УДЭТ-ын уран бүтээлчид бэсрэг жүжгийн төсөл хэрэгжүүлэн үзэгчдийн хүртээл болгож байгаа билээ. Төслийн хүрээнд Америкийн зохиолч Люсиль Флетчерийн "Уучлаарай, та дугаар андуурч” жүжиг энэ сарын 30-нд үзэгчдийн хүртээл болох аж. Уг жүжгийг найруулагч Ч.Түвшин дэглэж тайзнаа амилуулж байгаа юм. Соёлын тэргүүний ажилтан найруулагч Ч.Түвшинтэй жүжгийнх нь талаар ярилцсанаа хүргэе.
-УДЭТ-ын долоон найруулагч, долоон өөр жүжгээр үзэгчдэдээ бэлэг барихаар болсон. Таны хувьд Амеркийн зохиолч Люсиль Флетчерийн "Уучлаарай, та дугаар андуурч” жүжгийг сонгожээ. Чухам яагаад энэ жүжгийг сонгон найруулах болов?
-Жүжгийн зохиолоо сонгохын өмнө зохиолчийг нь судалсан. Люсиль Флетчер нь Америкийн тайз, дэлгэц, радио телевизийн уран бүтээлд их зүйл хийсэн цөөхөн эмэгтэй зохиолчдын нэг байсан. Нэг үгээр хэлбэл, Америкийн урлагийг хөгжихөд ихээхэн нөлөө үзүүлсэн уран бүтээлч байсан юм. Мөн түүний зохиолын онцлог нь миний сэтгэлдээ тээж явдаг эмзэглэлийг хөндсөн. Тухайлбал, эмэгтэй хүний эрх ашгийг хамгаалах, нийгмийн аль ч анги давхаргад байдаг хүчирхийллийг тусгаж өгсөн нь надад их таалагдсан. Хүн амьдралаас эрх чөлөөг олж авч байж, ололт, амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг мэдэрдэг. Гэтэл үүнийг хүмүүс харсан ч хараагүй юм шиг, анзаарсан ч анзаараагүй өнгөрч, байдаг л зүйл мэтээр хүлээн авч байгаад би маш их эмзэглэж явдаг. Энэ бүхэн уг зохиолыг сонгоход хүргэсэн гэж хэлж болно. Би энэ жүжгээрээ хүмүүст эргэцүүлэл, ухаарал хайрламаар байна.
-Жүжгийн дүрүүдээ хэрхэн сонгосон бэ?
-Ер нь долоон найруулагчийн жүжиг болгон өөр, өөрийн гэсэн өгүүлэх зүйлтэй, харуулахыг зорьсон утгатай. Миний энэ зохиол ч өөрийн гэсэн онцлогтой. Төрөл, агуулга, дүрийн хувьд үзэгчдээр дамжуулан нийгэмд хүргэх гэсэн үүрэг, зорилго нь хүртэл тэс ондоо. Би жүжигтээ долоон залуу жүжигчин сонгон тоглуулж байгаа. Үүний учир нь хүн гэдэг амьтан шинийг байнга эрэлхийлж, тэр шинэ зүйлээс суралцаж байдаг. Урлагийн сургууль төгссөн шинэ залуу уран бүтээлчидтэй хамтарч байна. Энэ зохиол өнөөдрийн нийгэмд далд юм шиг хэрнээ ил байгаа хүчирхийллийг залуу хүмүүс арай өөрөөр харах болов уу гэсэн үүднээс жүжигчдээ сонгосон. Мөн уран бүтээлч хүний хувьд шинэ дүр төрхийг гаргах, сүүлийн үед манай үзэгчид урлагийг арай өөрөөр хүлээж авдаг болсон. Энэ бүгдээс үүдэн дүрүүддээ залуу уран бүтээлчдийг сонгосон. Жүжгийн гол дүрд Одгэрэл, Тодгэрэл нар тоглохоор болсон. Мөн гол дүрээс дутахааргүй таван дүр байгаа. Хүн заавал том, аугаа зүйлээс аливааг сурах биш залуу хүнээс сурах ч юм байгаа гэж би боддог. Ер нь бол хамтарч ажиллаад харилцан бие биенээсээ суралцах нь чухал.
