Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375-н ойг угтаж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар Урлагийн байгууллагуудтай хамтран Монголд анх удаа орон зайн урлагийн наадмыг зохион байгуулах гэж байна. Тус наадам нь уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээг урамшуулан дэмжих, Нийслэлийн иргэдийн сэтгэл ханамж тав тухыг нэмэгдүүлэх, нийслэлд үгүйлэгдэж буй чимэглэлийн жижиг баримлын төрлийг хөгжүүлэх зорилготой юм. Наадамд урлагийн байгууллагууд, чөлөөт уран бүтээлчид, сонирхогчид болон оюутан сурагчид багаар болон бие даан оролцох боломжтой. Оролцогчид чөлөөт сэдвийн дор баримлын бүх төрлийн материалыг ашиглан оролцож болох юм. Зохион байгуулагчдын зүгээс бүтээлд дараахь шаардлагыг тавьж байна.
Наадамд оролцох уран бүтээлчдийн бүтээл нь:
- Олон нийтэд эерэг сэтгэлгээ төрүүлэхүйц амьд харилцааг бий болгосон
- Хэмжээ нь хоёр метрээс өндөргүй байвал зохистой
- Наадамд хийгдэх бүтээл нь чанарын шаардлага хангасан удаан жилийн эдэлгээтэй байх
Оролцохыг хүссэн уран бүтээлч, иргэдийн бүтээлийн эх загварыг энэ сарын 23-ны 12.00 цаг хүртэл Хангарьд ордны зургаан давхарт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс 609 тоотод хүлээн авна.
Харин зохион байгуулалтын хувьд оролцох бүтээлүүдийн эх загварыг ажлын хэсэг дээр урьдчилан хүлээн авч шилдэг 30 бүтээлийг шалгаруулан наадамд оролцуулна. Нэг баг, уран бүтээлч хэдэн ч загвар ирүүлж болох бөгөөд бүтээлийн эх загварыг 40 см хэмжээтэй байхаар, гурван хэмжээст программд оруулан танилцуулах хэлбэрээр хүлээн авна. Загвартай хамт бүтээлийг бодитоор хийх хэмжээ, материалын зардал, бүтээлийн агуулга тайлбар, уран бүтээлчийн тухай товч танилцуулга зэргийг хавсарган ирүүлнэ.
Наадамд шалгарсан загварыг энэ сарын 24- нд олон нийтэд танилцуулах бөгөөд шилдэг бүтээлийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирэх сарын 5-14-ний өдрүүдэд байршуулна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүтээгдсэн бүтээлүүдээс шилдэг гурван бүтээлийг шалгаруулж тус бүр дурсгалын цом, таван сая төгрөгөөр шагнаж урамшуулна. Мөн оролцсон бүх багуудад ивээн тэтгэгчдийн шагнал, дурсгалын зүйл олгох юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.