Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийг "Редакцийн зочин" буландаа урьж ярилцлаа.
-“Монгол уран бүтээл” хөтөлбөрийг 10 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ-
-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч манай редакцид хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Тэгэхээр таны өргөн мэдүүлж Засгийн газарт хүргүүлээд байгаа “Монгол уран бүтээл” хөтөлбөр болон Соёлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар яриагаа эхлэх үү?
-Би Засгийн газраар телевиз, радио, киноны уран бүтээлүүд болон бусад дижитал зах зээл дээр Монголын соёлын нөлөөллийг бий болгох, залуучуудад соёлын өвийг уламжлуулах зорилгоор “Монгол уран бүтээл” буюу Монгол контент гэсэн нэртэй Засгийн газрын хөтөлбөрийг боловсруулж хүргүүлсэн. Уран бүтээл гэхээр хүмүүс их өргөн ойлгодог. Энд кино, тайзны уран бүтээл, уран зураг, дуу, хөгжим, урлагийн бүтээлээс гадна хатгамал, баримал, сийлбэр гээд бүх уран бүтээл орно. Гэхдээ энэ уран бүтээлүүдээс залуу үедээ техник технологийн дэвшлийг ашиглаж хүргэх уран бүтээлүүдийг илүү онцлож хөтөлбөр боловсруулсан. Шинжлэх ухаан технологийн ололт, глобальчлалын өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлээд дэлгэцийн, телевизийн уран бүтээлүүд болон хөгжмийн, интернэтийн орчны уран бүтээлд орон зай нь улам хумигдаж байгаа монгол уран бүтээлийг дэмжих зорилгоор ерөнхий технологийнх нь нэрээр контент гэдэг үгийг хэрэглэж байгаа юм.
-Бас танай яамнаас оруулсан Соёлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд орсонтелевиз,радио, кабелийн сувгаар дамжуулж буй уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн 60 хувиас доошгүй нь, мөн кино театрын сар тутмын үзвэрийн 40 хувиас доошгүй нь үндэсний уран бүтээл байхаартусгасан нь иргэдэд их таатай санагдаж байх шиг байна?
-“Монгол контент” бол телевиз болон кино дэлгэц, интернэтийн орчинд монгол уран бүтээлийг нийлүүлэхэд нь зориулж нийлүүлэгчийг дэмжсэн хөтөлбөр. Үүний зэрэгцээ бид эрэлтийг дэмжсэн хуулийн төслийг өргөн барьж байгаа. Энэ хуулийн төсөл нь Соёлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлбэрээр орж байгаа юм. Соёлын тухай хуульд бид уран сайхны хөтөлбөр, үндэсний кино, үндэсний уран бүтээл гэдэг ойлголтуудыг оруулаад энэ нь бусад кино уран бүтээлүүдээс юугаараа ялгаатай юм бэ гэдгийг тодорхойлж байгаа. Тэгээд энэ үндэсний уран бүтээл киногоо радио телевиз, кино театрын дэлгэцээр тодорхой квоттойгоор гаргахаар хуульд тусгаж байгаа. Хууль бол хөтөлбөрөөсөө илүү өргөн хүрээтэй хэрэгжинэ. Энэ хуулийн төсөлд бид МҮОНРТ-д бусдаас илүү өндөр хэмжээгээр квот тавьж байгаа. МҮОНРТ-ийг үндэснийхээ өв соёлыг тээх, дамжуулах, хадгалах гол суваг гэж үзэж байгаа учраас МҮОНРТ-ээр дамжуулах уран сайхны хөтөлбөрийн 60 ба түүнээс дээш хувь нь үндэсний уран бүтээл байна. Харин хүүхдэд зориулсан уран бүтээлийн 70 ба түүнээс дээш хувь нь монгол уран бүтээл байна гэж оруулж байгаа. Тэгэхээр хамгийн өндөр квотыг үндэсний телевизэд оруулж байгаа л даа. Үүний дараагийн квотыг арилжааны телевиз кабелийн сувгуудад оногдуулж байгаа. Бусад телевиз, радиогоор уран сайхны хөтөлбөрийн 50-иас доошгүй хувь нь Монголын уран сайхны хөтөлбөр, хүүхдэд зориулсан уран сайхны нэвтрүүлгийн 60-аас доошгүй хувь нь үндэсний нэвтрүүлэг байна. Мөн кино театр, кино цэгүүдийн сар тутам гаргах уран бүтээлийн 40-өөс доошгүй хувь нь үндэсний агуулгатай байна гэж оруулсан.
-Үндэсний агуулгатай кино нэвтрүүлгүүдийг нэвтрүүлнэ гэсэн хуультай болоод ирэхээр тэдгээр уран бүтээлийг бэлтгэх хөрөнгө оруулалт, дэмжлэгийг шаардаж эхлэх байх л даа. Энэ асуудлыг яаж зохицуулж байгаа вэ?
-Телевизүүд өөрсдийн уран сайхны хөтөлбөрүүдтэй байдаг. Өөрсдөө уран сайхны кино хийх бололцоо муутай байвал янз бүрийн соёл урлагийн газруудад тоглогдож байгаа тоглолтуудын зургийг авч, уран сайхны хөтөлбөрийн цагаараа гэрээгээр гаргаж болно гэж бодож байна. Тэгвэл тэр уран сайхны хөтөлбөр нь нөгөө квотдоо тооцогдож орно. Телевизүүд өөрсдөө олон ангит кино бүтээхэд нь Монгол контент хөтөлбөрийн хүрээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор жил бүр тодорхой хэмжээний мөнгийг тавьж байгаа. Гэхдээ бүх телевизийн олон ангит киног санхүүжүүлэх мөнгийг улсаас гаргаж чадахгүй учраас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлнэ гэсэн зорилгоор төсөвлөгдөнө. Телевизийн олон ангит монгол киног дэмжихэд одоогоор манай улсын төсөвт ямар ч мөнгө байхгүй. “Монгол контент” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр телевизийн олон ангит монгол кино, дэмжихэд зориулж жилдээ ядаж нэг тэрбум төгрөг төсөвлөх юм. Энэ мөнгө мэдээж бүх телевизийн олон ангит киног дэмжихэд хүрэхгүй. Гэхдээ жилд 20 ангит нэг кино хийхэд анхан шатны дэмжлэг болж чадна гэж бодож байна.
-Нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтад телевизүүд киноныхоо зохиолыг ирүүлж нэг ёсондоо тендерийн журмаар шалгаруулах уу?
-Ер нь аливаа кино, хүүхэлдэйн киног дэмжихдээ 100 хувь санхүүжүүлнэ гэсэн утга ерөөсөө байхгүй. Харин энд төрөөс үзүүлэх дэмжлэгийн хэмжээг тодорхой хэмжээгээр тогтооно гэсэн санаа явж байгаа юм. Аливаа уран бүтээл гэдэг бол хамтын санхүүжилттэй, хэн хамгийн сайн продюссерын багтай, зохион байгуулалттай, хөрөнгөө босгож чадсан нь бүтээлээ гаргах чадвартай баг байдаг.
Бүтээлээ ингэж чанартай, гараас хурдан гаргаж чадах багуудыг дэмжээд явахад бидний хүсч буй уран бүтээлүүд ойр ойрхон гарах боломжтой гэдэг нь практикаас харагдаж байгаа. Одоо ч гэсэн ССАЖЯ киноны зохиол хэдий сайн ч гэсэн продюссергүй бол дэмжлэг үзүүлж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн киног бүтнээр нь ивээн тэтгэж чадахгүй. Тиймээс бид тухайн киноны санхүүжилт, зохион байгуулалтыг ямар продессерийн баг удирдаж авч явааг судалж хардаг. “Алсын удирдлага” кинонд ССАЖЯ 50 мянган долларын л туслалцаа үзүүлсэн. Илүү хөрөнгөөр туслаж чадаагүй. Гэтэл цаана нь маш чадварлаг продюссерийн баг бусад бүх мөнгөө босгож бүтээлийг гараас гаргасан байгаа юм. Тэгэхээр бид гарааны мөнгийг нь өгөхөд үлдсэн мөнгөө босгох чадвартай продюссерийн багтай, сайн найруулагч, зохиолч, зохион байгуулалттай багт хөрөнгө оруулах нь илүү үр дүнтэй гэдгийг харсан л даа.
МҮОНРТ-ийн хамгийн гайхалтай, олон нийтэд хүрсэн “Тусгай салаа”, “Хэцүү анги” зэрэг кинонууд продюссерийн сайн багтай зохион байгуулалт маш сайтай байсан учраас богино хугацаанд зураг авалт, эвлүүлгээ харьцангуй хямд өртгөөр хийсэн. Кино ч хүмүүст хүрсэн. Манай яаманд энэ жил түүхэн кинонд өрсөлдөж нэгэн гайхалтай зохиол ирж байсан л даа. Үнэхээр гайхалтай сайн кино болохоор зохиол, зохиолч нь ч, найруулагч нь ч сайн. Харамсалтай нь тэр зохиолын төсвийг нарийн зөв гаргаад, зохион байгуулалт хийх, киноны бусад мөнгийг нь босгох зургийн дарга буюу продюссерийн багийн танилцуулга байхгүй байсан. Бид “Уучлаарай, та зохиолоо кино болгох ажлыг зохион байгуулах продюссергүй бол ямар ч боломжгүй ээ” гэж хэлээд явуулсан. Манайхаас өчүүхэн хэмжээний гарааны мөнгө аваад киноныхоо ажлыг цааш нь үргэлжлүүлж явах боломжтой продюссертэй болоод ирээрэй гээд явуулсан. Бид цаашдаа ч ийм байдлаар хандана. “Монгол контент” хөтөлбөрийн хүрээнд аливаа уран бүтээлийг төр 100 хувь дэмжихгүй. Харин төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг аваад үлдсэн санхүүжилтээ өөр хөрөнгө оруулалтаас босгож чадах тийм зохион байгуулалттай багуудад хөрөнгө оруулна.
