"Камертон-2" шоунаас авьяасаараа тодрон үлдсэн залуусын манлайлал болсон дөрвөн залуу ялагч болон одоогийн "Бид 4" хамтлагийг байгуулан уран бүтээлээ үзэгч, сонсогчдодоо хүргэж байгаа билээ. Тус хамтлагийн гишүүн, Дуучин Б.Баярмандахыг "Амьдралын хэв маяг"буландаа зочноор урин ярилцлаа.
Тэрбээр багаасаа Америкийн "boyz II Men","Backstreet boys" хамтлагийн дууг сонсон өссөн гэдэг. Мөн Унгар улсын Будапешт хотод амьдарч байх хугацааандаа "Backstreet boys" хамтлагийн тоглолтыг үзсэнээсээ хойш том болоод ийм л хамтлагтай болноо гэж бодсон хүсэл мөрөөдлийн үзүүрээс өдгөө атгаад авчихсан даа туйлын баяртай байгаа нь түүний ярианаас анзаарагдсан юм.
Мөрөөдлөө зорилго болгож түүндээ хүрэхийн төлөө хөдөлмөрлөж яваа залуу уран бүтээлчдэдээ амжилт хүсээд уншигч та бүхнийгээ түүний амьдралын нэгээхэн агшинд тухлан саатахыг урья.
–Хорвоод мэндэлсэнээр хүний амьдралын хуудас эхэлдэг. Энэхүү хуудсаа сөхөн яриагаа эхлэе?
-Би Батмөнхийн гэр бүлд том хүү нь болж 1988 онд 12 дугаар сарын 5-нд Улаанбаатар хотноо төрсөн. Цэцэрлэгт байхдаа 1-5 нас хүртлээ тавдугаар цэцэрлэгт хүмүүжиж байгаад Унгар улс руу гэр бүлээрээ яваад Европт өссөн. Ээж маань технологич, дизайнер мэргэжилтэй. Тэгээд мэргэжлээ дээшлүүлж суралцахаар Унгар улсыг зорьсон. 1992 оноос эхлэн тэнд амьдарсан тэр үед миний доод талын дүү ой гаран настай байсан л даа. Тэнд бид хоёр цэцэрлэгт явж байгаад дунд сургуульд нь элсэн орж сурагч болсон. 2001 онд эх орондоо буцаж ирэхдээ бүтэн зуны турш их хөгжилтэй явж ирсэн л дээ. Унгараас наашаа гарахад тавдугаар сарын сүүлээр гарч Киви ороод тэндээсээ Москвад ирээд 20 гаран хоноод наадмын сүүлээр ирсэн.
Анх Монголдоо ирэхдээ үлдэнэ гэж төлөвлөөгүй ирсэн. Гэтэл гэнэт дүү бид хоёр энд хоёулахнаа үлдэхээр болсон. Багаасаа гадаадад амьдарсан болохоор крилл үсэг мэдэхгүй бөөн юм болоод зуны гурван сарын дотор крилл үсгээ мэдэж авах гээд хичээлээр даруулж байсан.
Ингээд монгол хэлний хичээлээ анх заалгаж байх хугацаандаа нэгдүгээр ангийн хүүхэд шиг л байлаа. Тэгээд есдүгээр сарын нэгэнд төмөр замын "Ганзам" 20 дугаар сургуулийн босгыг алхсан. Унгараас ирэхдээ би тавдугаар анги төгсөөд, дүү дөрөвдүгээр анги төгсөөд ирсэн. Анхны өдрөөсөө эхлээд л хөгжилтэй зүйлүүд тохиолдож эхэлсэн дээ. Ер нь барууны орнууд чинь сургалтын төвшин нь удаан, харин манайх хурдан заадаг.
