БНХАУ-ын ӨМӨЗО-нд суралцах нэг жилийн хугацаанд энэ нутгийн нэрт жүжигчин, та бидний дэлгэцийн сайн танил “Чингис хаан” киноны гол дүрийн жүжигчин Б.Басанжавыг олж уулзах, болж өгвөл ярилцлага, сурвалжлага бэлтгэж сониндоо нийтлэх нь миний нэгэн зорилт болоод байлаа. Ийнхүү эргэн тойрныхоо танил нөхөдийн дэмжлэгээр утсыг нь олж аваад түүнтэй холбогдов.
“…Байна уу, Чингис хаан уу, биш ээ, Баасан ах уу?”
-“Баасан байна аа, хэн бэ” гэсээр бидний яриа эхэлсэн юм. Улмаар би түүнд өөрийгөө танилцуулж бас түүнтэй ярилцлага хийж Монголын хилчдийн сонинд нийтлэх хүсэлтэйгээ хэлэхэд эхний удаа завгүй байгаагаа учирлаад “эргээд холбогдъё” гээд өнгөрсөн юм. Нэг сарын хугацаа өнгөрсөн ч эргэж над руу залгасангүй. Ингээд сар гаруйн дараа дахин утасдаж өөрийн хүсэлтээ сануулбал мөн л тун завгүй төдийгүй Хөх хотод биш өөр газар байгаа гэдгээ хэллээ. Харин саяхны нэг өдөр тэрбээр өөрөө над руу залгаад, “Маргааш үдийн хойно Өвөрмонголын кино үйлдвэр дээр хүрээд ир, чамд нэг цагийн зав гаргая” гэлээ. Ингээд түүний хэлсэн ёсоор тогтсон хугацаанд нь очсоноор энэхүү ярилцлага анх ярьснаас хойш хагас жилийн дараа бүтсэн нь энэ билээ. Жүжигчний хэлснээр тэрбээр маш шахуу төлөвлөгөөтэй ажилладаг ажээ. Кино үйлдвэрийн байраар ч түүнийг асууж сурагласан хүн олон байлаа. Юутай ч тэрбээр монголчуудыг болон хилчдийг хүндэтгээд бүтэн цагийн турш утсаа унтрааж бүх уулзалт ажлаа хойшлуулан байж ийнхүү ярилцсан юм.
-Сайхан хаваржиж байна уу, та. Тун их завгүй байдаг бололтой юм аа. Юутай ч надад өнөөдөр зав гарган ярилцаж буйд их баяртай байна?
-Сайхан хаваржиж байна уу, Монгол ахан дүүсээ. Өнөөдрийн ажлын төлөвлөгөөндөө ойрын садантайгаа уулзах гэж зориуд тусгасан. Ар Монголоос ирсэн хэн ч миний ах дүү, садан төрөл юм шиг санагддаг. Чи цэргийн сэтгүүлч гэсэн үү?
-Тийм ээ, намраас эхлээд л тань руу залгаад байлаа. Хааяа ч төвөг удаж байсан болов уу?
-Тэр хамаагүй. Та нарт гэж хэлэхэд намайг үргэлж дагадаг хэдэн хүн бий. Нэг үгээр бол миний туслахууд юм. Тэд миний өмнөөс хийх ажлыг минь төлөвлөж, уулзах хүмүүсийг ч зохицуулна. Харин таньтай уулзахдаа би тэдний хэнийг ч дагуулсангүй. Яах юм, би Монгол хүнээсээ айхгүй. Тийм хэрэг, шаардлага ч байхгүй. Харин ч би өөрийн садан төрөлтэйгээ уулзаад ирье гэж хэлээд ирлээ. Ялангуяа чи цэргийн хүн гэсэн чинь бүр сайхан санагдаж байна. Би цэргийн газар багагүй хэдэн жил ажилласан хүн шүү дээ.
-Тэгвэл та бидний яриа улам өргөн сэдвийг хамрах нь ээ. Таныг цэргийн хүн байсан гэж мэдсэнгүй. Гэхдээ бүжигчин байсан гэж дуулсан шүү?
-Аль аль нь үнэн. Цэргийн хүн ч байлаа. Бүжигчин ч явлаа. Одоогоор бол цэргийн чуулга юм л даа. Дундад улсын цэргийн чуулгад бүжигчнээр ажиллаж байсан юм. Дундад улсын бүх цэргийг төлөөлж гадаад дотоодын уралдаан наадам, үзүүлэн тоглолтын үеэр бүжиглэнэ. Тухайн үед миний цол гурван жижиг таван хошуу байсан. Монголоор юу гэж нэрлэхийг хэлж мэдэхгүй байна. Юутай ч жижиг цол байгаагүй. Цалин хөлсөө цолныхоо хэмжээгээр авдаг байсан гэхэд багагүй мөнгө авдаг байсан шүү. Гэхдээ гол нь энэ биш. Цэргийн амьдрал надад маш их зүйлийг ойлгуулсан бас хүмүүжүүлсэн. Би тэр амьдралаас олон зүйл сурч авсан. Хүнийг хүндэтгэх, даргатай яаж харьцах, хүнтэй хэрхэн ажиллах гээд олон зүйлийн эрдмийг надад цэргийн амьдрал өгсөн. 14 жил цэргийн амьдралаар замнасан хүн чинь цаанаасаа цэргүүдэд, дүрэмт хувцастай хүмүүст хүндэтгэлтэй, элэгсүү дотно ханддаг болдог юм билээ. Одоо ч надад тэндээс олж авсан сайхан чанарууд бий. Жишээ нь би хүнтэй цаг товлоод уулзахдаа хэзээ ч хоцордоггүй. Бараг л 10-20 минутын өмнө ирээд хүлээнэ шүү. Тийм зарчимч болгодог. Ингээд нийт 14 жил цэргийн чуулгын бүжигчний ажил хийлээ. Сүүлдээ Дундад улсын цэргийн тоо хэтэрлээ гэж олон цэргийн байгууллага татан буугдахад манай чуулга мөн хаалгаа барьсан юм. Ингээд 28 настай залуу хаачихаа мэдэхгүй гарч байгаа юм даа. Залуу нас юм шиг хэрнээ эрдэм суръя, мэдье гэхэд бас оройтсон байсан шүү. Дээр нь энд сургуульд бүртгүүлэхэд тийм насны хүнийг авахгүй шүү дээ.
-Ажил мэргэжлийн хувьд дахин нэг сонголт хийх шаардлага тулгарчээ гэж ойлгож болох нь. Ингээд л кино урлагийн хаалгыг татав уу?
