Баярын өмнөхөн үе гэхэд санасныг бодвол үсчний газар хүн цөөвтөр байлаа. Гэвч чамлахааргүй хүлээх нь гарцаагүй боллоо. Тав зургаан хүн дараалан суужээ. Нэг бүдүүн эр хана налан, нүдээ аньсан нь энэ хорвоогийн амьдралыг үүрд орхин одсон мэт харагдана. Нэгэн пагдгар эр пиджакныхаа энгэрийн гадна халааснаас сам гарган хананы том толины өмнө очоод үсээ хоёр шанааруугаа ч самнаж үзнэ. Духруугаа ч самнаж үзнэ. Яаж самнавал өөрт илүү зохихоо мэдэхгүй л байгаа бололтой.
Хажуу халимаг чамайг оворжуу болгоод духруугаа самнахлаар хүүхэд шиг харагдуулаад байна. Хойш нь самнаач тэгвэл чи гараад өгнө дөө гэж хэлмээр санагдавч би мэдээжээр юу ч хэлсэнгүй. Миний өмнө сууж буй улаан хамартай цоохор нүүртэй эр бугуй дахь цагаа байсхийгээд л харна. Тийн харахдаа хүнтэй л маргаж ч буй юм шиг, инээж наргиж ч байгаа юм шиг морин шар шүдээ ярзайлгах агаад, тун ч их яарч буй хүний байдал илт. Тэр тогтож байж ядан, эгээл сандалд суухлаар дороос нь өргөс хатгаад байгаа мэт. Харин өөрийг нь төлөөлөн сандал дээр түүний барьж яваа, элэгдэж халцарсан том шар цүнх л данхайна. Би түүний цүнхийг мэлрэн харна. Ийм цүнхийг зарим хүн профессор цүнх ч гэдэг. Яагаад ингэж нэрлэдэг нь бол ойлгомжтой. Гэтэл нэг хэсэг хүн ийм цүнхийг Захын шар ч гэх нь бас байдаг. Тиймээ зарахгүй, солих гэхдээ хот даяар биш юмаа гэхнээ ямар ч л гэсэн зах дээр ижил нь барагтайд байдаггүй тийм ховор солих бараагаар дүүрэн байх нь тохиолддогоос ийнхүү нэрлэх болсон тал бий биз. Бас нэг хэсэг хүн ийм цүнхийг Пивоны шар ч гэж л байдаг. Дотор нь ном дэвтэр биш пиво, пивоний шил дүүрэн явах нь тохиолддогоос ийм нэртэй болсон цүнхний буруу юу байхав. Харин эдээ ийм нэртэй болсон эзэд нь л улаан хамартыг би дээрх гурван ангиллын алинд багтахыг хэлж зүрхэлсэнгүй. Нэг харахад профессор биш юм аа гэхэд дор хаяад дээд сургуулийн туслах багш ч байж мэдмээр. Учир юун гэвэл «Нутгийн нэг хүүхэдтэй уулзахаар дээд сургууль дээр очоод мунгинаж яваад оюутны эрдэм шинжилгээний хурал гэгч болж байсан хүнээр дүүрэн нэг том өрөөнд орчихсон чинь яг л ийм хүн, индэр дээр гарчихаад нэг оюутны илтгэлийг бөмбөгдөж »байсан нь миний сэтгэлд мартагдахааргүйгээр үлдсэн билээ. Ахиулан харахад улаан хамар нь нүднээ унаж, Пивоний шарын эзнээс хаашаа зайлах вэ дээ гэсэн бат итгэл төрөвч хэдэн сарын өмнө зах дээрээс хүүхдийн өвлийн гутлыг гурав бөгтөрсөн өндөр үнээр яг ийм шар цүнх барьсан, яг ийм улаан хамартай хүнээс гуйж царай алдаж байж худалдан авсан ч шиг санагдана.
Ийнхүү элдэв дээдийн юм бодон суусаар бас чиг хөөрхөн хүлээснээ золоор анзаарсангүй. Өмнө минь улаан хамарт л (алдарыг нь мэдэхгүй болохоороо л түүнийг сэтгэлдээ ийн нэрлэж байгаадаа өршөөл эрнэм) үлдсэн байв.
