Би төөрчээ. Шөнө дунд өнгөрлөө. Хөө шиг тас хар үүл огторгуйг бин битүүлж авмагц, унаж яваа морины чих үзэгдэхээ болив. Яг л өрх нь бүтээлэгтэй гэр гэсэн үг. Өдөрхөн нарны илчинд улайсаж байсан хад цохионы хөлс хамар шархиртал сэнгэнэх агаад харанхуйн мухраас шар шувууны ёозгүй авиа хад цохио дамжин бүдэгхэн цуурайтах нь дотор агзагануулам хүйтэн.
Би төөрчээ. Жолоо хумьж зогсоод чимээ анирдлаа. Өөд газар миний зовлогыг тээж, зүтгэсэн хар морь минь басхүү анир чагнаархаж, түхэлзсэн амьсгаагаа дарж ядахад түүний зүрхний цохилтоос өөр чимээ энэ их түнэр орчлонд сонсогдохгүй. “Хар морь минь харанхуйд үзэгдэхгүй байгаа нь юун сайн бэ" гэж би олзуурхаад "Хэрэв цагаан морио унаж явсан бол өдийд намайг буудчихсан даа" гэж бодох агшинд янжуурын утаа ханхийв. Хээрийн агаарт тамхины үнэр содон ажээ.
Чингэтэл толгой дээр нижигнэсэн аймшигт нүргээн тэсэрч, уул хад нурлаа. Хар морь балтасхийж, би өөрийн мэдэлгүй ташуураа чанга атгажээ. Их нуралтын чимээ шуугиан асар хурднаар уулын бэл рүү талийх нь уулын оргилын хад цохио нурж, хавцлын уруу өнхрөлдөн миний явах замыг бөглөв бололтой. Ойж дэгдэх аварга том бул цохионууд мөр дээрээ таарсан байц цохиог бут мөргөж, гал оч гялалзуулахыг морь бид хоёр удтал дагуулан тандсаар нүргээн сая намдмагц, хурааж түгжсэн амьсгалаа сэмээрхэн гадагшлуулав. Тэгээд дахин хад цохио нурах болов уу? Ер юу эс болдог бол?…хэмээн эзэн морь хоёр оволзсон зүрхээ дарж ядан хүлээв. Дахин ямар ч авиа гарсангүй. Би мориныхоо нурууг амраахаар буулаа. Энэ балар ертөнцийн ганц чимээ шар шувууны хүүглэх чимээ ч "унтарчээ". Цааш явах уу, яахав? … Мориноосоо асуухгуй бол би өөр хэнтэйгээ зөвшилцөх билээ. Мориноосоо асуух юу байхав, түүнийхээ янз байрыг шинжихэд л андашгүйсэн. Гэтэл даанч тэр минь хөө шиг харанхуйд үзэгдсэнгүй. Соотон хоёр чих нь одоо юу, эзэндээ сануулж, солбин хайчилж байгаа бол?…Урагш ахих уу, болих уу? гэдгийг төгрөг хар нүдэнд чинь заагаад өгөх өчүүхэн оч уг нь гялалзаж л байгаасан. Нүхээ бөглөөд ичсэн тарвага л ийм сохор балар амьдардаг биз! Уул хадны үнэр хамрын үзүүрт ханхлах нь хачин. Би гар сунган ийш тийш тэмтэрлээ. Юу ч тааралдсангүй. Мориныхоо дэл, чих, толгойг илбэлээ. Хилэн хар минь усанд нивширсэн эсгий шиг нойтон байна. Ер нь л богшиж сульдсан янзтай. Айдас хүйдсийн сохор харанхуйд ганц бараа бологч унаа минь айж жийрхсэндээ над руу ханьсаж, үе үе сортолзож буй янзтай. Yзэгдэх юм даанч алга. Би зөвхөн таамаглаж сууна.
Тэгтэл гэнэт салхи сүрхийн нөөлөг цохилоо. Морь үргэн ухасхийснээ эзнээ өмөөрч, давшлав. Морио тайвшруулахаар магнайгий нь илбэвэл тэр ямар нэгэн юмнаас айсандаа хамаг бие нь бөмбөртөл чичирч, хамартаа өртсөн муу зүгийн үнэрээс жигшин хурхирлаа. Пад харанхуйд дэргэд юу байгааг баримжаалах нөхцөл алга. Дэмий л гараа сунгаж, болгоомжтой тэмтэрлээ.
Чингэтэл юу болсон гэж санана .., Эхлээд би цочирдсондоо бал туссан байх. Миний гарын үзүүрт нэг зөөлхөн юм тааралдсан, Сэхээ аваад тунгаавал хүний нүцгэн биед хүрсэн санагдана. Хөлөрсөн мориныхоо биеийг тэмтрэв үү? гээд дахин лавлаж бузгай үзсэн. Тэгтэл хүний нүцгэн бие мөн байсан. Бүр шав шалдан, зөөлхөн бөгөөд цэв хүйтэн, бас тэгээд эмэгтэй хүний бие шиг санагдсан. Дахин тэмтрэх зориг хүрээгүй.
