-Таны тухай судлах гэтэл “Алсын удирдлага” киноноос өөр сэдвээр ярилцлага өгч байгаагүй юм байна. Тэгэхээр анх яаж жүжигчин болсон тухай ярианаас эхэлье. -Багаасаа л урлагт хайртай, жүжигчин болохыг мөрөөддөг байсан. Сургуулийн урлагийн үзлэгт идэвхтэй оролцоно. Гэхдээ энэ мэргэжил надаас их хол санагдаж жүжигчин болно гэдэгтээ итгэлгүй байлаа. Соёл урлагийн их сургуульд шалгалт өгөхдөө их сүрдэж, хэцүү юм байна, тэнцээгүй байх, дүнгээ сонсохгүй ээ гэхэд ээж “Тэгвэл би очно” гэхээр нь аргагүйн эрхэнд дагаад явтал нэгдүгээр шатандаа тэнцсэн байсан. Тэгээд шалгалт өгөх бэлтгэлгүй, ямар үзүүлбэр үзүүлдгийг ч мэдэхгүй, хүүхдүүдээс асууж, гадаа бэлдэж байгаад орсон.
-Жүжигчин болно гэж зорьж байсан үе, болсны дараах мэдрэмж хэр зөрүүтэй байв?
-Хүүхэд байхдаа жүжигчид телевизээр гардаг, гоё хувцасладаг гээд зөвхөн сайхан талыг нь хардаг байж. Оюутан болоод шантарч, ажлын талбарт гарахад хэцүүг нь мэдрээд, би энэ мэргэжлээр тууштай ажиллах хүн үү, үр дүнг нь гаргаж чадах уу, өөртөө үнэнч байх уу гэдэг олон асуултад хариулах шаардлагатай болсон. Тэгээд ямар ч байсан хийх ёстой, үр дүн гартал тууштай ажиллана гэж шийдээд хичээсэн.
-Өмнө нь SBN телевизэд дуу оруулагчаар ажиллаж байсан юм билээ. Яагаад төгсөөд шууд мэргэжлээрээ ажиллаагүй, телевизэд орсон бэ?
-Оюутан байхад СУИС амьдрал юм шиг санагдаж, сургуулиа л төгсчихье гэж бодож байснаас биш, ажлын байрандаа анхаараагүй. Төгссөний дараа л хэн болох вэ, хаана ажиллах вэ гэж санаа зовсон. Санаандгүй тохиолдлоор SBN телевизийн Батзаяа ахтай тааралдахад кинонд дуу оруулах сонирхол байвал шалгуулаарай гэсэн. Дуу оруулахыг жүжигчин хүний хийж чадах ёстой зүйлийн нэг гэж бодоод дуртайяа шалгуулж, хоёр жил гаруй ажилласан. Цаашдаа дуу оруулах боломжтой, сайхан ажил байсан ч миний мэргэжил жүжигчин шүү дээ гэсэн бодол дотроос гижигдээд байсан. УДЭТ хүмүүсийг шууд ажилд авалгүй, студи ангидаа элсүүлж, нэг жил зургаан сар дагалдуулаад шалгаж авдаг юм. Театр студийн ангидаа элсэлт авч буйг дуулаад ажлаасаа гарч, шалгалтад бэлдсэн. Тэнцэнэ гэсэн итгэл байгаагүй ч шалгуулахгүй бол харамсана гэдгээ мэдэж байсан.
Анхандаа жүжигчдээс сүрдэж, хэзээ энэ мундаг хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллаж, жинхэнэ уран бүтээлч болох бол гэж их бодсон. Тэгээд өнгөрсөн нэгдүгээр сард жинхлээд, анхныхаа гол дүрийг авлаа.
-Театрын босгоор алхсаны дараа хамгийн их тус дэм болсон хүн хэн бэ?
-Шинээр орсон хүмүүс ахмад жүжигчдэд хадаг барьж, шавь ордог уламжлалтай. Би Г.Урнаа эгчтэй багш, шавийн барилдлагатай болсон. Ганцхан багш гэлтгүй манай жүжигчид бүгд л тусалж, зөвлөдөг.
