Аливаа улс үндэстэн бүр өөрийн уугуул хэв шинжийг хадгалж хамгаалахыг эрмэлзэж буй даяаршлын эрин үед Чингис хаан Үндэсний музейгээс санаачлан Монголчуудтай угсаа гарвал хэл, соёл, шашин шүтлэгийн хувьд ойр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад, Тува, Халимаг улсуудад амьдарч буй иргэдийн угсаатны онцлог хүчин зүйлсийг судлах зорилгоор “Монгол-Оросын иргэншил хоорондын харилцаа:түүхэн ба орчин үе” эрдэм шинжилгээний хэлэлцүүлгийг (2025.08.14) зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээр ШУА-ийн Түүх, угсаатан зүйн хүрээлэнгийн ЭШ-ний тэргүүлэх ажилтан, профессор Н.Хишигт “Монгол-Оросын иргэншил хоорондын харилцааны эхлэлийн тухайд”, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Пүрэвсүрэн “Орос-Монголын соёл иргэншлийн харилцаан дахь шинжлэх ухаан,соёлын хамтын ажиллагааны үүрэг”, ОХУ-ын ШУА-ийн Холбооны судалгааны Социологийн хүрээлэнгийн Соёл иргэншил ба харьцуулсан улс төр судалгааны төвийн тэргүүн, А.С.Железняков “Орос-Монголын харилцааг соёл иргэншлийн улс төрийн шинжлэх ухааны үүднээс авч үзэх нь”, Оросын ГХЯ-ны Москвагийн ОУДС-ийн профессор Т.Н.Литвинова “Бүгд Найрамдах Буриад Улс нь Орос, Монголын соёл иргэншил хоорондын хамтын ажиллагааны талбар болох тухайд” зэрэг сэдвүүдийн хүрээнд хоёр улсын 8 эрдэмтэн, судлаачид илтгэлээ хэлэлцүүллээ.
Энэ үеэр Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич C.Чулуун “Монгол-Оросын харилцаа 1240 он буюу XIII зуунаас, элчийн харилцаа XVII зуунд эхэлсэн. Анх удаа 1616 онд Оросууд элчээ одоогийн Монгол улсын газар нутаг руу илгээж Хятадуудтай уулзсан. XX зууны эхэн буюу 1911 оны хувьсгалын үед хамгийн ихээр оролцсон. 1921 оноос хойш 70 гаруй жил, хоёр улсын харилцааны асуудал гэж үзэхэд сүүлийн 400 орчим жилийн турш Умард хөрштэйгөө харилцсаар ирсэн. Энэ харилцаа нь улс төр, эдийн засгийн,соёл иргэншил буюу соёлын харилцаа байна. Бид харилцаагаа голдуу улс төр, эдийн засаг, ахуйн харилцаагаар хардаг байсан. Өнөөдрийн хэлэлцүүлгээр соёл, иргэншил хоорондын харилцаанд ямар хүчин зүйл нөлөөлж буйг хэлэлцэж байна. Хоёр улсын харилцааны гол хүчин зүйл болж буй Монгол хэлтэн төв нь Буриад, Тува, Халимаг улсууд. XVII зуунаас эхэлсэн харилцаанд монгол угсаатны бүлгэмүүдийн оролцоо, Монголчуудад ямар нөлөө үзүүлснийг бодитоор хэлэлцэж байна. Энэ харилцаа нь ЕвроАзийн соёл иргэншлийн харилцааны гол жишээ тэр дундаа Монгол улс Оросын бүс нутгийн харилцаанд том нөлөөг үзүүлсэн. Орос улсад Алтан Ордны улс 200 гаруй жил нөлөөгөө үзүүлснийг Оросын түүх бичлэгт саяхныг хүртэл Монголын байлдан дагуулал, түрэмгийлэл гэж үздэг байсан бол өнөөдөр түүхчдийн хандлага өөрчлөгдөж, Монголчууд бүс нутагт соёл иргэншлийн цоо шинэ дорно дахины давалгааг авчирсан гэж Монголын түүхийг өөрөөр харж бичих болсон. ЕвроАзийн соёл иргэншлийн тойрогт цөм нь Монгол. Монголын Алтан Орд улс Оросын газар нутагт оршин тогтнож байхдаа Орос орныг Өрнө дахинтай холбосон. Монголчуудын нөлөө хожмын Орос улсыг бүрэлдэхэд томоохон үүрэг гүйцэтгэснийг хүлээн зөвшөөрч байгаа.XX зуунд Монголчуудыг өрнө дахинтай харилцахад Оросын нөлөө үүргээ гүйцэтгэж, Монголчууд өрнийн соёлыг хүртэх боломжийг олгосон.Өрнийн шинжлэх ухааныг Орос орноор дамжуулж хүртсэн гэдгийг мартаж болохгүй” гэлээ.
Мөн ОХУ-ын ШУА-ийн Холбооны судалгааны Социологийн хүрээлэнгийн Соёл иргэншил ба харьцуулсан улс төр судалгааны төвийн тэргүүн А.С.Железняков Иргэншил хоорондын харилцаа маш чухал учраас цаг үеэ олсон хэлэлцүүлэг болж байна. Монгол, Орос, Хятад гурван том орныг төв Евро Ази гэж нэрлэдэг. Үүн дотор хүмүүс, улс хоорондын харилцааг соёл иргэншлийн улс төрийн шинжлэх ухааны шинэ чиглэл нь маргаантай хэцүү асуудал хэдий ч ирээдүйтэй. Миний бодлоор соёл иргэншлийн улс төрийн шинжлэх ухааны шинэ чиглэлийг эхлүүлэхэд Монголын ШУА-ийн үе үеийн ерөнхийлөгч асан Б.Чадраа, Б.Энхтүвшин, Г.Чулуунбаатар нарын оролцоо Монголын түүхийг судлахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн” гэдгийг хэлж байлаа.
Тус хэлэлцүүлэгт Монголын талаас Чингис хаан Үндэсний музейн захирал, академич C.Чулуун, ШУА-ийн Түүх, угсаатан зүйн хүрээлэнгийн ЭШ-ний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Н.Хишигт,ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Пүрэвсүрэн, музейн Судалгаа, сан хөмрөгийн төвийн эрхлэгч Г.Бямбарагчаа, гадаад харилцаа хариуцсан менежер А.Мандирмаа, Оросын талаас ОХУ-ын ШУА-ийн Холбооны судалгааны социологийн төвийн Социологийн хүрээлэнгийн Соёл иргэншил ба харьцуулсан улс төр судалгааны төвийн тэргүүн, А.С.Железняков, Оросын ГХЯ-ны Москвагийн ОУДС-ийн профессор Т.Н.Литвинова, ОХУ-ын ШУА-ийн Холбооны судалгааны социологийн төвийн Социологийн хүрээлэнгийн Соёл иргэншил ба харьцуулсан улс төр судалгааны төвийн эрдэмтэн нарийн бичиг С.В.Никифоров, ОХУ-аас Монголд суугаа ЭСЯ-ны атташе,түүхийн ухааны доктор Б.Х.Кушхов, Оросын ГХЯ-ны Москвагийн ОУ-ын дээд сургуулийн багш О.А.Кочеткова нар оролцов.







