Мөнгөн гуч гартлаа хүнтэй суулгүй, эрдэм ном, ажил амьдарлын мөрийг хөөж, боловсролтой, гайгүй албан тушаал хашдаг, чадварлаг залуу дарга болсон ч хүний амьдарлын жамаар нэгэн биеийн тал, түшиг тулгуур болох хүнээ сэмхэн эрэлхийлж, сэтгэлдээ хэн нэгнийг үгүйлэх болжээ
. Ажлын газар нь үе тэнгийн ганц нэг залуу байвч, дарга гэхээрээ жийрхдэг ч юм уу халдаж харьцах нь цөөн. Хэтэрхий нүүрэмгий, эргүүлж хоргоох нэг нь цаанаа эхнэр хүүхэдтэй юм уу, эсвэл тогтсон амьдралгүй, эм хүйстэн л харагдвал хормойг нь сөхсөн саваагүй амьтад байх учир Мөнгөний санаанд нийцэхгүй. Юуны төлөө өдий хүртэл ганцаараа явлаа, насаараа амьдрах хүнээ сайн бодож сонгоно гэж, дотроо гарын арван хуруунд багтахгүй олон шалгуур тавьж явсан ихэмсэг, эр хүний харц унахгүй байхын аргагүй сайхан бүсгүй нэг л өдөр сэтгэлийг нь татсан хүнээ дагаад, түүнийхээ гэргий, хоёр хүүхдийнх нь ээж болно гэж босгыг нь алхжээ.
Аав ээжээс нь авахуулаад хамаатан садан, найз нөхөд бүгд л хийсэн сонголтыг нь эрс эсэргүүцэж, болиулах гэж ятгаад дийлэлгүй, сүүлдээ лам хар, бөө удганаар хүртэл явж үзээд цөхөрсөн юм байлгүй, “өөрийнхөө амьдралыг өөрөө мэд” гээд орхиж билээ.
Үнэхээр ч Чинзориг бүсгүй хүний хайр бахыг татаж, хань нөхрөө болгоё гэж мөрөөсмөөр тийм л сайхан хүн. Нэг их царайлаг биш, нүдээрээ инээсэн, тайван, цаанаа л түшигтэй, цөөхөн боловч жинтэй үгтэй, даруухан залууг ёстой дагина шиг цагаан бүсгүй жинхэнээсээ хайрлаж, бусдын эсэргүүцэл, ятгалгыг ч тоолгүй, амьдарлынхаа хань болгоно гэж зориглосон. “Би чинь хоёрын хоёр дагуултай хүн шүү дээ” гэж зовнингуй хэлээд, духыг нь үнэрлэхэд Мөнгөн энэ хүн л дэргэд нь байвал хайраараа юуг ч даваад гарч болох юм шиг санагдсан сан. Өдий хүртэл ямар ч бэрхшээлийг уйгагүй, шийдэмгий, цөхрөлтгүй зангаараа даваад ирсэн болохоор энэ удаа ч мөн тэгнэ л гэж бодсон.
Гэвч энэ бүхэн санасан шиг амар хялбар байсангүй. Чинзоригийн том охин Энхмаа аравтай, бага нь Энхүүлэй гуравтай, эхнэр нь багыгаа төрүүлчихээд удалгүй тэнгэрт хальчихсан гэнэ. Мөнгөнийг тэднийд анх орж ирэхэд Энхмаагийн дайсагнан, өширхсөн, төдий насны хүүхдэд баймгүй хэрсүү харц айлгах шиг болж, үг хэлээгүй ч “Манайхаас яв” гэж тушаах шиг санагдсан. Харин Энхүүлэй ёстой хайр хүрэм эрх хонгор зангаараа тэврэн авч, энхрийлэн дотносоход Мөнгөний сэтгэл уярч, энэ жаахан амьтанд сайн ээж нь байхсан гэж бодсон юм. Анхандаа “ээж нь” гэдэг үг аманд нь эвлэхгүй зовоож, Энхмаагийн хатуурхан өширхөж, элдэв аяг гарган, хийсэн хоолыг нь хүртэл идэхгүй асгахад нөхөртөө мэдэгдэхгүй өрөөндөө сэмхэн уйлж, яах гэж ингэж үйлээ эдлэх сонголт хийв дээ гэж харамсах үе ч байсан. Энхүүлэй ээжтэй болсондоо баярлаж, Мөнгөнийг гаравч оровч салахгүй хормойдож байхад Энхмаа түүнтэй нэг ч үг дуугарахгүй, дайсагнан хүйтэн харьцаагаа хадгалсаар. Чинзориг энэ байдлыг гадарлавч, яах учраа сайн олохгүй, эхнэрээ өмгөөлж охиноо гомдоох, үгүй бол хүслийг нь дагуулах аль алиныг нь хийж чадахгүй, өөрийг нь гээд өчнөөн золиос гаргаад ирсэн ханиа өрөвдөн, хий л дотроо шанална.
