МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч, сэтгүүлч Ундраагийн Баярсайхан “Танихгүй танил” нэртэй ярилцлагын номоо уншигчиддаа хүргэж байна. Тэрбээр сэтгүүлзүйн салбарт ажиллаж эхэлсэн цагаасаа хойш хийсэн ярилцлагуудаасаа шигшиж зөвхөн 30 хүнийхийг тус номондоо багтаажээ.Шинэхэн номоо өлгийдэн авсан түүнтэй хөөрөлдлөө.
-"Танихгүй танил" нэртэй шигшмэл ярилцлагын ном тань уншигчдын хүртээл болж эхэллээ. Аливаа шинэ бүтээл төрөхөд их л доглол дагуулдаг биз…?
-Тийм шүү. Дотоод сэтгэлийн минь чандад оршиж байсан нууцаа их л танил нэгэнд дэлгэж байгаа аятай л санагддаг. Би ер нь хийх гэж байгаа зүйлээ хэнд ч дэлгэдэггүй. Тиймээс бэлэн болгосныхоо дараа тэдэнд мэдэгддэг болохоор тэгж их догдлол тээдэг байх л даа. Танихгүй танил номонд маань миний сэтгүүлзүйн салбарт хөл тавьснаас хойш туурвисан бүтээлүүдийн дээжээс багтаж байгаа. Гэхдээ үүнд спорт, соёл урлагийн алдартай 30 хүний 28-ыг нь ярилцлагаар хоёрыг нь хөрөг бичлэгээр оруулсан.
-Номынхоо нээлтийг хийх гэж байгаа гэж сонссон. Хэзээ нээлт болох вэ?
-Энэ сарын 16-нд морин цагт буюу 12:00-т “Интерном"-ын их дэлгүүрт эхэлнэ. Би ярилцлага авсан хүмүүсдээ хоёр хоногийн өмнөөс дахин уулзаж “Хоёулаагийн ярилцлага ном болсон шүү. Та нээлтэд хүрэлцэн ирээрэй” гээд урилгаа гардуулсан. Тэдэнд “Хоёулаа халуун сайхан яриа цогц бүтээл боллоо шүү дээ” гэхэд сайхан хүлээж авч байна. Би ч сайхан урам авлаа. Номонд орсон хүмүүсээс Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай л ярилцлагаа орохоо мэдэж байсан. Өчигдөр О.Балжинням аваргад урилгаа өгөхдөө номоо үзүүлсэн чинь зургаа хараад их сонин санагдсан бололтой “Энэ зургийг чи хаанаас олоо вэ” гээд л. Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн ах “Паа хоёулаа одоо баллах нь ээ” гэх мэт янз бүрээр хүлээн авч байна. Нээлтэнд номонд орсон хүмүүсийн бараг 90 хувь нь ирнэ гэсэн. Харин Хөдөлмөрийн баатар, тод манлай уяач Д.Даваахүү гуай харийн оронд буй Кёкүтэнхо Н.Цэвэгням, Өвөр Монголын нэгдүгээр дэсийн жүжигчин Б.Баасанжав, Б.Лхагвасүрэн нар ирж чадахгүй гэсэн. Д.Даваахүү ахын хувьд саяханаас хурдан морьдоо бариад улсынхаа наадамд сойж байгаа учир зав нь гарахгүй байгаа бололтой. Б.Лхагвасүрэн ах ч “Гадаад явах нь. Гэхдээ ах нь тэнд чамтай адилхан баяртай байх нь дээ” гэж байсан. Нээлтийг миний мэргэжил нэгт Б.Цогзаяабаатар ах зохион байгуулж байгаа. Надад хэлэхдээ “Энгийн байлгахыг хүсэхгүй байна, их л сайхан болгоно. Чамд ч мэдэгдүүлэхгүй юм их бий” гэсэн.
-Яагаад “Танихгүй танил” гэж нэрлэв?
-Ярилцлагад орсон хүмүүсийг уншигчид маань тухайн тоглосон дүр, зохиосон хөгжим, барилдаанаар нь андахгүй. Харин чухам дотоод орон зай, яагаад чухам тэр мэргэжлийн сонгов, ямар ухамсартай хүн бэ гэдгийг нь танихгүй болохоор ингэж нэрлэсэн. Энэ номыг уншигч та уншаад тухайн хүндэлдэг хүмүүстэйгээ нүүр тулж уулзаж байгаа мэт төсөөлөх байх. Шууд хэлэхэд тэднийг уншигч тантай уулзуулах гүүр болж байна л даа.
-Энэхүү номонд орсон ярилцлагууд урьд нь хэвлэлд нийтлэгдэж байсан уу?
-Би “Үндэсний мэдээ” сонины спорт, соёл урлагийн албанд ажилладаг. Өмнө нь “Өдрийн шуудан”-д ажиллаж байсан л даа. Энэ сонинд ажиллаж байхдаа номонд орсон ярилцлагын ихэнхийг нь хийж. Зарим сайтуудад ч гарсан байгаа харагдсан. Ном болгосны бас нэг зорилго маань алдуул юм шиг бүтээлүүдээ эмхэтгэж энэ ярилцлага минийх шүү гэдгийг ч уншигчиддаа мэдүүлэхийг хүссэн юм.
