МУКУА-ийн найруулагч Б.Цогтбаярын бүтээл “Луйвар” Монголын уран сайхны кино энэ сарын 7-нд нээлтээ хийх гэж буй.
Энэхүү киноны гол дүрд тоглосон жүжигчин, МУСТА С.Ариунбямбатай ярилцлаа.
-Энэ сарын 7-ны өдөр “Луйвар” кино нээлтээ хийнэ. Энэ кинонд ямар дүр дээр ажилласан бэ?
-Амарбат гэдэг залуугийн дүрд тоглосон. Киноны гол дүр юм. Киноны сэдэв нь өнөөдөр Монголд их үгүйлэгдсэн, өмнө нь хийгдэж байгаагүй, гаргаж ирж дэвшүүлж байгаагүй санаа байсан. Өнөөдрийн нийгэмд их ажиглагдаад байгаа зүйл бол залуу үеийнхний бэлэнчлэх гэсэн сэтгэлгээ юм. Хурдан баяжиж, их мөнгөтэй болоод, сайхан амьдрахыг боддог болчихож. Яаж өөрийгөө хөгжүүлж, өөрөө мундаг сайн болж, хоёрыг, 20-ыг араасаа дагуулж, эх орондоо хэрэгтэй зүйл хийх вэ, сайн сайхан амьдралд хүрэх вэ гэдгийг огт бодохгүй байна. Болж л өгвөл хурдан, амар аргаар их мөнгө олоод, сайхан амьдаръя л гэж санаад байх шиг байна. Энэ бүхнийг тод томруунаар харуулж байгаа кино гэж би хувьдаа ойлгож байгаа. Дотроо олон янзын адал явдал, уран санаанууд гарна. Үзэгчид ирж үзээд өөр өөрийнхөөрөө ойлгох биз ээ.
-Киноны зохиол танд их таалагдсан бололтой?
-Мэдээж эхлээд юу хийх гэж байна, ямар кинонд тоглох гэж байна вэ гэдгээ судлах хэрэгтэй. Жүжигчин хүмүүсийн хувьд хамгийн түрүүнд зохиолоо уншина. Зохиол таалагдаж, тоглох дүрдээ дурлаж байж кинонд тоглодог. Энэ киноны зохиол, хэлэх гэсэн зүйл миний өнцгөөс харахад их таалагдсан.
-Мэдээж зохиолч, найруулагчийн хэлэх гэсэн санаа байгаа. Түүнээс гадна жүжигчин өөрийнхөө тоглолтоор ч бас санаагаа ойлгуулдаг байх?
-Цаасан дээр бичсэн дүр, тэнд болж байгаа үйл явдал гэдэг цаасан дээрээ л байна. Хүн бүр зохиол уншихад нэг нэг өөр ертөнц бий болгож, тэндээ бүх дүрээ өөрөө босгож, үйл явдлыг нүдэндээ дүрслэн хардаг шүү дээ. Жүжигчин хүн тэр бүх зүйлийг илүү бодит болгож ирж байгаа юм. Тэр хүнд зохиол дээр бичигдээгүй ямар зан араншин, үйл хөдлөл байдаг. Гарч байгаа орчин нөхцөл нь ямар цаг үед байх юм. Өнгө дүрс нь ямар байх юм гээд л тэр бүгдийг амилуулж өгч байгаа юм, жүжигчид. Би чадах чинээгээрээ л дүрээ гаргасан. Зохиолчийн хэлэх гэсэн санааг, найруулагчийн санаа бодлыг гаргах гэж үзсэн. Тэр бүхнийг үзэгчид үзээд нэгийг бодож, хоёрыг тунгааж, үнэлж дүгнэх байх.
-Таны бүтээсэн дүрүүдээс их эрч хүч харагддаг. Зарим дүрээс нь их ширүүн ааш авир ч харагддаг юм. Энэ удаагийн дүр өмнөх дүрүүдээс яаж ялгарч байгаа вэ?
-Өмнө нь би хэд хэдэн түүхэн кинон дээр ажиллаж байсан болохоор ч тэр үү түүхэн цаг үед тухайн хүн ямар байсан бэ. Эсвэл ямар байх байсан бол гэдгийг судалж, өөртөө бий болгож ажиллаж байсан. Энэ кинон дээр бол энгийн нэг залуугийн дүрд тоглосон. Тэр хүнд ямар асуудал учирч байна. Асуудлаас яаж гарч байна. Ерөөсөө өнөөгийн нийгэмд байгаа залуучуудын дотоод сэтгэлзүй, зорилго чиглэлийг шингээе гэж бодож ажилласан. Тийм болохоор арай өөр дүр гарсан байх аа.
-Дүрийн судалгаа гэдэг жүжигчин хүнд маш чухал зүйл гэж ярьдаг. Энэ удаагийн кинонд тоглохдоо дүрийнхээ судалгааг яаж хийв. Залуучуудыг их судлав уу, эсвэл судлах шаардлагагүй байв уу?