-Тэгсэн. Ер нь ч багаасаа кино урлагт их дуртай хүүхэд байсан л даа. Зөвхөн кино гэлтгүй урлагт их хайртай байлаа. Ямар сайндаа бүжигчин болох вэ. Үнэхээр чин зүрхнээсээ би энэ урлагт хайртай. Үнэнийг хэлэхэд 30 дөхөөд ирсэн хүнд бүжгийн урлаг хэцүү. Хөл гар хөшүүн болно. Яагаад ч урьдынх шиг хөдөлгөөн гарахгүй л дээ. Уран сайхны байгууллага маань ч татан буугдлаа. Бээжинд юу хийх билээ. Эргээд Өвөрмонголдоо ирсэн. Яах вэ гэдгээ бодлоо. Ингээд ерөөсөө кино жүжигчин болъё гэж шийдэв. Тэгээд энэ Өвөрмонголын кино үйлдвэр дээр ирсэн. Эхний хэдэн жилдээ бол хүмүүсийн дагалдан туслах маягтай л байна. Мундаг том хүндтэй жүжигчдийнхээ хоол ундыг нь зөөхөөс л миний жүжигчин болох ажлын гараа эхэлсэн. Тэдний хувцас хэрэглэлийг бэлтгэнэ. Уух цай, усыг нь зөөнө. Гадаад дотоод руу явах онгоц, галт тэрэгний билетийг нь авах зэрэг гарын үзүүрийн ажил л хийнэ шүү дээ. Миний хувьд бол мэргэжлийн жүжигчин биш, зүгээр л их хүсэл сонирхолтой нэг бүжигчин хүү л энд ирсэн. Найруулагчаас дүр их гуйна. “Би нэг гармаар байна, та намайг шалгаач” гээд л. Хааяа нэг дүр оногдоно. Тэр нь бараг л би танигдахтай үгүйтэй хальт гараад л өнгөрөх туслах дүр. Түүндээ их баярлана аа. Эхний удаа гялс гээд гараад өнгөрөх дүр ноогдоно. Дараа нь арай удаан харагдах дүрд тоглоно. Бүр дараагийн удаа болохоор дүрсэнд орохоор барахгүй ганц хоёр үг хэлнэ. Ингэж явсаар арван жилийн дараа гэхэд хэд хэдэн теле жүжиг болон кинонд тоглосон байсан. Бас нэг томоохон наадмын шилдэг жүжигчин ч боллоо. Үүний дараа сая нэг жинхэнэ албан ёсны жүжигчин болж байгаа юм даа. Нэг үгээр бол Өвөрмонголын кино үйлдвэрийн жүжигчин Б.Басанжав гэж дуудуулах эрхтэй болсон. Энэ бол 1995 он. Тэр жил би “Баруунаас ирсэн баатрууд” нэртэй кинонд тоглоод Дундад улсын кино урлагийн шилдгийг шалгаруулах наадмаас шагнал хүртсэн юм. Хэдийгээр би ингээд мундаг шагнал хүртээд явж байсан ч гэлээ миний ажил нөгөө л жүжигчдийн туслах хэвээрээ л байсан. Ингээд тэр жилийнхээ наймдугаар сард кино үйлдвэрийнхээ дарга нар дээр ороод дахин нэг удаа жинхэнэ жүжигчин болох хүсэлтээ хэлснээр албан ёсны жүжигчин болж байлаа. Кинонд тоглох, жүжигчин болох миний багын мөрөөдөл байсан. Кино үзэх маш дуртай. Гэхдээ зүгээр нэг үзэх биш. Хүмүүс яаж тоглож байна, хэрхэн жүжиглэж байна гэдгийг маш их анхаарч харна. Би кино үйлдвэрт орж байх үедээ гэрлээгүй байсан юм. Гэртээ ганцаараа. Ганц зурагт, нэг ортой л амьдарч байлаа. Чөлөөт цаг зав ихтэй. Ажил дээрээ байхдаа жүжигчдийн аяг ааш, тоглолтыг маш сайн ажиглана. Оройн цагаар гэртээ хариад дэлхийн болон Дундад улсын алдартай сайн кинонуудыг үзнэ. Тухайн үед одоо шиг элбэг кино, ший байсангүй. Сайн кино тун ховор гарна. Долоо хоногийн хагас бүтэнд хамгийн сайн кинонууд гарна. Тэндээс л би жүжиглэлт гэдэг зүйлийг сурна. Өөр аргагүй. Нэгэнт сургуульд элсэх нас өнгөрчихсөн учраас зөвхөн өөрөө л хичээх хэрэгтэй болсон. Найзууд гадуур гаръя, зугаацан цэнгэе гэж дуудна. Миний хувьд сайн жүжигчин болно гээд өөртөө тавьсан зорилготой учраас тиймэрхүү зүйлд зарцуулах цаг надад хайран санагддаг байсан. Ингээд л үргэлж кино үзнэ, тэндээс суралцана, хүмүүсийг даган дуурайна. 1985 онд кино үйлдвэрт ирснээс хойш яг арван жилийн дараа, “Чи жүжигчнээр ажиллаж болно” хэмээн бусдаар хүлээн зөвшөөрүүлсэн юм. Энэ болтол харин кино урлагийн халуун тогоонд орж буцалж чадсан гэж боддог.
-Тайз, дэлгэцийн уран бүтээлч, жүжигчин байх юу нь хамгийн сайхан бэ?
-Хүмүүс сайхан гэдэг. Сайхан нь үнэн. Сайхан. Гэхдээ бас хэцүү зүйл багагүй бий. Зуны аагим халуунд өвлийн үс ноостой хувцас өмсөнө. Өвлийн тэсгим хүйтэнд нүцгэн шахуу тоглоно. Гүнзгий усанд орно. Балчиг намаг дундуур гүйнэ. Гэнэт солиотой хүн шиг бархирна. Зүйл бүрийн л юм хийнэ шүү дээ. Энэ бүхэн тийм амар зүйл биш. Мэргэжилдээ дуртай хүнд л сайхан санагдана. Надад бол жүжигчин болсон минь хамгийн оносон, зөв санагддаг. Жүжигчин болсноороо өнөөдрийн зэрэгт хүрсэндээ баярлаж, бахархдаг. Мэдээж хамгийн их бахархал маань Их Эзэн Богдын дүрийг дэлгэцэнд үлдээсэн явдал юм.
-Бидний ярианд зайлшгүй дурдагдах зүйл гарцаагүй энэ юм. Магадгүй би өнөөдөр таньтай ярилцлага хийгээд сууж буйдаа итгэж ядан байгаа минь ч үүнтэй холбоотой. Яг одоо надад таны өмнөөс хараад ингээд яриад сууж байхад Их хаан Чингис бидний үед амьдраад буй юм шиг, эсвэл би тэр их хүмүүнтэй нэг цаг үед оршоод буй мэт сэтгэгдэл төрж байна. Ер нь Монгол цустай хэн бүхэн их хааных нь дүрийг тийм итгэл үнэмшилтэйгээр дэлгэцэнд үлдээж чадсан танд баярлалаа гэж хэлэхийг хүсдэг байх…?
