-Тань шиг гайхалтай уран бүтээлчтэй ярилцаж байгаадаа би туйлын их олзуурхаж байна. Таны уран бүтээлүүдэд үндэсний хэв маяг шингэсэн, давтагдашгүй, Монголын бусад сувенирүүдээс өөр харагддаг. Ширхэг бүр нь хосгүй шүү. Тухайн бүтээлийг нарийн технологиор бүтээснээс гадна Монголын түүх, ёс заншилыг цаана нь гүнзгий тусгасан ажиглагддаг. Жинхэнэ шир, нарийн гар хийцийн торгийг материалдаа сонгосон байсан. Би таны хэд хэдэн уран бүтээлийн үзэсгэлэнд очиж үзсэн. Тэндээс таны хүүхдүүдтэй хэрхэн ажиллаж, бэлэг дурсгалын болоод бусад зүйлсийг хэрхэн хийх талаараа зааж сургаж байгааг ажигласан. Хэзээнээс Үндэсний гар урлалын чиглэлээр бүтээл хийх хүсэл төрж эхэлсэн бэ?
-Дөнгөж дээд сургуулиа төгсөх үедээ би хүүхэлдэйн урлагаар дэлхийд тэргүүлдэг Япон хүүхэлдэйн урлагийг судлаж эхэлсэн. Би энэ төрлөөр бүтээлүүдээ туурвиж, ажлынхаа анхны гарааг эхэлж билээ. Эхний үедээ гол төлөв бэлэг дурсгалын хэлбэр маягийн хүүхэлдэй хийдэг байсан бол одоо урлагийн хэлбэрлүүгээ илүү дөхсөн ART DOLL хийдэг болсон. Би дээд сургуулийг чимэглэх урлагийн зураач мэргэжлээр төгсөж 1998-2004 он хүртэл чимэглэх урлагаар дамжуулан хүүхдүүдэд үндэсний гар урлал хийх аргачилал зааж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хүүхдүүдийн давтагдашгүй сэтгэмжийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байсан. Нилээн хэдэн шавь нар маань ирээдүйн мэргэжлээ дүрслэх урлагийг сонгож, одоо бол бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн гаргах чадвартай сайн уран бүтээлчид болоод явж байгаад багш хүний хувьд өөрийн хийсэн ажлаараа бахархдаг. 2004-2007 оны хооронд би НҮБ-ын үндэсний сайн дурын ажилтанаар элсэж, өөрийн мэдлэг, чадвараа амьжиргааны түвшин доогуур, сургууль завсардсан эсвэл огт сургуульд суугаагүй охидуудад заах болсон юм. Ингэснээр эдгээр охидууд маань зураг зурж, хэрэглээний болон бэлэг дурсгалын эд зүйлс хийж сурсанаас гадна гоо сайхны мэдрэмжтэй, урлагт хайртай, зөөлөн сэтгэлтэй зөв иргэн болон хүмүүжиж их өөрчлөгдөж ирсэн. Хийсэн ажлынхаа үр дүнг мэдрэх, бодитоор харах нь хамгийн том жаргал юм уу даа гэж би боддог. Энэ бүх хугацаанд өөрийн бүтээлээ давхар хийсээр л ирсэн.
Дэлхий ертөнцөөрөө даяарчлагдаад, харилцааны эд хэрэгсэл, техник технологи айдас төрөхүйц их хурдацтай хөгжиж байгаа одоо цагт харамсалтай нь үндэсний болон уламжлалт гэх нандин зүйлүүд гээгдэх аюул гараад байна л даа. Монгол туурагтан үе дамжиж, өвөг дээдсээсээ гэр бүл дотроо уламжлан аав нь хүүдээ, ээж нь охиндоо дамжуулан заадаг олон сайхан гар урлалын төрөл, ёс заншил, ам дамжсан үлгэр домгоор баялаг үндэстэн. Энэ нэг чухал хэлхээг алдалгүй дараагийн үедээ үлдээн дамжуулах нь миний хувьд надад дээрээс заяагдсан байж магадгүй нэг үүрэг даалгавар, амьдралын утга гэж би ойлгодог.