Шинэ хичээлийн нээлтээ хийгээд 9 цагийн үед эхний цаг дээр математикийн хичээл орсон. н.Ишээхүү гээд тооны багш байсан манай ангийнхан ангиараа айдаг байсан юм. Тэгээд тэр шинэ ирсэн хүү самбарт гараад ир тавдугаар ангидаа үзсэн хичээлээ бататгая гээд тэгсэн би нөгөө хичээлийн мэдэхгүй бараг анх удаага укасигаар шилэн хүзүүгээрээ цохиулж үзсэн байх. "Чи хаанаас шилжиж ирсэн. Яасан муу сурдаг хүүхэд вэ. Тавдугаар ангийн хүүхэд байж юу ч мэдэхгүй" гээд толгой руугаа няслуулсан даа хөөрхий. /инээв/
Тэгээд монгол хэлний хичээл дээр яг нэгдүгээр ангийн хүүхэд шиг их удаан бичдэг байсан. Манай анги "орос, англи хэлний гүнзгий анги байсан. Гадаад хэлний хичээлдээ бол сайн байсан шүү. Эрчимтэй давтлага аваад гайгүй ангийнхныгаа гүйцэж ирээд "Ганзам" 20 дугаар сургуулийн 10А ангийг н.Цэрэндэжид багшийнхаа удирдлага нь дор төгссөн.
Миний мөрөөдөл хүүхэд байхаасаа дуучин болно гэж мөрөөддөг байсан. Энэхүү мөрөөдлийн маань гол үндэс нь болохоор 1998 онд Будапештэд байх үед “Backstreet boys” хамтлагийг их сонсож, шүтдэг байсантай холбоотой. Тухайн үед Унгарт аялан тоглолтоор ирсэн байж таараад тоглолтын үзээд хүсэл сонирхол маань илүү тэмүүлэлтэй болсон. Би яг ийм хамтлагтай болж ингэж дуулна даа гэж мөрөөдсөн.
Тэгээд Унгараас ирээд "Хүүхдийн ордон"-ы дуулаачийн дугуйланд С.Ганчимэг багшийн удирдлага нь дор дөрвөн жил суралцсан. Арван жилийн сургуулиа төгсөөд СУИС-ийн дуулаачийн ангид орно гэж бэлтгэлээ хийж эхэлсэн юм. Хэрвээ тэнцэхгүй бол өөр мэргэжлээр суралцана даа л гэж бодсон. Зорьсоор байгаад шалгалтаа өгч 400 гаруй хүүхдээс дээрээс хоёрт жагсаад СУИС-ийн эстрад дуу дуулаачийн ангид элсэн орсон. Ч.Насантогтох багшийн удирдлага нь дор таван жил суралцаж төгссөн.
2006 онд намайг СУИС-ийн бэлтгэл курст байхад манай хамтлагийн ахлагч Б.Замбалгарав надаас хоёр дээр ангид сурдаг байсан. Тэгээд Замбуулаа өмнө хамтлагтай байсан. Оюутан болоод тус тусынхаа амьдралыг хөөгөөд тарсан гэсэн. Намайг бодвол хоёр жил сурчихсан болохоороо Насаа багшаас асууж байгаад "сая бэлтгэл ангид суурь хоолойтой хүүхэд орж ирсэн дээ" гэж хэлээд анх надад хамтарч хамтлаг байгуулах санал тавьсан. Түүнээс хойш тууштай хамт явж байгаа нь бид хоёр. Анхнаасаа дөрвөл хоолойгоор дуулах гээд хүсч мөрөөдсөн. Тонер хоолой, Баритон хоолойтой хоёр гишүүн нь байнга орж гардаг. СУИС-д 2009 онд орж ирээд манай хамтлагт орох санал тавьснаар гурвуулаа болсон. Мэргэжлийн сургуулиа гурвуулаа төгсчихсөн энэ жил Б.Оргил төгслөө. Бид нар хувиараа уран бүтээлээ хийгээд явья гэхээр мөнгө санхүүгийн асуудал тулгараад хоёр, гурван уран бүтээл хийгээд дүрсжүүлэх тал дээрээ гацаад орхисон.
Ингээд явж байтал "Скайтел"-д ажилладаг манай Б.Оргилын найз нь манайх "Камертон-2" шоуг ивээн тэтгэхээр болсон. Та нар оролцоод үзээд гэж зөвлөсөн. Бид хэд өө тэгье "Камертон" хамтлагийнхан санаачилсан юм чинь гээд орохоор боллоо.
