Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч В.Боролдой, түүний охин, “Алтан ураг” хамтлагийн бөмбөрчин Б.Болортунгалаг, ҮДБЭЧ-ын хөгжимчин Б.Болорцэцэг нарыг “Удам залгамж” буландаа урилаа. “Дорнодын” хэмээн алдаршсан В.Боролдой аймгийнхаа Хөгжимт драмын театрын симфони найрал хөгжмийг үүсгэн байгуулсан юм.
Тэрбээр “Цэнхэр дурдан алчуур”, “Малчдын дуулал” зэрэг бүжгэн жүжгээс гадна бүжиг, дуу болон драмын жүжгийн 200 шахам хөгжим зохиожээ. Том охин Б.Болортунгалаг нь Монголд төдийгүй дэлхийн олон оронд нэрээ дуурсгаж байгаа “Алтан ураг” хамтлагийн чадварлаг хөгжимчин. Бага охин Б.Болорцэцэг нь Төрийн шагналт, ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн улсын II уралдааны дэд байрын шагналтай. Тэдэнтэй ярилцсанаа хүргэе.
-В.Боролдой гуай Дорнодын Хөгжимт драмын театрт хэчнээн жил ажиллаж байна вэ?
-Тавь орчим жил болж байна. 1959 онд 17 настайдаа анх энэ театрт орсон. Долоон жил ажиллаад ОХУ-ын Свердловскийн консерваторид сурсан. Сургуулиа хөгжмийн зохиолч, багш мэргэжлээр төгсөөд 1975 онд аймагтаа ирсэн. Түүнээс хойш тасралтгүй ажиллаж байна. Би 2002 онд гавьяаныхаа амралтад суусан ч зөвлөх багшаар театртаа ажилласаар байгаа. Зөвлөх багш боловч хөгжмийн зохиолч, найруулагч, хөгжмийн багш гээд чаддаг бүхнээ л хийдэг. Гэр бүлийнхэн хотод амьдарч, би Дорнодод ажиллаж байна. Бид ирэх намар И.Штраусын “Сарьсан багваахай” дуурийг тоглохоор бэлтгэж байгаа.
-Орон нутгийн театруудаас танайх л симфони оркестртой. Театртаа ажилласаар байгаа нь үүнтэй холбоотой юу?
-Тийм ээ. Оркестрынхоо аялгууг тасалчихгүй юмсан гэсэндээ өдий хүртэл ажиллаж байна. Үндэсний хөгжимчдөд сонгодог хөгжим зааж, суурийг нь тавьсан оркестрын минь 35 жилийн ой өнгөрсөн онд тохиолоо. Энэ хугацаанд бидний урын сан 60 гаруй бүтээлтэй болжээ. Манай оркестр 1978 онд “Цэнхэр дурдан алчуур” бүжгэн жүжгээр анхныхаа тоглолтыг хийсэн.
-Энэ оркестр одоо хэдэн хүний бүрэлдэхүүнтэй вэ?
-27 хүний орон тоотой. Нэг үеэ бодвол олон хүнтэй болсон. Бид ХБК-д таван хөгжимчин сургаж байгаа. Тэд ирэх жил төгсөөд аймгийнхаа театр ажиллана. Орон тоо цөөн болохоор манайд фагот, гобой, кларнет тоглодог хүн байхгүй.
-Та ихэвчлэн бүжгийн хөгжим зохиодог. Бүжгийн хөгжмийн онцлог юу вэ?
-Театртаа анх ороод бүжиг ангийн концертмейстрээр ажилладаг байсан нь их нөлөөлсөн. Одоогоор бүжгийн 100 гаруй хөгжим бичжээ. Бүжгийн хөгжим үйл явдлыг тодорхой илэрхийлсэн, өрнөлтэй, богино байх шаардлагатай. Бүжгийн хөгжмийн энэ уламжлал 2000-аад оноос хойш орхигдож байгаа. Шалтгааныг нь манайхан модерн бүжигтэй холбож тайлбарладаг. Урлагт шинэчлэл байх хэрэгтэй ч уламжлалаа орхиж болохгүй.