-Төрөөс тодорхой хэмжээний гарааны дэмжлэг үзүүлж бүтсэн контентын худалдах, худалдан авах, олон нийтэд түгээх зэрэг харилцаануудыг яаж зохицуулах вэ. Ялангуяа оюуны өмчийн хувьд хэнд нь давуу эрх олгогдох бол?
-Төр зохиолыг 100 хувь худалдаж авч өмчилж байгаа тохиолдол их бага. Жил бүр төрөөс ганц нэг хөгжмийн зохиолыг худалдаж авдаг. Тэр худалдан авалтад үнэхээр зохиолоо төрийн үнэлж байгаа үнээр нь өгөөд төрийн өмч болгоё гэсэн хүмүүс л бүтээлээ өгдөг. Тэндээс бид жилд нэг хөгжмийн зохиол, нэг уран зураг гэх мэт цөөхөн хэдхэн бүтээлийг төрийн өмч болгож авдаг. Үүнээс өөрөөр бол буцалтгүй тусламж маягаар л санхүүжүүлдэг. Тэгэхээр зохиогч нь өөрөө зохиогчийн эрхээ авч үлддэг. Харин “Монгол контент” хөтөлбөр батлагдсанаар бид зарим арилжааны киног орлого олох зорилготой дэмжихээр төлөвлөж байгаа. Бүрэн хэмжээний уран сайхны киног Монголын болон гадаадын зах зээлд арилжааны зорилгоор, хүүхэлдэйн киног дэлхийн зах зээлд арилжааны зорилгоор гэх мэтийн зарим арилжааны кинонуудыг дэмжихээр орж байгаа. Энэ тохиолдолд эргээд оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр ашгийн хуваарилалтад төр оролцоно. Энэ ашгийн хувь нь Соёл урлаг хөгжүүлэх санд эргээд төвлөрөхөөр төлөвлөж байна.
Аль уран бүтээл нь арилжааны чиглэлээр дэмжлэг авсан, аль уран бүтээл нь нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлээр буцалтгүй тусламж авах вэ гэдгийг хөтөлбөрт зааж өгч оруулж байгаа. Манай Соёл урлагийг хөгжүүлэх сан 2013 он хүртэл дандаа төрөөс буцалтгүй дэмжлэг өгдөг сан байсан. 2013 онд бид Соёл урлагийг хөгжүүлэх сан зарим тусламжийг олгохдоо гэрээгээр эргэж орлогоо авах, арилжааны зорилгыг бага ч гэсэн агуулсан тусламжийг өгнө гэдэг зорилтыг тавьсан. Тэр хүрээнд эхний ээлжинд буцаан төлөлтийн гэрээтэй тусламжийг олгож эхэлсэн. Жишээ нь, аль нэг соёл урлагийн байгууллагад нэг жүжиг тавихад нь тодорхой хэмжээний тусламж үзүүлээд буцаад жүжгийн орлогоос нь тодорхой хэмжээний буцаан төлөлт авна гэсэн үг. Ингэж ажиллаад бид өнгөрсөн жил хоёр тэрбум төгрөгийн зарлага гаргахад 20 сая төгрөгийн буцан төлөлт авсан. Тэгэхээр 20 сая төгрөг гэдэг бол бага ч гэсэн урьд өмнө нь хэзээ ч орж байгаагүй эргэн төлөлт юм.
Харин “Монгол уран бүтээл” хөтөлбөрийн хүрээнд жилд багадаа хоёр тэрбум төгрөгийн буцан төлөлт авна гэж төлөвлөж байгаа. Эхний жилд 10 тэрбум төгрөг гаргаад хоёр тэрбум төгрөгийн буцаан төлөлт авна. Ингэж жилд хоёр тэрбум төгрөг авна гэж төлөвлөж байгаа учраас бид зарим нэг арилжааны киног санхүүжүүлэхдээ маш сайн зах зээл дээр ашиг олж чадах киног санхүүжүүлэх хэрэгтэй. Тэгж ашиг олж чадах кино маань бидний төсөөлж буйгаар бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино юм. Дэлхийн зах зээлд гарч “Мулан”-тай , “Араатны хаан арслан”-тай өрсөлдөх хэмжээний хүүхэлдэйн киног үйлдвэрлэж тэр нь борлуулалт сайтай байж чадвал бид буцаан төлөлтөө авч чадна гэж үзэж байгаа юм. Мөн дэлхийн зах зээл дээр гарч чадах гайхалтай уран сайхны киног дэмжвэл бид мөн буцаан төлөлтөө авч чадна. “Монгол уран бүтээл” хөтөлбөрийн хүрээнд бид хүүхдийн кино, телевизийн уран бүтээл, дижитал уран бүтээл мөн уран зохиол, хөгжмийн зохиол гээд олон төрлийн уран бүтээлийг буцалтгүй хэлбэрээр дэмжихээр төлөвлөж байна. Яагаад гэвэл тэр олон ангит киногоор залуучуудад монгол соёл, өв уламжлал, монгол агуулгыг хүргэх гол зорилго тавьж байгаа учраас эргэн төлөлт шаардах хэрэггүй гэж үзсэн юм.
-“Монгол уран бүтээл” хөтөлбөр хэдий хэр хугацаанд үргэлжлэх вэ?
-Эхний ээлжинд бид хөтөлбөр хэрэгжих хугацаагаа 10 жилээр төлөвлөсөн. Гэхдээ энэ 10 тэрбум төгрөгийг 2015 оноос эхлээд улсын төсвөөс зуун хувь олгохоор төсөөлж байна. Дараа жил нь хоёр тэрбум төгрөгийн буцаан төлөлтөө авсны дараа 2016 онд найман тэрбумыг нь улсаас гаргаад хоёр тэрбумыг нь буцаан төлөлтөөрөө санхүүжүүлнэ. Үүний дараа жил долоон тэрбум төгрөгийг улсаас гаргаад гурван тэрбум төгрөгийг нь буцаан төлөлтөөсөө санхүүжүүлнэ. Энэ зарчмаар жил болгон улсын төсвөөс гарах санхүүжилт нь багасаад буцаан төлөлтөөс орох санхүүжилт нь ихсэх хэлбэрээр явна. Гэхдээ дэлхийн зах зээлд чанартай монгол уран бүтээл гарч борлогдох тусам соёл урлагийг цааш нь санхүүжүүлэх буцаан төлөлт өндөр байхаар хуваарийг хийсэн. Гэхдээ ямар ч байсан Монгол уран бүтээл гэсэн агуулгад зориулж жил бүр дунджаар 10 тэрбум төгрөг гаргая гэсэн төлөвлөгөөтэй байна.
-“Монгол уран бүтээл” хөтөлбөрийн хөгжих суурь нь хэр байна гэж та харж байгаа вэ. Дэлхийд борлуулагдах хүүхэлдэйн киног хийхэд манай уран бүтээлчдийн хувьд техник технологийн боломж хэр байгаа бол?
-Манай залуучуудад тэр техник технологи, чадвар сэтгэхүй, зохиол гээд бүх зүйл нь байна. Ганцхан санхүүгийн дэмжлэг л дутагдаж байна. Хамгийн түрүүнд арилжааны чиглэлийн уран бүтээлийн хөрөнгө оруулалтыг авч чадах хүмүүс нь залуучууд гэж бодож байна. Харин дунд болон ахмад насны уран бүтээлчид өмнөх үеийнхнийхээ тээж ирсэн соёлыг одоогийн залуучуудад өвлүүлэн уламжлуулах чиглэлийн уран бүтээлд дэмжлэг авах бололцоотой харагдаж байгаа юм.
-Манайд кино шүүмж гэдэг зүйл орхигдчихсон юм шиг харагддаг. Мэргэжлийн түвшинд шүүмжлэх хүмүүс байхгүй болохоор бид уран бүтээлийнхээ сайн, мууг ялгаж чадахгүй байна уу. Энэ тал дээр ямар нэг зүйл тусгагдсан уу?