Бид нар эхлээд энэ шоуг хамтлагууд болчихсон дөрвөн залуу хоорондоо өрсөлдөх юм байна гэж ойлгоод арванхоёрдугаар сар хүртэл бэлдсэн юм. Гэтэл он гарахаас өмнө тус тусанд нь шалгаруулаад нэгтгэсэн хамтлаг болгоно гэдгийг нь сонсчихоод "за за тэгвэл дэмий юм байна" гээд орхичихсон явж байгаад 2012 он гаргаад реклам бол сайн явагдаад эхлэсэн. Энэ шоунаас гарсан хамтлагийг продюссерлэнэ, шагнал 150 саяын гэрээ гээд хүчтэй сонсогдсон шүү. Үүнийг сонсоод санхүүгийн асуудалгүй болчих юм байна гэж бодсон. Эндээс төрсөн хүүхдүүд шаардлага өндөр тавигдах учраас бид нар хамтлагаараа орох хэрэггүй юм байна гэж үзэн тус тусдаа, хувь хувийнхаа амьдралыг бодоод хамтлагаа тараагаад энэ шоунд оролцох шийдвэр гаргасан. Манай хамтлагийн нэг гишүүн Балжинням гээд бид нар Улаанаа гэж дуудаг юм. Тэр найз маань урлагийн сургууль төгсөөгүй Отгонтэнгэр их сургуулийг Хуульч, эрхзүйч мэргэжлээр төгссөн. Тэгээд дөрвүүлээ орьё гэсэн саналыг манай хүн хүлээж аваагүй юм. Улаанаа гоё дуулдаг, мэдрэмж өндөр, төгөлдөр хуур, гитар тоглодог авьяастай байсан. Тэгээд өөрөө болохоор найз нь урлагийн сургууль төгсөөгүй юм чинь гээд ороогүй.
Ингээд Б.Замбалгарав, Б.Оргил бид гурав орсон. "Камертон-2" шоу эхний шатнаас бусад нь үед дандаа сугалаагаар явагдсан юм. Тийм болохоор багууд хувааарилагдахад хүртэл бид гурав ерөөсөө нэг баг болж таарахгүй байсан. Уул нь таарсан бол санаа нийлээд өмнө нь хамт байсан болохоор улам л гоё оролцох байсан байх.
Гэхдээ бид гурвын зорилго нь гурвуулаа хасагдахгүй үлдэж хамтдаа байгаад нэг хамтлаг болох. Тэгж чадахгүй байсан бол нэг хоёроороо хасагдаад нэг нь үлдээд явах байсан. Бүүр гурвуулаа хасагдчихвал буцаад эргэж нийлээд явах байсан болов уу. Тийм байсан болохоор хувь тохироо нь бүрдээд хувь хувийнхаа авьяасыг үзүүлээд шалгарчлаа. Энэ "Камертон 2" төслөөс шалгараад шоунаасаа Д.Зоригоогоо олж аваад дөрвүүлээ "Бид 4" хэмээх хамтлагийг үүсгээд уран бүтээлээ хийгээд явж байна.
-“Камертон-2” шоуны эцсийн шатанд шалгарч үлдээд ялагчдын нэрсийг дуудах мөчид төрсөн мэдрэмжээсээ хуваалцвал?
-Маш их догдолж байсан. Шат болгон дээр нэгдүгээр тенор дээр Б.Оргил байж байгаа. Хоёрдугаар тенор дээр Б.Замбуулаа байсан. Тэгэхэд Д.Зоригоогоо олоогүй байсан учраас хамгийн түрүүнд нөгөө хоёр дээрээ санаа зовж эхэлсэн. Тухайн үед Ганаа ах би эхлээд өөрийнхөө хоолойны хүнийг сонгоно гэхэд их догдолсон. Хамгийн төгсгөлийн шатнаас Д.Зоригоо, Занданшагай, Маргад бид дөрөв нэг баг болсон. Эцсийн шатанд Б.Оргил гээд хэлэхэд маш их баярласан. Дараа нь Д.Болдоо ах “би энэ хүнтэй хамтарч ажиллахыг хүсдэг” гээд их гоё оршил хэлээд Б.Замбалгарав гэж дуудсан дахиад баярлаад л сэтгэл хөөрсөн. Тэгээд л бид Д.Зоригоогоо олоод хамгийн сүүлд Мээдээ ах миний нэрийг хэлсэнд бүүр ч их баярласан сайхан өдөр болж өнгөрсөн.
Тэмцээн дуусчихаад ах нартайгаа уулзаад ярилцаж суух сайхан байсан. Тухайн үеийн мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй.
