Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-“Форбес” сэтгүүл дэлхийн шилдэг 30 залуу шалгаруулдаг байтал танайх “Форбес Монголия” сэтгүүлтэй хамтран, Монголын шилдэг 40 залуу шалгаруулах гэж байна. Яагаад 40-ийг гэж. Олон юм биш үү?
-Өнөөдөр Монголд мөнгө олж буй хүнийг нийгмийн үнэтэй хэсэг гэж харахгүй байна. Төрд тухалсан дарга нарыг л №1 гэж хараад байна. Ингэж болохгүй. Нийгэмд баялаг бүтээж байгаа хүмүүсийг бид дээдлэх ёстой. Монголын интерпренерүүдийг Монголын бахархал болгоё гэж ийм жагсаалт гаргах гэсэн юм. Монголын нөхцөлийг харгалзаж үзээд 40 нас дотрох шилдэг залуусыг шалгаруулахаар болсон. Залуус бидэнд мөнгө төлж, би нэгдүгээрт жагсана гэж байр эзлэх юм биш, гаргасан амжилт, нийгэмд бий болгосон баялаг, олсон босгосон хөрөнгөөрөө жагсах юм.
Нэр дэвших залуучуудад ямар шалгуур тавьж байгаа вэ? Мөн хэн эдгээр залуучуудыг нэр дэвшүүлэх үү?
Нэр дэвших анкет дээр хэд хэдэн ерөнхий асуултууд байгаа. Тэр асуултууд дээр хамгийн гол нь амжилт гэсэн зүйл байж байгаа. Залуус гаргасан амжилтаа нотлох зүйлээ дэлгэрэнгүй бичихээс гадна, хавсаргаж ирүүлж болно. 40 болон түүнээс доош насны амжилттай явж байгаа залуучууд бүгд нэр дэвших боломжтой. Тэдгээр залуусыг хэн ч нэр дэвшүүлж болно гэсэн үг. Жишээ нь компани амжилттай явж байгаа залуучуудаа нэр дэвшүүлж оруулж ирнэ. Бид 40 гаруй төрлийн салбарыг ангилж гаргасан. Нэр дэвшүүлэх апплейкшн гаргасан бөгөөд түүнийг бөглөөд 5-р сарын 20-ны дотор манай зохион байгуулах хороонд материалаа ирүүлэх юм.
Манай залууст ямар онцлог давуу тал гарч ирэх вэ?
Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, бизнесийн зорилтот бүлгийн сэтгүүл дээр дэлхийн хэмжүүрээр гарч ирж байгаагаараа бусдаас онцлог. Бид хэн өөрчлөлтийг бий болгох, хэн Монголын залуучуудын нүүр царай болох, хэн манай улсын нэр хүндийг цааш нь авч явах вэ гэдэг зүйл дээр илүү ач холбогдол өгч байгаа. Түүнээс тоолох мөнгө нь хамгийн гол нь, зөвхөн мөнгөөр жагсана гэж андуурч болохгүй. Тиймээс бид энэ 7 хоногоос эхлэн дэлхийн 30 наснаас доош амжилттай яваа 30 залуугийн амжилтуудыг монгол залуучууддаа танилцуулах ажил хийж байгаа. Тэр танилцуулган дотор Пакистаны Махала гээд боловсрол эзэмшиж чадаагүй охинд зориулаад 400 сая долларын хандив босгосон, Терминатор III тоглож байсан жүжигчин Оливия Вайлд брэнд үйлдвэрлэдэг компаниудыг сайн санааны үйлс хийхэд нь холбож өгч мөнгө босгодог ажил хийдэг бөгөөд Энэтхэгийн Колката дүүргийн “Улаан дэнлүүний гудамжинд” байдаг охид, эмэгтэйчүүдэд амьдралдаа хөлөө олоход нь туслах зорилготой “Шинэ гэрэл” төсөлд зориулж 100,000 америк долларын хандив босгосон. Алдарт теннисчин Мария Шарапова “Sugarpova” түүний уруулын лого бүхий чихэр үйлдвэрлэж 6 сая долларын ашиг нэг жилд олсон гэх мэт амжилтаараа энэхүү жагсаалтад багтсан байгаа.
–Монгол хүүхэд залуусын орон гэдэг хэрнээ хэдээс хэдэн настай хүнийг залуу гэж хэлэхийг яг таг тодорхойлоогүй. 45 настай хүн өөрийгөө залууд тооцож явахад Төрийн орон сууцны корпораци “Буянт-Ухаа” хороололд орон сууцны захиалга өгөх залуу гэр бүлийг бүртгэхдээ 16-34 нас гэж зааглалаа. Залуу хүн гэж тэгэхээр хэнийг хэлэх ёстой юм бэ?