-Одоохондоо “Монгол контент” хөтөлбөрийн хэмжээнд энэ асуудал тусгагдаагүй. Контент нэмэгдэхээр энэ асуудал угаасаа хэрэгцээ болж гарч ирнэ. Тэгэхээр кино шүүмжийн энэ асуудлыг заавал хөтөлбөрийн хүрээнд биш ССАЖЯ-ы дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Гэхдээ үүнийг яам дангаараа хийхгүй, төрийн байгууллага хийхгүй харин олон нийт хийх ёстой. Олон нийт дотор кино судлаач шүүмжээр мэргэшсэн хүмүүс мэргэжлийн сэтгүүл гаргаад эсвэл өдөр тутмын сонинд мэргэжлийн нүүр хөтлөх, телевизүүдэд теле хуудас хөтлөх зэрэг асуудлуудад дэмжлэг хүсвэл бид дэмжих бололцоотой.
Би өнгөрсөн долоо хоногт хүүхдийн зохиолчидтой уулзсан. Хүүхдийн зохиолчид хамтарч Хүүхдийн зохиолыг дэмжих байгууллага байгуулсан байна. Тэр байгууллагад хүүхдийн зохиолчид, зураачид, хүүхэлдэй киночид, хүүхдэд зориулж дуу бичдэг хүмүүс ордог юм байна. Тэгээд манай яаманд санал тавьсан л даа.
Сүүлийн үед хүүхдийн ном зохиолд буруу утга агуулга бүхий хэллэг, зураг, онигоо ихээр гардаг болсон. Төр энэ бүхэнд шууд хяналт тогтоож, үг хэлэх хэвлэн нийтлэх эрх чөлөөг хянах ямар нэг байгууллага байгуулах боломжгүй учраас бид олон нийтийн хяналтыг тавьж хэрэгжүүлж өгье гэсэн. Өөрөөр хэлбэл, олон нийтийн хяналтаар орсон хүүхдийн зохиолыг төр санхүүжүүлж дэмжиж, номын санд худалдаж авах ажлыг зохион байгуулж байгаач ээ гэсэн. Олон нийтийн зүгээс ийм хяналтын санаачилга гарч ирсэнд яамны зүгээс маш баяртай байгаа. Ардчилсан, чөлөөт нийгмийн хяналт гэдэг бол ийм л байх ёстой. ССАЖЯ Хүүхдийн зохиолыг дэмжих байгууллагатай хамтран санамж бичиг байгуулж олон нийтийн уран сайхны хяналтын үүргийг нь олон нийтийн байгууллагад хандуулъя гэдэг шийдэлд хүрсэн.
Үүнтэй ижил кино шүүмжлэлд олон нийтийн санаачилга хэрэгтэй. Жишээ нь, дэлхийн зах зээлд амжилттай явдаг америк кинонуудыг төрөөс нь хянах ямар ч байгууллага байдаггүй. Харин төрөөс нь Кино үзэгч эцэг эхчүүдийн холбоо, Кино үзэгч багш нарын холбоо зэрэг байгууллагуудыг дэмждэг. Энэ байгууллагууд нь шинээр гарч байгаа киног театруудаар гарахаас нь өмнө заавал үзэж дүгнэлтээ өгдөг эрх үүрэгтэй. Тэр байгууллагууд нь үзээд 13-аас доош насны хүүхэд үзэж болохгүй, эцэг эхтэйгээ хамт байж үзэх, хүн болгон чөлөөтэй үзэх, зөвхөн 18-аас дээш насны хүн үзнэ гээд рейтинг тогтоогоод нэг ёсондоо виз олгодог. Энэ визийг төр биш олон нийт олгож байгаа юм. Тэгэхээр үүнтэй ижил зүйл манайд үгүйлэгдэж байгааг олон нийт ярьдаг л даа. Гэхдээ л олон нийт үгүйлж байна гээд төр өөрөө тийм байгууллага байгуулаад хянаад явчихвал дахиад л буруудчихна.
-Д.Болдод жаахан л зөвлөгөө хэрэгтэй-
–PSY гэдэг дуучин Солонгосыг дэлхий нийтэд гаргаад ирлээ. Гэтэл манай дуучид, уран бүтээлчид дэлхийн зах зээлд гарч үндэсний шинжийг агуулсан брэнд бий болгож чадахгүй байна л даа. Манай уран бүтээлчид чадваргүй болохоор цаашаа явж чадахгүй байна уу, эсвэл дэмжлэг дутаад байна уу?
-Дэлхий нийтийн хөгжмийн зах зээл гэж асар том зах зээл байна. Энэ “Монгол уран бүтээл” хөтөлбөр тэр дэлхийн хөгжмийн зах зээлд монгол хөгжим, уран бүтээлийг гаргахад мөн зориулагдана. Тодруулбал, хөгжим, дуунд дижитал хувиргалт хийж цахим зах зээлд гарахад нь туслах агуулга бүхий заалт байгаа. Жишээ нь, Д.Болд, С.Наран, С.Сэрчмаагийн дуу дэлхийн зах зээлд гарахад юу дутагддаг вэ гэхээр “ITune” гээд дэлхийн хөгжмийн цахим супермаркетын хэрэгцээнд нийцүүлж бид дуу хөгжмөө хувиргах л хэрэгтэй байгаа юм. Ингэхдээ миний дуу оюуны өмч зөрчөөгүй гэдгийг хуульчдаар батлуулж өгөх хэрэгтэй. Ингэхээр бид манай монгол уран бүтээлчдийн хөгжмийг гадаадын зах зээлд борлуулах тэр танилцуулга, анализ, мэргэжлийн судлаачид хуульчдын дүгнэлтүүдтэй болох ёстой. Дээр нь тэр хувиргалтуудаа хийхэд нь туслах хэрэгтэй. Жишээ нь, манай “Алтан ураг” хамтлаг хөгжимдөө дижитал хувиргалт хийгээд “ITune”-д борлуулсан байгаа юм. Тэгэхэд маш их бэрхшээл гарсан. Юу гэхээр нэг зах зээлд борлуулах гээд хувиргалт хийгээд дахин өөр зах зээлд гаргах болохоор дахиад хувиргалт хийх болдог. Энэ бүх хувиргалтын шат дамжлага бүрт их хэмжээний мөнгө, программ хангамж шаарддаг. Тэгэхээр бид энэ дижитал зах зээлд хөгжмийн хувиргалт, хөрвөлт, хөгжмийн нийлүүлэлтийг хийх энэ бүх шатуудад гардаг санхүүжилтээр тодорхой хэмжээгээр 10 жилийн турш дэмжье гэж зорьж байна.
-Ирэх 10 жил бидэнд гарааны үе байх нь гэж ойлголоо. Бид арай гэж хамаг техник технологио бэлдээд байж байтал дахиад өөр технологи гараад ирэх вий дээ?
-Өрсөлдөөн бол тэгж л явж байгаа шүү дээ. Өөрөө өөрийнхөөрөө байлгах асуудалд бас өрсөлдөөн явж байна. Тэгэхээр бид язгуур өв соёлоо залуу үедээ уламжлуулах хэрэгтэй. Ингэх юм бол бид үргэлж өөр, өөрөөрөө байна. Түүгээрээ бид аль ч зах зээлд аль ч технологийн орчинд танигдахуйц байж чадна гэж бодож байна. Тийм учраас энэ контентоо бусадтай хөл нийлүүлэхэд нь дэмжихийн зэрэгцээ соёлын өвөө авч үлдэж залуучууддаа уламжлуулахад нь дэмжинэ.
-Энэ бүх нөхцөл боломжийг эдлээд дэлхийн зах зээлд гарах чадвартай уран бүтээлч Монголд хэр байна вэ. Зарим улсад дэлхийн хэмжээний одыг гаргахын тулд хэдэн арван жилээр бэлтгэж байна шүү дээ. ССАЖЯ-ны зүгээс уран бүтээлчдийг бэлтгэх асуудалд анхаарал хандуулах уу?
-Ер нь бол аль ч улсад дэлхийн зах зээлд од болох авьяастнууд байдаг. Манай улсад тийм авьяастан олноороо байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байна. Манайхан дэлхийн зах зээл юу хүсдэг, юуг таалдаггүй вэ гэдгийг мэдэх л сургалт хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зах зээлийнхээ араншинг судлах хэрэгтэй байгаа юм.Тэр бүхнийг судлахад бид тусална. Д.Болдын хувьд дэлхийн зах зээлд гарахад наад зах нь хувцасныхаа хээг солих хэрэгтэй болж байгаа байхгүй юу. Тийм жижигхэн зөвлөгөө л хэрэгтэй. Гадаадад явж байгаад хүнтэй мэндлэх гээд гараа өргөтөл ханцуйных нь доор хас тэмдэг байвал тэгээд л асуудал үүсчихэж байгаа юм. Хөгжмийн болон киноны зах зээлд нацизмын үед хэлмэгдэж байсан, түүнийг үзэн яддаг хүмүүс, тэдгээрийн үр хүүхэд, мөн хүний эрхийн төлөө тэмцэгчид ноёлж байдаг гэдгийг бид мэдэх хэрэгтэй. Кино урлагийн зах зээлд мөн л хүний эрхийн төлөө тэмцэгч найруулагчид ноёлдог. Хас тэмдгийн доор үүссэн хүн төрөлхтний шархыг нь сэдрээсэн тийм зүйлээр гайхуулаад байх юм бол бид дэлхийн зах зээлд гарч чадахгүй хэвээрээ л байна. Тэгэхээр бид ийм жаахан л зүйлийг анхаарах хэрэгтэй. Жишээ нь, “Хар сарнай” хамтлагийн С.Амармандах гэхэд дэлхийн зах зээлд гарч ирвэл бас их сонирхолтой дүр төрх. Гэтэл С.Амармандахад дэлхийн зах зээл дээр өөрийн гэсэн дүр төрхөөрөө танигдахдаа зах зээлээ ойлгож дахиад жаахан зүйлийг засах хэрэгтэй гэсэн багахан зөвлөгөө л хэрэгтэй. Бид дэлхийн зах зээлийг мөрөөдөж байгаа бол дэлхий юунд баярладаг, юунаас айдаг, юуг жигшдэг вэ гэдгийг сайн мэддэг байх хэрэгтэй. Өнөөдөр бидэнд таалагдаж байгаа зүйл дэлхийн зах зээлд таалагдах албагүй. Гэхдээ нэг зүйлийг баттай хэлэхэд манай улсад яаж л бол яаж амжилтад хүрч чадах одууд байна.
