Балетыг гоо сайхан, төгс төгөлдрийн илэрхийлэл гэдэг. Сонгодог урлагийн хаан-балетыг монголчууд ойлгож, сонирхох нь их болсон. Эцэг, эхчүүд ч хүүхэддээ багаас нь балет, төгөлдөр хуур зэрэг сонгодог урлагийн боловсрол олгоход нилээдгүй анхаардаг болсон билээ. Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч Б.Энхтуултай уулзаж ярилцлаа.
-Таныг манайд байдаг мэргэжлийн цөөхөн хэдэн балетчдын нэг гэж сонссон. Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Баттөмөрийн Энхтуул гэдэг. Би 1996 онд ОХУ-ын Пермь хотын балетын сургуулийг төгссөн. Тэнд мэргэжлийн балетын бүжигчнээр найман жил сурсан. Сургуулиа төгсөж ирээд л Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт ажиллаж байна. Дуурь бүжгийн эрдмийн театрын бүжигчин.
-Гадаадад мэргэжлийн балетын бүжигчинг багаас нь бэлтгэдэг. Манайд ямархуу байдаг юм бол?
-Тийм ээ. Мэргэжлийн балетын бүжигчдийг багаас нь сургаж бэлтгэх ёстой. Дөрвөн наснаас нь эхлэн хувийн балетын сургалтад хамруулж, суурийг нь бага багаар тавьж байгаад 10-12 настайд нь мэргэжлийн сургуульд оруулдаг. Манай Хөгжим бүжгийн коллеж 12 настайд нь хүүхдүүдээ элсүүлдэг. Балет өөрөө маш нарийн мэргэжил. Бусад бүжгийн төрлөөс олон талаараа ялгаатай. Учир нь балет бие бялдрын төгс чанарыг шаарддаг юм. Хамгийн хэцүү нь гэвэл, хүссэн хүн бүхэн тэнцээд байдаггүй.
-Балет бол хүнд, хэцүү урлаг гэсэн ойлголт байдаг л даа. Балетын гоё сайхан нь юундаа байдаг вэ?
-Мэдээж сонгодог урлаг амар байна гэж байхгүй. Бух урлаг төгс төгөлдөр, гоо сайхны шаардлага тавьдаг шүү дээ. Бид үүнд тэмүүлэхийн тулд байнгын бэлтгэл сургуулилт хийдэг. Балет өөрөө тайзан дээр тоглогддогоороо онцлогтой. Тиймээс байнга “амьд” тоглолт хийдэг гэсэн үг. Тоглолт бүр дээр төгс сайхан байхын тулд бүжигчин бэлтгэл сургуулилтыг тогтмол сайн хийх хэрэгтэй болдог. Хамаг хүнд хэцүү, дасгал сургуулилт нь бэлтгэлийн танхимд явагддаг юм. Гэхдээ мэргэжилдээ дуртай болохоор тийм хүнд хэцүү санагддаггуй. Харин дасгал сургуулилт хийхгуй удвал бие хөшөөд хэцүү байдаг.
-Балетын эмэгтэй бүжигчдийн хувьд жингээ барих, хүүхэд төрүүлэх зэрэгт онцгойлон шаардлага тавьдаг уу?
-Бүжигчин хүний хувьд хэдхэн зуун гр нэмэхэд л мэдэгдээд, өөр болоод явчихдаг. Мэдээж гоолиг сайхан бие дээр л бүжгийн уран хөдөлгөөн, өгүүлэмж тод сайхан харагдана. Тиймээс байнга хяналт тавьж байхгүй бол болдоггүй. Харин хүүхэд төрүүлэх тухайд бол ямар нэг хязгаарлалт тавихаа больсон. Хувь хүний зохион байгуулалт их чухал.
-Урлаг, спортын хүмүүс эрт тэтгэвэрт гардаг. Балетын бүжигчид хэдэн насандаа тэтгэвэрт гардаг вэ?
-Бид 20 жил ажиллаад тэтгэвэртээ гардаг. Тодорxой насанд хүрээд хурд, хүч саараад эхэлдэг юм. Гэхдээ мэргэжлээ үнэхээр сайн эзэмшсэн хүмүүс байлгүй яаxав. Тэд 20 жил бүжиглэсэн ч үргэлжлүүлэн бүжиглэсээр байдаг.
-Балетаараа дэлхийд гайхагддаг улс бол яах аргагүй Орос. Одоо ч хэвээрээ юу?
-Тийм ээ. Гэхдээ бүх юм хөгжиж байгаатай зэрэгцэн сонгодог урлаг ч дэлхий даяар жигдхэн хөгжиж байна. Одоо тэр, энэ улс гэхээсээ тэр театрын бүжигчид л гэж ярьдаг болсон.