-Та ярилцлага хийхдээ юунд голлож анхаардаг вэ?
-Хамгийн гол нь тухайн хүнээ судлах хэрэгтэй л дээ. Их өндөр амжилт үзүүлсэн хүн байвал чухам ямар хүчин зүйл нөлөөлж тэр өндөрлөгт хүрэв, залуучууд бидэнд сургамж болохоор тал байна уу гэдгийг олж харахыг хичээдэг. Дараа нь мэдээж дотоод сэтгэлд нь юу нуугдаж байдаг болон хөрөглөсөн яриа өрнүүлнэ дээ. Ер нь ярилцлагын сэдэл тухайн хүнээсээ, орчиноосоо, цаг үеэсээ шалтгаалж харилцан адилгүй. Одоо ярилцлагуудаа эргээд харахад зөвхөн би биш бүх насныхан тэдгээр алдартнуудыг хэрхэн амжилтад хүрсэн нууцаас мэдэхийг хүсч байдаг юм билээ. Тэд амжилтанд хүрэхийн тулд хэрхэн зовж, дараа нь баярлаж, амжилтын амт мэдэрхэд сэтгэл санаа нь хэрхэн өөрчлөгддөгийг асууснаа номоороо дамжуулж уншигчиддаа хүргэхийг илүү их зорьсон доо. Хатуу хавтастай ном болохоор нэлээн өндөр зардал гардаг юм байна. Цалин багатай сэтгүүлч бид ч санхүүгээ өөрсдөө зохицуулчихдаг ажил биш аж. Хэвлүүлэхэд ивээн тэтгэгчээр “Таван толгой транс” ХХК-ын захирал Д.Дагвадорж ах тусласан.
-Та ер нь хэдэн хүнтэй ярилцсан бэ?
-Түрүүн хэлсэндээ алдартай хүмүүстэй уулзсан ярилцлагынхаа зөвхөн 30-ийг нь номондоо багтаасан гэж. Гэхдээ зөвхөн энэ хүнийг хүмүүс мэддэг юм, оруулбал зүгээр гэж сонгоогүй. Жишээ нь УДЭТ-ын жүжигчидээс Ардын жүжигчин П.Цэрэндагва ахынх орж байгаа. Удирдаачдаас урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү ахынх гэх мэт салбар бүрээс нэг хүнийхийг сонгосон. Магадгүй жүжигчин эсвэл удирдаач болох гэж байгаа залуу тэдний ярилцлагыг уншаад мэдэх гэсэн юмаа олог. Бүжиг дэглээчдээс Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатар, Хошин урлагаас “Маск” продакшны захирал, жүжигчин П.Эрдэнэзаан. Ахмад уран бүтээлчдээ яахан мартах билээ Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа, Ц.Гантөмөр, П.Хаянхярваа, Г.Хайдав Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаа, гавьяат жүжигчин Б.Сарантуяа гээд л.
-Олны танил хүмүүстэй ярилцаад суухад танд юу мэдрэгддэг вэ?
-Би хамгийн гол нь тэдний дотроо юу хадгалж нууж явдагийг л сонсох гэж хичээдэг. Жишээлбэл, дуучин Б.Сарантуяа эгч үзэгчдийнхээ өмнө хэдийгээр их л жаргалтай дуулж харагддаг ч яг амьдрал дээрээ ямар үзэл бодолтой, ертөнцийг үзэх үзэл нь юу юм гэдгийг харахыг хичээсэн.
-Энэ номоо бүтээхээс өмнө ямар бүтээл туурвиж байв?
-Өөртөө тохирсон шүлэг бичнэ ээ (инээв). 2010 онд “Бөгтөр сарны гэгээ” 99 шүлэгтэй яруу найргийн ном “Хүү нь тандаа” есөн нийтийн дуутай цомог хэвлүүлсэн. Тус ондоо “Их л холын амраг” нэртэй нийтийн дуучдын нэгдсэн тоглолт Монгол бөхийн өргөөд хийв. Ажлын зэрэгцээ уран бүтээл хийх зав хомс олдох юм аа. Гэхдээ саяхан урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од ахтай уулзахад “Ах нь аавынхаа тухай нэг дуу бүтээх гэсэн юм” гээд ярианыхаа дундуур хэлсэн. Тэгэхээр нь өглөө эрт ажилдаа ирчихээд аавыгаа болон аавынхаа адуу, нутаг усыг бодож байгаад “Зөнгөө амраах хүсэл” нэртэй шүлэг бичээд Т.Сэр-Од ах руу фейсбүүкээр явуулсан юм. Тэгсэн уншиж байгаа бололтой хэсэг удаж байснаа “Яг миний бодож байсан сэдэв байна. Би аавдаа ийм л сэдэвтэй дуу зохиоё гэж бодож байсан юм, баярлалаа. Хоёулаа нэг их яарахгүй, гэдээ алгуурдахгүйгээр бүтээл болгоно оо” гэсэн. Намраас бэлэн болчихвол би Сэрээ ахтай ярьж байгаад түүний болон өөрийнхөө аавын морио уяж байсан газар очиж зураг авалтыг нь хийж дүрсжүүлнэ. Тэгвэл миний аавын найзууд, одоо ч хөх өвгөд болж дээ тэд баярлах байх. Аавыг маань хурдан хул азаргатай байснаар нь нутгийнхан андахгүй.