-Хурдан морины бооцоот уралдааныг дэмжинэ-
-Шинэчлэлийн Засгийн газар ССАЖЯ-ыг байгуулсан. Өмнө нь соёлын салбар нэлээд орхигдсон байсан гэж зарим хүн дүгнэдэг. Энэ салбарыг толгойлж яваа хүний хувьд ингэж бие даасан яамтай болсноор соёл, урлагийн салбарт өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ямар ахиц дэвшил гарсан бэ?
-Соёлдоо,соёлын өвдөө санаа нь зовж үр хүүхдүүд маань ямар соёлоор хүмүүжих гээд байна гэж зовнидог хүмүүст бид тодорхой хэмжээний хэлэх үгтэй ажиллаж байна. Ер нь соёлын яамгүй улс орон их цөөхөн байдаг. Улс орнууд өөрийн үндэснийхээ өв уламжлалыг дараагийн үедээ өвлүүлж үлдээх, энэ соёлоо дэлхийн соёл иргэншилд хүндтэй байр суурь эзлүүлэх, соёлын тусгаар тогтнолоо авч үлдэхийн тулд соёлын яамтай байдаг. Гэхдээ олон салсан соёлын яамтай улс бас байна. Жишээ нь, Бельги гэдэг холбооны улс гурван үндэстэнтэй, гурван мужтай. Үүнийгээ дагаад холбооны улс бүртээ тохирсон гурван соёлын яамтай. Манайх шиг нэгдсэн улс бол нэг л яамтай байна л даа. Харин АНУ бол соёлын яамгүй. Яагаад гэхээр АНУ өөрөө олон үндэстний улс учраас аль үндэстнийх нь соёлыг тулгуурлаж яам байгуулах вэ гэдэг нь асуудал болчихдог юм байна. Харин ч соёл нь арилжааны шинжтэй хөгжөөд явж байгаа. Арилжааны бус соёлын элементүүд буюу ард түмнээ гэгээрүүлэх асуудлыг Боловсролын яам нь орон нутгийн засаг захиргаатай нь нийлээд зохицуулдаг. Хамгийн анх АНУ-д байгуулагдсан Смисионан музей нь нийт музейнүүдийнхээ “дарга” болоод, соёлын яамны үүрэг гүйцэтгээд явж байдаг.
Манай улсын хувьд төв Азид маш онцлог нүүдлийн соёл иргэншилтэй. Энэ соёл иргэншлээ дагаад сонирхолтойгоор өөрчлөгдөн хөгжиж байна. Хэдэн мянган жилийнхээ соёл уламжлалыг авч үлдэж байна. Дээрээс нь мөн асар хурдан хотжиж байгаа орон. Хоёр өөр соёл иргэншил зэрэгцээд урагшилж яваа ийм сонин орон. Энэ соёлыг өөрийнхөөр нь хөгжүүлэх, өвлүүлж уламжлуулах ялангуяа энэ соёлыг дэлхийн бусад улс орны соёлын эгнээнд байлгах гэдэг асуудал манай улсын иргэн бүрийн өмнө хүлээгдэж байгаа үүрэг юм. Тийм учраас манай улсад соёлын яам байгуулсан нь оновчтой шийдвэр болсон. Олон ч хүний олон жилийн шаардлага байсан л даа. Олон жилийн энэ хэрэгцээг Шинэчлэлийн Засгийн газар хэрэгжүүлэхдээ спорт, аялал жуулчлалын салбартай нь хамтарч хэрэгжүүлсэн.
-ССАЖЯ спортын салбартаа анхаарлаа хэр хандуулж байна вэ?
-Спортод өвлийн олимпийн спортыг дэмжих, спортын алдартнуудыг илүү төрүүлж дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Спортын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхдээ Монголынхоо онцлогт тохируулж ажиллана. Манай улс их өндөрлөгт байрладаг. Улаанбаатар хот бол далайн түвшнээс дээш 1300 метрийн өндөртэй, Хөвсгөл нуур 1600 метрийн өндөртэй. Гэтэл Хөвсгөл нууртай эгч, дүүс гэгддэг Байгаль нуурын өндөр нь далайн түвшнээс дээш 400 метр хүрэхгүй. Энэ байдлынхаа давуу талыг ашиглаж спортын бэлтгэлийн төвүүдийг илүү их дэмжиж, тэр чиглэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тогтоол шийдвэр гаргуулсан байгаа. Энэ тогтоолын хүрээнд одоо Улаанбаатар хотын ойролцоо гэхэд Хандгайтад анхны хувийн хөрөнгө оруулалттай спортын бэлтгэлийн төв байгуулагдаж байна. Ер нь спортын бэлтгэлийн төвд хөрөнгө оруулалт хийснээр цаашлаад манай улсын эдийн засагт эерэг нөлөөлөлтэй гэж харж байгаа юм.
-Спортын салбарын талаар ярихаар хурдан морины унаач хүүхдийн талаар яриа яах аргагүй сөхөгдөх юм. Зарим хүн унаач хүүхдүүдийн эрх зөрчигдөж байна гээд насанд хүрсэн хүмүүсээр морь унуул гэдэг. Яамны зүгээс энэ асуудалд ямар байр суурь баримталж байна вэ?
-Манай яам хурдан морины асуудалд олон улсын хэмжээнд уралддаг морины уралдаан нь тусдаа хуультай, уламжлалт морин уралдаан нь тусдаа зохицуулагддаг байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тийм учраас бид УИХ-д Хурдан морины бооцоот уралдааны талаар хуулийн төсөл өргөн барьж байгаа. Олон улсын морин тойруулга гэдэг спортыг, бизнесийг Монголд оруулж ирэх зорилгоор түүнтэй зэрэгцүүлж монгол морийг үнэд оруулж бизнесийн эргэлтэд оруулах чиглэлээр хуулийн төсөл өргөн барьж байгаа. Энэ нь “Эдийн засгийг эрчимжүүлэх 100” хоногийн ажлын хүрээнд хийгдэж байгаа юм. Бооцоот уралдааныг морин тойруулгад хийгээд ирэхээр насанд хүрсэн хүн унахаас өөр аргагүй. Харин монгол морины уралдаан бол бизнесийн бус зорилготой, бооцоогүй, урт шулуун замд, олон саад давахгүйгээр хийх наадмын соёлд хамаарах учраас уламжлалт уралдаан бол уламжлалт хэвээр үлдэх ёстой гэдэгт ССАЖЯ санал нэгдэж байгаа. Наадам маань дэлхийн өвд бүртгэгдсэн соёл. Гэхдээ өвлийн цагаар бол хүүхдийг хурдан морь унуулахгүй.
-Хүүхэд болгон хамгаалалтын хувцас хэрэглэл зүүнэ, морь уралдах замынхаа цас мөсийг цэвэрлэсэн байна ч гэдэг ч томоохон хэмжээний уралдаануудад л мөрддөг. Хамгаалалтын хувцас, хэрэглэл нь ч өнөө бизнес болчихсон байна. Энэ бүхэн нь уламжлалт үндэсний байдалд сөргөөр нөлөөлөөд байх шиг санагддаг. Тэгэхээр энэ бүхэнд яамны зүгээс ямар хандлагатай байна вэ?