-Тийм бол их сайн байна. Өөрийг чинь ингэж хэлж буйд би тун баяртай байна. “Чингис хаан” кино бол 1998 оны бүтээл. Тэр жилээс зураг авалт нь эхэлсэн юм. Нэг жилийн турш зураг авсан. 1998 онд “Чингис хаан” кино хийх гэж байна гээд Өвөрмонголд олон үйл явдал өрнөсөн. Кинонд тоглодог, жүжиглэдэг бүхэн тэр кинонд дүрээ үлдээхийг хүссэн. Ялангуяа Эзэн Богдод тоглох хүсэлтэй хүн та бидний төсөөлж байгаагаас ч их байсан юм шүү. Тун их. Хүн бүхэн л би “Чингис хаан болъё” гэж дуугарч байсан юм. Жүжигчин болсон хэн бүхэнд их хааны дүрийг бүтээнэ гэдэг асар ховор бөгөөд сайхан хувь заяа учраас арга үгүй биз. Өвөрмонгол болоод БНХАУ-ын бүхий л эрэгтэй жүжигчин их хааны дүрд тоглохыг хүсч байлаа. Зарим хүмүүс бүр таньдаг мэддэг хүмүүсээрээ дээгүүр доогуур хэлүүлж гүйгээд л бөөн юм болсон. Бараг нэг жилийн турш Чингис хаанд тоглох эрэгтэй жүжигчний шалгаруулалт болсон юм даг. Үнэнээ хэлэхэд би Эзэн Богдынхоо дүрд тоглоно гэж зүүдлээ ч үгүй юм шүү дээ. Энэ тухайгаа ярих уу, яах уу?
-Тэгэлгүй яахав ээ. Бараг л та бидний ярилцлагын гол сэдэв “Чингис хаан” дүр чинь шүү дээ?
-Чингис хаан киноны найруулагч, ивээн тэтгэж байгаа компани хоёрын саналаар гол дүрийн жүжигчин тодрох учиртай юм. Надад анхнаасаа оногдсон дүр гэвэл Зэв жанжин. Эзэн Богдын морины хүзүүг харвадаг баатар эр шүү дээ. Анхнаасаа л би өөрийгөө Зэв жанжинд тоглоно гээд бодчихсон байлаа. Угаасаа надад ирсэн дүр нь тэр юм чинь. Юун их хааны дүрийн тухай бодох. Тийм том зүйл бодох тэнхээ ч байсангүй. Дүрээ цээжлээд бараг өөрийн болгоод байлаа. Гэтэл кино зураг авалт эхлэхэд хэдхэн хоног дутуу байхад найруулагч над руу залгаж байна. Тэгэхэд би Хөх хотод байсан юм. “Чи яаралтай Бээжинд ир. Чамайг нэг зурж үзмээр байна. Нүүр будгаар хувиргаж чамайг эзэн хааны залуу үед тохирох эсэхийг шалгамаар байна” гэж байна. Би гайхаад надад авсан дүр бий шүү дээ гэлээ. Тэгсэн чинь “Үгүй ээ, би Чингис хааны дүрд чамайг тоглуулах саналтай байна. Киног ивээн тэтгэгчдийн зүгээс ч мөн тийм байр суурьтай байгаа. Чиний өмнөх бүтээсэн дүрүүдийг үзээд бид тэгж шийдээд байна. Чи яаралтай энд ирэх хэрэгтэй” гээд утас тасарлаа. Тэгэхэд би 42-43 настай байлаа. Гэтэл кинон дээр гарах Чингис хааны дүр дөнгөж 20 гарсан залуу үеэс эхэлдэг шүү дээ. Би эхлээд айлаа. Би тохирохгүй байх гээд. Ингээд Бээжинд очоод нүүр будалтанд орлоо. Нүүрээ будуулаад хувцсыг нь өмслөө. Дараа нь кино бүтээгчид хэд хэдэн янзаар камераар бичиж авлаа. Тэр дүрсээ цаад том дарга нартаа үзүүлсэн юмсанж. Тэгээд тэд хараад, “Энэ хүнийг сонго, залуу харагдаж болохоор байна” гэсэн юм байлгүй. Би сонгогдсон байсан. Ингээд л би тоглох болсон юм даа. Чингис хааны дүрийг бүтээх болсон түүх гэвэл тун товчхондоо ийм.
-Их Эзэн Чингис хааныхаа дүрд тоглоно гэдгээ яг хэзээ, хэрхэн мэдэв. Энэ бол жижиг зүйл биш шүү дээ. Жүжигчин хэмээх мэргэжлийг сонгоод урлагийн халуун тогоонд чанагдаж буй хэн бүхний туйлын хүслэнт дүр нь байх?
-Тэгэлгүй яах юм бэ. Өөрийгөө сонгогдсон гэдгээ мэдээд хөглөсөөн. Тун их баярласан. Бараг ухаан алдсан. Тэр мэдээг сонссон шөнөө цурам хийж чадсангүй. Бээжинд зурганд орчихоод эргээд Хөх хотод ирчихсэн байсан чинь араас утасдаад, “За, ингээд кино багийнхан болон үүнд оролцож байгаа бүх дарга нар санал сэтгэгдэл нэгтэйгээр чамайг Чингис хаанд тоглуулахаар боллоо. Бэлтгэлээ сайн хийж бай” гэж хэлсэн. Сэтгэл догдлоод энэ дотор байгаа бүхэн чинь хоолойд тулчихаад болдоггүй. Өөр ямар нэгэн зүйл хийж сэтгэл хөөрлөө дарах гээд ч чадсангүй. Ном уншъя, зурагт үзье гэхээр нүд бүрэлзээд бараг харахгүй. Хүн их баярлахаараа хачин болдог юм билээ. Үнэхээр их баярласан. Зэв жанжныхаа дүрийг л яаж сайн бүтээх вэ гэж бодож явсан хүнд чинь үнэхээр гэнэтийн зүйл болсон. Монгол хүн энэ яваа насандаа Эзэн богд Чингис хааны дүрийг дэлгэцэнд бүтээнэ гэдэг өөрөө гайхамшиг. Жүжигчин хүнд олдох маш ховор аз, хувь тохиол. Ингээд тэр нэг шөнөжингөө эргэж хөрвөөгөөд унтаж чадсангүй. Маргааш болоход нэг юм өөрийн ухаантай болж байгаа юм. Дүрээ яаж бүтээх билээ гэдгээ бодох сэхээтэй болсон гэсэн үг. Кино зохиолоо бүгдийг нь эргээд эхнээс нь үзлээ. Гэтэл надад нэг хүндрэлтэй асуудал тулгарсан. Юу гээч. Монгол Улсад Чингис хааны дүрийг сайн бүтээсэн олон сайн жүжигчин бий. Түүнээс гадна манай Өвөрмонголд их хааны дүрийг дэлгэцэнд бүтээсэн олон хүн байгаа. Тэр бүү хэл гадаадууд Япон, Америкийн уран бүтээлчдийн бүтээсэн Чингис хаан ч байгаа шүү дээ. Энэ бүхнээс миний бүтээх Чингис хаан юугаараа өөр байх юм, ямар шинжээрээ онцлог давуу байж Б.