-Одоо гадаадад балетаар сурч байгаа монгол хүүхдүүд байна уу. Монголчууд Вагановын/Ваганова/ балетын их сургууль руу их явдаг байсныг санаж байна…?
-Тийм ээ, Ленинградын (одоогийн Санкт-Петербург) Вагановын балетын сургуулийг манай олон залуус суралцаж төгссөн. Одоо Вагановын нэрэмжит Оросын балетын академи гэдэг болсон. Тэд одоо ч Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт бүжиглэж байна. Эдүгээ Пермь хотын балетын сургуульд Монголын 12 хүүхэд суралцаж байна. Тэд дөрөв дэх жилдээ суралцаж байгаа. Би 1996 онд төгссөн. Түүнээс хойш хэдэн жил тасарч байгаад 2009 онд монгол хүүхдүүд тийшээ явсан даа.
-Та саяхан балетын бүжгийн сургууль нээсэн гэсэн. Энэ төрлийн сургууль цөөнгүй байх шиг байдаг. Сургуулийнхаа талаар сонирхуулаач?
-Би анх сургуулиа 2007 онд байгуулсан. Харамсалтай нь ажлын хажуугаар амжихгүй учир түр завсарлаад байсан юм. Сонгодог урлагийг үздэг, сонирхдог, түүний бүх сайхан зүйлийг нь мэдэрдэг бүжигчин, суралцагч, үзэгчдийг бэлтгэх нь миний зорилго. Балетаар хичээллэж байгаа төдийгүй балет үзэж байгаа хүмүүс хүртэл нуруу, бие нь тэгшрээд сайхан болоод ирдэг. Хүүхдээ багаас нь сонгодог урлагт дасгаж, үзүүлж, хичээллүүлснээр хүүхдийн хүмүүжил төлөвшилд эерэгээр нөлөөлдөг. Манай сургуульд балет төдийгүй төгөлдөр хуур, уран зураг, калиграф зэрэг сонгодог урлагийн хэд хэдэн төрлөөр сургалт явуулж байна.
Бүх насныхан танайд хандаж болох уу?
-Дөрвөн наснаас эхлээд хамрагдаж болно. Томчуудын хувьд насны хязгаар байхгүй. Балетаар хичээллэх хүсэлтэй хүн бүхэн манайд ирж болно. Манай сургууль балетын таван багштай. Хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулж цогц сургалт явуулж байна. Бид City Ballet сургуулиа Шинэ Дөл хотхонд нээсэн. Шинэхэн, тохилог орчинд хүүхдүүдээ хүлээн авч байна. Сонирхсон хүмүүс 99030419, 99146300 дугаарын утсаар холбогдож болно.
-Миний хүүхэд хэдий хугацааны дараа балетчин шиг гоё бие бялдартай болох бол гэж эцэг эхчүүд сонирхдог … ?
-Тийм ээ. Ингэж асуух хүмүүс олон байдаг. Балетын үндсэн дасгалууд нь бүжиглэх суурийг нь тавьж өгдөг. Хичээлд яваад нэг сарын дотор л мэдэгдэхүйц өөрчлөлт гарна. Тиймээс эхнээс нь сууриа зөв тавьбал үр дүн нь бие бялдар дээр богино хугацаанд мэдрэгддэг юм.
-Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт ням гариг бүр тоглолттой байдаг. Монголчууд балет, сонгодог урлагийг аль хэр сонирхож, ойлгож байна вэ? Таны бодлыг сонирхоё.
-Нэг үеэ бодвол балетыг харьцангуй их үздэг болсон. Тоглолттой өдрүүдэд кассан дээр тасалбар дуусчихдаг. Ер нь хүмүүс ойлгож, сонирхож эхэлж байгаа нь харагддаг. Хүмүүс харьцангуй өөрийгөө боловсруулж, хөгжүүлэхийг хичээдэг болж. Ер нь өөрийгөө хүндэлж, үнэлдэг хүн сонгодог урлагийг үзэж, сонирхож, ойлгодог. Нөгөө талаар, Монголын сонгодог урлаг, балетын хөгжил олон улсын хэмжээнд явж байгааг хэлмээр байна. Гадаад улс орнуудад тоглогдож байгаа бүхий л балетыг манайд тавьж байна. Гол дутагдалтай тал нь хүн, хүч багатай. Хөгжим бүжгийн коллеж балетын ангидаа элсэлт авдаг ч жил бүхэн төгсөлт хийдэггүй. Хоёр, гурван жилд нэг удаа төгсөлт хийдэг юм. Сурах хугацааны хувьд ОХУ-д найман жил байдаг бол манайд зургаан жил. Одоогийн байдлаар манайд мэргэжлийн балетын бүжигчин гэхэд 30 орчим л байна.
Ярилцсан О.ГЭРЭЛНЯМ