-Баяр наадмын тухай хуулиар баяр наадмын асуудлууд нь зохицуулагдаад бусад асуудлууд нь зохицуулагдахгүй байгаа юм. Тэгэхээр баяр наадам нь Монголын уяачдын холбооны зохион байгуулалттайгаар, даатгалтайгаар зөв зохион байгуулагдаад явж байгаа. Харин хуульгүйгээр зохион байгуулагдаж буй уралдаануудад нийтийн боловсролыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Гэр бүлээрээ сумандаа бэсрэг наадам зохион байгуулж байгаа тохиолдолд хамгийн түрүүнд сумын Засаг даргаасаа зөвшөөрөл авч, цагдаа, түргэн тусламжийн дэмжлэгийг авч байх ёстой. Тэгээд маш сайн зөв зохион байгуулалттай хийх, эсвэл морины уралдааныг зохион байгуулж сурсан Уяачдын холбооноос мэргэжлийн хүний туслалцаа авч сурах хэрэгтэй юм. Уяачдын холбоо түүнд нь түргэн шуурхай мэргэжлийн туслалцаа үзүүлж сурах хэмжээнд мэргэжлийн боловсролыг нэмэгдүүлэх шаардлагатай. Эцэг, эхчүүд ч гэсэн Уяачдын холбоо зохион байгуулаагүй бол хүүхдээ уралдуулахгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Уралдаж байгаа хүүхдийн хамгаалалтын малгайг хэн өгөх юм, даатгалыг нь хэн төлөх юм гэдгийг мэдэж шаарддаг байх олон нийтийн боловсролыг нэмэгдүүлэх хэрэгтэй юм. Гэтэл манай эцэг, эхчүүд бай шагналтай морин уралдаан гэхээр чаддаг хүмүүс л зохион байгуулж байгаа байх гэж бодоод л хүүхдээ өгөөд явуулчихдаг. Тийм учраас бид ялангуяа морь унадаг хүүхэдтэй эцэг, эхчүүдэд зориулсан нэвтрүүлэг, сургалт явуулах замаар асуулт асууж сурахад нь туслах шаардлагатай. Хэрэв эцэг, эхчүүд тэр уралдааныг хэн зохион байгуулж байгаа, ямар компани хэдэн төгрөгөөр даатгаж байгаа, ямар хамгаалалтын хувцас хэрэглэл хэрэглэх эсэхийг асууж лавлаад шалгадаг болчихвол дурын хүн уралдаан зохион байгуулж чадахаа болино. Аргагүй л мэргэжлийн хүмүүс зохион байгуулдаг болно. Ер нь иргэн өөрөө эрхээ хамгаалж чаддаг болсон үед хууль хамгийн сайн хэрэгждэг. Хэзээ хоёр иргэн заргалдаж сурна, тэр цагт иргэд бие биенээ хүмүүжүүлээд нийгэм хүмүүжээд эхэлдэг. Иргэн өөрөө заргаа хийж эхэлсэн цагт иргэний нийгэм тогтдог, иргэний нийгэмтэй газар хууль хэрэгждэг.
-Магадгүй хууль сурталчлах тал дээр тааруу учраас хуулиа ашиглаж чаддаггүй юм болов уу?
-Сэтгэл зүйн дарамт байдаг юм. Ерөөсөө нэг нэгнийгээ шүүхэд өгөхгүй, заргалдахгүй сэтгэл зүйн ийм буруу дарамт маш их байдаг. Нэг нь “Амьд хүний гэрч болсноос үхсэн хүний дэр” бол гээд гэрч болохгүй, нөгөөх нь “Адгийн зарга 10 хоног” гээд заргалдахгүй. Ингэж сэтгэхээр хууль хавтгайдаа хэрэгждэггүй.
-Үүнийг дарамт гэх үү, уламжлалт сэтгэлгээ гэх үү?
-Уламжлалт сэтгэлгээ бол тодорхой орчинд нөлөөлнө. Жишээлбэл, хоёр хөрш малчин нэг нь нөгөөгийнхөө малыг хулгайлчихлаа гэхэд “Энэ миний малыг хулгайчихлаа” гээд заргалдах гэхээр малаа хаяад явж чадахгүй. Яг энэ тохиолдолд адгийн зарга 10 хоног, тэгж байхаар би нэг малыг нь хулгайлчихая ч гэдэг юм уу буруу арга хэрэглэдэг. Үүний оронд зүгээр өргөдлөө бичээд явуулдаг тэр соёлыг бид бий болгох ёстой. Нэг гэмт хэргийг заргалдахгүй орхихоор дараагийн гэм хэрэг гарах бас нэг шалтгаан болдог. Энэ заргалдах хугацааг нь бага байлгах, хоорондоо зарга үүсгэлээ гэж бодоход эвлэрүүлэн зуучлах зэрэг олон төрлийн хуулиудыг баталсан шүү дээ. Тэгэхээр хууль зөрчигчтэй заргаа хийдгээрээ хийгээд явбал дээр. Манай хамгийн сайн уламжлал бол хуулийн дор амьдрах уламжлал юм.
-Хүмүүс тухайн асуудалд гомдол гаргах гэхээр яаж зөв утга агуулгатай үг өгүүлбэрээр илэрхийлэх вэ гэдэгт мэдлэг дутдаг. Тэгэхээр иргэдэд энэ асуудалд нь туслах төрийн институт байх хэрэгтэй юм шиг харагдаж байна?
-Тэр институт чинь өмгөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагууд шүү дээ. Бүх аймгийн төвүүдэд улсын төсвөөс санхүүждэг, иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх сүлжээг байгуулчихсан байгаа юм. Иргэд дотроо бодож байгаа зүйлээ бичих чадваргүй байна гэдэг чинь бидний монгол хэлний, найруулан бичих сургалт муу байсныг илтгэж байна. Энэ нь эргээд соёлтой холбогдчихдог. Яагаад гэхээр бид монгол хэлний хичээлийг, найруулан бичих хичээлийг үнэхээр сайжруулах шаардлагатай. Эдийн засгийн эргэлтийг түргэсгэе гэвэл бид маш сайн найруулан бичдэг мэргэжилтнүүдтэй болох хэрэгтэй. Хүмүүс нягтлан бодогч, маркетингийн менежерүүд олон байвал эдийн засаг сайжирна гэж бодоод байдаг. Гэтэл эдийн засгийн ихэнх эргэлт, наймаа худалдаа, гэрээ хэлэлцээр бичгээр, найруулан бичих хэлбэрээр явагддаг. Найруулан бичихгүйгээр хууль, гэрээ байхгүй. Зөв найруулан бичихгүйгээр эрхээ, өмчөө хамгаалж чадахгүй. Тэгэхээр эрхээ хамгаалах, өмчөө хамгаалах чадварыг эзэмшүүлэхийн тул бид гайхалтай найруулан бичих чадвартай ард түмэнтэй болох хэрэгтэй. Тийм учраас УИХ-ын гишүүн М.Батчимэгийн санаачилсан Монгол хэлний тухай хуулийг ССАЖЯ бүрэн дэмжиж байгаа. Бичиг гэдэг бол нэг талдаа соёл хэдий ч нөгөө талдаа иргэдийн эрхээ хамгаалах зэвсэг болдог.
– Үзэгчид өөрсдөө цензур тогтооно-
-Хэл бол улсын тусгаар тогтнолын, соёлын гол үзүүлэлт. Телевизүүдээр гарч байгаа Солонгосын олон ангит кинонуудын орчуулга нь алдаатай байдаг юм уу, эсвэл тухайн улсын хэл баялаггүй юм уу, үг хэллэг нь их асуудалтай. Үүнд хяналт тавих боломж байна уу?
-Одоо үндэсний агуулгын квот тогтоогоод ирэхээр хүмүүс хэлний ялгааг эрс ойлгож эхлэх байх гэж бодож байна. Жишээ нь, МҮОНТ-ээр уран сайхны нэвтрүүлгийн 60 хувь нь дотооддоо үйлдвэрлэсэн, үндэсний агуулгатай, монгол уран бүтээлчдийн уран яруу найруулгатай бүтээлүүд гараад ирэхээр үлдсэн 40 хувьд нь гарч байгаа орчуулгын модон хэлтэй кино эрс гологдох байх гэж бодож байна л даа. Тэгэхээр сайхан найруулга, хэллэгтэй хөтөлбөрүүдийг хангалттай олноор гаргаад эхлэх юм бол үзэгчид өөрсдөө цензур тогтоогоод эхэлнэ.
– Солонгосын олон ангит кинонууд зах зээлийнхээ жамаар манайд орж ирээд үзэгчдийг байлдан дагуулж байгаа байх л даа. Дээрх хөтөлбөрийн хүрээнд яамны зүгээс энэ бүхнийг шууд бус замаар шахаж байна гэж ойлгож болох уу?
