Хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэхтэй холбогдсон юм. Тэрбээр Бусаны олон улсын кино наадмын тэргүүн шагналт “Алсын удирдлага” киноны хөгжмийг зохиосон бөгөөд киноныхоо Монгол дахь нээлтэд оролцохоор эх орондоо ирээд байхад нь ССАЖЯ урьж Ерөнхийлөгчийн зарлигаар шагнасан төрийн дээд “Алтан гадас” одонг нь гардуулж өгсөн юм. Үүнтэй холбогдуулж ярилцлага авах болзоо тогтоохоор утас руу нь залгатал Америк нисэх гээд, өөрөөр хэлбэл гэртээ харих гээд онгоцны буудалд очсон байж таараад амжаагүй юм. Ингээд өчигдөр түүнтэй цахимаар холбогдож ярилцлаа.
-Сайн явж хүрсэн үү?
-Сайн.
-Одоо жаахан завтай байна уу. Эсвэл ажлынхаа ширээний ард хэдийнэ суугаад байна уу?
-Миний ажил дуусах гэж байдаггүй дээ. Ар араасаа ундарч гарч ирнэ. Тэгээд ч зүгээр суувал хэн намайг тэжээх билээ.
-Тийм л дээ. Одоо юун дээр ажиллаж байна?
-Дараа хэлье.
-“Алтан гадас” аваад мэдээж баярласан байх. Юу бодогдож байсан бэ?
-“Алтан гадас” гоё одон. Төр иргэнийхээ хөдөлмөрийг үнэлж өгч байгаа болохоор сайхан л санагдсан. Аавынхаа дуртай шагналыг авах аятайхан байлаа.
-“Алсын удирдлага” киноны хөгжимд өгсөн юм уу?
-Үгүй ээ. Зарлиг нь 2013 оны арванхоёрдугаар сарын 24-нд гарсан юм байна, 201 тоот. Ер нь хөгжмийн уран бүтээлүүдэд маань гэж зарлигт дурдсан байсан.
-Зөв зөв. Олон жил хөгжим зохиолоо. Том хэмжээний бүтээлүүдээсээ нэрлэ дээ, юу юу билээ?
-Төгөлдөр хуур, найрал хөгжмийн “Хархорин” концерт байна. Төгөлдөр хуурын цомог бий. “Гамлет” жүжиг, найруулагч С.Бямбын “Хүсэл шунал” баримтат кино, мөн Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” зэрэг бүтээлийг нэрлэж болох байх.
-Алийг нь алдарт виолончельч Ёо Ёо Магийн захиалгаар бичсэн гэдэг билээ?
-“Хархорин” концерт.
-Монголоос гадна гадаадын нэлээд хэдэн оронд тоглогдсон байх шүү?
-Тэгсэн. 2000-2003 онд “Торгон зам” хөгжмийн наадмын хүрээнд Америк, Европын нэлээд олон оронд урилгаар тоглогдсон.
-Та өөрөө удирдаж тоглуулж байсан байх аа?
-Массачусетс мужийн Тэнгл-Вүүд хотод энэ концертоо тэндхийн оркестрт өөрөө удирдан тоглуулсан.
-Ганц энэ биш бусад олон бүтээл тань олон орны үзэгч, сонсогчдод хүрсэн гэж ойлгодог…
-Овоо хэдэн оронд тоглогдсон. Орос, Герман, Польш, Испани, Голланд, Бразил, Хятад, АНУ, Швед, Украйн, Бразил, Эквадорт.
-Ийм олон оронд гэж бодоогүй байж. Та чинь Монгол Улсынхаа соёл урлагийн элч юм байна шүү дээ.
-Өөрийгөө арай ч элч энэ тэр гэж дөвийлгөж болохгүй байх аа. Өмнөхөө хийгээд л явдаг.
-Одоо гадаадын уран бүтээлчидтэй хэр хамтарч ажиллаж байна вэ?