-Таны эхнэр мөн урлагийн хүн юм билээ. Охидоо урлагийн хүн болгох нь та хоёрын хүсэл үү байв уу, эсвэл өөрсдийнх нь шийдвэр байсан уу?
-Миний эхнэр Ц.Нямсүрэн Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт олон жил ажилласан. Хуучир тоглодог. Эхнэр бид хоёр хүүхдүүдээ ерөнхийд нь чиглүүлж, зөвлөдөг. Шийдвэрийг хүүхдүүд гаргах хэрэгтэй. Охид маань өөрийнхөө хүслээр урлагийг сонгосон. Аав, ээжийнх нь мэргэжил нөлөөлсөн байх л даа.
Б-Т: Намайг цэцэрлэгт явах дургүй болохоор аав, ээж ажил руугаа дагуулаад явдаг байсан. Тиймээс багаасаа урлагт хайртай. Би тавдугаар ангидаа ХБК-ийн цохивор хөгжмийн ангид элссэн. Хотод сургуульд сурна гээд бөөн баяр болсон хүүхэд цохивор хөгжим гэж юу байдгийг бараг мэдэхгүй орж байлаа. Манай ангийнхан хамтарч “Алтан ураг” хамтлаг байгуулсан. Эмэгтэй бөмбөрчинтэй, ёочин хөгжимчин нь эрэгтэй болохоор хүмүүс эхэндээ гайхдаг байлаа. Эрэгтэй, эмэгтэй хүн бөмбөр тоглоход ялгаатай юу гэж олон хүн асуудаг. Миний хувьд ялгаа байхгүй. Тухайн хамтлагийн ур чадварыг дуучин болоод бөмбөрчнийх нь чадвараар үнэлдэг гэдэг.
Б-Ц: Би ХБК-ийн төгөлдөр хуурын ангид анх орсон. Төгөлдөр хуурыг долоон жил сураад ёочин хөгжим тоглосон. “Манай урлагийн салбарт сонгодог хөгжимчинд ажлын байр ховор. Үндэсний хөгжм өөр мэргэших нь арай дээр байх” гэж аав зөвлөсөн. Тиймээс ёочинг сонгосон. Төгөлдөр хуурыг бодвол сурахад хялбар юм билээ.
-Мэргэжлийн хүний үүднээс охидынхоо ур чадварыг хэрхэн үнэлдэг вэ. Ер нь тэднийг хэр магтаж, зэмлэдэг бол?
-Миний охид мундаг хөгжимчид болно. “Алтан ураг” хамтлагийг би их үнэлдэг юм. Фэн нь. Монголын урлагт этно рок гээд өвөрмөц урсгал бий болгосон. Болорцэцэг ҮДБЭЧ-д нэгдүгээр курсээсээ эхэлж ажилласан. Үндэсний урлагийн том байгууллагын өндөр босгыг давсанд нь охиноороо бахархдаг. Охин минь ХБК-ийг өнгөрсөн жил төгссөн.
Б-Т: Аавыг их уурлаад, биднийг зэмлэж байсныг ер нь санадаггүй юм. Угаасаа тайван дөлгөөн хүн.
В.Б: Охид минь багаасаа хотод сургуульд сурч аав, ээжээсээ хол өсөөд, биеэ даачихсан. Эрхлэх насаа урлагт зориулсан хүүхдүүд. Жилийн хэдхэн хоногийг л гэртээ өнгөрүүлдэг байлаа. Бага охин долоон настайдаа ХБК-д орсон. Том охин ах, дүү хоёртойгоо хамт өссөн болохоор эршүүд зантай. Би хоёр хүү, хоёр охинтой.
Б-Т: Бага насныхаа ихэнх хугацааг ХБК-д өнгөрүүлсэн болохоор гэрээсээ илүү сургуулиа зүүдэлдэг юм (инээв).
-Аавынхаа ямар бүтээлийг сонсох илүү дуртай вэ?
Б-Т: Ааваар минь овоглосон бүх л хөгжмийг сонсох дуртай. Тэдгээрээс “Малчдын дуулал”-д нь илүү дуртай.
Б-Ц: “Найрын ширээний ууц” жүжиг, “Сансрын нисэгчийг хүлээх дуу”-нд нь дуртай.