-Энэ эмгэнэл ганц манай улсад тохиолдож байгаа биш, дэлхийн олон оронд тохиолдсон байдаг. Яг ийм эмгэнэлтэй 1960-аад онд Франц улс нүүр тулсан. 1970-аад онд Герман улсад тохиолдсон. 1980, 1990-ээд онд Бельги улсад ийм эмгэнэл болсон байдаг. Солонгос улс ч гэсэн 1990-ээд онд энэ зовлон дундуур явсан байдаг. Харин одоо Вьетнам, Монгол зэрэг Азийн орнууд яг энэ эмгэнэл дундуур явж байна. Өөрийнхөө үндэсний соёлыг мартталаа гадны соёлд автах болгондоо улсууд соёлын яамаа байгуулсан. Тэгэх болгондоо квот тогтоосон байгаа юм. Ингэж квот тогтоохоос өөр аргагүй байдалд 1990-ээд онд дэлхий нийтээрээ хүрсэн. Яагаад гэхээр тухай үед дэлхийн бүх улс оронд Америк кино гардаг, улс үндэстэн бүхэн өөр өөрсдийнхөө соёлыг гээгээд эхэлчихсэн байсан. Энэ үед улс үндэстнүүд яаж өөрсдийнхөө соёлыг авч үлдэх талаар цугларч хуралдсан байгаа юм. Манай улс ч гэсэн тэр хуралд оролцсон. Уругвайд болсон дэлхийн худалдааны байгууллагын дэргэдэх Тарифын ерөнхий гэрээний хуралдаан дээр дэлхийн чөлөөт худалдаа гэдэг зүйл чинь бие биедээ тарифын илүү нөхцөл тавихгүйгээр юмаа худалдан борлуулах нь нэг талдаа импортоор хямдхан хувцас хэрэглэл, хоол хүнс авч хэрэглэж болоод ашигтай байна. Гэхдээ нөгөө талдаа хямдхан кинонууд дэлхийн зах зээлд орж ирээд үндэсний кинонууд байхгүй болж, үндэсний соёлын байгууллагуудыг дампууруулж байна гэсэн асуудал яригдсан. Ингэж яригдаад Франц улсын санаачилгаар Дэлхийн худалдааны байгууллагын чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээр бол соёлын уран бүтээлд хамаарахгүй гэсэн өгүүлбэр бүхий тогтоолын төсөл гаргаад дэмжүүлсэн. Телевизийн уран бүтээл, кино соёлын бүтээгдэхүүнд орон нутаг нь өөрийнхөө соёлыг авч үлдэхийн тулд квот тогтоож болно гэдэг тогтоолын төслийг оруулаад гар өргүүлэхэд хоёрхон орон эсэргүүцсэн нь Америк, Израйль байдаг. Америк бол кино хамгийн их хийдэг орон. Израйлийн еврей үндэстнүүд киноны зах зээлд бас их байдаг учраас Израйль ба эсэргүүцсэн. Энэ хоёр үндэстнээс бусад нь дэлхий даяараа өөрийнхөө соёлыг квотоор авч үлдэе гэдэг саналыг дэмжсэн. Ингэж квот тогтоодог асуудал эхэлсэн юм. Солонгос улс ч гэсэн саяхан квот тогтоож эхэлсэн. Түүнийхээ хүчинд тийм олон кинотой болчихоод дэлхийн бусад улсууд руу, манай улс руу явуулж байна шүү дээ. Тэгэхээр манай улс магадгүй квот тогтоогоод 10 жилийн дараа киногоо багтаахаа байгаад аль нэг улсад ингээд хүндрэл учруулж байж магадгүй л юм. /инээв/
-Соёлын салбарт тодорхой ажлуудыг хийгээд явж байна. Энэ салбарт таны хийж чадахгүй, үнэхээр хүчин мөхөсдөж байгаа зүйл бий юу?
-Аль ч салбарт хүчин мөхөсддөг нэг л асуудал байдаг нь санхүү. Бид үнэхээр төсвийнхөө хязгаарт багтаад, дотоодын нийт бүтгээдэхүүний төсвийн алдагдал нь хэд байх ёстой тэр хэмжээнд багтаж асуудлаа төлөвлөхөөр бага зэрэг боомилогддог тохиолдол бий. Тэрнээс бусдаар бол асуудалгүй. УИХ дээр манай салбар хамгийн их дэмжлэгтэй байдаг.
-Хилийн чинадад гарсан байгаа Монголын өв соёлуудыг эх нутагтаа авчрах тал дээр ямар ажлууд хийж байна вэ?
-Энэ дээр ёстой ССАЖЯ байгуулагдаад л анх ажилласан. Урьд нь хэзээ ч ийм ажлыг гардаж хийх субьект олдоггүй байсан юм. Бид анх соёлынхоо өвийг эх орондоо татаж авчирсан. Мэдээж Ерөнхийлөгч санаачилж тэр заргыг эхлүүлээгүй байсан бол энэ ажил тэгж амжилттай болохгүй байсан. Батаараас хойш соёлын өвүүд маш ихээр ирж байгаа. Яг одоо АНУ-аас 22 үлэг гүрвэлийн ясыг ачуулах гээд бүх гэрээ хэлэлцээр нь бэлэн болчихсон ложистик ажлыг нь зохион байгуулж байна. Монголоос хууль ёсоор гарсан хэдий ч эргэж ирэлгүй 26 жил болсон байсан үзэсгэлэнг бид Италиас татаж авчирсан. Мөн Европт байсан шинжлэх ухаанд нээгдээгүй үлэг гүрвэлийг саяхан авчирсан. Одоо шинжлэх ухааны эргэлтэд оруулаад судалгаа хийгдэж байна.
-Ингээд хил даваад гарчихсан соёлыг өвүүдийг буцааж авчирч байгаа нь сайшаалтай. Гэхдээ энэ соёлын өвүүдийг хилээр гарахаас нь сэргийлж ССАЖЯ ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ. Мэдээж дан ганц яам биш бусад хуулийн байгуулагуудтай хамтрах байх л даа?
-Манай яам хил гаалийн байгууллагуудтай энэ асуудалд хамтарч ажилладаг. Мөн хил гаалийн байгууллагад хураагдаж байгаа зүйлүүдийг соёлын байгууллагад буцаан татаж авах журам гаргаад журмын дагуу ажилладаг болсон. Урьд нь хууль бус зүйлийг хуулийн байгууллага хурааж авчихаад яах вэ гэдгээ мэдэхгүй бараг музей байгуулах хэмжээний болчихсон байсан. Бид гааль болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр хурааж авсан аливаа соёлын өвийг нэн даруй соёлын байгууллагад нь буцааж өгдөг болсноос хойш гааль дээр аливаа нэг үнэтэй зүйл хураагдсан тохиолдолд ажлын тав хоногт багтаж соёлын байгууллагад хүлээлгэн өгч байгаа. Мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэх шаардлагатай бол музейд очиж хурааж авсан эд өлгийн зүйлсээ судалдаг жишгийг тогтоосон. Өмнө нь тэр эд өлгийн зүйл нь мөрдөн байцаагчийн сейфэнд хэдэн жил ч хадгалагддаг байсан юм. Жишээ нь, саяхан Эрдэнзуугаас алтан бурхад алдагдахад цагдаагийн байгууллагынхан долоо хоногийн дотор илрүүлээд 24 цагийн дотор соёлын байгууллагад хүргэж өгсөн. Шинэ журам маань хэрэгжиж байгаагийн тод жишээ энэ.
-Амьд соёл бол хөшөө дурсгал биш-
-Урд хөрш Өвөрмонголын Ордос хот дахь “Чингисийн онгон” цогцолборыг их өндөр үнээр босгоод аялал жуулчлалын бүс болгож байна. Гэтэл бид зүгээр л Чингисийн монгол гээд омогшихоос цаашгүй байна. Үүнээс улбаатайгаар бид монгол хэл, соёл, сэтгэхүйгээ улам алдаад байх шиг харагдах юм?
-Нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Бид морио унаад уртын дуугаа дуулаад, цуур хөгжмөө хөгжимдөөд биелгээгээ биелээд явж байгаа нь ямар ч хөшөөнөөс илүү соёл байхгүй юу. Харин бид биелгээчний хөшөөтэй болоод өөрсдөө биелж чадахаа больчихвол, морины хөшөөтэй болоод өөрсдөө морь унаж чадахаа байчихвал жинхнээсээ дуусч байгаа нь тэр. Тэгэхээр амьд соёл, хөшөө соёл хоёр огт өөр гэдгийг ойлгох хэрэгтэй. Хөшөө соёл бол зүгээр л хотжилт, аялал жуулчлалын даацыг бий болгож байгаа байгууламж. Хүмүүс манайд байгууламж нь байхгүй болчихоор соёлгүй боллоо гэж буруу ойлгоод байдаг юм. Жишээ нь, би Өвөрхангай аймгийн Уянга сумын Иргэдийн хурлын төлөөлөгчидтэй уулзахдаа ЮНЕСКО-д монгол гэрийг бүртгүүлэхэд Уянга сум гэр хийж чаддаг олон залуустай байснаараа гавьяа байгууллаа гэдгийг хэлсэн. Тийм болохоор гэр хийдэг залуучуудыг, тэдний хүүхдүүдийг нь гэр хийдэг энэ уламжлалыг нь мартуулж болохгүй шүү гэдгийг захьсан. Гэтэл үүний дараахан Уянга сумын Иргэдийн хурлын төлөөлөгчид хуралдаад Өвөрхангай аймгийн Уянга суманд аялал жуулчлалын үйл ажиллагаа зохион байгуулах гэж буй компаниуд зөвхөн гэр бааз барихыг зөвшөөрнө. Гэхдээ гэр баазын 70 хувь нь Уянга суманд үйлдвэрлэсэн гэж байна гэсэн шийдвэр гаргасан байсан. Өөрөөр хэлбэл, Уянга суманд үйл ажиллагаа эрхлэх хүн бол зөвхөн гэрт байна. Тэгэхээр сумын иргэд гэрээ байнга үйлдвэрлэнэ. Гэрийг хийдэг, гэрт амьдардаг үеийг таслахгүй гэдэг бодлогыг агуулж байгаа болохоор энэ бол үнэхээр гайхалтай “хөшөө” байхгүй юу. Тэгэхээр бидэнд хэрэгтэй байгаа ийм нандин бодлогуудыг орон нутгуудад сайн гаргах хэрэгтэй. Бид гэр шиг хэлбэртэй нэг сайхан цогцолбор байшин барихаар гэр гэдэг соёлоо байхгүй болгочихож байгаа юм. Тэгэхээр нэг соёл нөгөө соёлоо устгаж байгаа гэдгийг ойлгох юм бол бид авч үлдэх ёстой соёлын өвөө харж чадна.