Дотор өрөөнөөс 82 гэсэн цариун дуун хадахад улаан хамарт надруу эргэж харин түрүүхэн тогтож ядан байснаа мартчихсан бололтой их л тайвуу дуугаар,
–Та орвол ордоо гэж хүнгэнүүлдэг байна. Энэ нь надад ёстой л цэлмэг өдөр аянга бууна гэгч шиг л санагдлаа. Би ийм үг сонсоно гэж бодоогүй байв. Харин ч урагш зүтгэн оочер дайрахаас буцахгүй эр байна даа хэмээн нүгэлт бодол түрүүхэн төрж байснаа санан өөрөөсөө өөрөө ичиж, ийм найрсаг хүн профессор шарын л эзэн байлгүй яах вэ? Гэж бодлоо. Ингээд би олон юм ч цааш нь бодож амжсангүй,
–Танд их баярлалаа гэж өөрөө ч мэдэлгүй бодсон ч юмгүй автоматаар улаан хамартад хэлчихээд, ухасхийн орлоо. Зөөлөвчтэй гамбагар улаан сандал дээр суувал овоо нуруулаг горзойсон өндөр ч гэлээ царай нь хүүхдээрээ охины нүд тормолзон байх нь цэлгэр тунгалаг толиноо тусна. 82(үсчин охин) хайчаа дуугарган үснээс минь шууд л тайрч эхлэхэд нь,
–Миний дүү ахынхаа үсийг хагас битүү засна шүү гэж хэлэхэд
–Уртаас нь хэр зэрэг авах вэ?
–Заа даа, саяныхаа тайрдгийн хэмжээнд л бол дажгүй.
Ингээд л бид хоёр дуугүй болж охин үсийг минь засч би толин дундаас өөрийнхөө дүрсийг харан сууна. Гэтэл удсан ч үгүй Улаан хамарт орж ирэн миний чанх харалдаа сандалд суух нь мөн л ертөнцийг тольдогч том толиноо тусав.
Yсчин охины нимгэн цагаан царай яасан ч юм бүү мэд нэг мэдсэн шүр шиг улайчихсан байв. Охины царай яагаад юунаас үүдэн улайв? Yснээс минь биш байгаа гэж бодсоноос болоод миний өөрийн царай бас л яах ийхийн завдалгүй улайчихлаа. Ийнхүү царай улайн мэгдэж байснаа гэнэтхэн тайвшран эл бүх явдалтай холбоогүй ч гэсэн өөр нэгэн газар урьд өмнө болсон өөр нэгэн явдлын тухай өөрийн эрхгүй бодоход хүрэв.
Би уурхайчин хүн. Налайхын уурхайд ажилладаг. Уг удмаа хөөвөл баруун нэг аймгийнх ч гэлээ Налайхыг өөрийн төрсөн газар унаган нутаг гэж боддог болсон олон хүний нэг. Гэхдээ Налайхад ирж уурхайчин болоод зургаа дахь жилийнхээ нүүр л үзэж байна. Одоо хорин долоотой гээд бодоход уул нь нас бие гүйцсэн хойноо усны урсгалын өөд урууг ялгахтай болсон төдийгүй өрх гэр толгойлоод явах насандаа налайхад ирсэн минь тодорхой. Хэдий тийм ч Налайхыг өөрийн унаган нутаг гэж боддогийн учир нь олон шалтгаантай хамгийн гол нь уурхайтай минь бас намайг уурхайчин болгосон багштай минь холбоотой бүлгээ. Би олныг нуршихгүйг хичээн нэг л удаагийн явдлыг өгүүлсүгэй.
