Оршил
2025 оны дөрөвдүгээр сарын 11-ний үдэш Улсын филармонийн концертын танхимд монгол хөөмийн урын сангийн баяжилтад хувь нэмэр болох “Мэлмий болоод сонор” нэртэй шинэ уран бүтээлс хуурын найралтай нүргэлэв. Үзэгчийн соёлдоо суралцсаар ахуй монгол түмний хувь тохиолоор цагийн зүү 19:19-тэй зэрэгцэж хөтлөгч, хөгжимчид тайзнаа хөг нийллээ…
Эр зориг, эрч хүчийн ундаргаар шинэ бүтээл, шинэ оролдлогоо тайлагнаж буй уран бүтээлийн тоглолтын гол эзэн Өргөндалайн Ашид нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос нутгийн Отгийн хошууны уугуул, мэргэжлийн болон шавь сургалтаар хөөмийн урлагт суралцсан залуу уран бүтээлч юм. Тэрээр хөөмийлөх урлагийн анхны мэдэгдэхүүн ойлголтыг 2017 оноос Ордос хотын Урлагийн театрын хөөмийч Саранмандах багшаас суралцаж, улмаар 2019-2023 онд Өвөр Монголын Багшийн их сургуульд “Хөгжмийн урлаг (хөөмий)” мэргэжлээр суралцахдаа хөөмийн хичээлийг С.Сэрэнбаяр багшаас үзжээ. Саранмандах болон Сэрэнбаяр нар нь Монголын анхны мэргэжлийн хөөмийчдийн нэг болох Ж.Мэндбаярын шавь нар бөгөөд Ө.Ашид ч эдүгээ Соёл урлагийн их сургуулийн урлаг судлаачийн магистрын сургалтынхаа хажуугаар Ж.Мэндбаяр багшийн хөөмийн сургалтад хамрагдаж байгаа аж.
Түүний “Мэлмий болоод сонор” уран бүтээлийн тоглолт шинэ бүтээлүүд болон ардын дууны шинэчилсэн найруулгыг хөөмийн урлагт нийцүүлэн үзэгчдийн хүртээл болгосноороо онцлог байлаа. Доорх шүүмжид уран бүтээлийн агуулга ба уран сайхны үнэлгээ, утга үзэл санаа, соёлын ач холбогдлын үүднээс задлан авч үзье.
Уран бүтээлийн агуулга ба уран сайхны үнэлгээ
Ө.Ашидын тус тоглолтод нийт найман бүтээл хөөмийлснөөс морин хуурын найрал хөгжимтэй зургаа, “Түмэн эх” чуулгын үндэсний хөгжмийн цөөхүүлтэй нэг, төгөлдөр хууртай нэг бүтээл тус тус хамсран хөөмийлөв. Тоглолтын онцлог нь бүх бүтээлд исгэрээ хөөмийг голлон ашигласан явдал бөгөөд ардын дууны найруулгын нэг бүтээлд шахаа хөөмийн төрлийг хэрэглэсэн байна. Энэ нь хөөмийлөх гүйцэтгэл, амьсгаа удирдах техник, өнгийн шилжилт зэрэг нарийн ур чадварыг илүү шаардсан, уран бүтээлчийн мэргэшлийг сорьсон сорил болжээ.
Тоглолтын эхэнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, төрийн хошой шагналт Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Чингисийн эр хоёр загал” бүтээлийг Монгол төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, соёлын элч морин хуур найрал хөгжимчид Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайханы удирдлагаар эгшиглүүлсэн нь үндэсний бахархлыг илтгэсэн сүр жавхлантай оршил болохын сацуу хуурын чавхдасны эрчист хөдөлгөөн үзэгчдийн сэтгэл зүйг бүтэн цагийн турш хөөмийн яруу эгшиглэнг шимтэн сонсохын хөтөч болов. Түүний араас Ө.Ашид тус найралтай Н.Жанцанноровын “Өүлэн эхийн дуулал” (c# – b) бүтээлийг таван минутын турш хөөмийлсөн. Эндээс харахад уран бүтээлийн уялдаа холбоонд нүүдэлч түмний эр зориг, сүр хүч, бардамналыг эхийн хайраар зөөллөх агуулгыг шинэ цагийн хөгжмийн бүтээлээр харуулах гэсэн бүтээлч шийдэл байв. Тоглолтыг эхлүүлж буй хөөмийн бүтээлд гүйцэтгэлийн хувьд техникийн алдаа тодорхой хэмжээгээр ажиглагдсан. Тухайлбал, дээд, доод өнгийг гүйцэд авахгүй, шүргэж өнгөрөх, хөгжмөөс хоцорч эхлэх зэрэг асуудлууд гарсан нь анхны бие даасан тоглолтод гарах нийтлэг бэрхшээл болохоос уран бүтээлийн үнэ цэнийг бууруулсангүй. Харин 4-9 минут үргэлжилсэн бусад бүтээлүүдийг хөөмийлөх явцад амьсгалын хүч чадал, тэсвэр тэвчээрийн хувьд дунджаас дээш түвшинд үнэлэгдэхүйц чадварыг харуулсан.
