсон моделиудад уламжлал болсон нэг асуултыг тавьдаг. Тэдгээрээс нүцгэлэлтийн талаар бид хангалттай ярьсан гэж бодож байна. Тэгвэл брэнд сэтгэлгээ, брэндлэг үзэл болоод гоо сайхны мэс ажилбарт ямар байдлаар ханддаг вэ?
– Хүн брэндээ өмсөнө үү, юугаа өмсөнө надад хамаагүй. Үнэхээр тэр хүн брэндэд дуртай бол түүнд мөнгө байна, зав зай байна. Миний хувьд гэвэл би нэг их брэнд гэж туйлширдаггүй. Гэхдээ үнэтэй болоод чанартай хувцас сонгохыг хичээдэг. Чанарт илүү ач холбогдол өгдөг. Хэдхэн өмсөөд муухай болдог хувцас авсанаас илүү удаан эдэлгээтэй, чанарлаг хувцас миний сонголт байдаг.
Монголын нөхцөлд тийм хувцас сонгох, олоход бас жаахан хэцүү. Гэхдээ байнгын хувцас авдаг дэлгүүр байдаг. Тэр дэлгүүрт байдаг бүхий л хувцас миний шүүгээнд бий.
Брэнд гэж туйлширдаггүй. Классик стильд маш дуртай боловч би одоо оюутан хүн. Хичээлийн хажуугаар гангараад байх боломж ч байхгүй. Надад байнгын орлого байдаггүй. Манай сургууль 32-ын тойргийн тэнд байдаг болохоор өсгийтэй гутал өмсөнө гэж санахын ч хэрэггүй. Нэг удаа өсгийтэй гутал өмсөөд төв Анагаахын сургуулийн коридороор явсан чинь хүмүүсийн толгой дээгүүр хараад, нээх өндөр болчихоод явсан чинь өөрөөсөө маш их ичсэн. Тэрнээс хойш сургууль дээрээ гангарахаа больсон. Хэн ч харсан мисс, хүн болгоны харцыг татсан тийм хүүхэн байж харагдахыг би хүсдэггүй. Энгийн л нэг оюутан хүн шиг байна. Миний зорилго бол хүмүүст гоё харагдах биш, суралцах явдал.
– Гудамжаар инээмсэглэж явдаг хүн цөөхөн болсон энэ цагт байнга инээмсэглэх дуртай Б.Бадамцэцэгтэй ярилцсандаа баяртай байна. Манай уншигчдад сүүлчийн асуултын хариулт болгож инээмсэглэл бэлэглээч.
– Саяхан “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт Г.Хайдав гуайн орсон дугаарыг үзлээ. Г.Хайдав гуай “Өглөө сэрэхдээ инээж сэрэх нь хамгийн чухал” гэдэг зүйлийг ярьж байсан. Тэр үг надад маш их таалагдсан. Би өөрөө ч гэсэн өглөө бүр инээж сэрэхийг илүүд үздэг. Яагаад ч юм эрч хүчтэй болж байдаг. Инээдийг дагаад бүх сайн сайхан зүйл явдаг учраас хүмүүсийг аль болох инээгээрэй гэж уриалмаар байна. Инээд хүнийг залуужуулдаг, эрүүлжүүлдэг. Хаанаас ч эрж хайгаад олдохооргүй хамгийн сайн эм бол инээд юм шүү гэдгийг хэлье.
– Б.Бадамцэцэгийнхээ санаачлан хийж байгаа бүх ажил, сурлагад нь өндөр амжилтыг хүсье.