Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт эртний хүн амьдарч байсан ул мөрийг археологийн олдворууд баталдаг.
Хүн төрөлхтний хамгийн урт хугацааны үе нь чулуун зэвсгийн үе бөгөөд үүнийг палеолит /хуучин үе/, мезолит /дунд үе/, неолит /шинэ үе/ гэж хуваадаг. Энэ үеийн олдворуудыг “Хонгор нутгийн өв эрдэнэ” номд тоймлон дурдсан байна.
Доод палеолит буюу ойролцоогоор 800 мянган жилийн өмнөөс Монгол нутагт хүн амьдарч эхэлсэн гэж үздэг.
Баянлиг сумын Цагаан агуйн суурингаас бор, шаргал чулуугаар хийсэн дурсгалууд олдсон бөгөөд давхаргуудад хийсэн шинжилгээгээр тухайн бүс нутаг шилмүүст ойтой, чийглэг, дулаан уур амьсгалтай байсан нь тогтоогджээ.
Харин тус аймгийн Өлзийт сумын Нарийн голын хөндийн суурингаас ногоон саарал хайрган чулуугаар хийсэн 212 ширхэг олдвор олдсон ба насжилтыг нь бусад олдвортой харьцуулан 500 мянган жил гэж тогтоожээ.
Дунд палеолитын үе бол дэлхийн цаг агаар хүйтэрч мөстлөгийн үе эхэлсэн байсан цаг. Амьтан ургамлын аймагт өөрчлөлт ороод зогссонгүй хүний бие хүртэл өөрчлөгдөж байжээ. Энэ үеийн хүний араг яс олдсон германы газрын нэрээр энэ үеийн хүмүүсийг неандертал хүн гэдэг байна. Тухайн үеийн том ололт бол хүн гал гаргаж түүнийгээ ашиглаж сурсан явдал байв. Доод палеолитын үед байгалийн бэлэн гал, галт уулын болон аянга цахилганы гал хэрэглэж байсан бөгөөд энэ үед хамаарах гол дурсгал нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сум Уранхайрхан уул юм.
Дээд палеолитын үе одоогоос 40-35 мянган жилийн өмнө эхэлж, 12-10 мянган жилийн өмнөх хүртэл үргэлжилнэ. Хүний гавлын яс томорч үг ярианы эрхтэн хөгжиж эрүү одоогийн хэв шинжийг олж орчин үеийн хүн хомосапейнис үүсчээ. Огтлох, цоолох, хусах зэрэг багажууд эне үед модон бариултай болсон байна. Дээд палеолитед холбогдох дурсгал нэлээд олон бий. Баянхонгор Түйн голын сав болон Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Чихэн агуйн хонгилд хийсэн малтлагын явцад хөрсний доод давхаргаас дээд палеолитын чулуун зэвсгүүд олджээ. Малтлагаас олдсон ясанд хийсэн шинжилгээгээр 27-24 мянган жилийн өмнөх үед холбогдох нь тогтоогдсон байна.
Шинэ чулуун зэвсэг буюу неолитын үеийн гол онцлог нь чулууг сайтар зүлгэж билүүдэх, өнгөлөх, хөрөөдөж ховил гаргах, өрөмдөж цоолох аргыг сэдэж олсонд оршино. Олс, дээс зэрэгт нарийн ширхэгтэй элс шигүүлээд түүгээрээ хөрөөдөж чулуун эдлэлд ховил гурив гаргах, модон өрөмний үзүүрт мөн нарийн ширхэгтэй элс шигтгэн өрөмдөж чулуун зэвсгүүдэд нүх гаргаж цоолох болжээ. Ийм аргаар гол төлөв сүх, ойль хийдэг болсон байна. Энэ үед хамаарах гол дурсгал нь Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуй, Баян-Өндөр сумын Саальтын агуй юм.