Басанжавын бүтээх Чингис хаан гэж ялгарах юм. Энэ асуултыг өөртөө тавилаа. Би өмнөх жүжигчдийг яг дуурайгаад давтаад ямар ч хэрэггүй. Тэдний хэмжээнд ч хүрэхгүй, өөрийнхөө ч ялгарсан юмгүй болно. Хэрвээ тэгж тоглох бол би энэ дүрийг авсаны бараг хэрэггүй шүү дээ. Хэдэн өдөр зохиолоо уншингаа бодлоо. Эхлээд Чингис хааныг өөрөөсөө хайсан. Миний хар багаас оюун ухаанд минь Чингис хаан ямар хүн байв, тэр хэн байсан юм бол. Эхлээд өөрийнхөө төсөөлж байгаагаар Чингис хааны дүрийг дотроо зураглах гэж хичээлээ. Их хааны тухай бүтээсэн олон ч киног үзлээ. Зарим нь таалагдсан. Зарим нь үгүй. Чингис хааныг хоосон дайн хийсэн, харгис хэрцгий маягаар харуулсан киног ч үзлээ. Гэтэл тэр хүнийг аав ээждээ хайртай, нутаг Монголдоо сэтгэлтэй гэдгийг нь харуулж, агуу их хүн талаас нь харуулсан бүтээл цөөхөн санагдсан шүү. Богд Чингис хаан, Их эзэн хаан л гээд байна. Тэр хэдийгээр их хаан хүн байлаа ч нэгэн аав, ээжээс төрсөн мах цуснаас бүтсэн хүн шүү дээ. Хүн. Хүн л юм чинь аав ээж, ахан дүүсдээ элэгтэй сэтгэлтэй байж таарна. Гэм нүгэлтэй дайснаа ч өршөөж чадах агуу их ухаан түүнд байсан. Чингис хааныг баахан дайн, цус урсгасан харгис хэрцгий хүн байсан гэж хэлэх хүн олон. Гэтэл түүнийг сүүлийн үед судалж дэлхий нийтэд танилцуулаад байгаа хүмүүс Их эзэн хааны оюун ухаан хосгүй гайхамшигтай байжээ гэдгийг нээсэн. Энэ маргаангүй үнэн. Хосгүй ой ухаан, сэтгэхүйтэй байсныхаа ачаар тэр дэлхийн талыг эзэлсэн их хаан болсон байхгүй юу. Түүнээс хоосон хэрцгий дайн биш. Миний өөрийн бүтээе гэж зорьсон дүр ч үүгээрээ илүү онцлог. Түүнээс биш муухай ширүүн харцаар хүн бүхэн рүү ширвэсэн, морин дэлэн дээр муухай хашгирсан Чингис хааныг би бүтээе гэж зориогүй. Чингис хаан ч тийм хүн байгаагүй гэдэгт би итгэдэг. Миний бодсон, бүтээсэн Чингис хаан бол ээж ааваа энэрдэг, муу сайнаа хар багаасаа хамтдаа туулсан хэдэн нөхөддөө маш их хайртай хүн. Би тэр үзэл санааг нь илүүтэй гаргана гэж зорьсон. Түүндээ ч хүрсэн гэж боддог.
-Дүрийн судалгаа ийнхүү хийгджээ. Кино эхэллээ. Одоо юу болов. Та чинь Чингис хаанаас гадна түүний аав Есүхэй баатрын дүрийг давхар бүтээсэн шүү дээ. Алинаас нь эхлэв. Ер нь кино зураг яаж явагдав?
-Гучин бүлэгтэй кино зохиолоо уншиж өөрийн болгоход надад дөрвөн өдрийн хугацаа өгсөн. Энэ хугацаанд нь судалсан. Бээжинд кино багийнхан бүгд цуглаад ганцхан би л очих дутуу байсан юм. Ингээд очлоо. Кино ч эхэллээ. Өөрийн чинь хэлдэг мөн л дөө. Есүхэй баатарт бас тоглосон. Тэр ийм учиртай. Би найруулагчтайгаа тохирсон юм. Би эхлээд Есүхэйн дүрийг бүтээчихмээр байна, түүний гарах бүх ангийн зургийг түрүүлээд авч болох уу, үүний дараа би Тэмүүжинтэйгээ тухтай “ажилламаар” байна гэсэн. Ашгүй найруулагч зөвшөөрлөө. Есүхэй бол баатар хүн. Хаан болж чадаагүй жирийн нэг сайхан баатар эр байсан. Тиймээс Чингис хааны дүрээс арай хялбар байсан гэж болно. Есүхэй баатартай холбоотой бүх зургаа авахуулсны дараа бүх сэтгэл санаа, оюун ухаанаараа Тэмүүжиндээ “орлоо” доо. Ёстой бүрэн шингэсэн. Кино зураг эхэлсэн тэр хугацаанаас дуусан дуустал би түүгээр амьсгалж, түүний алхаа гишгээгээр явж, их хааны амьдралаар замнасан гэж хэлж болно. Анхнаасаа өөрийнхөө дотроо бодсон, төсөөлсөн агуу их хүний дүр бүтээнэ гэдгээрээ л явсан. Түүний оюун санаа, үйлдэл бүхэн агуу. Би тэр агууг нь л харуулах ёстой. Эхэндээ найруулагчтайгаа санал зөрөх, ойлголцохгүй зүйл гарч байсан. Харин сүүлдээ миний бүтээж буй Чингис хааны дүр их таалагдаад найруулагч юм ч хэлэхээ байсан. “Чиний санааг би ойлголоо. Гаргаж байгаа дүр чинь миний бодсонтой яг таарч байна. Чи өөрийн¬хөөрөө тогло” гэдэг болсон. Ингээд өөрийнхөөрөө яваад л дуусгасан даа.
-Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва гуай нэг жүжгийнхээ дүрээс гарч чадахгүй хагас сарын турш хөл нь зүв зүгээр хэрнээ доголж яваад байсан тухайгаа ярихыг сонсч байлаа. Энэ нь сая таны ярьсан шиг дүрдээ орчихоод гарч чадахгүй байгаа хэрэг юм уу даа. Таны хувьд нэг тийм тохиолдлоосоо яриач. Тухайлбал “Чингис хаан”-ы амьдрал танд хэр таалагдав?
