Монгол киноны 80 жилийн ойг угтан найруулагч О.Машбат хүү Ивээлийнхээ хамт “Цэн тогоруу” уран сайхны кино хийж эхэлжээ. Энэ кино нь хайр дурлал, гэгээн мөрөөдөл, хүнлэг ёсыг өгүүлэх бөгөөд маш ээдрээтэй хурц үйл явдалтай кино гэнэ.
Киноны багт Төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, авъяаслаг хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, ”Bro’s records студийн Томоо буюу М.Болд, Равсал панз – МУГЖ Б.Магсаржав, АЖ Д.Мэндбаяр залуу жүжигчин Э.Идэрболд, Ц.Оюун-Эрдэнэ гээд олон сайхан уран бүтээлчид багтжээ. Ирэх намар нээлтээ хийхээр төлөвлөсөн энэхүү киног МУГЖ Н.Батцэцэгийн хүү М.Ивээл аавтайгаа найруулах юм байна. М.Ивээл хар багаасаа кинонд ойр өссөн бөгөөд “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий”, ” Цагаан сүүний домог”, “Вансэмбэрүү” кинонуудын гол дүрд тоглож байсан билээ. Тэрээр АНУ-д кино найруулагч мэргэжил эзэмшээд саяхан эх орондоо ирсэн бөгөөд маш авъяастай, хурц сэтгэдэг нэгэн гэнэ.