-Та өмнө нь хэд хэдэн хүүхдийн жүжгийг найруулж тайзнаа амилуулж байсан. Харин энэ удаад айдас төрүүлэм, эмзэглэл тээсэн, эмгэнэлтэй арай өөр өнгө аястай жүжиг найруулан үзэгчдэд хүргэх гэж байна?
-Би театрт хийх ёстой зүйлээ хийж байгаа гэж боддог. Учир нь би энэ театрын үндсэн "бүтээгдэхүүн”. Театрын урын санд ямар бүтээл хэрэгтэй байгаа, үзэгчид юу хүсч хүлээх зэргийг олж хараад түүнийгээ бүтээгдэхүүн болгож гаргаж ирэх нь чухал. Энэ хугацаанд хүүхдийн, инээдмийн олон жүжиг хийсэн байна. Хүүхдийн жүжиг бол их гэгээлэг, хүсэл тэмүүлэлтэй, гэнэн, цайлган хөнгөн, мөрөөдөл агуулсан, сайн сайхан зүйл рүү тэмүүлсэн, эрж хайсан байдгаараа онцлог. Эмгэнэлт бөгөөд аймшгийн жүжиг нь нийгэмд бугшмал байгаа тэр сэтгэл эмзэглэм зүйлийг илүү гаргаж өгөхийг зорьдог. Энэ хоёрын хоорондоо маш ялгаатай. Аливаа юм сайн муу гэсэн хоёр талтай. Хүүхдийн болон эмгэнэлт жүжиг яг энэ хоёр шиг. Тэр дундаа хүүхдийн жүжиг маш хэцүү. Хүүхэд анх удаа театрт ирээд юм үзлээ. Хүүхэд нас биеийнхээ онцлогт таруулан тухайн жүжгийг яг тэр чигээр нь шууд хүлээж аваад амьдралыг төсөөлдөг. Харин насанд хүрэгчид ёс суртахууны хэм хэмжээг аль хэдийнэ танин мэдчихсэн, хууль эрхзүйн ойлголтыг хүлээн авах чадвартай болчихсон, аливаад үнэлэлт дүгнэлт хийх хэмээний ухамсартай бие хүн болоод төлөвшчихсөн байдаг. Ийм л хоёр ялгаатай. Яг одоо найруулж байгаа "Уучлаарай, та дугаар андуурч” жүжиг энэ төрлөөр бол миний хувь, театрын урын санд анхны уран бүтээл. Тийм болохоор хүлээлт их л байна.
-Орон нутгийн театрын уран бүтээлчдийн ур чадвар хэр байна вэ. Энэ жил аль аймгийг зорихоор зэхэж байна?
-Манай театр эрдмийн гэсэн тодотголтой. Энэ утгаараа сургалт арга зүй, лабораторийн үйл ажиллагаа явуулах ёстой. Энэ ажлын хүрээнд театрын уран бүтээлчид хөдөө орон нутагт очиж ажилладаг. Тухайн орон нутгийн театрын уран бүтээлчидтэй хамтарсан тоглолт хийнэ. Мөн тухайн театраас тодорхой хэмжээний уран бүтээлчдийг энд сургалтад хамруулж хамтран ажилладаг гэж хэлж болно. Би 2007 онд Архангай аймгийн театрт ажилласан. "Эндүүрлийн паян”, "Шидэт шүүр”, "Чамайг уучлаг” зэрэг жүжиг тавьж байсан. Мөн Архангай аймгийн Хөгжимт драмын театрын хамт олонтой хамтарч "Чипполинод тохиолдсон явдал” хэмээх хүүхдийн жүжгээр "Гэгээн муза” наадамд өрсөлдөж амжилт гаргаж байлаа. Сүүлийн үед "Гэгээн муза”-д орон нутгаас нэлээд оролцох болсон нь жүжигчдийн ур чадвар сайжирч байгаагийн илрэл. Орон нутагт авьяаслаг уран бүтээлч олон бий.