-“Бид-4” хамтлаг өдгөө өөрсдийн анхны уран бүтээл болох “Хайртай” дуугаа дүрсжүүлээд сонсогчдодоо хүргэсэн. Хамтлагаараа бэлтгэлээ хийгээд завгүй яваа мөн хажуугаар нь фитнессээр хичээллэж байгаа гэсэн?
-Тийм. Бид нар өдөр болгон л хоолойны бэлтгэл хийдэг. Мөн "Сарангоо" фитнесс клубт хичээллэж байна. Тун удахгүй дараагийн дуу маань шинэ цомог ирсний дараа үзэгчдэд хүрнэ.
-Уран бүтээлээ туурвих жанр?
-Бид дөрвийн хувьд бол “Дөрвөл” хоолойгоор аcappella урсгалаар дуулна. Юуны тулд дөрвөн өөр хоолой байгаа билээ. “Камертон” хамтлагийн ах нар маань хүртэл яг л энэ чиглэлээр дуулж ирсэн. Манай хамтлагийн ч үлгэрлэн дуурайлал авдаг хамтлаг бол "Boyz II Men" хамтлаг. Энэ хамтлагийг миний бодлоор мэргэжлийнхэн сонсдог. Энгийн сонсогч поп дуу сонсож байгаа шиг шимтэж сонсдоггүй. Яагаад гэвэл тэр болгон ойлгож сонсдоггүй болохоор гоё мэдрэмжийг авч чаддаггүй байх.
-Яагаад?
-Жишээлбэл, Жастин Бибер нэг уран бүтээлээ гаргаад youtube-д оруулахад хэдэн зуун хүн үзсэн байдаг. Гэтэл "Boyz II Men" хамтлагийн дууг дээд тал нь 3 сая хүн үзэж сонирхох жишээтэй. Сонсогч их багатай гэхдээ хамгийн гол нь мэргэжлийн дуулалттай байдаг болохоор сонсогчид тэр болгон ойлгоход төвөгтэй.
Манай хамтлаг Soul R&B болон Поп хөгжмийн төрлөөрөө дуулна.
-Тэгвэл сонсогчид хөнгөн жанрын дууг илүү сонирхдог гэж ойлгож болох нээ?
-Ер нь бол мэдээж үзэгчдэдээ зориулж поп уран бүтээлүүд хийнэ. Зөвхөн бас өөрсдийн хүсэл сонирхлоороо бүтээлээ туурвиад байхгүй л дээ. Гол чиглэлээ барьж Soul R&B стилиэрээ дуулна. Манайхан дээр үеэсээ л уянгын дуу сонсох дуртай юм шиг санагддаг. Жишээлбэл, хайр дурлалын сэдэвтэй.
-Таны нэг өдрийн амьдрал хэрхэн өрнөдөг вэ?
-Миний нэг өдрийн амьдрал гэхээр өдөр болгон нэг давтамжтай бол байна гэж байхгүй. Тухайн өдрөө ядраагүй бол өглөө эрт босоод фитнессдээ явчихна. Цаг товлосон ажилгүй үедээ сайхан унтаж амарчихаад хамтлагаараа цуглаад хоолойныхоо бэлтгэлээ хийнэ гээд өдөр болгоны хэмнэл өөр.
-Сүүлийн үед хүн болгон фитнессээр хичээллэх болсон. Энэ нь эрүүл мэнддээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт байх?
-Мэдээж тэгэлгүй яахав. Бид дөрөв “Сарангоо” клубт хичээллэдэг. Энэ клубээр олны танил хүмүүс нэлээн үйлчлүүлдэг юм байна лээ. "Сарангоо" клубтэй Д.Болдоо ах холбож өгсөн. Золбаяр, Сарангоо, Маргад багш нар бий. Залуус харьцангуй хөдөлгөөнтэй болсон. Хөдөлж байж бие эрүүл байна. Д.Болдоо ах “хөдөл, хөдөл тэгэхийн бол эрүүл саруул байна” гэж их хэлдэг. Залуучууд биеэ чийрэгчүүлж, эрүүлжүүлэхийг төлөө их хөдөлмөрлөдөг болж. Хүн хөдөлгөөнтэй байх тусам бие эрүүлжиж, хоол сайн шингэнэ. Зарим нэг хүмүүс өдөр болгон өтгөнөө гадагшуулдаагүй. Хоолоо шингээж чаддаггүй гэдэг. Хэрвээ фитнессэр хичээллээд өдөр болгон гэдэсний таталт хийвэл энэ асуудалд санаа зовохгүй зүйлгүй болно. Ингэснээр гаргах ёстой зүйлээ өдөрт нь гаргаж, эрүүлжинэ л гэсэн үг. Нэг хэсэг долоо хоногийн тавдахь өдрийг шоу цэнгээний өдөр болгоод явж байгаа нь ажигллагддаг байсан. Харин одоо бол эсрэгээрээ фитнессэрээ хичээллээд эрүүл мэнддээ их анхаардаг залуучууд их болжээ.