-Өнгөрсөн арван жилд Монголын уламжлалт бэлэг дурсгалууд орон даяар үйлдвэрлэгдэж, олон чамин дурсгалын зүйлсийг худалдан авахад ойр, дэлгүүрүүдээр худалдаалах болсон. Гэвч таны хийдэг шигийг олоход хэцүү байна. Та тусгай захиалгаар цөөн тоогоор бүтээлүүдээ хийдэгийх үү.. Үнэхээр онцгой болсон байдаг! Тэр боловсруулалт, санаа шийдэл нь маш дээд зэргийн чанартай болсон нь харагддаг. Ийм чанартай бүтээл гаргаж чаддаг болтлоо хэр удаан жил хичээллэж сурсан бэ?
-Ийм сайхан үгсийг сонсож, миний хийдэг өчүүхэн зүйлүүдийг ингэж өндрөөр үнэлж байгаад би туйлын их талархаж байна. Баярлалаа. Юуны өмнө энэ эрдмийн суурийг надад заасан багшдаа их баярлаж явдаг. Дээд сургуулиа төгссөн цагаасаа авхуулаад л бага багаар миний туршлага зузаарч, чадвар маань хурцлагдсан байх. Хүүхдүүдэд хичээл ордог байсан маань ч их нөлөөлсөн, хүнд заах явцад багш хүнийн өөрийн мэдлэг, чадвар бэхжээд явдаг.
-Танд гадаадын олон худалдан авагч нар байдаг уу?
-Гадаад хүмүүс үндэсний хүүхэлдэй их сонирхож худалдаж авдаг. Япон, Америк, Герман, Англи, Хятад улсаас ирсэн урлаг сонирхогч, цуглуулагч хүмүүс надаас авч байсан. Сүүлийн үед өөрийгөө, эсвэл хүүхдийнхээ нүүр царайтай хүүхэлдэй хийлгэх нь элбэг болсон. Захиалгат хүүхэлдэй гэх үү дээ. Энэ нь надаас илүү чадвар шаарддаг, учир нь тухайн хийх хүнийг яг байгаагаар нь хийж болохгүй. Тэр хүнийнхээ зүс царай, бие галбирын онцлого, донжийг тооцоолон cartoon маягт оруулж тэгсэн хэрнээ тэр хүнтэйгээ төстэй хийх шаардлагатай болдог.Би хүүхэлдэй болгоныхоо толгой гарыг зориулалтын шавраар тусгайлан барьдаг юм.
-Хүүхэлдэйнүүд тань хөөрхөн байхаас гадна таны өөрийн бодол, дотоод сэтгэмжийг илэрхий тусгасан байсан. Дээр нь ихэнх бүтээлүүд тань тодорхой зорилгоор хүнд хэрэгцээтэй байхаар бүтээгдсэн нь ажиглагддаг. Яг ийм бүтээлийнхээ тухай бидэнд жишээн дээр ярьж өгөөч?
-Би хэрэглээний зүйл хийхдээ заавал ямар нэгэн урлагийн элемент оруулахын сацуугаар үндэсний амт шимт , монгол үнэр шингэсэн зүйл хийхийг хичээдэг. Заримдаа тэр хийсэн бүтээл маань зүгээр нэг хайрцаг биш art object болон хувирдаг. Жишээлбэл нэг архины хайрцаг хийхэд 4 тал бүр нь тус тусдаа нэг зураг байхаар шийддэг. Тэр хайрцагыг авч байгаа хүн зүгээр нэг хайрцагны эзэн болох биш 4 зурагтай болно гэсэн үг. Зориулалтаасаа шалтгаалаад дээр нь дүрслэх зураг, хээ угалзаа бодож хийдэг. Монголын нууц товчоо номны хайрцаг, ээмэг бөгж, гоёл чимэглэлийн хайрцаг, архи, вискиний гэр, цүнх, түрийвч гээд олон янзын зориулалтын зүйлс захиалгаар хийж байсан. Нэг юмыг олноор нь хийх тийм ч дуртай биш.