Өдөр хоногууд анзаарахын аргагүй хурдан өнгөрч, Мөнгөн ч анх ирсэн үеэ бодоход жинхэнэ ээж хүний янзтай болж, өмнө нь ганцхан өөртөө зориулдаг байсан анхаарал халамжаа өөр гурван хүний төлөө тавьж, ээж, гэргий хүний завгүй амьдарлын хэмнэлд хэдийнэ дасчээ. Гэтэл нэг л өдөр хэрэг мандаж, удаан хадгалагдсан хорсол дэлбэрэв. Мөнгөн Энхмаагийн цагаан цамцыг индүүдэж байгаад, утас дуугарахад авах гэж босохдоо индүүгээ авахаа мартсанаас болоод цамцыг индүүдэж байгаад, утас дуугарахад авах гэж босохдоо индүүгээ авахаа мартсанаас болоод цамцыг нь түлчихжээ. Уг нь тэр Энхмаагийн хамгийн өмсөх дуртай хайртай цамц нь юмсанж. Яг бодсончлон Энхмаа цамцаа хармагцаа царай нь бараантан, нүд нь хилэнтэй гялалзаж, аавыгаа хашгиран дуудлаа.
– Яасан бэ, миний охин?
– Энэ миний цамцыг түлчихлээ.
– Санаатай тэгээгүй байлгүй дээ. Ээж нь завгүй байсан болоод индүүгээ салгахаа мартсан биз. Миний охин битгий уурла. Аав нь дахиад шинийг аваад өгье.
– Үгүй ээ, энэ санаатай ингэж байгаа юм. Би шинийг авахгүй мэдэв үү. Энэ цамцыг ээж минь надад авч өгсөн юм. Надад одоо шинэ цамц ч, шинэ “Ээж” ч хэрэггүй гэж охин ууртай хашгираад цамцаа газар шидэхэд Чинзориг тэссэнгүй бололтой охиноо алгадаж орхилоо. Энхмаа нулимс гүйлгэнэсэн хорсол дүүрэн харцаар хоёуланг нь ширтэж байснаа, талийгч ээжийнхээ зургийг шүүрэн авч, өрөөндөө ороод хэнгэнэтэл уйлах сонсдов. Энхмаа биш Мөнгөн алгадуулсан юм шиг толгой нь дүйрч, охины уйлах дуу зүрхийг нь базлах шиг болно.
Урьд нь хэзээ ч өөр хэн нэгний орон зайг эзлэн булаах гэж ирсэн гэж хормын төдий ч бодолгүй, өөрийн хүүхэд мэт хайрлаж байсан ч шинэ “ээж” хэрэггүй гэж заналтай хашгирах дуунд нь хамаг хүч нь барагдах шиг болов. Нээрээ би хэзээ ч Энхмаагийн ээж нь болж чадахгүй шүү дээ. Яаж ч сайн хандлаа гээд төрсөн ээжийг нь орлоно гэж юу байхав гэж бодохоос урам нь хугарч, хүүхдээрээ том хүн болчихсон юм шиг хэрсүү тэр охины өмнө буруутай юм шиг санагдаад болсонгүй. Чинзориг бодлогогүй алхам хийсэндээ гэмшиж, охиноо яаж ч аргадах гээд болсонгүй. Энхмаа хоол ундаа ч идэхээ байж, Мөнгөнийг зэвүүрхсэн харцаараа түлэх мэт ширтэж,түүнтэй чимээгүй сөргөөцөлдөн өлсгөлөн зарлажээ.Өөрийн гэж бодсон гэртээ хүний хүн мэт адлагдаж, өрөөл бусдын зовлонгийн шалтгаан болж буй нь өр зөөлөн бүсгүйд дааж давшгүй гэм юм шиг бодогдож, сэтгэлдээ шаналах болов. Саяхан халуун дулаан байсан гэрийн уур амьсгал хөрж, Энхүүлэй хүртэл ямар нэгэн юм болохоо байсныг мэдсэн юм шиг цовоо цойлгон инээхээ байчихжээ. Чинзоригийн талийгч эхнэрийн зураг “Дэмий дээ, чи явсан нь дээр” гэх шиг инээмсэглэн ширтэнэ.
