Яруу найрагч Нямбуугийн Баянмөнхтэй ярилцлаа.
-Өнөөдөр уран бүтээлийн тайлан тоглолт тань болно. Тоглолтын бэлтгэлээ хангах гээд нэлээд завгүй байвв үү?
-Тиймээ, тайлан тоглолтоо хийх гээд тун завгүй байлаа. Ажил өрнөсөн өдрүүдийг давж, хамгийн чухал өдөр ирлээ. Тоглолтын бэлтгэл ажил 100 хувь хангагдсан. Одоо зөвхөн олон сайхан хит дууг эгшиглүүлж, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөх л үлдлээ. Сайхан үдэж байх болов уу гэдэгт итгэлтэй байна.
-Ингэхэд энэ таны хэд дэх бие тайлан тоглолт вэ?
-Анх 2003 онд “Аялгуут нутаг” нэртэй тоглолтоо зохион байгуулж байлаа. Ер нь бол хамгийн сүүлд 2007 онд бие даасан тоглолтоо олон түмэнд хүргэсэн гэж бодохоор багагүй хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн долоон жилийн хугацаад юу хийснээ тайлагнах нь. Бас 2001 оноос хойш олон нийтэд хамгийн хүртээл болсон дуунуудаас шилж сонсогчдын сонорыг мялаах юм.
-Дөрөв дэх бие даасан тоглолт тань өмнөхөөсөө юунаараа онцлог юм бол?
-Тоглолтод хамтарч ажилладаг олон сайхан уран бүтээлч оролцож байгаа. Хамгийн гол онцлог зүйл нь Монголын телевизүүдээс гадна Өвөрмонголын “Одон” телевиз I, II сувгаараа бүрэн эхээр нь дамжуулах юм. Мөн Шинжан, Уйгарын “Ховог сайр” телевиз дамжуулна. Өвөрмонголын авьяаслаг хөтлөгч Үүрийнтуяа манай шилдэг хөтлөгчидтэй хамтран миний тоглолтыг хөтөлнө. Түүнээс гадна Өвөрмонголд хамгийн их үзэгч, сонсогчидтой “Хөх хээр” хамтлагийн Алтанбүргэд хэмээх үзэмчин залуу оролцоно. Тэрээр хөгжмийн зохиолч Сэр-Одтой хамтарч хийсэн “Бодол шиг өдрүүд” дууг дуулахаар болсон. Хэр дуулахыг нь ирээд үзнэ биз.
-Аливаа зүйлийн нэр маш их утга санааг агуулж байдаг. “Нүнжигтэй Монгол” гэсэн нэрийг өгөх болсон шалтгаан нь юу вэ?
-Би 2005 оноос монгол туургатнууд амьдарч буй гадаадын улс, орноор нэлээд явсан. Миний зорилго бол монгол хүн хаана байна, тэр бүх газарт очиж, тэнд амьдарч буй монголчуудтайгаа уулзах бодол юм. Энэ зорилгынхоо хүрээнд ажлын шаардлагаар мөн өөрийн хүслээр Өвөрмонголын бүх хошууд, Шинжан, Уйгар, Буриад, Тува гэх мэт нэлээд хэдэн газраар явсан. Ингээд явж байхад монгол хүмүүст ямар хүн таалагддаг болохыг ойлгосон. Монголчууд хүнийг өнгө мөнгө, тарган туранхай, царай зүсээр нь үнэлдэггүй. Үнэлэх шалгуур нь энэ биш. Харин нүдэнд дулаахан, буянтай царайтай хүн гэж ярьцгаадаг. Хүнийг төрх байдлаар үнэлэх нь эцсийн дүнд нүнжиг хишиг, буян заяаны тухай асуудал юм. Хүний буян заяа, ажил үйлсийнх нь бүтэмжтэй, бүтэмжгүй байдал, сэтгэл санааных нь сайхан, муухай байдал бүгд нүүрэнд нь ил байдаг. Үүнийг л монгол хүн хамгийн том шалгуураа болгодог. Энэ бүгдийг бодож байгаад өнгөрсөн жил “Нүнжигтэй Монгол” дуу хийсэн.