-Чухам яагаад та сэтгүүлч мэргэжлийг сонгов?
-Энэ номны өмнөтгөлд би бичсэн байгаа даа. Би дунд сургуулиа Багануур дүүрэгт дүүргэсэн. Цухас сонирхуулахад, дунд сургуулийн сурагч байхдаа би цагдаа болно гэж мөрөөддөг байлаа. Багадаа нэлээн хөдөлгөөнтэй багш нарынхаа уурыг хүргэдэг байсан болохоор цагдаа нар шиг болчихвол хэнд ч “атмандаж” болох юм байна гэсэн адын бодол төрөхгүй юу. Мөн хувцас нь их таалагддаг байсан. Наймдугаар ангид сурч байхдаа гэртээ телевизээр дүүргийнхээ нэвтрүүлэг үзээд сууж байсан чинь “Удахгүй болох бурхан багшийн дүйцсэн өдөрт зориулсан яруу найргийн наадам болно” гэсэн мэдээ гарав. Намайг багад ээж маань гандангаар олон дагуулж номын дуу сонсгож, арцын үнэр таниулсан болохоор бодсоноороо л нэг шүлэг шүү юм бичээд явуулчихсан. Гэтэл хэд хоногийн дараа ангидаа сууж байтал хоёр эмэгтэй орж ирээд “Баярсайхан байна уу” гэхээр нь ямар хэрэг тарьлаа гэж бодоод нэрээ ч хэлж чадахгүй хулгаад суугаад л байлаа. Тэгсэн ангийн дарга “Энэ байна” гээд ардаа сууж байсан намайг заачихав. Тэгсэн тэд “Таны шүлэг гуравдугаар байр эзэлсэн байна. Засаг даргаас өдөр очиж шагналаа аваарай” гэдэг байгаа. Тэр хүрэл медаль миний хамгийн хайртай шагнал. Дараа нь улсын хүрэл тулгад оролцоход Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн захирал, соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Цэнд-Аюуш багш “Миний хүү манай сургуульд ороорой” гээд элсэлтгүй орох урилга гардуулсан. Бэлэн сургуультай би конкурс ч өгөлгүй шууд л хөдөө гэр рүү “давхичихсан”. Гэхдээ ямар мэргэжилтэй болохоор сонгоогүй хэрнээ шүү дээ. Намар нь сургуульдаа ирээд ангиа сонгох болов. Нийгмийн ажилтан, утга зохиолын ажилтан, сэтгүүлч багшийн ангиас сонгож болно гэхээр нь арай дөхөм нь багш, сэтгүүлч. Гэхдээ би багш гэдэг мянгуужингийн үлгэр гэж бодоод сэтгүүлчийн ангийг сонгосон юм. Учир нь энэ мэргэжлийг сонгож үнэмлэх авчихвал Ерөнхийлөгчөөс эхлээд олны танил, жирийн иргэнтэй ч уулзах эрх өвөртөлнө шүү дээ. Ийм л хүслээр энэ мэргэжилийг сонгосон доо. Бидний сэтгүүлч мэргэжил цалин багатай ч хөдөө, гадаадад очсон ч асар их нэр хүндтэй сайхан шүү. Нэг хөгжилтэй гэмээр зүйл ярих уу.
-Тэг л дээ…
-“Өдрийн шуудан” сонинд ажиллах болсон өдөр орлогч эрхлэгч Н.Сарангэрэл эгч намайг “Чи тэр хүнээс тодруулга аваад ир” гэв. Гэвч надад дуу хураагч байгаагүй болохоор тэр хүний ярьсныг цаасан дээр аль болох хурдан бичээд ажилдаа ирсэн. Би тэр үед “Хамгийн гол нь хүний овог нэр, он сарыг нь л зөв бичье” гэж бодсон. Дуу хураагч байхгүй байсан юм чинь тэгэхээс арга байгаагүй. Харин орой нь ээжид “Ярилцлага авахад дуу хураагч байхгүй бол ярилцлага авна гэж байхгүй юм байна” гээд 60 мянган төгрөг аваад Хороололын дэлгүүрээс нэг дуу хураагч авсан. Тэр маань одоо ч надад нөхөр болж байна шүү, өчүүхэн ч эвдрээгүй.
Ярилцсан: Х.Даваанаа