Мөнгөн гэрээсээ гараад алхаж явна. Нэг хором ч гэсэн нуруу тэнэгэр, сэтгэл уужуу, тайван баймаар. Багын найз туул нь амралтанд явж, салхинд гараач гэж дуудсаныг хэлэх үү, дуун дээр нь зөвшөөрч, Тэрэлжийг зүглэн хөдөллөө. Нөхөртөө ингэлээ гэдгээ ч хэлсэнгүй. Цээжинд хурсан гомдол, цөхрөл, бачуурлаа тайлах гэсэндээ, эсвэл нөхөртөө ч юмуу үгүй бол хувь заяандаа тунирхсандаа утсаа салгаад тэр чигээрээ таг алга болж байгаа нь энэ. Ганц өдөр ч гэсэн хүн шиг инээж хөхөрч, гэр бүл, хүүхэд гэж санаа зоволгүй дураараа байя гэсэн ч нэг л болсонгүй. Ууж идэж, урьдны явдлаа дурсаж байхдаа санаанд нь ороогүй ч шөнө дунд гэнэтхэн зүүдэнд нь Энхүүлэй “Ээжээ” гэж дуудахад сэрчихжээ. Охинд нь ямар нэг юм болоогүй байгаа гэж санаа зовоод, буцаж унтаж ч чадсангүй, баахан эргэж хөрвөлөө.
Ер нь ингэж тарчилж байхаар, харимаар ч санагдаад, ядаж байхад утасны сүлжээ байхгүй газар учир холбоо барих санаа байвч сачий хүрэхгүй. Мөнгөн тарчлан тарчилсаар арай гэж үүр цайлгаж, гэгээ оров уу үгүй юу л Туулыг сэрээн хотын зүг яаран хөдлөв. Хэдхэн км яваад утасны сүлжээ ороод ирлээ. “Хаана байна?”, “Хэзээ ирэх вэ?” гэсэн нөхрийнх нь мээсэжнүүд ар араасаа цуврана. Гэтэл хамгийн сүүлд нь “Ээжээ, намайг уучлаарай” гэсэн Энхмаагийн дугаараас ирсэн мээсэж байх нь тэр. Ээжээ гэсэн үгийг уншмагц Мөнгөний хоолой зангиран, бөөн юм тээглэчихсэн юм шиг болж, хорьж болдоггүй нулимс нь урслаа. Цээжийг нь дарж байсан бул хар чулууг аваад хаячих шиг болж, машин хүртэл удаан яваад байх шиг санагдан, бушуухан гэртээ харихаар яаран дэндэлзэнэ.
Гэрийнхээ үүдээр ормогц Энхүүлэй “Ээжээ” гэсээр тоодойтол гүйн ирж тэврүүллээ. Охиных нь халуун илч биеийг нь төөнөж, хайрыг мэдрүүлэх шиг. Охиноо тэврээд, нэг их хол, удаан яваад ирсэн хүн шиг нулимсаа сэмхэн дуслуулан баахан тэвэрч зогсов. “Чи минь хэлэхгүй яав даа. Ингээд явчихлаа л гэж айлаа” гэж Чинзориг нойргүй хонож улайсан нүдээрээ гэмших мэт зөөлөн ширтэнэ. Мөнгөн тэднийг орхиод Энхмаагийн өрөөний хаалган дээр ирж, аяархан тогшвол охин нээж өгөөд, ичих мэт ширээн дээрээ буруу харан сууж, дасгалаа хийх дүр үзүүлнэ. Мөнгөн ард нь очоод, толгойг нь илбэж, “ээж нь цамцыг нь санаатай түлээгүй юм шүү. Уучлаарай” гэвэл Энхмаа мөр нь чичирхийлэн чимээгүй сууж байснаа, гэнэт эргэн Мөнгөнийг тэврээд цурхиран уйллаа. “Миний буруу, харин та дахиад битгий яваарай” гэж уйлан өгүүлэх охиноо аргадах гэж Мөнгөн өөрөө хамтдаа уйлсаар. Хэн хэнийх нь халуун нулимс эх үрийн холбоог гагнан нэгтгэх шиг.
Маргааш нь тэднийхэн гэр бүлээрээ хотоос гадна салхинд гарлаа. Бүгдийнх нь нүдэнд баяр хөөр гэрэлтэнэ, эргэж уулзсан, эвлэрсэн баяр хайр сэтгэлийг нь улам ч бэхжүүлжээ. Охид нь голын эрэг дээрээс “ээжээ, нааш ир” гэж дуу нийлүүлэн цангинатал дуудахад Мөнгөн тэдэн дээр очихоор инээмсэглэн өндийлөө. Тэр л мөчид хорвоогийн хамгийн сайхан үг юу гэдгийг ухаарав. “Ээжээ” гэж дуудуулах энэ хорвоогийн хамгийн эрхэм жаргал ажээ.
www.URLAG.mn