-НҮБ-ын тодорхойлолтоор бол 16-25 насныхныг залуу гэдэг. Манайд бол Засгийн газрын нэлээд олон жилийн өмнө баталсан ч хэрэгжээгүй тогтоолд 16-35 нас гэж заасан байдаг. МЗХ бол 16-40 насныхныг залуу гэж үздэг. Монголын гурван хүн тутмын нэг нь хүүхэд, нэг нь залуу, нэг нь дундаас дээш насны хүн байгаа. Залуу гэдгээрээ давуу байдал олох нь ховор. Нисэхийн авиакомпаниуд оюутанд хөнгөлт үзүүлдэг. Харин Буянт-Ухаа хороололд залуу гэр бүлд байр өгнө гэсэн. Хөнгөлөхөө байг гэхэд дэмждэг нь алга.
-МЗХ нэг хэсэг таг болчихсон байсан. Одоо бол нэлээд ажил хийж, залуусын хүчийг нийгэмд харуулж байна. Үүнд А.Мөнхбат гэдэг хүн хамгийн их үүрэг гүйцэтгэсэн гэж харагддаг. Нөгөө талаас МЗХ ямар мөнгөөр ийм их ажил хийдэг юм бол оо гэж гайхдаг.
-Үеийн үед залуучуудын байгууллага хүчтэй байсан. МЗХ сүүлийн үед тодорхой шалтгааны улмаас нэг хэсэг нам жим байсан. Нийгмийн хэрэгцээ шаардлагаа дагаад залуусын байгууллага хүчтэй болох зайлшгүй шаардлагатай болсон. Төрийн хийж буй ажил, бодлогыг залууст хүргэх, нөгөө талаас залуусынхаа хүсэл тэмүүлэл, хүсэлт шаардлагыг төрд хүргэх хэрэгтэй. Энэ ажлыг яалт ч үгүй МЗХ хийж байгаа. Энэ агуулгаараа бусдад жаахан юм хийж байгаа харагдаж байгаа болов уу. Гэхдээ бодож төлөвлөж, хүсэж мөрөөдөж буйтайгаа харьцуулбал халбагаа барьж сурч буй хүүхэд шиг л байгаа. Төрөөс авдаг төсөв санхүүжилт байхгүй, бор зүрхээрээ л явж байгаа. Бусад оронд байдал өөр байдаг юм байна лээ. Хүүхэд, залуусын оронд бол төр засгаас гарч буй бодлого шийдвэрийн 70 хувь нь хүүхэд, залууст чиглэсэн, төсвийн 70 хувийг тэдэнд зарцуулдаг байх ёстой. Бид их зүйл хүсэж байна. Гэхдээ бидний боломж бололцоо нөөц их хязгаарлагдмал байна. Энэ бүх зангилаа хүлээг төр л тайлах ёстой юм. Гэхдээ төр бидэнд мөнгө өг гэж байгаа юм биш. Төр бизнест оролцдоггүй, эрүүл мэнд, орон сууцны асуудлыг шийдэх гарц бий болгосон, боловсролын салбараа либералчилсан байвал бидний хүлээс тайлагдана. Түүнээс биш төр төсөвтөө МЗХ-нд зориулж мөнгө суулгаад, залуу хүн бүрт мөнгө тараа гэхгүй. Тийм шаардлага ч байхгүй. Тэгэх юм бол харин залууст маш том тээг тавьж байна гэж ойлгоно. Залуус маш олон чиглэлээр хөгжих хэрэгтэй. Түүнд тохирсон үйлчилгээ, бүх боломж чөлөөтэй байгаасай гэж хүсэж байна. Спорт заал гэхэд дийлэнх нь төрийн өмчийнх. Спорт заалуудаа бүгдийг нь нээлттэй болгооч гээд байхад болгохгүй байна. МЗХ ийм санаачилга гаргасан учраас нээлттэй болгохгүй байх шиг байна л даа. Хэрвээ хэн нэг сайд, том дарга ийм санаачилга гаргасан бол өдийд спорт заалуудыг бүгдийг нь нээлттэй болгочихсон байх байсан биз.
-“Өнөөдөр” сонин анх Улаанбаатарт “Унадаг дугуйтай өдөрлөг” зохион байгуулсны хувьд танай “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжиж байгаа. “Спиртыг биш, спортыг”, “Баар луу биш, заал луу” зэрэг аян өрнүүлсэн нь залуусын загатнасан газарт нь маажих шиг болсон байна лээ.