-Бөө мөргөлийн сэдэвтэй дурсгалын бүтээлүүд байсныг би харсан. Бөө мөргөл танд их сэтгэгдэл төрүүлдэг учраас хийсэн үү?
-Миний хийсэн нилээн хэдэн бүтээл бөөгийн сэдэвтэйг онцлон харсанд баярлаллаа. Би яг одоо Хятад улсын Хөх хотод урлаг судлалын мэргэжлээр магистерд суралцаж байгаа. Хүн бүрт амьдралд нь сайхан аз завшаан таардаг, үүнтэй адил би нөхөртэйгээ Хятад улсдаа хадны сийлмэл зургаар /petroglyph/ алдартай ӨМӨЗОрны баруун хязгаараар сүндэрлэдэг Монь уулаар аялах хэмжээлшгүй үнэтэй завшаан боломж тохиосон юм. Энэ уулны систем нь явсаар Монголын нутгаар үргэлжилдэг. Хадны зургуудыг бодитоор, газар дээр нь очиж гараараа мэдэрч үзэх номноос фото зураг үзэх тэр ойлголт эрс тэс. Тэгээд энэ хадны зурагнуудын дийлэнхэд нь бөөгийн шашинтай холбоотой зурагнууд байсан, бидний өвөг дээдэс маань уул, ус, нар , сарыг шүтэн биширч, тэрийгээ маш энгийн мөртлөө маш оновчтой хад чулуун дээр дүрсэлдэг байсныг гайхан биширж билээ. Тэр үеийн “зураачид” одооны орчин үеийн зураачидтай ур чадвар, сэтгэмжээрээ өрсөлдөхүйц санагдаж байсныг нуугаад яахав. Тэр аялал надад их гүнзгий мэдрэмж төрүүлж, хадны зурагнаас сэдэвлэсэн хүүхэлдэй хийе гэсэн хатуу зорилготой буцсан юм. Эндээс эхлээд судалгаа хийгээд явхад зайлшгүй бөөгийн шашины тухай мэдлэг, бөөгийн хувцас, эд хэрэгсэл, зан үйл судлах шаардлага гарч, энэ урсгалын явцад бүтээлийн янз янзын санаанууд урган гарч ирж байсан. Ер нь аливаа бүтээл судалгааны үндсэн дээр хийгддэг. Их сонин мэдээллийг олж авдаг шүү, зарим бөө толгойныхоо зулайгаар дээд тэнгэртэйгээ холбогддог тул малгай өмсдөггүй, толгойн орой нээлттэй байдаг, зарим нутгийн бөөгийн дээлний суга онгорхой байдаг учир нь сугаар нь онгод нь орж ирдэг гээд л энэ бүхнийгээ хүүхэлдэйндээ шингээнэ.
-Таны нөхөр Монголын уламжлалт дүрслэх урлагийн профессор, алдартай зураач уран бүтээлч хүн. Тэр таны уран бүтээл, сэтгэмжинд цаашлаад уран бүтээлийг тань өсч дэвжихэд хэр нөлөөлсөн бэ?
-Би нөхөртэйгөө нэг мэргэжлийн бас хоёулаа уран бүтээлч хүмүүс гэдгээрээ их баярлаж явдаг, энэ манай гэр бүлийн баялаг гэж хэлж болно. Анх гэр бүл болж байхдаа би ингэж боддог байсан: Жинхэнэ уран бүтээлч хүн бол энгийн хүнээс маш өвөрмөц сэтгэлгээтэй, зарим үед этгээд ч зан гаргаж болзошгүй, харь гаригийн шахуу хүмүүс, тиймээс нэг гэр бүлд нэг л ийм crazy хүн байхад болно, хоёрын хоёр хүн ийм байх юм бол too much гэж боддог байлаа. Одоо харин өөр шүү. Хэдий эхнэр нөхрийн хооронд үл ойлголцол гардаг ч яг уран бүтээлийн хувьд бид 2 harmony олдог. Нэг нэгнийхээ ажлыг их хүндэлж үнэлдэг. Болж өгвөл шүүмж өгөхгүйгээр урам өгч, заримдаа онгироох ч тохиолдол гарнаJ. Хань маань их өндөр мэдрэмжтэй, сайн уран бүтээлч болхоор би түүнээсээ их зөвлөгөө авдаг. Хийж байх явцад бол нөхрөө оролцуулдаггүй, хийж дуусчихаад нөхрөөсөө ямар болсныг нь асууж, саналыг нь сонсож засах зүйл байвал засаж янзалдаг.