-Таныг Москвагийн театр урлагийн сургуулийн найруулагчийн ангид тэнцэж байсан гэж сонссон. Гэхдээ яагаад Москвад суралгүй СУИС-ийн оюутан болсон юм бэ?
-1996 онд СУИС-ийг найруулагч, жүжигчин мэргэжлээр төгссөн. СУИС-д сурахад гэр бүлийн орчин, хүүхэд нас яах аргагүй нөлөөлсөн юм. Манай аав, ээж хоёр хоёулаа урлагийн хүн. Би СУИС-д сурахаасаа өмнө театрт тайзны зураачаар ажиллаж байсан. Тухайн үедээ "Уран зураач болно” гэж л мөрөөддөг байлаа. Зураач болно гэсэн мөрөөдөл маань тайзны орон зайд уусч явсаар найруулагч болсон. Улмаар 1990 онд Москвагийн театр урлагийн их сургуульд найруулагчийн шалгалт өгөөд тэнцсэн л дээ. Харамсалтай нь Орос Монголын цагаан морин жилийн хувьсгал гээд тухайн үеийн нийгмийн байдал амаргүй байсан учраас явж чадаагүй. Мөн цэрэгт яваад нэлээд цаг хугацаа алдаж байгаад 1996 онд найруулагч мэргэжлээр СУИС-д орсон. Тухайн үед манай найруулагчийн дээд анги гэхээр Хүсэлбаатар, Энхтөр, Сүхээ, Нацагням гэсэн ид шижигнэж явсан залуу сурдаг байлаа. Жүжигчний ангид Отгонбаяр, Гэрэлсүх, Амбий, Боёо нар сурдаг байсан. Тэр үед дээд доод анги гэсэн ялгаа байгаагүй. Сайхан нөхөрлөж, халуун дулаан уур амьсгалтай, бие биендээ тодорхой хэмжээний заавар зөвлөгөө өгдөг, нэг нэгнийхээ шалгалт, янз бүрийн зүйл дээр тусалж дэмждэг байлаа. Манай үеийнхэн урлагт зүтгэж, хийж , бүтээж чадсан гэж би дотроо их бахархаж явдаг.
-Та бол удам залгасан урлагийн хүн. Гэрийн тань хүн бас урлагийн хүн гэж сонссон?
-Би багадаа ааваараа их онгирдог хүүхэд байлаа. Миний аав хошин урлагт чамлахааргүй хөрөнгө оруулалт хийсэн гэж би боддог. Мөн хүүхэлдэйн театрт нэгэн үе биш нэг насаараа зүтгэж байж дэлхийн хэмжээнд хүргэсэн. Дэлхийн хүүхэлдэйн холбооны гишүүн хүртэл хийж байлаа. Манай эхнэрийг Цолмонсүрэн гэдэг. Кино урлагийн дээд сургуулийг төгссөн. Жүжигчин Ганцэцэг, Наранбаатар, Эрдэнэбилэг нар нэг үеийн жүжигчид. "Амьдрал чиний төлөө” жүжгийн гол дүр бүтээсэн. Мөн хэд хэдэн жүжигт туслах дүрд тоглож байсан. Мөн энэ жүжигт миний хоёр охин бас тоглож байлаа.
-Та хүүхдүүддээ мэргэжлээ өвлүүлье гэж боддог уу?
-Хүүхдүүд маань одоохондоо юмыг танин мэдэж ухаарах арай л болоогүй байна. Ёстой л урлагийн хүний хүүхэд урлагт өөрийн эрхгүй ордог юм байна лээ. Манай хүүхдүүд хэд хэдэн жүжиг кинонд тоглож байсан. Харин эцэг хүний хувь хүүхдүүдээ сонирхлын дагуу явуулна. Дунд охин минь "Жүжигчин болно” гээд шийдчихсэн байна лээ. Би одоохондоо эцсийн шийдвэр гаргаагүй. Гэхдээ дотроо урлагийн хүн болгохгүй гэсэн бодолтой байгаа.
-Ярилцсанд баярлалаа
Эх сурвалж: Монголын эх сурвалж