-“Алсын удирдлага” киноны Ану өндрөөс, бас нөхөр нь хаяж явах вий гэж айдаг. Анугийн дүрд тоглохдоо юу бодож байв?
-Тэр кинонд тоглосондоо өөрийгөө азтайд тооцдог. Өндрөөс айх тухай өмнө бодож ч байгаагүй. Тэр бүсгүйн айдсыг өөртөө бий болгож, мэдрэх гэж их оролдсон. 14 хоног сургуулилж байж зураг авахуулсан болохоор хүндрэл гараагүй.
-Таны айдас юу вэ?
-Хамгийн том айдас бол ганцаардал. Өөрөө мэдэрч байгаагүй ч ганцаардал сүйрэл шиг санагддаг. Бодит айдас гэвэл харанхуй, гүнзгий нүх.
-Яагаад ганцаардлаас айдаг гэж. Заримдаа ганцаардал их зүйл бодох хугацаа өгдөг шиг санагддаг.
-Ганцаараа байхад тархи амраад сайхан. Харин би ганцаардлыг хэлсэн юм. Миний хэлж байгааг хүмүүс хүлээн зөвшөөрөхөө болиод, намайг ойлгохгүй, түм түчигнэж, бум бужигнаж байсан ч сэтгэлээрээ ганцаардахыг хэлсэн.
-Танд алсын удирдлага байсан бол юуг өөрчлөх вэ?
-Анхандаа дэггүйтээд янз бүрийн зүйл удирдах байх. Том өөрчлөлт хий гэвэл өнгөрсөн үедээ очмоор байна. Ямар ч санаа зовох, бодох зүйлгүй аав, ээждээ эрхэлж байсан үе надад хамгийн үнэ цэнэтэй. Найм, есөн настайдаа аавтайгаа хөдөө хөтлөлцөөд алхаж байсан үе санаанаас ер гардаггүй. Аав надад гоё зүйлийн талаар ярьж, том хүн шиг тоож байсанд нь их баярлаж билээ.
-УДЭТ-аас зарласан шилдэг дүрийн уралдаанд “Нора”-гаар оролцож гуравдугаар байранд орсон. Энэ жүжгийг сэргээн тоглох гэж байгааг дуулаад, сонгож оролцсон уу?
-Театрын архиваас жүжгийн зохиолууд уншиж, хэд хэдийг сонгоод байлаа. Уралдаанд Амгаланбаатар ах инээдмийн жүжиг сонгож, би хамтран тоглосон. Инээдмийн жүжигт тоглохоос гадна, драмын бүтээл үзүүлье гээд “Нора”-г сонгосон. Театрт дөнгөж орчихоод уралдаанд байр эзэлье, “Нора”-гийн гол дүрд тоглоё гэж бодоогүй. Зүгээр л хоосонгүй шүү гэдгээ харуулъя гэж шийдсэн. Хувь тавилангаараа, азаар гол дүрд тоглохоор боллоо.
-Энэ дүрд урьд нь Төрийн шагналт Н.Сувд тоглож байсан. Н.Сувд гуай юу гэж зөвлөв. Нора гэж яг хэн бэ?
-Сувд багшийн амилуулсан Нораг одоо хүртэл театрт ярьдаг, үзэгчид түүнээр төсөөлж байгаа. Над шиг залуу жүжигчинд олон бэрхшээл байгаа ч, даван туулахыг хичээж байна. Нора амьдралын хатуу хүтүүг үзээгүй, цагаан цайлган, бага залуудаа гэр бүл зохиосон бүсгүй. Нийгэмд байр суурь эзлэх нас нь болсон ч, сэтгэлзүйгээрээ хүүхдээрээ нэгэн. Өнгөцхөн харахад нөхөр нь түүнд хайртай юм шиг хэрнээ хэзээ ч үнэн сэтгэлээсээ хандаж байгаагүй. Амьдралаа хамгийн сайхан, өөрийгөө аз жаргалтай эмэгтэй гэж бодож байгаад хамгийн хайртай, итгэж найдаж, шүтдэг хүнээ санаанд оромгүй, танихгүй хүн шиг үйлдэл гаргахад Нора хүнд цохилтод орж, амьдралдаа том эргэлт хийж, нөхөр, хүүхдээ орхин явдаг.