Тоглолтын өрнөл хэсэгт ардын дууны шинэчилсэн найруулгууд болох “Жаран хайлаас” бүтээлийг Б.Ваншигдоржийн найруулгаар зургаан минут, “Заян наваа” буриад ардын дууг Д.Түвшинсайханы найруулгаар таван минут, мөн “Арын цагаан дэрс” гэх ордос ардын дууг Д.Түвшинсайханы найруулгаар дөрвөн минут, “Айлтган барьяа, Цариг шувуу” ордос ардын хоёр дууг Б.Мэнд-Амарын найруулгаар таван минутын турш тус тус исгэрээ хөөмийн онцлогт нийцүүлэн шилжсэн хөгтэй шинэ дуугаргалтыг үзүүлэв.
Харин тоглолтын төгсгөлд эзэгч, сонсогчдын сонорт уянгат аялгуу бүхий орчин цагийн хөгжмийн жижиг хэлбэрийн бүтээлүүд болох Б.Ваншигдоржийн “Говийн аялгуу” бүтээлийг 7 минут, Д.Түвшинсайханы “Зэрэглээн дундаас”, “Хавар” бүтээлийг 8 минут, Б.Мэнд-Амарын “Талд” бүтээлийг дөрвөн минутын турш исгэрээ хөөмийгөөр эгшиглүүлсэн нь монгол хөөмийн урлагийн гол онцлог болох уламжлалт болон буй ахуй шинж тасралтгүй хөгжсөөр байгааг, түүнийг эгшиглүүлэх техник хэрэглээ нь мэргэжлийн түвшинд гүнзгийрч буйг өөрийн ур чадвараараа нотлон харуулахыг хичээжээ.
Утга, үзэл санаа
“Мэлмий болоод сонор” хэмээх нэршил нь хөөмийн урлагийн язгуур мөн чанар болох хүний биеэр дамжин гарах авиа, дотоод чимээг гадагш илэрхийлэх сэтгэл зүйн тэнцвэр, дотоод хэмнэлийг илтгэх шиг, тоглолтын гол санааг тодорхой илэрхийлжээ. Хөөмий бол зөвхөн дуу хоолойн урлаг бус сонсох, мэдрэх, дотоод аниргүйн эрэл юм. Иймээс ч энэ тоглолт нэрнээсээ эхлээд үзэгч, сонсогчийн дотоод мэдрэмж, бие сэтгэлийн гүн рүү нэвтрэх утга, хөгжмийн дотоод философи хэмээн харж болохоор байлаа. Энэ санаа бүтээл бүрийн агуулгад тод туссан бөгөөд монгол ахуй, байгаль, домог туульсын сэдвийг төв болгосон зохиомжтой байсан нь онцгой ач холбогдолтой.
“Өүлэн эхийн дуулал” бүтээлд монголчуудын удам судар, өвөг дээдсийн гэгээн дүрийг дуурсах эх хүний ухаан, энэрэл, удмын залгамжлалын үзэл санааг илэрхийлсэн байна. Өүлэн эхийг зөвхөн түүхэн дүр бус, эхийн дээд суртахуун, үндэстний сэтгэлгээний бэлгэдэл болгон дүрсэлсэн нь хөөмийн исгэрээнд хоршин зохицож, гүн гүнзгий утгыг үүсгэсэн мэт.
Ордос ардын “Жаран хайлаас” дуу нь байгалийн амьд холбоог хүний сэтгэлтэй уялдуулсан утгатай. Хайлаас модыг амьтай шүтээн болгон дүрсэлж, хүний дотоод ертөнц ба байгаль хоорондын уялдаа, нүүдэлчдийн сэтгэлгээний байгалийн төвтэй онцлогийг дамжуулахыг эрмэлзжээ.