-Танай хүүхдүүд та хоёрыг дуурайсан уламжлалт урлагийн хүмүүс болно байх гэж боддог уу?
-Манайх 2 хүүхэдтэй айл л даа. Том охин маань багадаа их сайхан зураг зурж, хээрийн дадлагад хамт явж этюд зурж аавтайгаа хамт үзэсгэлэн гаргаж байсан. Багш намайг будаг хооронд нь хольж өнгө гаргаж болохгүй, шууд наад будгаараа будах хэрэгтэй гэж загнасан гэсээр нэг өдөр цэцэрлэгээсээ уйлчихсан ирж байж билээ. Одоо 16 настай, зураг зурах сонирхол нь аяандаа замхраад одоо харин юм бичих сонирхолтой болоод байх шиг байгаа юм. Хүүхдийн сонирхол их тотворгүй шүү дээ. Манай хүүд харин нэг онцлог байгаад байх шиг анзаарагддаг. Зураг зурахдаа зохиомж авалт нь өвөрмөц, дүрслэл нь бас их сонирхолтой харагддаг.Их орчин үелэг зурдаг. Цаас харандаа нийлүүлдэггүй өдөр гэж байхгүй. Нөхөр бид 2 хүүхдүүдийгээ заавал зуураач болгоно гэж төлөвлөдөггүй, бараг эсрэг бодолтой. Хүн ирээдүйн мэргэжлээ өөрөө сонгох хэрэгтэй гэж үздэг. Тэгэхдээ удмын ген гэж бас чухал хүчин зүйл байдгийг үгүйсгэж бас дийлэхгүй.
-Монгол орны эдийн засаг уналтанд орж сүүлийн жилүүдэд огцом сэргэн сайжирахын зэрэгцээ улалжлалт урлаг, соёл их хөгжиж байна. Олон уран дархчууд ч өөрсдийн бүтээлээ гэнэт л зах зээл дээр гарган эрчимтэй худалдаалж байна. Хэдийгээр уламжлалт урлагийн бүтээлүүдийг арилжаалах нэг хэрэг ч, арилжихаасаа өмнө мэргэжилийн түвшинд арга, техникт нь суралцан, түүх гаралыг нь судлах хэр чухал байдаг вэ?
-Commerce болон жинхэнэ art хоёр уул нь их тус тусдаа том ойлголтууд гэж би боддог. Хүмүүс өөр бодолтой байж магадгүй. Тэгэхдээ уран бүтээлч хүнд ч гэсэн өдөр тутмын хэрэглээ, хүүхдүүдийн боловсролд зарцуулах зардал, гэр орон, унаа тэрэг гэх мэт хэрэгцээ гардаг тул заавал мөнгө бодох хэрэгтэй болдог. Үндэсний гар урлалд энэ нөхцөл жоохон муу талаар нөлөөлдөг, учир нь зах зээлдээ тааруулж гар урлалын бүтээгдэхүүнээ олноор нь олшруулахын тулд гараар хийх аргачилалаа багасгаад, техник хэрэгсэл түлхүү хэрэглээд, нарийн хийц, загвараа хялбаршуулаад эхлэхээр улалмжлалт үндэсний гар урлалын жинхэнэ утга, жинхэнэ чанар, уламжлагдаж ирсэн арга технологи нь алдагдаад эхэлдэг.