Морь минь ч намайг нэг юмнаас хамгаалан тойрч цамнаснаа, хамраа тачигнуулан самарч, тангарч дайрав. Ухаанаа дайчлан сэргэвэл янжуурын утаа сэнгэнэж байна. Чингэтэл чихэнд хэн нэгний бүлээн амьсгаа хэржигнээд ирлээ. Түүний хамт архины эхүүн үнэр ханхийв. Энэ агшинд морь чарлаж, нэгэн зүйлийг тас няс буутал тангарлаа. Би яаснаа ч ухаарсангүй, нэг мэдэхнээ мориндоо үсрэн морджээ. Намайг мордмогц морь маань нэгэн зүг шуухиран харайлгав.
Гэтэл араас маш их амьсгаатай нэг юм элдэж гарав бололтой. Морь минь хар хурдаараа зугтлаа. Аль зүгийг барьж, энэ их хавцал хясаан дундуур зугтаж буйгаа баримжаалах сүйхээ надад байсангүй. "Хань минь, ажнай минь зугтах замаа мэдтүгэй" хэмээгээд би жолоогоо сулруулав. Нөгөө их уухилсан амьсгаа морины сүүлэнд хүрэн алдаж, хүрэн алдаж байна уу гэлтэй, нэхэн хөөх нь тов тодорхой. Хар морины туурайнд хад чулуу тачигнаж, том том асга өнхрөлдөн, ян элгэн цохио руу хөх гал маналзуулан сүртэйеэ асгарч байна. Би мориныхоо салхинд хийсчихгүйг чармайж, дэлэнд нүүрээ наагаад бурханд залбирлаа. Араас аахилан хөөх бөөн амьсгаа нэг бүдгэрч, нэг тодорхой байх шиг. "Хүлэг минь, эзнээ аврав. Гомбогүр минь, ажнай хүлэг минь хурд хайрла" гэж би наминчилж явлаа
Хэдий болсныг бүү мэд. Хар морь улам дүүлж байна. Хойноос элдэх их амьсгаа бүдгэрч, харин түүний оронд нэгэн радио шивэгнэлээ. Нөгөө радио "Их долоогийн уулзалтаар зах зээлд эргэлт буцалтгүй орсон Орос улсад үзүүлэх тусламжийг нэмэх талаар ямар ч ахиц гарсангүй" гэж нэвтрүүлж байна.
Радиогийн шивэгнээ миний хилэн харын хурдыг гүйцэлгүй, тэртээ хойно чимээ тасрахад нөгөө нэхэн хөөгч аймшигт амьсгаа ч сонсогдохоо болилоо.
Хар морь минь цойлсоор…Нэг мэдэхнээ харын минь чих үзэгдэж эхлэв. Хүлэг маань хоёр чихээ хулмайлган дүүлэх ажээ. Төдөлгүй үүрийн гэгээ шаргалтлаа. Газрын баримжаа мэдэгдэж эхлэв. Хар морь цочирдсондоо амаа тугтран хурдалсаар нэгэн ухаа давтал, манай гэр харагдлаа. Төөрч будилсан эзнээ түмэн эх минь ийнхүү төрсөн нутаг ус, орон гэрт нь авчирч буй юмсанж.
Эхнэр маань өрхөө татаж явна. Хүү минь уургаа суналзуулан адуу цуглуулахаар давхиж явна. Охин минь хувин бариад үхрийн зэл рүү алхаж харагдана. Ногоон хөндийг алдлан хонин сүрэг бэлчлээ. Манай гэрээс сүлд дуулал эгшиглэв.
Еох … Yхээрийн тэр балар ангал ер нь юу байв аа?… Лав л зүүд байгаагүй юмдаг.
Хашаат. Архудагийн өвөлжөө. 1993
ЦЭНДИЙН ДОРЖГОТОВ
Ц.Доржготов 1940 онд Архангайн Хашаатад төржээ. Луу жилтэй, бага, дунд сургууль, Москва хотын хэвлэлийн дээд сургууль дүүргэсэн. Шог хошин зохиолын ''Дусал инээд", "Мөнхийн ус", "Бор морь", "Будааны хүүхэд", “Хүүхнүүдийн дунд ганцаараа", "Бодлын хулгай", "Ярьдаг дэвтэр”, "Шог зохиолч тэнэг байдаг". “Туулайн зүрхтэн”. "Бурхны ходоод лонх биш", "Хамба дээлт буюу дэлхий даахгүй баян" зэрэг ном мөн "Шим мандал' "Тэнгэр дуугарахын өмнө". "Yр удам танаа" роман тууж " Нарт өндөр" боть хэвлүүлж. “Тойрох хуудас” кино. "Шуурга” жүжиг бичиж. олны хүртээл болгосон байна.
Доржготов 1975 онд олон улсын шог хошин зохиолын "Алеко" уралдааны "Мөнгөн зараа” шагналыг монголоос хүртсэн анхны зохиолч. 1990 онд Д.Нацагдоржийн шагнал түүнд олгосон.
www.URLAG.mn