Жав багшийн шавь болсон тэр өдөр миний сэтгэлээс хэрхэн гарах билээ. Намайг уурхайчин гэхлээр нүүрс малтаж хүрздэж, дүнз мод өргөн бэхэлгээ хийдэг хүн гэж бодуузай. Би хөдөөнөөс ирэхдээ уурхайчид гэдэг цөм л нүүрс малтаж гаргадаг хүнийг л хэлдэг хэмээн боддог нэгэн байсан. Гэвч тийм бус байв. Би уурхайд ирээд цахилгаан тэрэгний туслах машинчаар ажиллах болсон билээ. Алсын алсыг зорьсон аяны их цагаан зам адил газрын хөрснөөс зуу гаруй метрийн гүнээ зурайх ган замаар утаа ч үгүй, уур савлуулдагч үгүй, ердөө цахилгаан гүйдлийн хүчээр ажилладаг цахилгаан тэрэг, хурдан давхиж явдгийг мэдэхгүй хүн бүрийг буруутгаж яахин болох. Жав багш минь намайг их л няхуураар ширтэн,
–За хүү минь уурхайд аюул осолгүй ажил гэж байдаггүй юм. Гэвч энэ бол газар сайгүй л дандаа аюул осол гарч байдаг гэсэн үг биш. Ер нь ганц уурхайд ч биш, аливаа ажил дээр ямар нэгэн хэмжээний аюул осол гарах учир байдаг шүү дээ. Ямар ч аюул тохиолдохгүй тийм ажил хаана байхав дээ. Би чамд энэ бүхнийг юу гэж ингэж нуршин өгүүлнэ вэ? Гэвэл нэг талаас уурхай гэдэг өглөө гэрээсээ гарсан хүн орой эргэж ирэх эсэхээ мэддэггүй юм гэсэн сул яриа зарим талаар газар авсан байдаг нь лав чиний чихэнд хүрсэн байлгүй. Тиймээс тэр ор үндэсгүй хий сүржигнэсэн яриаг март гэх гэсэн юм. Нөгөө талаас уурхай гэдэг ийм л айх юм байдаггүйгээс хойш яаж ч байсан дажгүй гээд энд дураараа дургин бодсоноороо аашлаад байж болдоггүй юм гэдгийг л ойлгуулах гээд буй санаа минь энэ гэхчлэнгээр ярьсан юм даа.
Зургаан жилийн өмнө болсон энэхүү яриа тэр үедээ анх сонсож байхад нэг их номчирхсон, тэгсэн атлаа юу хэлэх гээд буй нь ойлгомжгүй санагдаж байсан. Гэтэл энэ зуур зургаан жилийн хугацаа урсан өнгөрч би ч уурхайн амьдралын зах зухаас нь бас чиг чамлахааргүй зүйл амссаны дараа, багш анх над хэлж байсан дээрхи үг чухам ямар учиртайг, багш минь над юу хэлж байсныг ойлгохтой болжээ. Уурхайд ажиллахаар анх удаа ирж буй залууст би одоо багшийнхаа энэ л үгийг давтан хэлдэг. Би хэдий моншин мунгинуу амьтан ч гэлээ багш минь сайн хүн байсан болохоор хэсэг хугацаа өнгөрөхөд ажилдаа овоо зүгширч олон хайрцаг нүүрстэй тэргэнцэр чирэн, уурхайн хонгилын ган замаар цахилгаан тэрэг жолоодон давхихтай болсон. Хонгилын таазнаа татсан их хүчтэй цахилгаан гүйдэл гүйж буй, хуруу шиг бүдүүн утсыг харахад хааяа бие зарсхийн хачин болох авч өмнөө зурайн ган зам арын гэгээвчний шилээр харагдах цуварсан олон тэргэнцэр дотор гялалзсан хар нүүрс сэтгэлд баясал, бахархал авчрах нь сайхан. Замын зөрлөг дээр очис гялсхийн бутрах нь ч бас л ёслолын буудлагын галт сум адил харагдаж сэтгэлийг гийгүүлнэ.
Эл өгүүлэх явдал болсон тэр өдрийн ажил урьд өдрүүдийнхээс ер ялгагдах юмгүй хэвийн байдлаа эхэлж билээ. Шөнийн гуравдугаар ээлжинд ажилд гараад байв. Уурхайн гүнд орсон хойно өдөр ч байна уу, шөнө ч байна уу ялгагдах нь үгүй ч ажилд ороод удаагүй байсан болохоор шөнийн ээлжинд ажилд гарахлаар шөнө дундаас хойхно нэг хэсэгтээ нойр харанхуйлан нүд аргаж хачин болдог нь шинээр уурхайчин болж буй ихэнх хүнд тохиолддог гэж би боддог. Ажил эхлэхэд Жав багш бид хоёр баруун хээрийн цооногт жаран хоёр тэргэнцэр аваачиж тавилаа. Нүүрсний мөрөгцөгт ажил урагштай байгаа бололтой удаж түдсэн ч үгүй цооногт нүүрс ирж эхэллээ. Ийнхүү байж байтал Жав багшийн цооногийн дэргэдэх утсаар дуудлаа. Онхолдуулагч дээр багшийн хэрэг гарсан байв. Багш явахдаа,
За хүү минь тойруулга болоод зөрлөгүүдээр өнгөрөхдөө тун анхааралтай яваарай гэж над захилаа. Би толгой дохин үлдэхдээ багш маань «хаяагаа манаж» байгаа юм шиг юун ч илүү үг хэлнэ вэ. «Намайг хөдөөнөөс ирсэн чигээрээ толгойны эргүү нь гараагүй амьтан гэж бодсоор байгаа юм уу даа» гэсэн бодол гэнэтээр гялсхийн төрсөн авч дорхноо замхарч билээ.