-Дүрээсээ гарч чадахгүй байх хэцүү. Бүр үнэн зүрхнээсээ шанална. Бас чин сэтгэлээсээ баярлана. Би яг Чингис хаан юм шиг санагдана. Кинон дээр гарч буй гунигтай үйл явдал болоод баяр бүхэн миний сэтгэл зүрхэнд хүрнэ. Кино зураг дуусчихаад байхад ч өнөөх гуниг энд, сэтгэлд байгаад л байна. Тэгснээ дараагийн ангиа бодно. Маргаашийн зурганд яаж орох вэ гэдгээ төлөвлөнө. Тус кинонд миний хамтран ажилладаг Өвөрмонгол жүжигчид бараг бүгд орсон. Найз нөхөд ч олон тоглосон. Хааяа нэг зураг авалтгүй, амрах өдрөөр найзууд ийш тийшээ явъя, нэг сайхан хоол идье, наргия гэх тохиолдол гарна л даа. Гэтэл би нөгөө Чингис хаанаасаа салж чаддаггүй. Дараагийн ангиа, үйл явдлаа л бодоод байна. Тэгээд найзууддаа, “Намайг дахиж иймэрхүү зүйлд дуудах хэрэггүй. Миний ачаалал хүнд байна. Энэ тархинд бодогдож байгаа бүхэн маш хүнд байна” гэдгийг хэлсэн. Тэд ч өөрсдөө мэргэжлийн хүмүүс зовлонг нь ойлгох учраас намайг тиймэрхүү зугаа цэнгээнээс бүрмөсөн чөлөөлсөн л дөө. Ингээд кино зураг авалт үргэлжилсэн яг нэг жилийн турш би Чингис хаанаар амьдарсан гэж хэлж болно. Нэг өдрийн зураг авалт өндөрлөлөө гээд миний ажил дуусахгүй. Гэртээ хариад бага сага хоол идээд өнөө л дүрээ бодно. Маргааш яах билээ гэдгээ эргэцүүлнэ. Чингис хааны дүр маш их үг хэлнэ. Бараг хүн бүртэй ярих учраас цээжлэх үг арвин. Ингэсээр байгаад хоногт хамгийн ихдээ таван цаг л унтана. Дундаж нь дөрвөн цаг. Тэглээ гээд би ядраагүй. Сэтгэл зүрхээрээ хийж буй ажилдаа орох, түүндээ чин үнэнчээр дурлах тийм сайхан юм билээ. Энгийн үед бид хоногийн дөрвөн цагийн нойртой яваад байвал хурдан ядарна биз дээ. Тэр үед огтхон ч ядраагүй шүү. Өглөө эрт босоод цай хоолоо идсэнийхээ дараа нүүрээ будуулаад хувцсаа өмсөөд гараад ирэхээрээ би өөрийгөө жирийн нэг жүжигчин Басанжав гэдгээ ор тас мартчихна. Ерөөсөө л би Чингис хаан. Чингис хаан яг л ийм хүн байсан гэдэгтээ бүр мөсөн итгэнэ.
-Киноны нэг анги дуусахаар дуу нь эхлэхтэй зэрэг та алхаад ирж яваа дүрс байдаг шүү дээ. Тэр хэсэг миний сэтгэлд хамгийн ихээр тод үлдэж л дээ. Бас Чингис хаан ийм л харцтай, алхаа гишгээтэй хүн байсан болов уу гэж бодогдоод байдаг юм. Та тэр хэсгийн зураг авалтын талаар яриач?
-Тийм үү. Үнэхээр чиний хэлсэнчлэн харцыг минь тэгж ажиглаж харж чадсан бол миний хэрэг бас бүтжээ гэж баярлаж байна. Би тэр нүдний харцыг, алхаа гишгээг их хааны хэв маягт тааруулах гэж маш их хөдөлмөрлөсөн. Тэр хүн ээжийгээ яаж харах юм. Гэргийгээ, хүүхдүүдээ хэрхэн харах вэ. Удаан жил нөхөрлөсөн анд нөхдөө харах нүдний хөдөлгөөн нь ямар байх юм, эзнээсээ урвасан эсвэл түүнд дайсагнасан хүнийг тэр хэрхэн ажиглах юм. Энэ бүхнийг бодож тоглосон минь л тэр. Хожим би киногоо үзэж байгаад зарим нэг дүрсэн дээр өөрийгөө хараад гайхдаг. Би яаж ингэж чадсан юм бол оо гэж. Уг нь амьдрал дээр их дуу цөөтэй, номхон дуугүй хүн. Даруу талдаа, ер нь. Гэтэл Чингис хааны тэр олон хүнтэй харьцаж байгаа, бүх хувирлууд зэрэг маань одоо харж байхад өөрийгөө овоо шүү гэж хэлмээр санагддаг. Нүд бол сэтгэлийн толь. Кино жүжигчид хичнээн сайхан үг хэлээд харц нь хуурамч байж болохгүй. Хүний бодол санаа нүдээр дамжиж илэрдэг. Тэр төгсгөлийн хэсэгт яаж алхаж гарч ирэхээ бас их удаан бодсон. Чингис хаан жирийн хүн биш. Агуу их хүн. Алхаа гишгээ нь түүнийг агуу их гэдгийг нь бас илтгэж байх учиртай. Алхаж байхдаа юм боддог хүн гэж байна. Тэр хүн юу ч бодолгүй алхаж явдаг хүнийхээс мэдээж өөр. Тэр хүний үг үйлдэл, инээж ханиах, алхах гишгэх бүхэн их хүний шинжтэй байх ёстой гэдгийг л би бодож хийсэн. Хүмүүсийн сэтгэлд хүрсэнд баяртай явдаг.
-Кино зургуудыг хаа хаана авсан бэ?
-Ихэнх нь Өвөрмонголын хөдөө хээр газруудаар авсан. Бас Чингис хаан Европ руу, гадаад руу явсан хэсгүүдийн зургийн мөн тэнд нь очиж авсан. Тухайн үеийн байдлыг гаргах гэж багагүй ч хөрөнгө мөнгө зарцуулсан гэдэг.
-Киноны ихэнх төсөв БНХАУ-аас гарч байгаа юм чинь Чингис хаанд хятад хүн тоглож болох л байсан байх даа?
-Чингис хааны дүрийн сонголтыг нэг жилийн турш хийсэн гэлээ шүү дээ. Энэ хооронд бас утсаар ардуудаас санал авч байсан юм. Тэгэхэд манай өвөрмонголчууд “Чингис хаан” кинонд хаанахын хэн гэдэг жүжигчид тоглох нь бидэнд төдийлэн хамаатай биш. Гагцхүү Эзэн Богдод минь заавал монгол хүн тоглуулж өгөөч ээ гэсэн саналыг маш ихээр ирүүлж байсан. Миний хамтран зүтгэгч жүжигчид ч мөн тийм байр суурьтай байлаа. Бидний хэн тоглох нь хамаагүй. Гагцхүү Чингис хаан бол монгол хүн. Тиймээс түүний дүрд заавал монгол хүн сонгоорой гэдэг саналыг ч хэлж байсан. Зарим залуу жүжигчид ажлаасаа халагдах зэрэг асуудлаас ч бүр айлгүй чанга дуугарч байсан. Заавал монгол хүн энэ дүрд тоглох ёстой гэсэн шаардлагыг удаа дараа маш хүчтэйгээр тавьсан. Үүнийг дээд дарга нар ч үзэж ойлгоод аргагүй Монгол үндэстний их хаан юм, монгол хүнийг нь тоглуулъя гэж шийдвэрлэсэн юм билээ.
-Кино 1998 онд хийгдсэн гэхэд их хожим дэлгэцнээ гарчээ. 2000 он гараад багагүй хугацаа өнгөрсний дараа олны хүртээл болсон санагдаж байна?