Адуундаа тоглох унагыг цочоон үргээж төрлөө
Аавынхаа ховорхон нулимсыг унаган арчуулж төрлөө
Уураг цагаан сүүг нь амталж, хөхөж өслөө
Уртын сайхан дуундаа унтаж, сэрж л өслөө
Нүүрийн буян минь Монгол
Нүнжиг хишиг минь Монгол
Өр зүрх минь Монгол
Өндөр заяатай би Монгол
Энэ бол Монгол туургатанд явж байхдаа монгол хүн, монгол хүнээ олж харсан миний дотоод бодол. Энэ дуугаараа монголчууд бүгдээрээ ийм нүнжигтэй, буянтай байгаасай. Нүдэнд дулаахан байгаасай гэсэн санааг хүргэхийг зорьсон. Тиймээс тоглолтоо ийн нэрлэсэн.
-Таны бага нас хэрхэн өнгөрсөн бол. Амралтаараа хөдөө очиж морь унах дуртай байсан гэсэн үү?
-Миний өвөө “хурдан морьт Авирмэд” гэдгээрээ нутагтаа танигдсан аймгийн алдарт уяач хүн байдаг юм. Одоо 80 хол давсан настай буянтай буурал бий. Мөн Бэхтөмөр, Гантөмөр гээд хоёр нагац ах маань морь уядаг. Гантөмөр ах маань одоо ч нутагтаа суурьшдаг малчин. Намайг бага байхад аав нэгдлийн даргын жолооч, ээж сургуулийн захирлын алба хашдаг байсан. Гэр төвд боловч би амралтын өдөр болохоор л хөдөө явчихна. Тэгээд дөрвөн настайдаа морь унаж сураад, таван настайдаа наадмын хурдан морь унаж, эмнэг даага сургаж байлаа. 10 дугаар анги төгсөх хүртлээ амралтаараа хөдөө явсан. Ингэж монгол ахуйд ойрхон байснаар нүүдэлчдийн соёл, иргэншлийг магтах, тэр аугаа зүйлсийг сэтгэлдээ нандигнах болсон. Энэ бүхэн миний уран бүтээлийн сэдэв, агуулгад хамгийн их нөлөөлдөг. Монгол ахуй соёл, морьтой ойр өссөн болоод ч тэр үү шүлэг найргаа ийм сэдвээр бичих илүү сонирхолтой. Хурдан хүлэг морьдоо магтан бичих сайхан байдаг. Ер нь манайхны уясан морьд их сайн давхидаг. Наадамд дандаа айрагдаж, түрүүлнэ. Намайг морь унаж байх үед айраг, түрүү авдаггүй наадам гэж байгаагүй. Том болж, моринд хүнддээд эхлэхээр туслах уяач болно. Аймгийн алдарт уяач Гантөмөр ах маань олон морь уяад сумын наадам давхацвал заримдаа надад морь авч явах ажлыг даалгана. Энэ хариуцлагатай ажлыг зургадугаар ангид байхаасаа хийсэн. Тэрүүхэндээ хөөрхөн “догь” уяач маягтай л явна шүү дээ. /инээв/
-Хүүхэд байхдаа морь цоллодог байсан гэсэн. Яруу найрагч болох гараа тэр үед л эхэлж дээ, тийм үү?