-Фитнессээр хичээллэж буй залуус миний бодлоор штанкаа хэдэн удаа татсанаараа өрсөлддөг юм шиг байгаа юм. Өөрөө хэд татдаг вэ?
-Миний биеийн өндөр 186 см, жин 95 кг. Хүн хүн өөрийнхөө даах хэмжээгээрээ өргөнө. Хичээллээд удчихсан мундаг хүмүүс л олон өргөж хоорондоо өрсөлддөг байх. Би өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн хичээллэсэн. Энэ хугацаанд ажлаас шалтгаалан таслах үе зөндөө гарсан л даа. Тэр хугацаанд дасгалаа хийж чадахгүй хаягдаад байсан боловч жоохон жин нэмсэн. Нэг удаа хийхдээ 12-15 оролтоор хийдэг. Үүнийгээ л хийгээд явдаг. Харин тэмцээнд орж өрсөлдвөл бас өөр хэрэг аргагүй эрхэнд гүрийгээд өргөх байх. /инээв/
-Багадаа хэр спортлог хүүхэд байв?
-Би ёстой тийм байгаагүй. Яахав хүүхэд болгон л гадаа гудамжинд сагсан бөмбөг, хөлбөмбөг тоглодог байсан. Унгарын Блүүмбэргт байхдаа хөлбөмбөгөөр байрныхаа гадаа цэцэрлэгт хүрээлэнг тойруулаад зассан сандал байдаг байсан. Тэр сандалынхаа доод талын хөлбөмбөгийн хаалга болгож байрныхаа хүүхдүүдтэй, аав нартайгаа хамт их тоглодог байлаа. Багаасаа урлаг гэж явсан болохоор нээх их спорт хөөж байгаагүй юм. Харин миний дүү бол спортын хүн. Ширээний теннисийн улсын шигшээ багийн Б.Тамир саяхан Швейд явчихсан. Намайг бодвол их хөдөлгөөнтэй спортод дуртай хүүхэд. Би эсргээрээ урлагт хайртай.
-Дурсамж болгон л хүний амьдралын нэгэн мөчтэй холбоотой байдаг. Өөрийнхөө дурсамжыг өгүүлсэн түүхээсээ уншигчдад сонирхуулвал?
-Миний хувьд Унгард байсан үе. Хүүхэд нас бол хүний амьдралын хамгийн сайхан гэрэл гэгээтэй дурсамжыг хадгалан үлдсэн. Хааяа Будапешт хотод дахиад очих юмсан гэж бодогддог. Хамгийн ойрын дурсамж бол “Камертон-2” шоунд шалгараад дөрвүүлээ үлдэж байсан мөч бол хэзээ ч мартагдахаар сайхан дурсамж.
Байнга бодогддог дурсамж бол Унгарын Будапешт өнгөрүүлсэн орчин л их гоё санагддаг. 2001 оноос хойш Унгар яваагүй тэгж байгаад очно доо гэсэн бодол бий.