Дөрвөн цаг өнгөрч байхад жаран хоёр тэргэнцэртэй нүүрс чирээд цахилгаан тэрэгнийхээ бүхээгт суун хөдөллөө. Малгайдаа чийдэн гялалзуулж, ажлын багаж зэвсгээ барьсан уурхайчид, уурхайн агаарын найрлагыг шалгадаг, гартаа тусгай дэнлүү барьсан агааржуулахынхан хааяа хааяа замын хажуугаар өнгөрөх нь харцнаа тусна. Би цахилгаан тэргээ жолоодон амандаа дуу аялан жирийлгэж явлаа. Намайг ингээд явж буйг нутгийнхан маань үзвэл яасан ихээр сүйд майд болцгоох бол? Амьд явбал алтан аяганаас ус ууна гэгчээр ийм техник жолоодоод газрын гүнд орчихсон давхиж явна гэж хэн зүүдлэх билээ? Гээд л шуугицгаана даа гэсэн нэг ёсноо бяцхан бардамнасан бодол цээж түрэн би гэдэг данагар эр сэтгэлээрээ жигүүрлэн дүнгэнүүлж яваад яах ийхийн завдалгүй нэг мэдсэн замаасаа гарчихав. Хамгийн анхны тойруулга дээр л маданд орчихсон байж билээ хөөрхий.
Yсчин охин зүүн чихний мин омогны дээрх үсийг сэтийтэл нь өм цөм авчихсан учир өөрийгөө том толин дотроос харахад тун ч инээдэмтэй болсон байлаа. Профессорын найрсаг зангийн учир үүнд байжээ гэсэн бодол төрнө. Охин ямар ч л атугай үсийг чинь тайрч гүйцэхэд нь би гамбагар улаан сандлаас босч,
–Их баярлалаа гэвэл охины уруул хөдлөх төдий болоод буруу харав.
Хувцсаа өмсөж байтал Улаан хамарт ч гарч ирлээ. Тэр солгой гараа дээж даялуулан өргөж бугуйн цагаа сөлийн харснаа, цагтаа амжсанд ч юм уу, эсвэл үсээ сайхан засуулсандаа ч юм уу, үгүйбээс намайг араар тавьсандаа ч бахархсан юм уу, үгүй бол өлгүүрийн үйлчлэгч бүсгүй аятай харагдсанаас ч тэр үү ер нь л үл мэдэгхэн байдлаар мушилзан инээмсэглэнэ. Хувцасны өлгүүрийн хажуугийн хананд хадсан том тольруу харан тэндээс өөрийгөө олж харах зориг хүрэхгүй нүд дальдарч байвч би бас л сэтгэл хангалуун байдлаар инээмсэглэлээ. Ийнхүү инээмсэглэсний минь учир гэвэл тааралдаж байсан ч гэлээ танихгүй чамайг ясанд чинь хүртэл таньдаг боллоо гэж Улаанхамартын тухай бодсоноос, үс гэдэг нас байсан цагт ургадаг юм хэмээн сэтгэлээ тайтгаруулснаас, аливаа анхны алхам хийхэд бүдрэх нь байдаг юм хэмээн өөрт тохиолдож өөрийн эндэж бүдэрч байсан явдлуудын хаа нэгийг дурсан санаснаас үүнээс үүдээс үсчин охиныг уучлах учиртай юм гэж бодсоноос билээ.
СОНОМЫН ЛОЧИН
Зохиолч С. Лочин ГовьАлтай аймгийн Дарви сумын нутагт малчны гэрт төржээ. Бага дунд сургууль, Улсын их сургууль төгсжээ.
1965 оноос уран бүтээлээ эхэлж «Сэтгэлийн өнгө», «Yргэлжлэлтэй долоон өдөр», «Сүйрэл» зэрэг роман олон өгүүллэг, тууж бичжээ.
Зохиогчийн « Сэтгэлийн өнгө» роман Орос, Вьетнам хэлнээ орчуулагджээ.