В.Б: “Малчдын дуулал” бүжгэн жүжгийг гурван сарын дотор бичиж байлаа. Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, ардын жүжигчин Б.Жамъяндагва “Монголын урлагт малчны сэдэвтэй бүтээл ховор юм. Энэ сэдвээр нэг сонгодог бүтээл туурвих хэрэгтэй байна. Чи хөгжмийг нь бич. Тавдугаар сарын сүүлчээр тоглоно” гэв. Бүжгэн жүжгийн хөгжмийг гурван сарын дотор бичих хэцүү. Нэг өрөөнд цоожлуулчихаад л өдөр, шөнөгүй сууж бичсэний үр дүнд хугацаандаа амжсан. Тэгж туурвисан бүтээлээ эргээд бодоход сайхан байдаг юм. “Найрын ширээний ууц” жүжгийн хөгжмийг уг нь Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Б.Дамдинсүрэн бичиж эхэлсэн юм. Түүний бие чилээрхээд хөгжмийг нь би үргэлжлүүлж дуусгасан. Тэр мундаг хүний эхлүүлсэн бүтээлийг сайн дуусгах гэж нэлээд хичээж, шаналсан шүү. “Сансрын нисэгчийг хүлээх дуу”-ны аяыг сансрын нисэгчийн тухай дууны уралдаанд оролцох гээд цагийн дотор зохиосон. Уралдаанд гуравдугаар байрт шалгарсан энэ дууг Улсын филармонийн дуучин Л.Оюунчимэг, Х.Галхүү нар дуулсан. Бүгд сонин түүхтэй бүтээл юм.
Б-Т: Аавын туурвисан зарим бүтээлийг хүмүүс мэддэггүй юм билээ. Тиймээс бүтээлүүдийг нь алдаршуулж ном, цомог гаргах хүсэлтэй.
В.Б: Орон нутагт ажилладаг болохоор бүтээлүүдээ олон нийтэд төдийлэн хүргэж чадахгүй юм.
-Аав, охид хамтарч бүтээл туурвих бодол бий юү?
В.Б: Энэ талаар ер нь бодож байгаагүй юм байна. Хамтраад бүтээл хийвэл сонин байж магадгүй.
Б-Ц: Бид гурав нийлж бүтээл туурвихаас гадна бараг хамтарч тоглож байгаагүй. Аавын 50 насны ойн тоглолтын үеэр л нэг удаа тоглосон. Эгч бид хоёр хөгжмөө тоглож, аав удирдсан. Ёочинд зориулсан нэг хөгжим зохиогооч гэж аавд би хэлж байсан л юм.
-Охид нь ирээдүйдээ хөгжмийн зохиолч болох болов уу?
Б-Т: Би оролдож үзнэ ээ. Санаж хичээвэл бүтэхгүй зүйл гэж үгүй.
В.Б: Хөгжмийн бүтээл туурвих амар зүйл биш. Дууны ая зохиохыг зарим хүн амархан гэж боддог. Нэг талаараа энэ нь хамгийн хэцүү. Хэдхэн ноотонд олон зүйл багтааж, хүний сэтгэлд хүргэх амаргүй.
-Аавдаа хамгийн их баярласан үеэ дурсаач?
Б-Т: Охин дүүгээ төрөхөд аав, ээждээ үнэхээр их баярласан. Түүнээс гадна би багадаа чарга худалдаж авахыг их хүсдэг байлаа. Нэг өдөр аав, ээжийг ажлаасаа тарж ирэхийг хүлээгээд сууж байтал аав нэг чарга сугадчихсан хажуугийн байрны буланг тойроод гарч ирсэн нь санаанаас ер гардаггүй.
-Аавынхаа юугаар нь бахархдаг вэ?
Б-Т: Монголын урлагт үлдээж буй бүтээл бүрээр нь бахархдаг.
Б-Ц: Тайван дөлгөөн зангаар нь бахархдаг. Хүн бүр эцэг, эхээ магтдаг ч миний аав шиг ноён нуруутай хүн цөөн болов уу. Аав бидэнд олон зүйл сургадаггүй ч байгаа байдлаараа хүүхдүүддээ үлгэр дуурайл болдог.
П.ТУНГАЛАГ/Өнөөдөр/