Монголчууд бид гадны оронд очихоороо ойр тойрныхоо орчин нөхцлийг нүдэлж авахыг их эрмэлздэг, сонирхдог юм шиг байгаа юм. Би хаана ч очсон метрогоор явдаггүй байсан. Яагаад гэхээр орчноо нүдлэхгүй. Явган алхах эсвэл автобусаар зорчдог. Ингэж явахаар нэг очсон газраа нүдлээд авчдаг. Энэ нь төөрөхгүй амар байдаг. Хэрвээ метрогоор явчихвал газар доогуур явж байгаа болохоор хаагуур яваад хүрсэн нь мэдэгдэхгүй. Манай сургуулиас дугуйн аялал амралтын өдрөөр зохион байгуулдаг байсан. Сургуулиас дугуй гаргаж өгдөг, тусгай дугуйны замаар явна. Энэ аялалын үр дүнд Будапешт хотынхоо нүх сүв болгоныг мэдэж авсан. Тэгж явсаар байгаад хотоо нүдэлсэн. Харин Унгар хүүхдүүд хотоо сайн мэддэггүй. Би гадны хүн байж хотын сайн мэддэг болсонд тэд нар их гайхдаг байлаа. Унгарт голоороо нугастай 5 билүү 6 хаалгатай урт автобус явдаг. Тэгээд найзуудаа дагуулаад явж байхдаа урд хаалгаар нь гараад хойд хаалгаар нь буцаад суучихна тэр хоорондоо тэд нар сандраад үлдчихнэ. Тэгж их тоглодог байсан үе. Хүүхэд насны дурсамж их тод үлдсэн л дээ.
-Одоо Унгар найзуудтайгаа холбоотой юу?
-Байхгүй. Би Монгол руу буцаж явлаа гэдгээ хэлээгүй ирчихсэн. Зөвхөн сургуулийн захиргаа л намайг буцна гэдгийг мэдсэн. Хувийн хэрэг, дүнгийн жагсаалт, бичиг баримтаа авсан юм. Нэг өдөр манай ээжийн дүү нь "за өнөөдөр явна шүү гэж хэлсэн" тэгээд л шууд Монгол руугаа ирсэн. Тэгэхэд би ангийнхантайгаа хүүхдийн жүжиг үзчихсэн явж байсан юм. Тавдугаар сарын сүүлээр гэнэт л явахаар болоод ирсэн дээ. Найзуудын маань нэрүүд сэтгэлд их тод үлдсэн. Гэрийнхэн хаягаар бол төөрөхгүй яваад очихож чадна нүдэнд харагдаж байна.
Барууны хотуудад хуучны барилгууд нь хэвээрээ байдаг. Хааны ордон нь хүртэл хуучнаараа. Бүгд тогтсон өөрсдийн гэсэн амины орон сууцтай, нэг их нүүдэл суудал хийгээд байдаггүй. Бас айл болгон нь хашаандаа жимсний мод тарьдаг болохоор зах дээр жимс зарна гэсэн ойлголт байхгүй. Зардаг л даа гэхдээ тэрийг нээх их хүмүүс худалдаж авдаггүй байсан байх аа.
Найзуудтайгаа нийлээд гэрээсээ уут авч гараад хашаагаа даваад ургачихсан модноос жимс түүнэ. Тэгээд гэртээ ирэхдээ олон янзын уут дүүрэн жимстэй ирнэ. Тэрийгээ угаагаад л иддэг байсан /инээв/.
Миний биеийн өсөлт хүүхэд байхдаа юу идэж, уусантай холбоотой байх гэж би боддог. Тэрнээс биш манай аав, ээж өндөр биш. Би чинь 186 см өндөртэй гэхдээ одоо би өндөрт орохооргүй болчихжээ. Сүүлийн үеийн хүүхдүүд их өсөлт сайтай болж.
-Монголд ирээд олон жил болчихлоо. Унгар, Монголын хөгжлийг харьцуулбал?
-Ондоо л доо. Би түрүүн хэлсэн Унгар улсад хуучны хааны үеийнхэн барилга байшин маш шигүү байршилтай байдаг. Шинэ барилгаа хотынхоо зах руу баригддаг юм. Жишээлбэл, хуучны орон сууцныхан багана болгоно дээр эрт үеийнхэн уран баримлын дүрслэл бий. Тэр дүрс, хэлбэр, хийц нь түүх болоод үлдчихсэн учраас нураана гэж байхгүй.
Манайхан нүүдэлчин ард түмэн шүү дээ. Харьцуулбал, агаар нь их сайхан. Одоо бол Улаанбаатар бол утаатай болсон. Хөдөө орон нутагт л сайхан агаартай байгаа.
Мөн манайхны нэг түгээмэл ойлголт байдаг. Гэр хороололд амьдардаг хүмүүс нь амьдралын боломж тааруу. Орон сууц, хаусанд амьдарч буй нь чинээлэг гэж ойлгодог. Гэтэл Унгарт бол эсрэгээрээ мөнгөний боломжтой нь хотынхоо зах руу хаус бариад амьдардаг. Амьдрал тааруу нь хотынхоо төвд орон сууцанд амьдрах жишээтэй. Үүгээрээ бас өөр юм даа.