-Мэдээж дүрийн судалгаа хийлгүй яах вэ. Энэ хүн хэн юм, зохиол дээрээ юу гэж бичигдсэн байгаа юм. Хэний хүүхэд, хэдэн настай юм. Түүнээс гадна зохиол дээр байхгүй байгаа зүйлүүдээ судална. Тодорхой нэг дүрийг бий болгож байгаа учраас тэр хүнд амьдралын замнал, өнгөрүүлсэн түүх гэж байх ёстой. Тэр бүгдийг заавал өөрөө бий болгож, судалж үзэж байж дүр бий болгоно. Харин энэ удаагийн кинонд тоглоход дүрийн судалгаа хийхэд тийм ч хэцүү байсангүй. Гараад л сайн байна уу гээд угтах миний ярьсан шиг хүмүүс дүүрэн байна. Судалгааны материал маш элбэг байсан гэхэд болно.
-Ойр ойрхон олон кинонд тоглож байгаа. Тэр болгонд дүрийн судалгаа хийх гэдэг нөр их хөдөлмөр зарцуулж байгаа. Тоглож байгаа дүр болгоноо өөр өөр байлгахын тулд маш их судалж, хөдөлмөрлөдөг байх?
-Мэдээж жүжигчин хүний хийх ёстой ажил энэ шүү дээ. Дүр бий болгоно гэдэг тийм амар ажил биш. Тэгэхдээ тэр дүрүүд маань хоорондоо ялгаатай байх ёстой. Энэ дүрүүдийг яаж ялгах вэ гэдэг их хэцүү асуудал. Үүн дээр жүжигчин хүн маш нарийн ажиллах хэрэгтэй. Дандаа л адилхан дүр бий болгоод байвал болохгүй шүү дээ. Нэг кино гарлаа Ариунбямба явж байна. Дахиад нэг кино гардаг, өнөөх л Ариунбямба давхиад байвал тэр жүжигчний ажиллагаа биш гэж би хувьдаа үздэг. Олон уран бүтээл дээр ажиллаж, янз бүрийн дүр бүтээж байх тусам өөр өөр байх ёстой байхгүй юу. Өөр цаг үед, өөр нийгэмд, өөр хүмүүсийн дунд, өөр нэг түүхийг бүтээж байгаа хүн дараа хаа нэгтээ газар давхцаж болохгүй биз дээ. Жүжигчин хүн дүрийг дотор болоод гадна талаасаа бий болгоно. Тэгж байж дүр илүү тодорч гарна. Би тухайн уран бүтээлдээ нөлөөлөхүйц дүрийг бий болгох юмсан гэж бодож, судалж явдаг юм.
-Энэ кино дээр ямар багтай хамтарч ажиллав. Кинонд цуг тоглосон жүжигчдийнхээ талаар яривал?
-Жүжигчин хүмүүс уран бүтээл туурвих явцдаа нэгийгээ маш сайн ойлгох хэрэгтэй. Тодорхой хэмжээний сэтгэл хөдлөл, мэдрэмж хэрэгтэй байдаг. Хамт тоглож байгаа жүжигчиндээ би хэдий чинээ үнэн харьцаа өгнө хамтрагч маань төдий чинээ үнэн харилцаа өгч байдаг. Тийм учраас хамтран ажиллаж байгаа жүжигчинтэйгээ нягт холбоотой байх ёстой. “Луйвар” кинонд олон сайхан жүжигчидтэй хамтарч тоглосон. Ахмад, дунд, залуу үеийн олон сайн жүжигчид оролцон тоглосон. Ахмадуудаас Дамдин баавай, Дорждагва ах маань тоглосон. Жүжигчин Н.Батцэцэг эгч тоглолоо. Залуучуудаас Ч.Ундрал маань тоглосон. Гэх мэтээр дурьдаад байвал олон сайхан жүжигчид энэ кинонд ажилласан.
-Киног үзээд гарахдаа залуучууд юуг ойлгоосой гэж та хүсч байна?
-Зүгээр явж байсан хүмүүсийг хооронд нь хутган үймүүлээд, дундаас нь ашиг гаргаад явж байгаа хүнийг хэн ч гэсэн буруу зүйл хийж байна гэж ойлгоно. Тэр нь ч тодорхой харагдана. Дээрээс нь муу санаж, муу үйл хийж, хүмүүсийг хохироож ашиг олж болохгүй юм байна шүү гэдгийг ойлгох байх гэж бодож байна. Тэгж ойлгоосой ч гэж хүсч байгаа.
-Дараа дараачийн уран бүтээлээсээ сонирхуулаач?
-Одоогоор эхэлчихсэн уран бүтээл байхгүй байна. Хэд хэдэн кино зохиол ирчихсэн байгаа. Уншиж танилцаад, кино багийнхандаа хариугаа өгнө. Энэ зун их завгүй л байх юм шиг байна даа.
Н.Пунцагболд