“Заян наваа” дуу нь хорь буриадуудын эрт урьд цагийн үлгэрт сайхан эх нутаг “Наян Наваа”-д зориулагдсан дуу бөгөөд буриад ардын эгэлгүй их таавар, элэг зүрхний гүн шаналал, үлгэр домгийг өгүүлдэг. Тэр их сэтгэлийн тэмүүллийг хөөмийн авиагаар шинэ орон зайд авчирахыг хичээжээ. Гэвч буриад ардын дууны намба төрх, уянгалаг хэв шинж бүхий нугалаа, хугалаа ноот бичиглэл, аялгууны найруулгын зарим хэсэгт алдагдсан гэж хэлж болно.
“Арын цагаан дэрс” бүтээл нь ганцаардал, дурдатгал, амьдралын шалтгаан руу эргэн харах мэдрэмжийг илэрхийлэл болдог бол энэ дуугаар дамжуулан уран бүтээлч хөөмийн намуун аялгуугаар хүний дотоод шаналал, алслагдсан хэмнэл, сэтгэлийн сүүдрийг дүрслэхийг эрмэлзсэн байх талтай.
“Айлтган барьяа” бүтээл нь ерөөлийн үгс, билигт аман уламжлалын хэлбэрийг хөөмийн хэлээр өгүүлэхийг зорьсон найруулга байв. Энэхүү бүтээлд аман уламжлалын яруу найраг, хүндэтгэлийн зан үйл, дээдсийн билэг ухаан шингэсэн агуулгатай тул шахаа хөөмийн төрлөөр шүлэглэн хэлэх, аялгуулан дуулах зэрэг техникийг ашиглажээ. Мөн уг дуутай “Цариг шувуу” дууг хослуулан найруулсан нь “цариг” гэх бэлгэдэлт шувуугаар дамжуулан эрх чөлөө, холын аяллыг илэрхийлсэн байж болох… Исгэрээ хөөмийн дуу чимээний хөнгөн, цуурайт авиа энэ бүтээлийн сэтгэл хөдлөлийг илэрхийлэхэл тохирсон өнгө аястай нь ажиглагдав.
“Говийн аялгуу” нь монгол орны өмнөд нутгийн сэтгэлгээг, говийн уудам орон зай, эгшиггүй ч эгшигтэй гүн гүнзгий чимээг хөөмийн авиагаар өгүүлсэн бүтээл байв. Энэ зохиомжит бүтээл нь байгальтай нэгдсэн монгол хүний гүн мэдрэмжийг агуулж чаджээ. Харин “Зэрэглээн дундаас” хэмээх шинэ бүтээлд говийн зэрэглээ шиг холдон одох, ойртон ирэх амьдралын өөрчлөмтгий мөн чанарыг илэрхийлсэн байх талтай. Уран бүтээлч энд сэтгэл хөдлөл, хуурмаг ба бодит байдлын заагийг хөөмийн авианы шилжилтээр харуулахыг хичээсэн.
Тэгвэл “Хавар” бүтээлээр дамжуулж байгаль дэлхийн амьсгал, сэргэлт, дахин төрөх үйл явц, сэргэн мандалт зэргийг исгэрэн шуугих салхины бэлгэдэлт өнгө аясаар илэрхийлэхийг зорьжээ. Эцэст нь “Талд” бүтээлд нүүдэлчний сэтгэлгээний гол орон зай болох тал нутгийг уужуу ухаан, тайван сэтгэл, дотоод тэнцвэрийн бэлгэдэл болгон дүрсэлсэн нь хөөмийн анирлаг өнгийн илэрхийллээс анзаарагдав.
Тоглолтын агуулга, утга санаанд хөөмийн аман уламжлал дахь үүрэг, түүний домгийн агуулгатай уялдаа холбоог тусгах оролдлого байсныг тэмдэглэх хэрэгтэй. Ө.Ашидын сонгосон бүтээлүүд нь зөвхөн техник үзүүлбэр бус, монгол туургатны оюуны соёлын өвийг хөөмийн хэлээр хөрвүүлэн илэрхийлэх зорилгыг шингээсэн гэж хэлж болохоор байна.