Яг ийм аргаар Мексикийн соёлыг Америкт байгуулсан байдаг. Америкийн өмнөд хэсгээр Мексиктэй хиллэдэг хотууд яг л Мексикийн дизайнаар ганган байшингууд барьж эхэлсэн. Гэтэл яг тэнд очоод үзэхээр Мексик хэлбэрийн байшинд америк соёл л байсан байгаа юм. Гэтэл Мексикчүүд жинхэнэ мексик соёлыг манайд ирж үзээрэй гэж рекламдсан. Өөрөөр хэлбэл, амьд соёлоороо жуулчдыг татсан. Тэгэхээр ингэж амьд соёлоо үргэлжлүүлэх нь үнэхээр манай улсын соёлын бодлогын гол цөм байгаа юм. Тийм ч учраас бид өнгөрсөн жил Соёлын биет бус өвийг өвлөн уламжлуулагчдыг тодруулах, тэднийг нэмэгдүүлэх, сурталчлах зорилгоор компанит ажил зохион байгуулсан. Бид бүтээн байгуулж амжина. Энд жаахан мөнгө л хэрэгтэй. Харин агуу их соёл бол байнга бие биедээ дамжуулж байдаг энэ амьд соёл юм.
-Хэсэг хугацаанд улс төрөөс холдоно-
-Ажлаас жаахан хөндийрцгөөе. “Ногоон нүдэн лам”-ын хоёрдугаар дэвтэр хэзээ гарах вэ?
-Ямар ч байсан энэ ажлыг хийж байхад ном бичиж чадахгүй юм шиг байна. Ч.Лодойдамба гуайг Соёлын яамны сайд байхдаа “Тунгалаг тамир” романаа яаж бичиж байсныг би үнэхээр ойлгохгүй байгаа. Магадгүй “давхар дээл”-гүй байсан байх. /инээв/ Дөрвөн жилийнхээ хугацааг дуусгаж байгаад номын ажилдаа орно гэсэн хатуу шийдвэр гаргачихсан байгаа. Ямар ч байсан уран бүтээлийн чөлөө авч байж л бичнэ.
-Уран бүтээлийн завсарлага авна гэхээр улс төрөөс холдоно гэсэн үг үү?
-Ерөнхийдөө тийм бодолтой байгаа. Хэсэг хугацаанд бүрэн хөндийрч байж л номоо бичиж дуусгах бодолтой байна даа.
-Та эхний номоо бичихдээ судалгаагаа хэдий хэр хугацаанд яаж хийж байсан бэ?
-Би архиваас судалгаагаа хийхэд нийт зургаан жилийн хугацаа зарцуулсан. Гэхдээ энэ зургаан жил маань бичиг цаас судлах, хүмүүстэй ярилцах, газар дээр нь очиж судлах зэрэгт л зарцуулагдсан хугацаа. Номын гол дүр бол манай хөгшин ээж байгаа юм. Би хөгшин ээжийнхээ яриаг сонсч өссөн учраас тэр нь надад олдошгүй судалгаа байсан. Тийм учраас тэр хүний зан төрх, дүрийг гаргахад надад судалгаа шаардаагүй. Харин Ногоон нүдэн ламын тухай би мэдэхгүй, намайг төрөхөөс өмнө нас барсан учраас тэр хүний дүрийг гаргахад маш их судалгаа шаардсан.
-Та мөн “Гэрт болсон яриа” гээд эрүүл мэндийн чиглэлээр ном бичиж байсан. Тэр ном хүмүүст их хүрсэн болов уу гэж боддог юм. Дахиж ийм ном бичих үү?
-Тэр ном шинжлэх ухааны мэдээлэлд тулгуурласан, нэлээд олон эрдэмтэнтэй уулзаж байж бичсэн ном. Цаг хугацаа их шаарддаг юм. Надад бичих цаг гарахгүй л байна. Аялал жуулчлалынхаа ажлыг хийнгээ бичиж байгаа нэг л зүйл бий. Манай яам жуулчдад зориулсан www.mongolia.travel гэдэг шинэ вэб сайт гаргасан. Тэр хуудсанд миний бичсэн “Монгол бөхийг хэрхэн үзэх вэ” нэртэй нийтлэл байгаа. Англи хэл дээр бөх тайлбарласан нийтлэл бичсэн юм. Энэ нийтлэлийг маань уншсан хүмүүс одоо морь, сур тайлбарлаад өг гэсэн санал тавьж байсан болохоор одоо морь тайлбарласан нийтлэл бичиж байгаа. Бөх тайлбарласан нийтлэлээ би ангийнхандаа уншуулахад зарим гишүүн их сонирхсон. Эмэгтэй хүн бөхийг ингэж ойлгодог байсан юм уу гээд их уриалгахан уншиж байгаа. Д.Сумьяабазар гишүүн энэ нийтлэлээ надад эртхэн өгөхгүй яасан юм бэ гэж байсан. Гадаадын бөхчүүдтэй уулзахаар та ч яахав жижигхэн бөхчүүдийг давж байгаад гараад ирсэн. Харин би бол өөртэйгээ эн чацуу бөхчүүдийг давж байж гарч ирсэн гэж гайхуулах гээд байдаг гэнэ. Гадаадын бөхчүүдэд монгол бөх ямар олон давааг давж байж од болдгийг ойлгуулахад хэцүү байдаг гэнэ.
-Бөх тайлбарлах бол миний хобби-
-Тэгэхээр та бөхийн хорхойтон байх нь ээ?
-Бөх тайлбарлах бол нэг талдаа миний хобби. Харин нөгөө талдаа 1990-ээд оны үед миний хийдэг байсан ажил юм. Би чинь эмэгтэй хүн болохоор бөх барилдаж болохгүй, засуул хийж болохгүй, радио, телевизээр бөх тайлбарлах эрхгүй. Тийм болохоор ийм гайхалтай соёлыг ядахдаа англи хэлээр тайлбарлах эрхийг өөртөө авъя гэж бодсон юм. Тэгээд 1996, 1997, 1998, 1999 он гээд дөрвөн жил дараалан жуулчдад наадмыг англи хэл дээр тайлбарлаж өдрийн хөтчийн үйлчилгээ үзүүлдэг байсан. Жуулчид өдрийн аялалд надтай цуг явж наадам, бөхөө надаар тайлбарлуулчихаад 25, 25 доллар өгдөг байсан юм. Тэгэхээр чинь би гайгүй ашигтай ажилладаг байсан байгаа биз дээ. Яг энэ бизнесийг одоо залуучууд хийж өөрсдийнхөө уламжлалт соёлыг тайлбарлаж өдрийн аяллын хөтөч болоосой гэсэндээ тэр хөтчүүдэд зориулсан нийтлэлийг бичсэн юм. Өөрөөр хэлбэл, тэнд бичсэн зүйл бол миний тухайн үед хийдэг байсан бизнесийн ноу-хау гэж хэлж болно. /инээв/ ССАЖ-ын сайд байх хугацаандаа соёлоо гадаадын иргэдэд танилцуулах үйл ажилд цаг зав гаргаж заавал оролцъё гэж бодож байгаа. Улс төрийн ажлын хажуугаар миний бичиж чадах дээд хэмжээ бол энэ л байх болов уу гэж бодож байна.
-Танайд бөхийн удам бий юу?
-Миний анхны нөхөр аймгийн начин, их сайхан барилдаг бөх хүн байсан. Бид хоёр чинь арван жилийн ширээнээсээ л бөх яриад эхэлчихсэн юм. Манай аав бас бөх үзэх дуртай. Өөрөө сумын наадамд гурвын даваанаас дээш давж үзээгүй хэдий ч насан туршдаа бөхдөө үнэнч хүн байсан юм. Аавтайгаа хамт бөх үзсээр байгаад би бөхөд дуртай болчихгүй юу. Наадмаар нэг дор байх юм бол яг цуг сууж байгаад үзнэ. Хоёр өөр газар байх юм бол утаснаас зүүгдээстэй үздэг байсан. Тэгээд наадмын дараа телевизийн сувгуудаар гарсан бүх бөхийг үзэж дуусгаж байж л наадмын бөх үзэж дуусан сэтгэл ханамж үлдэж байгаа юм даа.
/Аяа, хорин нас минь. Анхны хайрт хань Л.Бат-эрдэнийн хамт авахуулсан энэ зургийг Твиттерийн найз илгээснээр олж авав. Хамт байгаа хүмүүс Хүрэлбаатар ах, Туяа эгч, Идэрхангай, Энхбат, Энхболд дүү нар. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум, 1986 оны 7-8-р сар/
-Та бөхөөс өөр спорт хэр сонирхдог вэ. Хөлбөмбөгт дуртай юу?
-Дэлхий нийтээрээ хөлбөмбөгт хошуурдаг үе байдаг ш дээ. Дэлхийн аврагын тэмцээний үед. Тэр үед нь л хөлбөмбөг үздэг. Тэрнээс биш жилийн дөрвөн улиралд үзэж чаддаггүй.
