Үс бол хүн төрөлхтний түүхэнд нийгмийн анги давхарга, шашин соёлыг илэрхийлэх гол хэмжигдэхүүн байсан бөгөөд үстэй холбоотой сонирхолтой баримтууд цөөнгүй ажээ.
Хүний биеийг бүрхэж байдаг 5 сая орчим үсний уутанцар байдаг бөгөөд эртний Египетэд биеийнхээ аль нэг хэсгийн үсийг хусах явдал анх дэлгэрсэн байдаг бол ОХУ-ын Петер хаан 1705 онд сахалнаас татвар авах болсон байдаг байна. Энэ мэтчилэн гол төлөв толгойн үстэй холбоотой дараах бичил баримтуудаас толилуулж байгааг хүлээн авна уу.
Та бидний үс өдөрт 0.3 мм – 0.5 мм ургаж байдаг бөгөөд хүнд дунджаар 100.000 – 150.000 үс бий.
Ази хүмүүсийн үс нь өнгөт арьст болон бусад тивийн хүмүүсийн үсийг бодвол хурдан ургахаас гадна торгомсог, уян хатан байдаг.
Үсний урт ба богиноос хамаарч жин нь харилцан адилгүй байх бөгөөд хуйх нь дунджаар 5 гр – 200 гр үсийг дааж байдаг гэнэ.
Хүний нэг ширхэг үс нь 14 элементээс бүрдэл болох ба үүнд алтны хольц ч байхаас гадна нэг ширхэг үс нь 100 гр ачааг дийлэх чадвартай байдаг бөгөөд толгойн үс нь бүхэлдээ хоёр зааныг дийлэх хүчтэй буюу 12 тн ачааг даах боломжтой ажээ.
Судалгаагаар шаргал үстэй бүсгүйчүүдийн эстроген дааврын түвшин бусад эмэгтэйчүүдтэй харьцуулахад харьцангуй өдөр байдаг нь тогтоогдсон бөгөөд хар үстэй бүсгүйчүүдээс илүү залуу сэтгэлгээтэй байдаг гэнэ. Түүнчлэн шаргал үстэй хүмүүсийн үс 130.000 – 146.000 ширхэг байдаг нь бусад төрлийн үстэй хүмүүсийнхээс харьцангуй их үстэйд тооцогддог байна.
Шаргал үс бол түүхэн дэх үсний хамгийн онцлох төрөл бөгөөд эртний Грект биеэ үнэлэгч бүсгүйчүүдийн үс шаргал байдаг байсан бол эртний Ромд үсээ шаргал өнгөтэй болгохын тулд тагтааны сангасаар буддаг байжээ. Харин сэргэн мандалтын үеийн Венец хотын бүсгүйчүүд үсээ шаргал болгохын тулд адууны шээсийг ашигладаг байсан гэдэг.
Английн хатан хаан Виктория (1819 – 1901) бол түүхэн дэх хамгийн их шуугиан дэгдээсэн эрх баригчдын нэг билээ. Түүний үед Их Британид санаанд багтамгүй маш олон үйл явдал өрнөж байсны нэг илрэл бол бүсгүйчүүд нь нас барсан хайртай хүнийхээ үсээр гоёл чимэглэлийн зүйлс хийлгэж эдэлж хэрэглэдэг байсан явдал юм. Энэ нь анхандаа хайртай хүнээ санан дурсах сэдлээр өрнөж эхэлсэн сэтгэлийн чанартай үйлдэл байсан ч хожим хувь хүний имижийг илэрхийлэх хувцас загвар, гоо сайхны мода, хувь хүнийг үнэлэх үнэ цэнийн ойлголт болж иржээ.
“Procter & Gamble” компаниас гаргадаг үс арчилгааны “Clairol” брэндээс явуулсан судалгаагаар хүмүүсийг үснийх нь өнгөөр ийнхүү шинжиж болдгийг тогтоожээ. Шаргал үстэй хүмүүс хөгжилтэй, сээтэгнүүр нэгэн байдаг бол хар үстэй бүсгүйчүүд ухаалаг, бодолтой хүмүүс байдаг. Харин улаан үстэй эмэгтэйчүүд хүчирхэг, эрч хүчтэй хүмүүс байдаг гэжээ.
Бүсгүйчүүд долоо хоногт 1 цаг 53 минутыг үсээ угаах болон хатааж янзлахад зарцуулдаг бөгөөд 65 настайдаа амьдралынхаа 7 сар гаруй хугацааг үсээ арчлахад зориулсан байдаг байна.
Хүний үсийг санаанд багтамгүй маш олон зүйлд ашигласан тохиолдлууд байдаг. Үүний нэг бол үс нь газрын тосыг шингээж авдаг байгалийн парлон болдог гэнэ. Энэхүү санааг Алабамагийн үсчин Филлип МакКрори санаачилжээ. Түүний хэлснээр хүмүүсийн тайралт хийж засуулсан үсийг хаягдал болгож газарт булахын оронд шилэн триконд бөөгнөрүүлж цуглуулснаар далай тэнгисийн усыг ихээр бохирдуулаад байгаа газрын тосыг шүүж авах нь хамгийн үр дүнтэй юм. Шингээж авсныхаа дараагаар үүнийгээ түлш болгон хувиргах бүрэн боломжтой гэж үзжээ.
Энэхүү санаагаа тэрээр 1989 онд Аляскийн нутагт их хэмжээгээр асгарсан газрын тостой холбоотой дуулиант явдлыг зурагтаар харж байхдаа бодож олсон ба усны минжний үсэнд газрын тос шингэж тэрээр амьд үлдсэнийг хараад ийнхүү сэдсэн юм байна. 2007 онд Сан Францискогийн эрэгт газрын тос их хэмжээгээр асгарсныг МакКроригийн бодож олсон хүний үсээр хийсэн шингээгчийн тусламжтайгаар шүүн цэвэрлэсэн байна. Түүний үзэж байгаагаар 11.340 кг орчин хүний хаягдал үсээр 170.000 галлон газрын тосыг шингээн авч цэвэрлэх боломжтой гэнэ.
Үсний шампунийг анх XIX зууны үед Их Британичууд хэрэглэж эхэлсэн бөгөөд Английн стилистүүд саванг буцалгаад төрөл бүрийн ургамалтай хольж хэрэглэдэг байсан нь үсийг гялалзсан, гоё үнэртэй болгодог байжээ. “Shampoo” гэдэг үг нь Энэтхэгийн “champo” гэдэг үгнээс гаралтай ба энэ нь түрхэх, нялах, массаж хийх гэсэн утгатай үг байжээ.
Ингээд эрүүл гялалзсан үстэй байхын тулд гоо сайхны мэргэжилтнүүд ийнхүү зөвлөснийг хуваалцахад хүнсэндээ эрүүл үстэй байхын тулд хүнсэндээ навчит ногоон ургамал, өндөг, амин дэм D ба C, А, Е болон төмрөөр баялаг хүнс, элэг, лууван, төрөл бүрийн самар, загасны мах, амтат улаан чинжүү зэргийг түгээмэл хэрэглэх хэрэгтэй ба сексийн тухай бодолд автаж, секс хүсэлд автах нь үсийг хурдан ургуулдаг байна
www.URLAG.mn