Парис 2024 оны зуны олимпыг загварлаг хувцаслалтаараа чимсэн Snoop Dogg өвлийн олимпод эргэн ирлээ. Гэхдээ энэ удаад тэрбээр илүү албан ёсны, хариуцлагатай ажилд томилогдсон бөгөөд энэ нь илүү дэгжин, албан ёсны, онцгой хувцаслалттай байх болно. Милан Кортина 2026 өвлийн олимпод тэрбээр цагаан өнгийн урт үслэг нөмөрч, гал улаан малгайгаар гоёсон байгаа нь камерын дуранд хэдэнтэй буусан. Мөн эмэгтэйчүүдийн уулын цанын уралдааныг үзэж, кёрлингийн холимог хосын тэмцээний үеэр үзэгчидтэй ярилцаж, “Team USA” багийн тамирчдын нүүр зурагтай хүрэм өмссөн байв.
Учир нь тэрбээр АНУ-ын баг тамирчдын хүндэт дасгалжуулагчаар томилогдсон бөгөөд “NBC” телевизэд олимпын торгон мөчийг сурвалжлах эрх авсан байна.
Үслэг малгай, хээтэй пальто өмсөн, хүзүүндээ цасан ширхэг мэт гинж зүүж, Кортинагийн мөсөн гудамжаар донжтой гэгч нь алхаж яваа “Дасгалжуулагч Snoop” спортын тамирчдад урам зориг өгч байна. “Team USA”-ийн хувьд анх удаа хүндэт дасгалжуулагчтай болж буй бөгөөд тамирчид ч таатай нь аргагүй хүлээн авчээ. “Сайн дурын энэхүү үүргийн хүрээнд Snoop өөрийн онцгой хошин мэдрэмж, сэтгэлийн халуун дулаанаар Team USA-гийн тамирчдыг зоригжуулахад хувь нэмрээ оруулна” гэж АНУ-ын Олимп, Паралимпын хороо мэдээлжээ.

Snoop бол спортын үнэнч фен юм. Тэрбээр 2024 оны Парисын олимпод бамбар баригч байсан бөгөөд энэ жилийн өвлийн олимпод ч мөн адил үүрэг гүйцэтгэсэн. 2024 оныхтой адил Snoop “NBC” сувгийн тусгай сурвалжлагчаар дахин ажиллаж, аль спортыг тайлбарлаж байгаагаас үл хамааран өөрийн содон, тод, дэгжин хэв маягийг үзэгч олонд спорттой хослуулан хүргэж байгаа юм.

“Кортина дээр жинхэнэ шоу болж байна,” хэмээн тэр нээлтийн ёслолын өмнө баярын уур амьсгалаар дүүрэн гудамжаар нарны шил зүүн алхахдаа “NBC”-д ярьжээ. “Сайхан хүмүүс, амттай хоол, загварлаг орчин. Би үнэхээр гайхалтай цагийг өнгөрүүлж байна” гэж мөн хэлсэн байна. Түүний “Team USA” сэдэвт хувцаслалтыг бэлтгэсэн хүмүүс ч мөн адил хөгжилдөж байгаа бололтой. Энэ хүрээнд Snoop хэрхэн хувцасласныг сонирхуулж байна.