-Та гүйлтийн спортоор хэр хичээллэдэг вэ?
-Би дунд сургуульд байхдаа гүйдэг байсан юм. Сургуулийнхаа хөнгөн атлетикийн шигшээ багт багтдаг байлаа. Мөн сургуулиа төлөөлж аймгийнхаа холын зайн гүйлтийн тэмцээнд оролцдог “тамирчин” нь байсан шүү. Одоо бол нэг их тэгж гүйж харайж чадахгүй байна л даа.
-Тэгвэл гүйлтийн спортын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байх нь. Тэгээд яагаад “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээний үеэр өсгийтэй гуталтай гүйж байгаад “баригдчихав”?
-Тэр чинь ингэсэн юм аа /инээв/. Би марафонд оролцогчдыгоо дэмжээд замын уулзвар дээр алга ташаад зогсож байсан юм. Тэгсэн “UBS” телевизийн “XXLady” шоуны оролцогчид марафонд бас гүйж байсан юм билээ. Тэгээд оролцогчдоо дагаад гүйж байсан зураг авалтын багийнхан намайг харчихаад та манай оролцогчдыг дэмжээд цуг гүйгээд ярилцлага өгөөч гэхгүй юу. Тэгэхээр нь би ботинктой байна гэсэн чинь зүгээрээ та ярилцлага өгөөд л жаахан гүйчих. Бид оролцогчдоосоо хоцорч болохгүй байна гээд байхаар нь би Засгийн газрын хурал эхлэхэд 15 минут дутуу байсан болохоор таван минут л гүйе гэж хэлээд гүйсэн юм. Тэгээд яахав дээ олон нийтийн хараа хяналт дунд байдаг ертөнц болчихсон юм болохоороо нэг нь папарацдаад интернэтэд тавьчихсан. Яг тэр зургийг твиттер дээр тавьсан хүн нь “Хас”-ын Ч.Ганхуяг байхгүй юу. Тэр хүн надад гомдохоос өөр аргагүй. Яагаад гэхээр Ч.Ганхуяг өөрөө үнэнчээр марафонд гүйсэн. Тийм болохоороо Ч.Ганхуяг бол олон нийтийн хяналтын үүргийг гүйцэтгэж олон нийтийн сувгаар намайг шүүмжилсэн. Би шүүмжлэлийг хүлээж аваад ирэх жил ямар ч хуралтай байсан пүүзээ өмсөөд марафонд гүйе гэдэг амлалтаа өгсөн.
-Ер нь энэ мэтийн сөрөг ч юм шиг шүүмжлэлд та яаж ханддаг вэ. Жишээлбэл, өнгөрсөн өвөл таны гарын үсэгтэй монгол хэлний буруу бичсэн албан бичиг гарч ирээд асуудал үүсгэсэн. Та харин албан ёсны тайлбар хийлгүй дахиж засаад тараах шиг болсон?
-Ерөнхийдөө олон нийтийн сүлжээгээр гарч ирсэн шүүмжлэлд би олон нийтийн сүлжээгээр нь л хариу өгчихдөг. Яг тэр алдааны хувьд гэвэл манай яамнаас гарсан алдаагүй бичиг цуг өгсөн хоёр, гурван хэвлэлд зөв гарсан. Харин “Үндэсний шуудан” сонинд тэр албан бичгийг шивээд миний гарын үсгийг фотошоп ашиглаад тавьчихсан юм билээ. Тэгэхээр тэр шивж компютерт оруулсан хүний алдаа нь миний алдаа шиг харагдсан. Дараа нь би Төрийн хэлний зөвлөлийн ажлын албаны дарга руугаа утасдаад юу болоод байгааг асуутал надад тэгж хэлсэн.
-Зарим хүн шүүмжлэлд их бухимдаж ханддаг л даа. Гэтэл та шүүмжлэлийг арай өөрөөр хүлээж авдаг юм шиг харагдлаа?
-Олны өмнөөс ажил хийдэг төрийн албан хаагч бол шүүмжлэлийг эсэргүүцэх ёсгүй юм. Одоо манайд өөрийг нь шүүмжилсэн хүнийг Эрүүгийн цагдаад өгчихсөн сайд байгаа л даа. Бүх улстөрчид хэвлэлийн эрх чөлөөнд хайртай болж чадахгүй л байна. Миний хувьд би өнгөрсөн 20 жил улс төрд байхдаа хэвлэлийн эрх чөлөө гэдэг зүйлийг л хамгийн ихээр хүндэлж ирсэн. Монгол Улс маань хэвлэлийн эрх чөлөөгөө хүндэтгээд сурчих юм бол ардчилсан орон болох гээд байна. Иргэд маань үгээ айхгүй хэлдэг хэвээрээ л байх юм бол энэ бол эрх чөлөөт орон. Хүмүүс намайг сайдын хувьд шүүмжлэхээр би баярладаг. Энэ чинь л миний хүсч тэмцдэг байсан эрх чөлөө байхгүй юу. Би шүүмжлүүлж байгаа хүн юм чинь хариу тайлбар хийнэ. Гэхдээ тэр хүнийг шүүхэд өгч, айдас төрүүлэхгүй, тэр хүмүүсийн эдлэх эрх чөлөөг огт хумихгүй. Энэ зарчмаа хатуу баримтлангаа өөрийгөө зөвтгөхийн тулд заримдаа хошигнож залруулна, заримдаа баримт фактаа дэлгэнэ, заримдаа бүр үнэн голоосоо гуйгаад л тайлбарлана. Миний баримталдаг үндсэн зарчим бол хэрвээ хүн намайг үнэхээр үнэн шүүмжилсэн бол би “Тийм ээ, миний буруу” гэж хэлнэ. Харин буруу шүүмжилбэл яаралтай залруулна.
-Та ер нь ангиасаа ямар гишүүдтэй дотно найзалдаг вэ?
-Эмэгтэй гишүүдтэйгээ.
-Гэхдээ эрэгтэй гишүүдтэйгээ хэл амаа ололцоход илүү хялбар байдаггүй юу?
-Ер нь эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүмүүстэй хэл амаа ололцохдоо би өөрийгөө гайгүй чадвартай гэж боддог. Энэ чадварыг би худалдааны байгууллагад ажиллаж байхдаа олж авсан болохоор миний ажлын карьерт их нөлөөлсөн юм болов уу гэж ойлгодог. Зах зээлийн нийгэмд худалдагч хийж үзээгүй хүн бол хүнтэй харилцаж үзээгүй хүн гэж үздэг. Би сургууль төгссөнийхөө дараа яг бараа материал борлуулдаг хэсэгт гурван жил ажилласан учраас хүнтэй харилцах чадвар гэдэг зүйлийг зах зээлээс сурсан. Хүнтэй харилцах өдөр тутмын үйлчилгээний ажлын үр шим маань одоо улс төрд их дэмжлэг болж байна. Ямар ч хүний шүүмжлэл, хатуу үгийг инээмсэглээд сонсож чаддаг.
-Улс төр гээд ярьснаас та “давхар дээл”-ний асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?
-Би ангийхандаа төрийн уурга нь урт, хуйв нь уужуу шүү дээ гэж хэлдэг юм. Тийм учраас тайл гэвэл тэгээд кнопоо дараад тайлна. Харин хий гэвэл үүрд энэ ажлыг хийх юм шиг л үнэнчээр хийнэ гэж хэлдэг. Би өдөр тутмынхаа ажилд ингэж л ханддаг. Үнэнч сэтгэлээр ажиллах нь “дан, давхар дээл”-ний асуудлаас илүү чухал гэж бодож байна. Би тэгээд утасгүй, интернэтгүй, орчинд давхар алба хашдаг байсан сайд нарыг яаж ажлаа амжуулдаг байсныг нь үнэхээр гайхдаг юм. Би интернэтийн ачаар үүрэг даалгавар өгөх гэх мэт ажлуудыг ордон дотроос амжуулдаг.
-УИХ дээр “давхар дээл”-тэй Засгийн газрын гишүүд чуулган, байнгын хорооны хуралдаан тасалдаг. Яамныхаа ажлыг хийгээд их хурлын ажлыг ойшоодоггүй гэсэн шүүмжлэл их гардаг л даа. Тэгэхээр давхар алба хашихаар үнэхээр ачаалал их байдаг уу. Танд ажлын ачааллаас болж чуулган, байнгын хорооны хуралдаан таслах шаардлага гардаг уу?
-Би хамгийн сайн ирцтэй гурван гишүүний нэг ш дээ. Би байнга цагтаа ирж байнга хуралдаа суудаг. Ерөөсөө хурал тасалдаггүй гишүүн.
-Тэгэхээр та ингэж амжуулж болоод байхад зарим хуралдаанд суудаггүй сайд нар өөрсдөө л болдоггүй байх нь ээ?
-Тэр хүн сайд байна уу, дээлтэй дээлгүй байна уу гэдгээс өрөөсөө хамаарахгүй шүү дээ. Зүгээр л хувь хүний сахилга батын л асуудал. Хуралтай өдрөө бусад ажлаа зохицуулж чадаж байна уу л гэдэгт байгаа байх.
Эх сурвалж: mnb.mn