-Кино хийгдээд таван жилийн дараа дэлгэцнээ гарсан юм шүү дээ. Тэр хооронд киног нэлээд сайн шалгасан. Улсын бодлогын эсрэг юу байна, хятад хүнийг муулсан, хараасан зүйл байх вий гэдэг бодлоор киног маш их нягталсан. Тухайн үед киног бүтээсэн хүмүүс гарын үсгээ зурж чадахгүй байсан гээд бод. Буруудахаасаа айгаад кинонд оролцсон гээд зоригтойгоор гарын үсгээ зурах хүн олдохгүй байсан юм. Тэгэхээр бүх жүжигчин гарын үсгээ зураагүй тохиолдолд дэлгэцнээ гаргах ёс энд байхгүй. Ингээд бүхэл бүтэн таван жилийн турш дарагдсан кино шүү дээ. Тэр дарагдаж байх таван жилийн хооронд ардууд аль хэдийнэ хулгайгаар хэвлэж олшруулаад гадуур зараад эхэлчихсэн юм. Энэ мэтээр явсаар 2004 онд албан ёсоор нээлтээ хийж дэлгэцэнд гарсан. Тухайн үед киногоо хийгээд бүх зүйл дуусаад таван жил болчихсон байсан ч миний сэтгэл тайвширч өгөхгүй л байлаа. Бүх Монгол үндэстний их хаан, дэлхийд нэрээ дуурсгасан эзэн богдын дүр олны сэтгэлд хэр хүрэх бол, монголчуудад таалагдахгүй бол яана гэх айдас надад үргэлж байсан. Ингээд кино гарсан. Азаар хүмүүс тун сайхнаар хүлээж авсан. Кино гарч байх үед надад өдөр бүхэн баяр хүргэсэн зурвас, утас ирдэг байлаа. Энэ үед л сая нэг сэтгэл бүрэн амарч өөрийгөө бас гайгүй дүр бүтээчихлээ гэж тоох болсон шүү. Миний бүтээсэн Чингис хаан бол үргэлж дайн дажин, зэр зэвсэг агсч явсан гэхээсээ илүү оюун ухааны гайхамшигтай өндөр түвшний хүн юм. Үүгээрээ бусдаас ялгарна. Түүний тэр сэтгэхгүй, хүнийг таних, мэдрэх, хүнтэй харилцах зэрэг нь энгийн хүнтэй ижилгүй. Үнэхээр агуу. Агуу гэдэг үг Чингис хаанд л зориулагдана. Мянган жилд нэг л төрөх хүн гэдгийг нь дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөөд байна шүү дээ.
-Гүр хаан Жамуха гэж дүр бий. Тэр хүний дүр Чингис хааны хүчирхэг, хэн бүхнээс илүү их хаан байсан гэдгийг улам тодотгодог байх аа. Та юу гэж боддог вэ?
-Чингис хаан үгүй бол Жамуха их хаан байх байсан биз ээ. Тэр бас л их хүн. Монголын тал нутагт ийм сайхан хоёр баатар хүн нэгэн цаг үед зэрэг төржээ. Хэн хэн нь Монголоо авч явах сэтгэлтэй. Гэхдээ тэдний хувь тавилан хоёр өөр. Тэмүүжин хар багаасаа амьдралын хүнд бэрх зовлон зүдгүүрийг туулсан хүн. Аав нь дайснууддаа алагдсанаас болж нялхаасаа эхлээд амьдралын хүнд хүчрийг үзсэн. Жамуха бол сайн баатар. Түүнийг муу хүн гэж хэлэх үндэсгүй. Гэтэл бурхан тэнгэрээс зурсан зураг төөрөг нь Тэмүүжин Хамаг Монголын хаан болох учиртай. Чингис хаан Жамухаас арай илүү холыг харах хүн. Түүний оюун ухаан, холыг харах сэтгэн бодох чадвар хэн хүнээс илүү. Хамаг Монголыг хооронд нь дайтуулах биш нэгтгэн захирч байж дэлхийд хүчирхэг нэгэн үндэстэн болгоё гэдгийг хэн түрүүлж харсан юм бэ, Тэмүүжин л харсан шүү дээ. Харснаа хийсэн. Хэрэгжүүлсэн. Киноны төгсгөлийн ангиудад гардаг шүү дээ. Жамуха бүр аргагүйдээд “надад” /тэр ингэж хэлээд гэнэт инээсэн юм.сур/ баригддаг. Тэгээд бид хоёр суугаад багынхаа явдлыг яриад архи уудаг шүү дээ. Бид гурвантаа анд бололцжээ. Хэрвээ Чингис Хаан Жамухыг барьсан даруйдаа шууд алчихсан бол түүний агуу их гэдэг нь үгүй болно. Тэр Жамухыг өршөөж миний дараачийн хоёрдугаар хүн бол гэж хэлдэг шүү дээ. Ингэж хэлж чадаж байгаад Чингис хааны агуу их нь харагдаж байгаа юм. Тэгэхэд Жамуха бас нэг сайн эр. “Би чиний хоёрдугаар хүн болоод яах юм, би энд байсаар чи санаа амар унтаж чадна гэж үү. Гүр хаан Жамуха би бол тал нутгийн баатар хүн. Чиний гар дор байж чадахгүй. Ахан дүүсийн барилдлага, анд нөхдийн тангарагаа санаад чи намайг баатар эрийн ёсоор бурхны оронд илгээж цус гаргалгүй хороо” гэж хэлдэг шүү дээ. Энэ бол мөн л баатар хүний үг. Хэн ч цагаа тулахаар өөрийн амиа авч гарахаа бодно. Гэтэл Чингис хаан, Жамуха аль аль нь тэгэх хүмүүс биш. Онцгой төрсөн баатар эрчүүд юм. Үүгээрээ Жамухын дүр мундаг. Жамухын дүрд тоглосон хүн БНХАУ-ын жүжигчин. Тэр сайн жүжиглэсэн шүү. Залуу жүжигчин архи ууж огт чаддаггүй байсан. Сүүлчийн уулзалтын тэр дүрсийг авахын тулд мань хүнийг хүчээр архи уулгачихсан юм. Тэгж байж бүр сайн тоглолт гарсан.
-Монголын уран бүтээлчидтэй хамтарч “Аравт” уран сайхны кинонд тоглосон. Энэ тухайгаа яриач. Монголын кино урлаг таныхаар хэр түвшинд явж байна?
