Монголын Залуучуудын Холбоо 2012 оноос үйл ажиллагаагаа идэвхижүүлж дотоод болоод гадаад улс оронд өөрийн байр сууриа бататган, залуучуудаа нэгтгэх, оролцуулах бүхий л үйл ажиллагааг зохион байгуулж байга юам.
Өнгөрсөн онд ОХУ, БНХАУ, Солонгос зэрэг улсуудаар залуучуудын харилцан айлчлал хийж, санал солилцон цаашид хамтран ажиллахаар болсон бөгөөд мөн Азийн залуучуудын чуулга уулзалтад оролцож эх орондоо 9-р сард зохион байгуулах хүндэт үүргийг хүлээсэн юм. Тэгвэл саяхан МЗХ-ны төлөөлөл Зүүн Өмнөд Азийн улс орнуудыг зорьлоо. Өнгөрсөн долоо хоногт Тайландын Бангкок хотоос айлчлалаа эхэлж Лаос, Сингапур, Малайз гэсэн орнуудаар айлчилж залуучуудын чиглэлд хэрхэн хамтран ажиллах, сурч боловсрох, амьдрах орчин нөхцөлийг хэрхэн сайжруулах, харилцаа, уялдаа холбоог бэхжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бизнесийн ямар гарц шийдэл байгааг судлах зорилготой, үр дүнтэй айлчлалууд болж байгааг онцолсон бөгөөд Зүүн Өмнөд Азийн орнууд МЗХ-ны төлөөллийг өндөр түвшинд хүлээн авч уулзаж залуучуудын чиглэлд бүхий л талаар хамтран ажиллах, цаашид хамтын ажиллагаагаа улам бататгах, бэхжүүлэх олон ажлуудыг хийхээ мэдэгдэж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Энэ долоо хоногт БНАЛАУ-ын Лаос Ардын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн төв хорооны ерөнхийлөгч ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Вилавонг Буддахам, ЛАХЗЭ-ийн төв хорооны гишүүн хатагтай Вилавонг Пантавонг, төв хорооны гишүүн, тамгын газрын дарга ноён Алонсэй Соунналат болон гадаад харилцааны хэлтсийн дарга ноён Тонгсанид Панпэнгди, Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх, консул Д.Жаргалсайхан нар МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат болон төлөөллүүдийг хүлээн авч уулзсан байна. Айлчлалын үеэр /4-р сарын 24-26/-ны өдрүүдэд Лаос улс цагаан сараа тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд сар шинэ солигдох энэ мөчид хоёр орны залуучуудын байгууллагын уламжлалт харилцаа холбоог шинэ түвшинд гаргах уулзалт хийж байгаа нь ихээхэн онцлогтой үйл явдал болж байгааг хоёр тал цохон тэмдэглэсэн байна.
МЗХ-ны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат хэлсэн үгэндээ Монгол Лаос хоёр улс олон жилийн нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагаатай бөгөөд 1990 оноос өмнө анагаах ухаан, хөдөө аж ахуй, боловсролын салбарт туршлага солилцох, оюутан солилцох зэрэг уламжлал болсон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байсан түүхтэй. Өнөө үед эдгээр хөтөлбөрүүдийг орчин үеийн залуучуудын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн дахин сэргээж, хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах сонирхолтой байгаагаа уламжиллаа. Мөн манай хоёр залуучуудын байгууллагуудын түвшинд залуучуудын аяллын багцыг санаачлан МЗХ-ны Аялал Жуулчлалын Корпорациас Монгол залуучуудын аяллыг зохиож болох юм. Түүнчлэн 2014 оны 9-р сарын 18-21 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдох Азийн Залуучуудын Чуулганд оролцох урилгыг ЛАХЗЭ-ийн ерөнхийлөгчид гардуулж өгсөнөөр уулзалт албан ёсоор өндөрлөсөн бөгөөд МЗХ-ны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат Лаост сурч буй монгол оюуутнуудад Эвлэлийн зүгээс анхаарал тавихыг хүсээд монгол залуучууд ч Эвлэлтэй холбоотой ажиллахыг захисан юм.