-“Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэхийн тулд дугуйн нэлээд урт зам тавих шаардлагатай. Гэтэл энэ жил улсын төсөв хүндэрсэн тул дугуйн зам тавьж амжихгүй юм шиг байна. Сайн тал нь энэ хөтөлбөрийн сургаар хүүхэд, залуус дугуй их унадаг болжээ. Сөрөг тал нь зориулалтын малгай өмсөхгүй байх, дугуйн зориулалтын зам байхгүйгээс болоод явган хүний замаар дугуйтай явж байгаад хүн мөргөх гэх мэт зүйл гарч байна. “Спиртыг биш, спортыг”, “Баар луу биш, заал руу” зэрэг аяныг мөнгө зарцуулалгүй зохион байгуулж байна. Иймэрхүү ажлыг төр засагтай нийлээд хийвэл улам хүчтэй, үр дүнтэй болно.
-Залуу малчдын зөвлөгөөнийг танайх хамтран зохион байгууллаа. Малчдын залгамж халаа тасрах нь гэж ахмад малчид халаглаж байгаа энэ үед ийм зөвлөгөөн хийснээр малаас зугтаж буй олон залуусыг буцаагаад хөдөө явуулахад дөхөм болох болов уу?
-Ер нь ажил сураагүй, арчаагүй нь хөдөөнөөс зугтаад хот руу яваад байгаа юм шүү дээ. Ноднин 21 аймгаар явсан. Сайхан залуу гэр бүл хөдөө сайхан амьдарч байна. Мах, сүү, ноолуур мөнгөө цуглуулаад жилдээ нэг өрөө байр хотод авчихдаг. Түүнийгээ түрээслүүлээд жилийн турш хэрэглээний мөнгөө таслахгүй олж байна. 1000 малтай юм уу гэхээр тийм биш. Гол нь малч, аж ахуйгаа их зөв авч явдаг юм байна. Ингээд харахаар олхио муутай нь Улаанбаатар луу яваад байгаа хэрэг. Үүнд зуд нөлөөлдөг тал бий. 100-аас олон малтай бол амьжиргаагаа аваад явах боломжтой, үүнээс цөөн бол хэцүү юм билээ. Тиймээс малжуулах төсөл хэрэгжүүлж байна. Үүнийг эвлэлийн аргаар зохион байгуулсан. Ирэх жилээс “Дэлхийн зөн” олон улсын байгууллага хүч нэмэгдүүлнэ. Хэнтий аймагт гэхэд мянгат малчин 600 байна. Нэг мянгат малчнаас 10 хонь хандиваар авсан. 6000 хонио 100-аас цөөн малтай малчдад тарааж өгөөд, хоёр жилийн дараа үндсэн фондондоо буцаан авч, дараагийн малчинд өгнө. Гэх мэтчилэнгээр МЗХ ямар нэг мөнгө шаарддаггүй, зохион байгуулалт, бусдын сайхан сэтгэлд тулгуурлаад ажлаа явуулж байна. Бидний сайн чаддаг зүйл бол хүнээс гуйх. Торохгүй гуйна шүү дээ.
-Төрийн, Нийслэлийн гээд орон сууцны корпорац байхад МЗХ яагаад Монголын залуучуудын орон сууцны корпорац байгуулсан юм бэ?
-Монголд өнөөдөр мөнгө байхгүй, дээр нь маш их авлигатай. Залуу хүн байртай болох гэж зүдэрч байна. Орон сууцны үнэ ханшид авлига шингэсэн байдгийг “Буянт-Ухаа” хорооллын орон сууцны үнэ харууллаа шүү дээ. Тэр хорооллын байрны нэг ам метр талбайн үнэ 1.280.000 төгрөг байхад бусад нь яагаад 2, 3 дахин үнэтэй байгаа юм бэ. Тиймээс залуустаа зориулсан, авлигагүй орон сууц бий болгохоор Залуучуудын орон сууцны корпорац байгууллаа. Дөнгөж тамга тэмдгээ аваад байна. Гэр хорооллыг барилгажуулах биш, орлогожуулах ажил хийвэл хүмүүс байртай, Улаанбаатар утаагүй болчих юм биш үү. Иргэдийг орон сууцжуулах ажилд олон байгууллага оролцох тусмаа л сайн. Залууст моргейжийн зээл төлөх нас байна. Шинэ дагавар хот барья гэж төлөвлөж байгаа юм.
-Хаана?