-Та Монголд айлчлах гэж байгаа гадны хүмүүст зөвөлгөө өгөөч. Улаанбаатарт очоод хаанаас хамгийн сайн чанарын бэлэг дурсгалын зүйлс өргөн сонголттойгоор авах вэ? Хэрэв үндэсний гар урлалыг тусгайлан захиалж хийлгэх бол хэр хугацаа орох бол?
-Монгол Улсад зочилж ирсэн хүн мэдээжийн хэрэг Монголын үндэсний хэв маягтай, Монголын аж ахуйг харуулсан ч юм уу, нутагтаа хариад тэр зүйлийг хараад Монгол руу аялсан дурсамжийг байнга сэргээж чадах тийм бэлэг дурсгалын зүйлс худалдаж авбал сайхан байх. Миний бодлоор уран бүтээлч хүний урлангаар нь очиж уран бүтээлчээс өөрөөс нь хийсэн бүтээлийх нь тухай түүх, тайлбарыг сонсож авсан уран бүтээл хамгийн сайхан бэлэг дурсгал болно. Одоо интернэтээр уран бүтээлчдийн вебсайт, хуудаснуудыг олж харж бүтээлийг нь авах боломж их болсон. Миний хувьд бол нэг хүүхэлдэйг хэрэв санаа нь олдсон, бэлэн бол 3-5 хоногт хийдэг.
-Бидэнд сүүлийн үед гаргасан үзэсгэлэнгүүдийнхээ тухай ярьж өгөөч. ( хаана гаргасан гэх мэт) мөн өөрийн бүтээлийнхээ цуглуулгын талаар. Урлагийн бүтээл туурвихад юу чухам таны сэтгэлийг хөдөлгөдөг вэ. Материалаа яаж авдаг вэ?
-Миний сүүлд оролцсон үзэсгэлэнгүүд дандаа Хятад улсад гарсан үзэсгэлэн байгаа. Дээр дурдсан зөвхөн хадны зургийн сэдэвтэй 10-аад бүтээлээр Хятадын хоёр хотод “Өвөг дээдсийн дуудлага”нэртэй томоохон үзэсгэлэнд оролцсон. Одоо нөхөртэйгээ хамтарсан үзэсгэлэн гаргах гээд бүтээлүүдээ туурвиж эхэлсэн.
Хүннүгийн үеэс эхэлсэн урт удаан түүх бүхий Монголын нүүдлийн амьдралын өвөрмөц хэлбэр , баялаг угсаатны зүй, уламжлалт урлаг, үндэсний хувцас, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн эрхэм ёс заншил гээд энэ бүх зүйлээс би өөрийн бүтээлүүдийнхээ санааг авдаг л даа. Тиймээс ч миний бүтээлүүд үндэсний хувцас, хэрэгсэлтэй, Монголын үндэсний зан заншилтай холбоотой ч юм уу, нэг өөрийн онцлог бүхий донж, хөдөлгөөнтэй бүтээлүүд хийдэг болсон юм. Заримдаа дараагийн хүүхэлдэйнийхээ санааг маш энгийн зүйлээс олоод хардаг, өхөөрдөм хөөрхөн нэгэн охин гэртээ мөрөөдөж хоёр гараараа толгойгоо түшин хэвтэж байгаа нь миний нүдэнд их дотно санагдангуут тийм хөдөлгөөнтэй хүүхэлдэй хийх бодол төрсөн жишээ байна. Тэгээд л тэр санаагаа толгойндоо ургуулан бодоод л, нүдэнд харагдтал жижиг деталиудыг сэтгээд л, хэрэгтэй бол ном, сэтгүүл эргүүлж хээ угалз харж байж сая нэг бодитоор хийж эхэлдэг.