Нэг харахад эмэгтэйчүүдийн эрхийн төлөө юм шиг боловч, нөгөө талаар аль ч нийгэмд байдаг амьдралын, гэр бүлийн жишээ. Өөрөөр хэлбэл, хүний мөн чанарын тухай өгүүлсэн жүжиг.
-Норагийн оронд байсан бол ямар шийдвэр гаргах вэ?
-Нора надаас тэс өөр хүн ч гэлээ ижил төстэй зан чанартайгаа ойртуулан бодож, түүнийг мэдрэхийг хичээсэн. Хүүхдээ орхиж явна гэдэг хэр баргийн эмэгтэйн гаргаж чадахааргүй том шийдвэр. Нора шиг байдалд орсон тохиолдолд ийм үйлдэл гаргаж магадгүй л юм. Жүжигт Нора эргэж ирэх, эсэх нь тодорхойгүй төгсдөг. Хэрвээ би байсан бол орхиод явна, гэхдээ эргэж очно.
-Гэр бүлийг тогтвортой, аз жаргалтай байлгахын тулд эмэгтэй хүн юу хийх ёстой вэ?
-Өнгөц харахад эрэгтэйчүүдийн нуруун дээр хамаг ачаа яваа юм шиг хэрнээ эмэгтэй хүний ухаан дээр амьдрал тогтдог. Залуус бие биенээ хүндлэхээ болиод аманд орсон хатуу үгээ чулуудалцаад байх юм. Ингэхээр ариун нандин харилцаанд ан цав гарч, хайр нь хөрдөг.
-Нүүдлийн соёлтой байсан үед эмэгтэйчүүд гэрийн ажил, эрчүүд гаднах хүнд хүчрийг хийдэг байсан. Энэ цаг үед ялгаагүй албан ажил хийдэг болсон хэрнээ, эмэгтэйчүүд гэрийн ажлыг нуруундаа үүрдэг. Үүнийг эмэгтэйчүүдийн үүрэг гэж боддог уу?
-Эрх тэгш үүрэгтэй байлаа гээд эрэгтэйчүүдийг том зүйл бодож чадахааргүй болтол нь гэр орны ажилтай хутгаж болохгүй. Нөхөртөө боломж, цаг хугацаа өгөх хэрэгтэй. Гэхдээ, би үүнийг, чи түүнийг хариуцаарай гээд анхнаасаа тохиролцвол дээр биш үү. Хэн хэндээ туслаад, хоёул ар гэрийн амьдралд оролцох ёстой.
-Ахмадууд “Та нар шиг залуу байсан бол…” гээд л ярьдаг. Хөгшрөхөөсөө өмнө юу амжуулмаар байна вэ?
-Хүмүүс энэ талаар их ярьдаг болохоор юу хийх вэ гэж боддог. Мөнгө хураагаад, хүүхдүүдээ боловсролтой сайн хүн болгож хүмүүжүүлнэ гэж зарим хүн хариулах байх. Би зүгээр л дуртай юмаа хийгээд, эрүүл энх, амьдралдаа сэтгэл хангалуун байвал аз жаргал гэж боддог. Зөнгөөрөө явалгүй, харамсахгүйн тулд одооноос зорилгоо тодорхойлж, түүнийхээ төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй. Би зүгээр нэг жүжигчин биш, чадварлаг нэгэн болохыг хүсэж байна. Тэгээд хөгшрөхөөрөө сэтгэл амар аялж зугаалаад, тайван амьдрахсан.
Б.Дөлгөөн