-Тус киноны зургийг Увс аймагт авсан шүү дээ. Тэгэхэд таарсан монголчууд “Чингис хаан, Чингис хаан явж байна, алив нэг зургаа авахуулъя” гэж байгаа нь надад маш сайхан санагдаж байлаа. Увс аймгийн иргэдийн ярианы аялга манай Шинжааны монголчуудынхтай тун ойролцоо юм билээ. Монголд кино урлагийн олон сайхан найзтай. Монголын кино урлаг маш хурдацтай хөгжиж байгаа. Жүжигчдийн чадварын хувьд ч ялгаагүй өндөр байна. Би анх удаа Монголын жүжигчидтэй хамтарч кинонд тоглосон. Надад их сайхан байсан. Бид ялгаагүй нэг л эцэг эхийн үр сад. Яс, цус нэгтэй Чингисийн Монгол шүү дээ. Удаан жил уулзалдахгүй, дундуураа хуваагдаад салчихсандаа л ийм хол байгаа юм. Гэхдээ бид ах дүү шиг, элгэн садан шиг уулзаж байх ёстой. Хожим хойно үр удам маань бид нэг цустай адилхан монгол ахан дүүс гэдгээ мэдэлцэж байх нь зөв. “Аравт” киног бүтээх хугацаа бага зэрэг богино байсан. Гэхдээ энэ бол бидний хамтарсан анхны уран бүтээл. Анхны юм бүхэн хэцүү байдаг. Цаашид бүр олон сайхан бүтээл дээр монголчуудтай хамтарна. Дэлхийг шуугиулсан бүтээл хийх хангалттай оюуны нөөц, бүтээмж монголчуудад бий. Дэлхийн дээр монгол цустай өчнөөн мянган хүн байна. Тэд бүгд өөрсдийгөө монгол хүн, Чингисийн үр сад гэх дуртай. Гэхдээ газар газрын монголчуудын байдал өөр. Хэл ус, ёс заншил хэдий ондоо ч бид нэг л Монгол байх ёстой. Хамаг Монгол гэж анхнаасаа байсан. Түүгээрээ л бид нэгэн мах цусны тасархай гэдгээ үргэлж санаж байх ёстой. Дэлхий ертөнц өдрөөс өдөрт хувирч өөрчлөгдөж байна. Тиймээс монгол ахан дүүс бүгд нэг санаа зорилготой, хоорондоо эвтэй байх нь хамгийн зөв. Түүхэндээ монголчууд хоорондоо тулалдаж байсан нь зөндөө шүү дээ. Гэтэл үүний үр дүн юу байв. Салж сарних, бутрах, бусдын олз болох л байлаа. Тиймээс одоо энэ дэлхий дээр байгаа цөөхөн монгол хоорондоо эвтэй байх хэрэгтэй.
-Монгол Улсад хэр олон удаа очсон бэ. Тэнд очиход танд ямар мэдрэмж төрж байх юм?
-Тэнд л миний амьдрал, жаргал байна. Миний бүх зүйл бүр тэнд л таарч тохирно. Залуу байхад аль болох хот газар, олон хүн бужигнасан газар байх нь сайхан санагддаг байлаа. Одоо бол хотоос аль болох зугтаах янзтай. Бээжин Шанхайд ажлаар очно. Удаан тогтож сууж чадахгүй байна. Болж өгвөл хөдөө явмаар санагдаад. Би энд байхдаа жилдээ нэг Өвөрмонголынхоо хөдөөгөөр аялдаг.Сайхан монгол айлуудаар орж айраг цэгээ ууж, мах идэж, монголчуудтайгаа элдвийг ярьж хөөрч явах хамгийн их дуртай. Мэдээж Өвөрмонголчууд байгаа газрынхаа соёлын нөлөө, хэл ярианд автсан тохиолдол байна. Газар газрын монголчууд өөр. Гэвч тэдний нэг л зүйл огт хувирдаггүй. Тэр нь би Монгол хүн, Чингис хааны үр сад гэсэн тэр сэтгэл огт өөрчлөгддөггүй. Өөрийгөө монгол хүн гэж хэлж баярлана, бардамнана түүндээ огшино. Мэдээж Монголд очих их сайхан. Явсан газар бүр жинхэнэ монгол үг сонсогдоно, монгол царай харагдана. Очсон газар бүхэнд монгол зан төрх угтана. Үүн шиг жаргал үгүй мэт надад санагддаг.
-Биднийг ярилцлагыг унших хүмүүс Монгол Улсын хилийг хамгаалж буй хилчид юм. Яг одоо та бид хоёрыг ингээд ярилцаад сууж байх мөчид ч хилчид үүргээ гүйцэтгэж л яваа. Тэдний минь талаар ямар бодолтой явдаг вэ. Ер нь Монгол Улсын хилийн багана дээр очиж үзэв үү?
-Монгол явах замдаа Эрээн, Замын-Үүдийн хил дээр очсон. Хамт явсан хүмүүс намайг зориуд энэ Монгол Улсын хил гэж харуулж хилчидтэй нь уулзуулсан. Ёстой л чиний хэлдгээр буу үүрсэн хэдэн цэрэг байсан. Бүгдээрээ намайг Чингис хаан хэмээн таньж зураг хөргөө авахуулсан. Надад тэр хилчин залуус миний садан төрөл шиг, нутгийн дүү нар шиг л санагдсан. Сэтгэлд нэг л ойр мэдрэгддэг л дээ. Монгол хүн гэхээр л би өөрийн мэдэлгүй хөөрөөд, баярлаад байдаг. Үнэнээ хэлэхэд ажил амжихгүй л байсан болохоос өөрийг чинь надтай холбогдоод тэгээд тэр дундаа хилчдийн сэтгүүлч ярилцлага хийнэ гэхэд сайхан санагдаж байсан. Ажлынхаа зай завсраар нэг яриа өгнө гэж бодсоор өдийг хүрчихлээ. Эх орныхоо хилийг хамгаална гэдэг юутай ч харьцуулж яримгүй сайхан үйл хэрэг. Миний хувьд цэргийн чуулгад ажиллаж байсных тэр амьдралын зах зухыг гадарлана. Хамгийн гол зүйл юу гэхээр Монгол Улс биеэ даасан тусгаар тогтносон улс болсон нь тун зөв. Өөрийн гэсэн хил хязгаартай, түүнийгээ сахин хамгаалсан хилчидтэй байна гэдэг өндөр хувь заяа. Монгол Улсын хил эзэнтэй. Түүн дотор оршиж буй бүхэн хилчдээр хамгаалуулсан азтай, амны хишигтай ард түмэн. Хилчид ард түмнийхээ баатар нь байх ёстой. Ард түмэн хилчиддээ үргэлж баярлаж талархах учиртай. Би ингэж л боддог. Өөрийн гэсэн нутаг дэвсгэртэй, тэр нь хил хязгаартай тэгээд түүнийг нь хамгаалах хүмүүстай байна гэдэг юутай ч харьцууламгүй хувь заяа байхгүй юу. Эх орноо хамгаалж байгаа хилчдийн хувьд ээж ааваа хамгаалж байгаа л гэж бодох хэрэгтэй. Танай гэр рүү гадны хэн нэгэн балмад хүн хутга бариад дайрвал чи яах вэ, харж байгаад аав ээжээ алуулах уу. Үгүй шүү дээ, мэдээж хамгаална, өмнүүр нь орж нөгөө этгээдийг зогсоож л таарна. Хилчин хүн үүнтэй л ижил. Ижий аавдаа чин хайртай хүү гэр рүүгээ хэн нэгэн согтуу балмад этгээдийг дайруулахгүй гээд хамгаалж байгаатай яг адил. Ээж аавдаа хайртай бол эх орондоо ч мөн тийм л гэсэн үг. Тиймээс би эх орны цэрэг, хилчин эрчүүдээр бахархаж явдаг.