-Бага байхдаа дуучин болно гэж мөрөөдөж байсан нь өдгөө биелэлээ олжээ. Харин одоо юу мөрөөдөж байна?
-Хүний мөрөөдөл бол хязгааргүй шүү дээ. Гоё том мөрөөдөж болно. Зарим хүмүүс хийсвэр мөрөөддөг. Зорилгоо л мөрөөдөл болгочихоод л явна. Ойрын зорилго, мөрөөдөл бол Монголдоо төдийгүй Ази, Дэлхийн хэмжээнд гарах мөрөөдөлтэй байна.
-Өөрийнхөө дотоод ертөнцтэй хэр ярилцаж, юу гэж хурцалдаг вэ. Хэлэх дуртай үг?
-Утга агуулгын хувьд таалагддаг үг бий. Эзэн хичээвэл, заяа хичээнэ. Чи чадах ёстой л гэж их боддог. Ямарваа нэгэн зүйлд орсон бол түүнийхээ эцсийн үзээд оргилд нь хүрэхийн төлөө тэмүүлдэг.
-Хоолойны бэлтгэлээ хийж байх үедээ өөртөө авах кайф?
-Хувь уран бүтээлчид бол ганцаараа хаана ч бэлтгэлээ хийгээд явчихаж болдог. Харин бидний хувьд хамтлаг болохоор тогтсон цагтаа бүгдээрээ цуглаад хоолойны бэлтгэлээ хийнэ. Тэндээс авч байгаа кайф нь юу вэ гэхээр тухайн дуугаа мэргэжлийн хэмжээнд дуугарах гээд өнгө өнгөө цээжилдэг. Жишээлбэл, би суурь хоолой буюу баас хоолойгоор дуулдаг шүү дээ. Д.Зоригоо баритон хоолой, II тенор Б.Замбуулаа, I тенор хоолойгоор Б.Оргил дуулдаг. Тэгээд яг өөр өөрсдийнхөө хоолойг нийлүүлээд дуулахад тэр дөрвөн хоолой нийлээд цогц сонсогдож байвал тэрнээсээ л сайхан кайф авдаг даа.
-Та магтаал, зэмлэлийн алийг нь сүүлд сонсов?
-Зэмлэл, магтаалыг аль алиныг л сонсдог. Хамгийн сүүлд хамтлагийн ахлагч Б.Замбалгаравтаа зэмлүүлсэн. Хамтлагийн нэр хүнд ахлагчидтай холбоотой. Өөрсдөө ахлагчаар томилсон болохоор үгэнд нь орох л хэрэгтэй. "Камертон" хамтлагийн нэр хүнд өндөр байдаг нь хамтлагийн ахлагч Д.Болдоо ахтай л холбоотой байдаг байх гэж боддог.
– Хүн төрсөн цагаасаа авахуулаад амьдралынхаа хуудсыг нээгээд баяжуулаад явдаг. Таны бодлоор амьдрал юунаас хамааралтай байдаг бол?
-Тэр хүн хорвоо дээр хэн болж мэндлэх ёстой вэ, юу хийх нь цаанаасаа бурхнаас зам мөр нь зурагдчихсан байдаг байх. Тэрнээс зам мөр нь гажуудна гэж байдаггүй л байх миний бодлоор. Хүний амьдрал тухайн хүнээс л хамааралтай. Хүн өөрөө өөрийгөө яаж арчаатай авч явна ямархуу оргил тэмүүлэлтэй. Хүн ямар ч айлд төрж болно тийм болохоор хувь хүн өөрийнхөө амьдралыг босгоно. Дэлхийн тэрбумтанууд бүгд л ядуу айлын хүүхэд болж төрсөн байдаг юм байна лээ намтар, түүхийн сонирхоод үзэж байхад. Тэд тэр их мөнгөн дээр төрөөгүй өөрсдийн хөдөлмөрөөр олсон. Тэгэхээр хувь хүн тэр болгоныг цогцлоож энэ орчлон дээр юу тарих уу, үр хүүхэддээ юу үлдэх үү гэдгээ энэ орчлон дээр ирчихсэн юм чинь өөрөөс нь шалтгаална.
Ярилцсан: Х.Даваанаа