Төгөлдөр хуурч, мэргэжлийн төгөлдөр хуурын багш С.Саянцэцэгийн шавь нарын нэгдсэн тоглолт саяхан Улсын филармонийн концертын танхимд боллоо.
С.Саянцэцэг багш болон түүний гэр бүлийн хүн Ричард нар олон улсын хөгжмийн наадам, төгөлдөр хуурчдын олон улсын уралдаан, мастер класс сургалтыг уйгагүй зохион байгуулдаг нь монгол хөгжимчин залуусынхаа мэргэжлийн ур чадварт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа талаар тэнд цугласан шавь нарынх нь эцэг, эхүүд ам бардам ярьж байлаа. Саянцэцэг багш жилдээ 3-4 удаа сурагч нарынхаа тайлан тоглолтоо тогтмол толилуулдаг уламжлалтай юм.
Саяа багшийн шавь нарын тоглолтод дөрвөн настай бяцхан охидоос эхлээд оюутан магистр хамгаалсан залуу шавь нар нь уран бүтээлээ толиуулсан юм. Төгөлдөр хуурын өндөрлөсөн сандал дээр суун хөл нь газар хүрэхгүй байгаа бяцхан хүүхдүүд нүүрэндээ баяр баясгалан тодруулан тоглох нь хэн хүний хайрыг булаана. Тэд хэдийгээр балчир ч гүйцэтгэл бүрийг нарийн хийх нь багшийн ажлын үр дүнг харуулж байлаа. Мөн хүүхдүүд зөвхөн төгөлдөр хуурын гайхамшгийг мэдрүүлээд зогсохгүй тайзнаа биеэ авч яваа байдлыг нь магтан хэлмээр санагдсан шүү. 4, 5-хан настай бяцхан охид, хөвгүүд тайзнаа гарч ирэн үзэгчдэд ёсолж, сурсан аялгуугаа дарж сонирхуулан дахин үзэгчдийн өмнө ёслон дараагийн дуугаа дарж байсан юм. Тэдний хийж байгаа үйлдэл бүхэн хайр татан урлагийн сайхныг мэдрүүлж байсан юм.
Ингээд эдгээр авьяаслаг хүүхдүүдийн багш нэрт төгөлдөр хуурч С.Саянцэцэг багштай ярилцлаа.
-Тайлан тоглолтоо хийж байгаад тань баяр хүргэе. Шавь нарынхаа тухай сонирхуулаач?
-Би нутагтаа суурьшаад жил хагас болж байна. 2012 оны есдүгээр сараас Хөгжим, бүжгийн коллеж, Соёл, урлагийн их сургуульд багшилж эхэлсэн. Мөн энэ хугацаандаа над дээр сурья гэсэн олон сайхан авьяастай хүүхдүүдтэй хамтран ажиллаж, эрдмээ зааж байна. Тэр бүр хүүхдүүд ХБК-д орох боломжгүй учраас тэдгээр сурахыг хүссэн хүүхдүүдийг хувийн шавиа болгосон. Хүүхдэд багад нь ганцхан хөгжим заах биш түүний ээж, аавд бид хоёр ийм зүйл хийсэн шүү гэдэг амжилтын баяраа бид тэмдэглэж байна. Би өмнө нь Испанид байхдаа ч гэсэн жилдээ дөрвөн удаа хүүхдүүдийнхээ тоглолтыг хийгээд 25 жил болж байна. Нутагтаа ирсэн ч энэ уламжлалаа хадгалан хүүхдүүдийнхээ тоглолтыг хийж байна. Өнөөдөр энэ танхимд миний дөрвөөс дээш насны сурагчид маань болон над дээр төгссөн залуу төгөлдөр хуурчид оролцоод сэтгэл өндөр байна.
-Та нутагтаа суурьшаад жил гаруй болж байгаа. Үүнээс өмнө хэзээ Монгол хүүхдүүдтэй хичээллэж байв?