-Төв аймагт. Өнөөдөр манай залуус аймгийн төвүүдээ хот гэж ярьдаг болсон. Хотын соёлыг хотод ирээд сурдаг юм биш. Тэндээ хот байгуулаад, хотын соёл бий болгох ёстой. Хөдөөгийнхнийг бид хотын соёл мэдэхгүй, энэ тэр гэж шоолдог. Бид тэгвэл хөдөөгийн амьдрал мэдэх юм уу. Хөдөөгийнхөн биднийг юу ч мэдэхгүй гэж шоололгүй заагаад хэлээд өгдөг шүү дээ.
-Улаанбаатарт ирэх намар Азийн залуучуудын чуулган болно. Энэ чуулганы бэлтгэл хэр байгаа вэ?
-МЗХ чинь Азидаа хамгийн анхны залуучуудын байгууллага юм шүү дээ. Азид байсан коммунист улсуудаас түрүүлж, намын дэргэдэх залуучуудын байгууллагаа үндэсний хэмжээний олон нийтийн байгууллага болгож чадсан ганц улс нь манайх. Лаос, Вьетнам зэрэг олон улс манай энэ арга туршлагаас суръя гэдэг. Зовлонг нь түрүүлж үзсэний хувьд бид тэдэнтэй туршлагаа хуваалцахыг хичээдэг. Нөгөө талаас зах зээлийн системд удаан явсан, бар улсын залуучуудын байгууллагын арга туршлагыг сурах гэж бид хичээж байна. Бар улсын залуус их “бяртай”. Дандаа корпорацийн захирлууд. Тэдэнтэй залуусын орон сууц, аялал жуулчлал, боловсролын асуудлыг ярилцаж, тохироод ирлээ. Монгол залуус Азидаа сурч аялахад тохиромжтой. Ядаж цагийн зөрүү, ялгаварлалд өртөх нь бага. Зүүн өмнөд Азийн орнуудаар явсны гол учир нь энэ жил Ерөнхий сайдын шууд ивээл дор Улаанбаатар хотод Азийн залуучуудын чуулган болох гэж байна. Энэ чуулганд Азийн 25-26 орны төр засаг, залуучуудын байгууллагын тэргүүн, лидерүүд, залуу интерпренерүүд ирэх юм. Энэ бол 2013 онд Монголд болсон Азийн ардчилсан орнуудын чуулганы дараа орох арга хэмжээ. Үүний гол зохион байгуулагч нь Монгол Улсын Засгийн газар. Энэ хурлын бэлтгэлтэй холбоотой олон ажил бий. Энэ ажлуудтай холбоотойгоор АСЕАН болон орон орны залуучуудын байгууллага, Азийн залуучуудын зөвлөл, Дэлхийн залуучуудын ассамблейнхэнтэй уулзах чухал уулзалт хийгээд ирсэн. Засгийн газар удахгүй тогтоол гаргаж, бэлтгэлээ шуурхайлах байх.
-Ийм хурал Монголд зохион байгуулах нь манай залууст яг ямар ач тустай вэ?
-Монголын залуус өнөөдөр ямар болсон бэ гэдгээ Азийн залууст харуулах сайхан боломж гарч ирж байна. Бусад орны залуус ямар болсныг манай залуус нутагтаа харах боломж олдлоо. Монгол ардчилсан улс болсноор юу хожсон бэ гэдгээ бусдад үзүүлэх гэж байна. Монголын эдийн засаг хөгжиж буйг Азийн бүх орны залууст харуулах гэж байна. Энэ хуралд интерпренерүүд ирнэ гэж яагаад хэлээд байна вэ гэхээр Монголд бизнес эрхлэх боломж байгааг Азийн залуучуудад үзүүлэх юм. Азийн залуу бизнесменүүдийг Монгол руу татах зорилготой. Монголын хөрөнгө оруулалтын нөхцөл хэрхэн сайжирсан, хууль нь ямар юм бэ, Монголын залуу бизнесменүүдтэй хэрхэн хамтарч болох вэ гэдгийг ойлгуулах бизнес форум хийнэ. Бас энэ чуулганы үеэр ГХЯ-тай хамтарч, Зүүн хойд Азид багтдаг Хятад, БНСУ, БНАСАУ, Япон, Монголын залуучуудын анхдугаар форум зохион байгуулна. Бүс нутгийн хэмжээнд хамгийн төвийг сахьсан, хамгийн зөв байран дээрээс “тоглодог” улс гэдгээ залуучуудын түвшинд батлах гэж байна. Ардчилсан орнуудын хурлын хүрээнд тавигдсан зорилтыг залуучуудын түвшинд буулгах гэж байгаа юм. Тиймээс энэ хурал их ач холбогдолтой. Азийн орнуудын, улс орноо авч явах гол лидер залуус энэ хуралд ирнэ. Бид бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн хувьд маш олон оронтой харилцах шаардлага гарч ирж байна. Үүнийг эртнээс зөөллөж, гүүр тавихаар зорьж байна. Дипломат харилцаа чухал. Үүнээс гадна иргэд хоорондын, тэр дундаа залуучууд хоорондын харилцаагаар маш олон зүйлийг шийдэж чадна. Тиймээс бид энэ хуралд их анхаарч байгаа.