Миний хэрэглэдэг үндсэн гол түүхий эд бол арьс л даа. Арьсаа сонгохдоо би заавал шинэ, өө сэвгүй арьс сонгож авдаггүй. Арьсны дэлгүүр ороод хамгийн цаанаас, хамгийн сонин фактуртай, заримдаа хамгийн хуучин, муухай, дефекттэй арьс сонгож авдаг тохиолдол их. Эртний жижиг эдлэлүүдийг цуглуулж хүүхэлдэйнүүддээ хэрэглэдэг. Арьс өөрөө натурал материал тиймээс ч натурал чулуу, мод, яс, зэс, гуультай их сайхан зохицдог. Яг миний хэрэглэдэг материалны төрөлд хязгаар гэж үгүй. Миний найзууд энийг мэддэг болхоор чамд хэрэг болж магадгүй гээд сонин содон зүүлт, жижиг гархи, чулуу, жижиг яс гэх мэтээр цуглуулаад аваад ирдэг.
-Таныг монголын үндэсний хувцсанд дуртайг би мэднэ?
-Тийм шүү, Монголын угсаатны зүй агуу баялаг. Монгол ястан болгон өөрийн үндэсний хувцастай, тэр нь дотроо эмэгтэй эрэгтэй гэж хууваагдаад, эмэгтэй хувцас нь гэхэд хүнтэй гэрлэхээс өмнө өмсдөг, гэрлэх үедээ өмсдөг, гэрлэсний дараа өмсдөг, хөгшин болохдоо өмсдөг гэх мэтээр бүүр нарийн задраад явдаг онцлогтой. Тэр болгон нь гайхалтай сайхан нарийн хийцтэй үнэт эдлэл, чимэглэлийн зүйлсээр гангарсан бөгөөд тус бүрдээ монгол урчуудын нарийн ухаан шингэсэн гар урлалын мундаг бүтээл юм. Хүүхэлдэйгээ хийхдээ би аль болох үндэсний хувцасныхаа онцлогийг харуулахыг хичээдэг. Учир нь Монгол хувцасны деталь болгон ур хийц сайтай, өнгөний хослуулалт нь их зохицсон байдгаас гадна тэр болгонтой холбоотой сонирхолтой түүх, домог, үлгэр дагалддаг нь бүүр хачир нэмдэг юм.
-Монгол гэрийн талаар. Мэргэжилийн уламжлалт урлагийн хүний хувьд Монголын үндэсний сууц болох гэрийг түүхэн талаас нь ярьж өгөөч?
-Монгол үндэсний гэр бол нүүдэлчин амьдрал эрхэлдэг малчин ард түмний хэрэглэхэд хамгийн хурдан хурааж ба босгох боломжтой, хөнгөхөн бөгөөд хялбархан зөөврийн орон сууц гэдгийн бараг хүн бүр мэддэг байх. Тал нутгийн хүчтэй шороо , цасан шуургыг даван тэсхэд хамгийн зөв хэлбэр бол дугуй хэлбэр юм. Хүйтэнд хурдан халдаг, халуунд хурдан хөрдөг гээд Монгол гэр бол манай газар зүй, цаг агаарын онцлогыг маш нарийн тооцож хийгдсэн, он цаг үеийн шалгуурыг давсан физикийн шинжлэх ухааны том бүтээл юм. Фэнг шүйн хувьд ч гэсэн монгол гэрийн энергийн эргэлт маш зөв хувиарлагдсан байдгийг төдийлөн хүн мэдэхгүй байх. Дөрвөлжин байшингийн булан тохойд муу энерги хуримтладдаг, тоос шороо, тортог цуглардаг асуудал монгол гэрт огт үгүй.Энэ бүгд дээр өөрийн цэвэр уран бүтээлч хүний хувийн бодлыг нэмэж хэлхэд хүнд хамгийн тав тухтай, эерэг санагддаг хэлбэр бол дугуй хэлбэр юм. Учир нь хүн гэдэг амьтны өчүүхэн амьдрал нь үүсэж, өсөж торнидог эхийн хэвлий нь дугуй хэлбэртэй, тийм болхоор гэрт амьдрах нь хүнд цаанаа л нэг их тохилог, тав тухтай санагдана. Нэгэн бяцхан нууцыг дэлгэхэд би ойрын үед зураг зурж эхэлсэн байгаа, тэгээд гэртэй холбоотой өмнөх санааг дүрслэнэ гэж бодож байгаа.
Б.Занданхүү /Хөх хот/