-Ажиллаж байгаа. Нэлээд хэдэн хөгжимчин миний бүтээлүүдээс цомогтоо оруулсан байдаг юм.
-“Алсын удирдлага” киноны хөгжим их гоё болсон байна билээ. Нэг л хөнгөхөн, сонсоод л баймаар мэдрэмж төрүүлж байсан. С.Бямба найруулагч та хоёр хамт сууж дуусгасан гэлүү?
-Тэгсэн. Анхны босгосон яс мод бараг тэр чигээрээ өөрчлөгдсөн. Найруулагчтайгаа санаа оноо солилцож хамтдаа ярьж шийдвэр гаргасан хэсгүүд бий. С.Бямба найруулагч өөрөө их мэдрэмжтэй, бас их хөдөлмөрч хүн. Хийж байгаа зүйлээ дуусахаас нааш түр ч болов хойш нь тавьдаггүй гүргэр. Хоёулаа хөгжмөө янзлаад хэдэн өдөр шөнө дараалан ажиллаад ядарсан байлаа. Нэг шөнө намайг юм хийгээд сууж байхад ард сандал дээр зүүрмэглээд сууж байсан юм. Тэгтэл сандлаасаа унаад өглөө, босгох гэсэн чинь тэр чигтээ хурхираад унтчихсан. Ийм л зорьсондоо хүн.
-Одоо захиалгаар хөгжим бичиж байна уу?
-Захиалгын ч юм бий, өөрөө ч хөгжим болгоё гэсэн санаанууд байна аа. Монголд Мартын баяр нижгэр болоод өнгөрөв үү?
-Тэглээ. Жил ирэх тусам баярууд өргөжөөд л байх юм. Сая ч бараг шинэ жил болж байгаа юм шиг л пижигнэлээ. Ярилцлагаа өндөрлөх үү, яаралтай тавьсан асуултад шуурхай хариулсан танд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье…
-Баярлалаа.
Кинонд гардаг даа. Хөдөө, хотыг холбосон нэг асман юм гэж ирээд л нэг нөхрийг хэлдэг. Түүн шиг Монгол, Америкийн хооронд ирж, очиж байдаг хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх гэж хэн бэ гэдгийг мэдэх нь мэддэг ч, анзаарахгүй өнгөрдөг нь ч бий л байх. Тийм сайн бүтээл бичсэн, зохиосон гэх. Ямартаа л хөгжмийг нь зохиосон кино “Азийн Канн” хэмээгддэг Бусаны наадамд тэргүүлж байх вэ. Ийм амжилтад хүрэхэд олон зүйл нөлөөлсний дотор хөгжим нь орж буй. Тэгэхээр ийм дэлхийн хэмжээний хөгжим зохиодог товчоор Сансараа гэж дууддаг энэ залуу чухам хэн бэ гэдгийг уншигчдадаа тодруулахыг хүслээ.
Тэрбээр урлагийн гавьяат зүтгэлтэн, манай нэрт хөгжмийн зохиолч Ч.Сангидорж агсны хүү бөгөөд төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч юм. ХБДС-ийг 1989 онд төгөлдөр хуурчаар төгссөнөөсөө хойш мэргэжил, боловсролоо тасралтгүй ахиулж ирсэн ажил хэрэгч нэгэн. ХБДС-д сурч байхдаа С.Гончигсумлаа багшаас хөгжмийн зохиомжийн хичээл авч байснаар хос морьтон болсон. Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийг төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолчоор давхар төгссөн. Тэндээ аспирантур төгсөөд дараа нь Мадридын Хааны хөгжмийн дээд сургуульд хөгжмийн зохиолч мэргэжлийг Гарсиа Абрил багшийн удирдлага дор төгссөн. Сүүлд нь АНУ-ын Нью Хамдширийн Дартмоуд дээд сургуульд хөгжмийн зохиомж мэргэжлээр Жон Абельтон багшийн удирдлага дор сурч төгссөн уран бүтээлч юм.
Р.Оюунжаргал, “Өдрийн шуудан” сонин