–Та сая Малайзад очсон. Тэнд монгол залуус амиа алдаад байгаагийн учрыг олж харав уу?
-Малайзад очоод харахад манайхан өөрсдөөсөө болсон зүйл их байна. Манай Малайз дах залуучуудын холбооныхон бодит зүйл ярьсан. Шүүх хурал, цагдаа гээд бүх зүйлд залуучуудын холбооныхон явж байна. Өмнө нь манай улсын ЭСЯ тэнд байсан ч татан буулгасан. Одоо ЭСЯ-аа дахин нээх ёстой. Тэнд амьдарч байгаа монголчуудынхаа төлөө дуугарч, эрх ашгийг нь хамгаалах хэрэгтэй. Малайзын хүнсний бүтээгдэхүүн, боловсрол нь сайн. Тэнд 300 гаруй монгол оюутан сурч байна. Аялахад ч хамгийн таатай нутаг. Ер нь залуустаа нэг зүйлийг зөвлөмөөр байна. Гадаадад сургуульд сурах бол МЗХ-ны дэргэдэх Боловсролын корпорацаар зуучлуул, МЗХ-ны дэргэдэх Аялал жуулчлалын корпорацаар дамжуулж аял. Тэгвэл буух эзэн, буцах мөртэй. Тухайн улсын залуучуудын байгууллагатай МЗХ гэрээтэй. Тиймээс залуучууд байгууллага нь монгол залуусын төлөө санаа тавьдаг, дуугардаг юм. Бид сая Зүүн өмнөд Азийн орнуудаар явахдаа Тайландад “Бумрунград”-тай адил чанартай, арай хямд төлбөртэй эмнэлэгтэй гэрээ хэлцэл байгуулахаар тохирсон.
-Ямар эмнэлэг вэ?
-Гэрээ байгуулахаараа нэрийг нь хэлье. Залуу гэр бүлд чанартай боломжийн үнэтэй эмнэлэг хэрэгтэй байна. Лаосын залуус бидний туулсан замаар яг одоо явж байна. Манай улсад ирж сурах сонирхолтой залуус олон байдаг юм байна. Тэднийг татах хэрэгтэй. Лаост монгол залуус бас байна. Гэхдээ цөөн. Хичээл нь лаос хэлээр ордог тул түвэгтэй. Тиймээс тэднийг Тайландад магистрт сургахаар холбож өглөө.
-Цагийн ажил, бригад гээд хөдөлмөрийн зах зээлд хүртэл танайх шинэ зүйл нэвтрүүллээ.
-Залуучуудын хөдөлмөрийн төв бирж байгуулаад жил болж байна. Хамгийн гол нь ажил олгогч шүү дээ. Ажил олгогчдод ажиллах хүчийг яаж зөв зуучлах вэ гэдэгт анхаарч, залуучуудыг ганц нэгээр нь бус бригадаар нь ажилд зуучлах шинэ хэлбэр бий болгосон. Бригад ахлагчтай, дүрэмтэй. 330 суманд 16.000 хүнтэй бригад бэлэн байгаа. Тэднийг сургаад зам, барилга, шинэ цахилгаан станцын бүтээн байгуулалтад ажиллуулах сонирхолтой. Ийм олон хүн ажилгүй байхад Хятадаас хар ажилчин оруулж ирэх хэрэггүй биз дээ. Хөдөлмөрийн яам үүнийг дэмжиж байгаа. Цагийн ажил уламжлалт арга барилаар явдаг юм байна. Мөнхбатад цагийн ажил гарвал танил руугаа утасдаад “Гурван оюутан гүйлгэчих” гэдэг. Гэхдээ монголчуудын бизнесийн цар хүрээ тэлж, тэр хэрээр цаг нартай уралддаг болжээ. Тиймээс цагийн ажлын зах зээл ч тэлж байна. Тэр залуу ажилгүй болчихвол өөр ажилд оруулдаг, зуучилдаг болгох тийм л бирж бий болгох гэж зорьж байна.
www.URLAG.mn