-Испанид би 23 жил амьдарсан. Тэр үед ч гэсэн монголоос хүүхдүүд очиж над дээр суралцдаг байсан. 2000 оноос эхлээд л гурван сараар над дээр мэргэжил дээшлүүлэх чиглэлээр ирж ажиллаж байсан. Тухайн үед би тэдгээр сурагчдаа Испанийн мэргэжлийн зааланд заавал тоглуулж, Испанийн үзэгчдэд монголд ийм сайхан авьяастай хүүхэд, залуус байдаг юм шүү гэдгийг харуулдаг байлаа. Одоо ч гэсэн энэ зун Испани руу фестивалиа хийхээр явахдаа над дээр сургалтанд явж байгаа монгол хүүхэд, залуучуудаа тоглуулна. Миний мэргэжил энэ учраас би үүнийг хийх ёстой, дассан гэдэг утгаараа үүгээр л би аз жаргалаа хийж явдаг. Төгөлдөр хуурч байна гэдэг бол миний аз жаргал.
-Эцэг эхчүүд хүүхдээ багаас нь төгөлдөр хуураар хичээллүүлэх гэдэг. Энэ хэр зөв алхам бэ. Хүүхэд хэдэн настайгаасаа төгөлдөр хуураар хичээллэвэл тохиромжтой байдаг юм бол?
-Бидний үед 6-7 настай хүүхэд төгөлдөр хуураар хичээллэж эхэлдэг байсан бол одоо залуу ээж, аав нар ер нь хөлд оронгуут нь л өгчих гээд байна шүү. Надтай тааралдахаараа “Саяа багш аа, хүүхдээ өгье гэхээр нь хэдтэй вэ гэхэд хоёртой гэхээр нь би инээгээд арай ч болоогүй байх аа. Моцарт байвал авна аа” гээд шоглоод хэлдэг. Ер нь одоогийн хүүхдүүд их эрт хөгжиж байна. Техник технологийн эрин зуунд аливаа юм хурдан хөгжиж байгаатай холбоотой хүүхдүүд ч гэсэн түүний хурдыг дагаад хөгжиж байгаа нь харагддаг. Би Испанид 4-5 гурван настай хүүхэдтэй хичээллэж эхэлж байсан. Надад бага насны хүүхэдтэй хичээллэх багагүй туршлага бий. Гэхдээ тэр хүүхдүүд маань гоц биш байсан учраас ийм ч амар ажил байгаагүй. Бага багаар суралцдаг лдаа. Миний бодлоор хүүхдийн хөгжим суралцаж эхлэх насыг 4 гэж боддог.
-Одоо зун цаг эхэлж байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ амралтааар зуны цагийг хаана яаж, үр бүтээлтэй өнгөрөөх вэ гэж боддог. Таны сургалтын төвийг зорин очвол хэр боломжтой вэ. Та ачаалал ихтэй ажилладаг уу?
-Би жил бүр зуны сургалтандаа 6-аас илүү хүүхэд авдаггүй. Энэ жил суралцах 6 хүүхдээ бүртгээд дууссан. Испанид хичээллэнэ. Тиймээс виз болон бусад асуудлаад болоод олон хүүхэд авч хичээллэх боломжгүй байдаг.
-Намраас хүүхдээ танд шавь оруулья гэвэл боломж нь хэр вэ?
-Намраас хичээл эхлэх учраас боломжтой. СУИС, КБК-д суралцдаг болон өөр олон хүүхдүүд над дээр хичээллэдэг.
-Төгөлдөр хуур хөгжмийг дардаг хүн олон болжээ. Үүнтэй хэр санал нийлэх вэ?
-Ер нь дэлхий нийтээр төгөлдөр хуур их газар авч, түүнийг тоглодоггүй хүн бараг байхгүй болсон. Хаана ч тоглолтоо хийсэн түүний дараа олон хүн баяр хүргэж байхад манай хүүхэд төгөлдөр хуур тоглодог гэдэг яриа заавал өрнөдөг. Манай Монгол Улс тэр Европын соёлын хэмжээнд хүрчихсэн байгаад би их баярлаж байгаа. 5-10 жилийн дараа манай Монголын соёл Европын зэрэгт хүрнэ гэж би найдаж байна.
-Хамгийн сүүлд таныг шавийнхаа тоглолтыг хөтлөн хаан хуурыг үдшийг толилуулж байсныг санаж байна. Таны өөрийн бие даасан гоцлолууд хэзээ монголын үзэгчдэд хүрэх вэ?