Соёлын ач холбогдол
Өргөндалайн Ашидын “Мэлмий болоод сонор” тоглолт нь өнөө цагийн хөөмийн урлагийн хөгжилд шинэ залуу уран бүтээлчдийн туршлага, хөгжлийн чиг хандлага мэргэжлийн түвшинд хэрхэн хөгжиж буйг илэрхийлсэн чухал үзэгдэл болов. Хэдийгээр хөөмийн мэргэжлийн сургалт эдүгээгээс 20 жилийн өмнө Монгол Улсын Соёл урлагийн их сургуулиас эх үндэстэй ч өнөөдөр Монгол улсын хэмжээнд албан боловсрол өөр их дээд сургуулиудад олгогдоогүй хэвээр, албан бус сургалтууд түгээмэлжсэн байна. Гэтэл БНХАУ-ын Өвөр Монголын Үндэстний их сургууль (Тунляо хот), Шилийн голын Ажил мэргэжлийн дээд сургууль (Шилийн хот), Өвөр Монголын Урлагийн их сургууль (Хөх хот), Тунляо хотын ажил мэргэжлийн дээд сургууль, Өвөр Монголын Багшийн их сургууль, Бугат хотын Ажил мэргэжлийн дээд сургууль, Хөх хотын Ажил мэргэжлийн дээд сургууль, Хөлөнбуйр Ажил мэргэжлийн дээд сургууль (Хөлөнбуйр хот)-д, 2020 оноос Бээжингийн Төвийн үндэстний их сургууль зэрэг есөн их дээд сургуульд хөөмийн мэргэжлийн хичээлийг тодорхой хэмжээнд заан сургаж, эл уламжлалт урлагийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд ихэд анхаарч байгаа нь сайшаалтай ч манай улсын тухайд үндэстний соёлын бодлого, боловсролын тогтолцоонд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатайг харуулж байна. Дашрамд манай улс үндэснийхээ өв соёлыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр суралцагчдыг улсаас дэмжиж, тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцуулах тал дээр бодлого барихад ч буруудах зүйлгүй хэмээн санана. Мөн хөөмий нь ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-ийн жагсаалтад бүртгэгдсэн, монголчуудын оюуны соёлын чухал өв учраас эл салбарын хөгжилд улсаас анхаарах нь зайлшгүй юм.
Ө.Ашидын зориглон хийж буй мэргэжлийн түвшний тоглолт нь монгол хөөмийн уламжлал, шинэчлэлийг холбох чухал гүүр болж байна. Учир нь тоглолтод үзүүлсэн бүтээлүүдийн сонголт, илэрхийлэх хэлбэр, хөгжмийн найруулга зэргээс харвал хөөмийн урын санг өргөжүүлэх, төрөлжүүлэх шинэ чиг хандлагаар хөгжиж буйг илтгэж байна. Энэ мэтээр ардын дууны шинэ найруулгаар хөөмийн урын санг баяжуулах нь эл урлагийн цар хүрээг тэлэхэд үнэтэй хувь нэмэр болох боломжтой. Түүнчлэн түүний уран бүтээлийн тоглолт монголын аман уламжлалын үнэт өв болох хөөмийн урлагийн академик түвшний хөгжил, багш шавийн залгамж холбоог тод томруун харуулахын сацуу тайзны урлагийн хэмжээнд хөгжиж буй хөөмийлөх урлагийн дэвшилтэт алхмыг үзүүлсэн нэгэн жишээ боллоо. Ийм төрлийн тоглолт нь зөвхөн үзэгчдийн сонорыг хөглөхөөс гадна эл салбарын уран бүтээлчдийн бүтээлч хандлагыг өдөөх, дэмжих, цаашдын хөгжлийн чигийг тодорхойлоход тус нэмэр болох ач холбогдолтой хэмээн санана.
Эцэст нь “Мэлмий болоод сонор” тоглолт хөөмийч Өргөндалайн Ашидын хөгжмийн томоохон бүтээлүүдийг морин хуурын найралтай хөөмийлж үзүүлэх зоригтой алхам байсан төдийгүй, монгол хөөмийн урын санг шинэ бүтээл, орчин үеийн найруулгаар баяжуулсан үнэ цэнтэй оролдлого болж чадлаа хэмээн үзэж байна. Уран бүтээлчийн гүйцэтгэлийн хувьд тодорхой алдаа дутагдал ажиглагдсан ч, бүтээлийн агуулга, үзэл санаа, соёлын ач холбогдлын хувьд үнэлэгдэхүйц, цаашдын бүтээлч эрэл хайгуулд итгэл төрүүлсэн үйл явдал байлаа. Мөн уран бүтээлчид хөөмийн техникийн нарийвчлал, амьсгалын зохицуулалт, өнгө шилжилт, хөгжмийн ансамбльтай нийцэх ур чадвар, тайзны соёлын практик туршлага зэрэг дээр илүүтэй анхаарч, улам бүр сайжрах шаардлагатайг ч дашрамд дурдах нь илүүдэхгүй бизээ.
Монгол хөөмийн урын сан өөрийн онцлог шинжээр улам бүр арвижин дэлгэрэг.
Ардын урлаг судлаач Мөнхжаргалын Амаржаргал