-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Бидний амьдрал жирийн хүнийхээс өөр л дөө. Тухайлбал нэг кинон дээр ажиллаж байлаа гэхэд бусдын ажиллах цагаар амарч, амрах цагаар ажиллаж байдаг. Одоо нас явсаар энд тэндхийн хурал цуглаан, илтгэл зөвлөлгөөн дээр их уригдаж байна. Та ирээд нэг хэдэн үг хэлээч, энд ирээд хүүхдүүдэд нэг ийм зөвлөгөө өгөөч гэх хүсэлт их ирж байна. Миний хувьд ажлуудаа яг нарийн цагийн хуваарийн дагуу хийх дуртай. Миний унтаж босох цаг ч нэг тогтсон хэвшилтэй. Харин кино зурганд орсноор энэ бүхэн мэдээж алдагдана л даа. Энгийн үедээ тогтсон цагуудад ажлаа амжуулдаг. Хүн ер нь эрүүл байх хамгийн чухал. Эрүүл байж илүү ихийг бүтээнэ.
-Та бид хоёрын ярилцлага цаг гаруй хугацаанд үргэлжилж байна. Дараагийн төлөвлөсөн ажилд тань би саад болоогүй биз дээ?
-Зүгээр. Тэр хамаагүй. Би энд нэг монгол дүүтэйгээ монгол хэлээрээ ярилцаж байна. Надад сайхан байна. Би өөрөө дуртай байгаа учир хамаагүй.
-Ингэхэд таны бага нас хаана хэрхэн өнгөрсөн байдаг бол. Хүүхэд насны төлөвшил хүн болохын эхлэл гэж үг бий учраас энэ талаар бас асуухгүй өнгөрчихмөөргүй байна?
-Шинжааны Бор тал миний төрсөн нутаг. 12 нас хүртлээ нутагтаа байлаа. Гэхдээ тэнд монголчууд харьцангуй цөөхөн амьдардаг л даа. 13 нас хүрэхийн алдад намайг энд авчирч бүжгийн сургуульд оруулсан. Таван жил Өвөрмонголдоо бүжгийн эрдэмд суралцсан. Суралцаж байхад Бээжингээс цэргийн урлагийн хүмүүс бүжигчин шалгаруулахаар ирсэн юм. Ингээд тэр шалгаруулалтад орж тэнцсэнээр цэргийн бүжигчин болж байлаа. Тэр үед гадаад руу явна гэдэг их ховор тохиол. Дундад улсын хэдхэн сайн харилцаатай улстай байсан. Тиймээс цөөхөн хэдэн улсаар явна. Тэгж явах бүртээ их баярлана. Нэг л их гадаад дотоодод урлаг уран сайхнаар үйлчилсэн хүн л явлаа даа, ах нь.
-Хүн бүрийн өмнө тавьсан зорилго гэж бий. Тэр зорилгод хүрэхийн нэг алхам, шат нь магадгүй хүсэл мөрөөдөл биз. Хүсэл мөрөөдөлдө хөтлөгдөж зорилгоо биелүүлдэг юм шиг байна. Таны хувьд өөрийнхөө амьдралын зорилгодоо хэр хүрсэн хүн бэ?
-Жүжигчин хүн болсны хувьд надтай адил хувь тавилан, азтай хүн цөөхөн гэж хэлнэ. Энэ яваа насандаа жүжигчин болчихоод Их Эзэн Богдын дүрийг дэлгэцэнд мөнхөлнө гэдэг хамгийн ховор аз. Гэтэл надад энэ аз тохиосон байна. Жүжигчин болсны минь хэрэг бүтсэн. Зорилго биелсэн. Монгол Улсад очоод Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж гар барьж үзлээ. “Алтан гадас” одонгоор шагнууллаа. Энэ бүхэн миний л аз, амны хишиг. Нэг дүрээр минь бүхэл бүтэн нэг улс хүлээн зөвшөөрч, тоглосон кино чинь сайн хэмээн үнэлээд төрийн дээд одон тэмдгээ гардуулна гэдэг их хүндэтгэл шүү дээ. Нэг зүйлийг онцолж хэлэхэд надад ирсэн энэ шагнал бүхнээс хамгийн хүндтэй нь монголчууд намайг Чингис хаан кинонд сайн тоглосон, их хааны дүрийг мундаг бүтээсэн гэж хэлэх нь байсан. Би монголчуудаар тэгж хэлүүлээд өмнө ямар ч шагнал авснаас илүүтэй баярлаж байлаа.
-Та сүүлд ямар бүтээл дээр ажиллав?
-“Чонон сүлд” гээд киноны уран бүтээл дээр ажиллалаа. Монгол Улсад кирилл бичгээр хэвлэгдсэн сайн борлуулалттай номоор шалгарсан гэнэ билээ. Тэр киноны Билгээ өвгөний дүрийг бүтээлээ. Франц хүн найруулсан юм. Гэтэл найруулагч намайг тарган байна, турах хэрэгтэй гээд. Тэгээд өглөө оройгүй гүйлгээд хоол бага өгсөөр байгаад намайг ингээд тураачихсан юм. /инээв.сур/ “Чонон сүлд” энэ жилийн сүүлээр нээлтээ хийх байх. Хамгийн өндөр өртгөөр бүтсэн кино шүү дээ. Монголын жүжигчин Р.Анхням тэр кинонд мөн тоглосон. “Чонон сүлд” киноны найруулагч тарган хүнийг бүр үзэхгүй юм аа. “No, no” гээд толгой сэгсрээд л байна.
-Багагүй хугацаанд өрнөсөн яриагаа энд хүрээд жаргаая. Төгсгөлд нь монголчуудад тэр дундаа хилчдэд хандаж юу хэлэх вэ?
-Монгол цэрэг, хилчид гэхээр сэтгэлд минь тун ойр санагдаж байна. Бид нэг л монголчууд гэдгийг дахин хэлье. Та бүхний минь ажил төрөл амжилттай байх болтугай. Хамгийн чухал зүйл болох эрүүл энх байгаарай. Тэгж байж өнөөдрийн хийснээс илүүг маргааш бүтээнэ. Та бүхэндээ бүгдэд мэнд амур байхын ерөөл өргөе. Эргэн баяртай уулзах мөч олон тохиох болтугай.
Ийнхүү бидний яриа өндөрлөсөн юм. Энд бяцхан тайлбар хэлэхэд түүний нэрийг монгол бичгээр Басанжав гэж бичдэгээс болж энэ хэвээрээ яваад заншжээ. Түүнээс дуудлага нь бол Баасанжав юм билээ. “Чингис хаан” киноны гол дүр Их хааны дүрийг бидний сэтгэлд мөнхөлж чадсан эрхэм жүжигчнийг хилчидтэйгээ танилцуулах гэж багагүй хичээлээ. Та бүхний сэтгэлд нийцэх болтугай.
Хөх хот
2014-04-28
Г.НЯМГЭРЭЛ
Эх сурвалж: “ЭХ ОРНЫ МАНАА” сонин