-Дөрөвдүгээр ангид байхдаа морь цоллож эхэлсэн. Манай өвөө морийг мундаг цоллодог байсан. Тухайн үед хүүхэд морь цоллоно гэдэг их ашигтай байлаа. Нэгдүгээрт, нэр төрийн асуудал. Хоёрдугаарт, эдийн засгийн хувьд ашигтай. Наадам руу хуушуур идэж, улаан ус авч уу гээд аав, ээжийн өгсөн тав юмуу 10 төгрөгтэй явна. Харин морь цолловол ихэнх хүн таван төгрөг, гайгүй зарим нь 10 төгрөг өгнө. Зургаан морь цоллоход дор хаяж 30 төгрөг олдог байв. Ийм мөнгө олсон хүн чинь одоогийн залуучуудын хэлдгээр “бурзайна” шүү дээ. Түрүүлж, айрагдаж ирсэн морийг цоллоно гэдэг өөрөө их сайхан зүйл. Морийг зүгээр цоллох биш яаж гоё шинэ зүйл оруулах вэ гэдгээ зохиохдоо их бодно. Энэ нь шүлэг бичиж, яруу найрагч болоход тодорхой хэмжээний суурь болсон байх. Мөн миний ээж монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй. Монгол Улсын гавьяат багш хүн. Тиймээс манайд гадаад, дотоодын хамгийн шилдэг уран зохиолууд байдаг. Маш баялаг номын сантай айл байлаа. Одоо ч гэсэн адилхан. Тэр номуудыг би бага байхдаа урж өссөн. Жаахан томроод уншиж эхэлсэн. Харин дараа нь нэмж, цуглуулан арвижуулж эхэлсэн. Номоос уншсан тэр олон зүйлээс уран бүтээлдээ санаа нэмнэ. Намайг дөрөвдүгээр ангид байхад манай сургууль “Мөнгөн үзэг” гээд яруу найргийн наадмыг санаачлан зохион байгуулсан. Одоо хүртэл зохион байгуулагддаг сайхан наадам. Уг наадамд оролцох гэж шүлэг бичдэг байсан. Уран бүтээл хийж эхлэхэд эдгээр хүчин зүйл маш их түлхэц болсон байх гэж боддог юм.
-Сурагч байхдаа “Миний зуслан” нэртэй анхны шүлгээ бичиж, дуу болгоод уралдаанд түрүүлж байсан үеийн дурсамжаасаа хуваалцвал ямар вэ?
-Би онц сурдаг. Нийгмийн идэвхтэй нэлээд сэнтэгдүү сурагч байлаа. Янз бүрийн үйл ажиллагаанд их оролцоно. Тухайн үед “Пионер”-ийн байгууллага гэж байсан. Хоёрдугаар ангиасаа дөрөвдүгээр анги хүртэл бүлгийн дарга хийдэг байлаа. Харин дөрөвдүгээр ангидаа бүлгэмийн зөвлөлийн дарга болсон. Бүлгэмийн дарга чинь боломжийн мест. Хүүхдүүд командлана. Гэвч удалгүй Пионерийн байгууллага татан буугдаж, Монголын хүүхдийн байгууллага болсон юм. Намайг есдүгээр ангид байхад хүүхдийн байгууллага анхдугаар чуулганаа олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд хийх боллоо. Чуулганд Дундговь аймгаа төлөөлж оролцох зургаан хүүхдийн нэг нь би. Чуулган сайхан болж, бөхийн барилдаан, дуу, бүжиг гээд төрөл бүрийн уралдаан тэмцээн зохиогдоно. Аймаг бүрээс ирсэн хамгийн авьяаслаг хүүхдүүд өрсөлддөг байв. Харин нэг удаа зуслангийн сэдэвтэй дууны уралдаан зарлахад би “Миний зуслан” гэж шүлэг бичсэн юм. Өмнө нь хэд хэдэн уралдаанд хамт орж, танил болсон нэг найз маань гитар маш сайн тоглодог байсан болохоор ая хийлээ. Ингээд бидний хамтын бүтээл түрүүлсэн юм. Ийнхүү анхны бүтээлээ есдүгээр ангид байхдаа хийж, хоёр ч уралдаанд сойж, гайгүй давхисанд их баярлаж, урамшсан.
-“Ханьдаа зориулж шүлэг бичихгүй бол найрагч байгаад яах юм бэ” гээд таны хэлсэн үг байдаг. Та ханьдаа зориулж хэчнээн шүлэг бичив. Тэдгээрийн хэд нь дуу болж амилсан бэ?
-Ер нь цөөхөн шүү. Яагаад гэхээр хүн сэтгэлдээ хүрсэн сайхан зүйлийг хийе гэж хичээн, хариуцлага үүрэн бодохоор санаандаа хүрсэн зүйл хийж чадахгүй өөрийгөө голоод байдаг. 2007 онд “Хайрын эгшиглэн” гэж шүлэг бичсэн юм.