-Би эх орондоо ирэхийнхээ өмнө Америк, Норвегийн удирдаач, оркестортой хэд хэдэн тоглолт хийсэн. Хүмүүс надаас энэ тухай их асуудаг л даа. Нутагтаа тоглох гэхээр өнөөдөр Улаанбаатар тоглолт хийх стандарт хангасан Concert Hall гэж алга. Манай филармонид тоглолтоо хийе гэхээр орж үзэх хүний багтаамж бага дээрээс нь суудал нь дуугардаг гэдэг ч юм уу. Саяхан филармонийхон маань мэргэжлийн хөгжимчдөд зориулан Роял төгөлдөр хуурыг суурилуулсан нь нэг том алхам юм. Хэдэн жилийн дараа манай хот гоё тоглолтын танхимтай болвол ганцхан би биш залуу төгөлдөр хуурчид болон гадаадын олон чадварлаг төгөлдөр хуурчид ирж тоглолтоо хийн бидний соёл, хүүхдүүдийн маань амжилтад маш их нөлөөлнө гэж боддог. Энэ бол маш чухал учраас би одоохондоо бие даасан гоцлол тоглолтоо хийх гэхээр орчин нь жаахан бүрдэж өгөхгүй байна. Би дэлхийн олон орны нэртэй тайзнаа тоглосон учраас магадгүй түүндээ дассан учраас заавал сайн хөгжимдөө бус акустик сайтай танхим, заал, үзэгчдийн соёл тоглох зохиолд маань бүрдэж өгөхгүй хүндрэлтэй байдаг учраас шууд тоглочих боломжгүй байна. Монголд тоглолтоо хийхийн тулд тасалбараа өөрөө зарах гээд бүх ажлаа өөрөө хийдэг учраас хэзээ бэлтгэлээ хийж бусдыг нь амжуулах уу гээд хэцүү. Надтай хичээллэж байгаа залуу төгөлдөр хуурчид ч энэ тухай ярьдаг. Багшаа хэцүү юм аа, тоглолт удахгүй болох гээд байдаг. Тасалбараа зарна, хувцасаа бэлдэнэ, бэлтгэлээ хийнэ гээд яаж амжуулах вэ л гэдэг. Хөгжимчин хүн бүх зүйлийг нуруун дээрээ үүрдэг байж болохгүй. Хөгжимчин хүн зөвхөн тоглох зүйлээ бодож байх ёстой. Арын ажлыг менежер хийдэг байх ёстой. Ингэж байж хүн амжилт гаргаж тайзан дээр сайхан тоглодог.
-Мэргэжлийн урлагийн асуудалд төр засгаас харж үзэж байгаа хандлага сул гэдэгтэй та санал нийлэх үү?
-Манайд урлаг хөгжөөд 75 жил л болж байгаа. Тэр утгаараа бид залуу байна. Гэхдээ бүүр хоосонгүй шүү. Байнга л тоглолт, дууриа толилуулаад Улаанбаатар нэлээд үзэх юмтай байна. Гэхдээ нарийн мэргэжлийн төвшинд гэхээр арай л дутмаг байгаа. Гадаадад байсан монголчууд бид эх орондоо ирээд энэ тухай их ярьдаг. Цаашид бага багаар бүх зүйл сайхан болно гэдэгт найдаж байгаа.
Тэрбээр эдгээр өдрүүдэд Испанид хөгжмийн олон улсын "Биёонд мюзик" фестивалиа зохион байгуулж байгаа юм.
Үүний дараа тэрбээр мастер класс сургалтаа явуулна. Саяа багшийн сургалт төгөлдөр хуурч болохоор зүтгэж яваа залууст маш их юм өгдөг тухай шавь нар нь ярьж байлаа. Зуны сургалтын тухайд ваакумжуулсан орчинд явагддаг бөгөөд хүүхэд залуус өдөрт 8-10 цаг давтаж, хөгжмөөс өөр юуны ч тухай бодохгүй, нам гүм чимээгүй орчинд зөвхөн төгөлдөр хуураа тоглож зуны гурван сарыг өнгөрөөдөг байна. Үүний үр дүнд тэдний анхаарлын төвлөрөл эрс сайжирч, өмнө нь ойлгохгүй байснаа ойлгож, болохгүй байсныг болгож, улмаар хөгжимдөө дурлаж эхэлдэг тухай ярьсан юм.
Г.Даша
Эх сурвалж: Eagle.mn