Зөөлөн мишээх харцанд чинь гунигийн будан үгүй яа
Зөвхөн чамд л инээвхийлэн суугаарай
Галбирлаг охидын бурханлаг үзэсгэлэн дундуур
Ганцхан чиний л зүг бодол задгай алхана
гээд шүлгээ бичсэн. Их сайхан дуу болсон. Мөн 2012 онд ханьдаа зориулан дахин нэг дууны шүлэг бичсэн. Тэр бол “Ээвэн гуа” гэж дуу. Монголын түүхэнд уул ус, гурван голын сав нутаг гэгддэг Эрчис мөрөн, Ээвэн голын тухай өгүүлдэг. Тиймээс би Ээвэн голын гоо үзэсгэлэнтэй бүсгүйн тухай нэг ийм шүлгийг бичсэн юм.
Уяхан хонгор аалийг чинь яалтай билээ ээвэн гуа
Урсгал дөлгөөн харцыг чинь мартаж яахан чадах юм бэ
Бадам цэцгийн үзэсгэлэнг дарсхийгээд гунхалзасан
Баруун Монгол хөөрхөн сэвгэр алаг нүдэн ээвэн гуа гэж.
Үүнд хөгжмийн зохиолч н.Энхбаяр ах ая оруулж, дуучин Б.Цолмонбаяр дуулсан байдаг юм. Энэ дууг гэр бүлийнхээ хүнд зориулсан. Хүмүүс надаас “Чи баруун монгол хүүхэн гээд ямар хүнд бичив” гээд л байгаа. Манай эхнэр баруун монгол баяд хүн. Одоогийн байдлаар эхнэртээ яг албан ёсоор хоёр дууны шүлэг зориулж бичсэн. Өөр шүлэг зориулж бичих бодол байгаа ч амжихгүй л яваад байна.
-Ээж тань онц сурахыг бэлгэдэн бага байхаас чинь өдийг хүртэл таван ширхэг чихэр өгдөг тухай та дурссан байдаг. Тэгэхээр дуртай тоо тань тав мөн үү?
-Тоо бол бэлгэдлийн чанартай маш их утга агуулдаг. Намайг бага байхад ээж маань тав аваарай гээд таван чихэр өгдөг байсан. Одоо ч гэсэн өгдөг. Баярлаад яваад ороход шагнаж таван чихэр нэмж өгнө. Ажил ихтэй яаруу явахад ажлаа амжуулаарай гээд мөн л өгдөг. Ингэж өгсөөр байгаад ээж маань намайг тавын тоонд дуртай болгосон. Жишээлбэл, утасны дугаар авахдаа аль болох тавын тоо олон орсныг авчих гэнэ. Миний юнителийн утасны дугаар гэхэд 88545555. Энэ бол ээжийн минь надад суулгасан зүйл. Энэ нь одоо надад бас уламжлагджээ. Би охиноо хичээлдээ явахад нь, шалгалтаа өгөхөд нь “За миний охин тав аваарай” гээд таван ширхэг чихэр өгдөг. Миний охин Плехановын нэрэмжит Орос сургууль сурдаг. Тэнд манайх шиг 100 баллын системээр дүгнэдэггүй. Таван баллын системээр дүн тавьдаг. Тийм болохоор тав аваарай гээд таван чихэр өгөхөөр охин маань учиргүй баярладаг. Охин минь баярлаад инээх тэр мөчид би өөрийгөө олж харна. Ээжээс таван ширхэг чихэр аваад бөөн баяр гардаг байсан үе минь санаанд ордог юм.
-Яруу найрагч болох үндэс суурь хаанаас эхтэй бол?
-Манай эмээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат. Бүрэндэлгэрийн Хүүхэн гэж хүн байсан юм. Одоо эмээгийн дүү нь болох 80 гарсан сайхан буурал бий. Энэ хүмүүсийн дээд үе нь их эрдэм номтой, мундаг лам нар байсныг эмээ их ярьдаг байсан. Тэгээд хүмүүс Хүүхэний хүүхдүүд дотроос л авьяастай хүн төрнө дөө гэж ярьдаг байсан гэнэ лээ. Манай нагац нар дунд сайхан дуулж хуурддаг хүн олон бий. Гэхдээ урлагийн мэргэжил эзэмшиж, тэр чиглэлээрээ явсан хүн байхгүй. Эмээгээ нэлээд өндөр насалсан үед би оюутан байлаа. Тэр үед бичсэн шүлгээ эмээдээ уншиж өгөөд уйлуулна. Манай удмыг залгаж энэ чиглэлийн авьяас нь миний хүүд өвлөсөн байх гэж эмээ маань ярьдаг байсан. Надад хүн, адуу хоёр удам удмынхаа шинжийг өвөлж, хадгалж авч явдаг шиг санагддаг. Тэгэхээр миний өвөг дээдсийн авьяас надад нөлөөлсөн болов уу гэж боддог юм. Нөгөөтэйгүүр манай аав Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат хүн. Уг нь бол Бадмаанямбуу гэж хүн. Тэр үед цаг хэцүү байсан. Цэрэгт очиход хүснэгтэд нэр нь багтахгүй Нямбуу гээд биччихсэн юм билээ. Тэгээд би аавдаа хэлдэг байсан. Та нэрнийхээ талыг дэмий хасуулсан. Хэрэв хасуулаагүй бол би Бадмаанямбуугийн Баянмөнх гээд Бат-Эрдэнэ аваргын дүү шиг гоё байхгүй юу гэж ярьдаг байсан. Аавынхаа нутагт очихоор хүмүүс Бадмаанямбуугийн хүү гэцгээдэг. Биднийг бага байхад эмээ минь Жаргалтхаан суманд байсан. Бүр жаахан байхаасаа жил бүр эмээдээ, авга эгчдээ очиж золгоно. Золгохоор очих замдаа Хэнтийн хамгийн сайхан газруудыг үзнэ. Энэ газар ийм үйл явдал болж байсан гээд “Хар зүрхний хөх нуур”, нутгийнхаа хамаг сайхан газрыг бидэнд үзүүлж, түүхийг нь ярьж өгдөг байсан. Эх орныхоо үзэсгэлэнт байгалийн нэгээхэн хэсэгтэй танилцаж, түүхийг нь сонсч явсан минь уран бүтээлийн сэдэв агуулгад нөлөөлж, аав, ээж, нутаг ус, байгалийн сайхныг бичихэд асар их нөлөөлдөг.
-Аав тань мундаг хүн байжээ.
-Тиймээ, миний аав үнэхээр мундаг хүн байсан. Намайг тав, зургаан настай байхаас эхлэн ингэж явсан. Тэр үед социализмын жилүүд байсан учир машин тэрэг тун ховор. Өөрөө нэгдлийн даргын жолооч байсан. Гэвч албаны машинаар хамаагүй явж болддогүй. Биднийг эмээтэй золгуулж, газар үзүүлэхийн тулд олон ч шатахууны машины жолоочийг гуйсан даа. Аав, ээж хоёр гурван хүүхэдтэйгээ тавуулаа болохоор Хурд сумаас Чойрын машинд сууна. Чойроос шатахуун ачаад Хэнтий явж байгаа машинд сууна. Тэндээ очоод аймгаас сум руу явдаг шууданд сууж Жаргалтхаан орно. Одоогийнх шиг тохь тухтай жийпний салхивчийг дээшлүүлээд сэрүүн сайхан явна гэж байхгүй. Мэдээж хол зам туулж, олон унаа дамжих хэцүү. Аав минь ингэж явж биднийг юм үзүүлж, нүд тайлуулдаг байсан.
-Өөрийнхөө бичсэн шүлгээс дуу болгоод дуулах талаар боддог уу?
-Өмнө нь тэгж боддог байлаа. Харин одоо боддоггүй. Яагаад тэгж бодохоо больсон нь бас учиртай. Өмнө нь би нэг дуу дуулаад клип хийлгэнэ гэж боддог байсан. Тэгсэн 2007 оны бие даасан тоглолт дээр “Хамтдаа дуулья гэсэн юм” дуугаа гэргийтэйгээ дуулсан юм. Тайзан дээр гарч ирээд дуулсан чинь нэг гартаа микрофоноо бариад нөгөө гараа хийх газар олддоггүй. Үнэхээр хэцүү юм билээ. Халаасандаа хиймээр санагдаад байдаг. Гэтэл тайзан дээр гараа халаасандаа хийгээд дуулдаг дуучин гэж байхгүй. Зүгээр байлгаад байхаар бас эвгүй. Унжуулаад зогсч байх юмуу, дуучид шиг гараа хөдөлгөөд гоё байлгая гэхээр чадахгүй. Өрөөсөн гараа яахаа мэдэхгүй дуулж байтал, ашгүй нэг цэцэг ирж, яах учир нь олдохгүй байсан гар минь цэцэгтэй болж, ямар гоё түшиг тулгуур болсон гээч. Үүнээс хойш хүн өөрийнхөө чаддаг зүйлээ хийсэн нь дээр юм байна гэж бодох болсон. Дуучид нь дуугаа дуулаад яваг. Би бичээд л сууж байя. Тэр үед үнэхээр тайзны соёл, боловсрол гэдэг маш чухал юм байна гэдгийг биеэрээ мэдэрсэн. Тайзны яриа, алхалт, тайзан дээр биеэ авч явах байдал зэрэг нь боловсрол. Дахиад ер нь тайзан дээр дуулахгүй гэж бодож байгаа.
-Маш удаан бодож, их хугацаа шаардаж бий болсон бүтээл урлагийнханд байдаг. Танд ийм бүтээл байна уу?
-Одоо ч гэсэн байна. Би дундад зууны үеийн түүхийн жижиг хэсэг буюу хагас жилийн үйл явдлаар кино зохиол бичиж байна. Уг кино зохиолынхоо судалгаан дээр хоёр жил ажилласан. Одоо бичээд явж байгаа. Миний дотоод зорилго бол дэлхий дахинд монголчуудын түүх, соёлыг харуулах хэмжээний сайн бүтээл хийх. Мөнгө, санхүүгийн хувьд асар өндөр зардлаар бүтэх төлөвтэй. Мөн бүтээлийнхээ хувьд ч маш чамбай байх шаардлагатай юм. Тийм учир тодорхой цаг хугацаанд баригдахгүйгээр их гоё бүтээл хийхээр зорьж байна.
-Тэгвэл эсрэгээрээ маш богино хугацаанд төрж байсан уран бүтээл гэвэл?
-Б.Шарав “Бурхан бумбын орон” дууг гурван минутад бичсэн гэж ярьдаг. Яг түүн шиг уран бүтээл төрөх болохоороо тун амархан бий болдог. Миний хувьд “Ботгоны дуу”-ны шүлгийг таван минутад бичиж байлаа. Ая нь бэлэн байсан учир сонсоод маш хурдан бичсэн юм. Энэ бол тухайн уран бүтээлийн хувь заяаны асуудал.
-Таныг их өндөр ханштай найрагч гэх юм. Энэ үнэн үү?
-Би уран бүтээлд доод үнэ гэж байна уу гэхээс дээд үнэ гэж байх ёсгүй гэж боддог. Уран бүтээл цаг хугацааг элээж оршин тогтнодог учраас доод үнэ л гэж байхаас дээшээ бол хязгааргүй. Хэд ч байж болно. Гэхдээ бүхнийг мөнгөөр харах нь буруу. Би шүлгээ үнэгүй өгөх үе ч бий. Яг тэдэн төгрөг гээд тогтсон зүйл байхгүй. Ер нь анхныхаа уран бүтээлийг хийх гээд яах учраа олохгүй уран бүтээлчид туслах юмсан гэж боддог. Анхныхаа дууг дуулах гээд хөгжмийн найруулга, дууны зардал зэргээс болоод сэтгэл байгаа ч “хуруу, хумсаа хуйхлаад” явж байгаа хүнийг чадахаараа дэмждэг.
Эх сурвалж: "ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин