Дундаа тавьсан ганц шил архи маань бараг дуусч байв. Харин миний "зөвлөхүүдийн лекц" дөнгөж л эхэлж байлаа. "Зөвлөхүүд" гэдэг маань надтай хамт ажилладаг гурван эр. Зарим өдөр ажлын дараа бид өрөөгөө дотроос нь цоожилж байгаад "эрчүүдийн тусгай уулзалт" зохион байгуулдаг уламжлалтай юм л даа.
Хэн нь анх санаачлаад, хэзээнээс эхэлснийг бүү мэд, нэг л мэдэхэд "ёслол гэх үү, үйл ажиллагаа гэх үү ийм нэг зүйл" бидний дунд хэвшсэн байсан юм. Гэхдээ сургуулийн ширээний араас дөнгөж гарч ирсэн миний бие энэ үйл явдлын зохиогч биш гэдэг нь тодорхой, Учир нь тухайн үедээ би өөрийн гэсэн ажлын арга барил, дадал сууж амжаагүй, хууччуулын амыг харах маягтай л явж байсан үе. Манай хашрууд надад ажлын үед ажил төрлийн зааварчлага зөвлөгөө өгөхөөс илүү гардаггүй тул амьдралын мөн чанарын тухай, эр хүн гэж хэн болох тухай "хичээлийг" ийм уулзалтын үед заадаг байлаа. Магадгүй ийм зорилгоор ч дээрх " тусгай уулзалт " бий болсон байж мэднэ. Ийм нэг уулзалт эхлээд бие халаалтын дасгал болсон ганц шил юм маань дуусч байхад лекцийн сэдэв тодорхой боллоо. Нэгэнт ажил тараад нэлээд удсан болохоор эхнэр маань утасдаж,
-Хүүе ээ, яагаад оройтчихсон бэ. Хэзээ ирэх юм ? хэмээн эрхлэнгүй асууснаар энэ өдрийн сэдэв батлагдаж, намайг утсаар яриад дуусангуут ахлах зөвлөх маань лекцээ эхлэвээ. Ахлах зөвлөхийг маань Нямхүү гэнэ. Шинээр байгуулагдсан, хараахан томорч амжаагүй байгаа, төрийн үйлчилгээний нэгэн газар болох манай жижигхэн албаны ахлах ажилтан. Мэргэжил нь инженер боловч хэд хэдэн ном гаргасан зохиолч хүн л дээ.
Үнэхээр нас намба аль ч талаа бодсон бидэн дундаа ахлах байхаас аргагүй нэгэн.
– За тэр, эхнэр чинь утасдаа биз. Ажил тарчихаад байхад юугаа хийгээд удаад байдаг юм гэж байна уу ? хэмээн "ахлах" над уруу харан асууснаа хариу ч сонссон юмгүй яриагаа үргэлжлүүлж,
– Аргагүй л шинэ байна даа. Залуу байхад эхнэрүүд ингээд араас хайя хүүе болоод яршигтай байдаг юм. Уг нь ингэж байх нь ч бас тэдний буруу биш юм шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь эр хүн өөрөө энэ бүхнийг чинь зохицуулдаг байхгүй юу. Чи хар. Энэ Ганбат, Цэрэн хоёрын эхнэр ингэж утасдаж наана уу цаана уу болж байна уу, аан? гээд дэмжлэг эрэх мэт нөгөө хоёрлуугаа харав. Тэгснээ, тайзан дээр дуу дуулчихаад дараагийн дуугаа дуулахын өмнө үзэгчдийн алга ташилт хүлээн зогсоо жүжигчин шиг бид гурвыг тойруулан харж жаахан азнаснаа
– Эрт гэрлэсний л зовлон. Манай Монголчууд л ингэж эрт гэр бүл болцгоож, тэрнээсээ болоод гэр бүлийн элдэв асуудалд ороогдоод байгаа юм. Түүнээс европчууд шиг гуч гарч, хамаг сургууль соёлоо дүүргээд, ажил төрөл, орон байрны асуудлаа хүртэл шийдчихээд хүнтэй суудаг бол наанадаж амьдралын аахар шаахар зүйл дээр хэрүүл маргаан үүсэхгүй, цаашлаад эрэгтэй ч бай эмэгтэй ч бай хүн чинь гуч гартлаа секс, хайр энэ тэрийн ялгааг олж мэдчихээд жинхэнэ бодит амьдрал дээр тэр бүхнийгээ зохицуулаад явах чадвар суучихсан байдаг байхгүй юу. Тэгэхэд энэ Баярааг хар, одоо дөнгөж хорьтой, энэ хавар сургуулиа төгсөх гэж байж нэг юмтай болчихсон, одоо бүр гурвуулаа болох гээд хүлээгээд сууж байдаг гэснээ аман дотроо “хн” гэж гүвтнээд толгой сэгсрэн чимээгүй болов. Би,
-За одоо ч эрт гэрлэхийн хор уршгийг батлах “теором”-ууд явна биз дээ хэмээн бодсон маань биеллээ олж, гурван зөвлөхийн маань нэг болох, буржгар үс, эмэгтэй хүнийх шиг нүд хамар, цайвар царайтай, царайндаа зохиогүй бүдүүн сөөнгө дуутай Цэрэн суудлаа займчин над уруу нэг нүд ирмээд:
-Эрт гэрлэх гэснээс чи жүжигчин Банзарыг танина биз дээ. Тэр нөхөр чинь надтай нэг сургуульд байсан юм. Яагаа ч үгүй эрт, бүр арван жилийн сурагч байхдаа авгай авчихсан нөхөр байгаа юм шүү дээ. Аравдугаар ангийн сурагч байхдаа эхнэртэйгээ хамт нэг гэрт орчихсон, өглөө хамт гэрээсээ гараад хоёр өөр замаар яваад сургууль уруугаа орчихдог байсан гэсэн. Дараа нь мань хүн их сургуулийн оюутан боллоо, олны танил алдартай хүн ч боллоо. Авьяастай, сурлагатай оюутан, нэр алдартай жүжигчин хүнд чинь охид бүсгүйчүүд мэдээж талтай л байж таарна. Би эхнэртээ хайртай хүн гээд тэр бүхний дэргэдүүр нүдэн балай чихэн дүлий өнгөрнө гэж үү? Эр хүнд тийм чадвар ёстой байхгүй. Тэр тусмаа охид бүсгүйчүүдтэй зугаалж, цэнгэж явах ёстой тэр үедээ гэр бүлийн амьдралаар амьдарч, залуу халуун насны жаргал цэнгэлийг амсаагүй хүн дараа нь өөрөө ч мэдэлгүй тэрнийгээ нөхөх гээд татагдаад байдаг гэсэн. Жишээ нь Банзар! вот так гээд хуруугаа инчдэн чамирхав. "Хойно хэдэн жил сурсных Оросоор бол бараг инээнээ зүгээр. Орос Монгол толь бичигний 40 мянган үгийн ихэнхи нь миний толгойд бий" хэмээн ярьдаг юм. Энэ байнга хэлдэг вот так аа нэг үг гэж тооцдог болов уу, аль эсвэл хоёроор тоолдог юм болов уу хэмээн шал өөр юм бодсон шигээ суутал гуравдах зөвлөх маань яриаг үргэлжлүүлж
-Нээрэн энэ Банзарын эхнэр байнга дагаад явж байх юм. Ажил дээр нь хүртэл дагаад ирчихсэн сууж байна гээч. Банзар ер нь эхнэртээ “гардуулсан” байх аа гээд нөгөө хоёрыгоо харав.
– Гардуулах ч гэдэг юм уу юу гэдэг юм. Цаадах чинь оюутан байхдаа өөр нэг хүүхэнтэй яваад салдаггүй. Тэгсэн эхнэр нь дуулчихаад хөдөөнөөс хүрээд ирсэн.Тэгээд л мань эрийн "зугаалга" дуусаа. Гэхдээ өнгөн дээрээ л дууссан.Мэдээж эр хүн юм чинь өөр хүүхэн харахгүй байна гэж байхгүй ш дээ, тийм үү үгүй юу? Вот так…? Түрүүн яриа эхлүүлээд л дуугаа хураачихсан "ахлах" ам нээж
-Харин миний хэлээд байгаа эрт гэрлэхийн муу тал чинь ердөө л энэ шүү дээ. Юу ч үзээгүй нялхдаа авгай авчихаад дараа нь нэг өөр хүүхэн таарангуут хужир үзсэн мал, чихэр үзсэн хүүхэд шиг салж чадахаа байчихаж байгаа юм даа. Эхлээд сайхан зугаалж байгаад дараа нь эхнэр авсан бол хожим тэгж зөрж өнгөрсөн хүүхэн болгон уруу хараад толгой нь эргээд байхгүй, дээр нь ганц нэг тийм " хууль бус учрал тохиолоо гэхэд" эхнэртээ мэдэгдэхгүйгээр, гэр бүлийнхээ амьдралд нөлөөлөхгүйгээр зохицуулах чадвартай болох байсан байхгүй юу? гээд яг л олдохгүй байгаа тооны хариу олчихоод бусаддаа хэлж байгаа хүүхэд шиг сэтгэл хангалуунаар биднийг тойруулан харав.
Гуравдугаар зөвлөх маань дуусч байгаа архи уруу харснаа над өөд сэмхэн гэгч нь нэг хуруу гозойлгон дохиод,
-Эр хүн байж байнга авгайгаараа мануулж цагдуулаад явж байх ч гэж. Банзар ч муухан эр юм даа. Үгүй ээ, тэр эхнэр нь ч гэсэн нөхрөө сүүдэр шиг дагаж явахаас санаа нь зовдоггүй юм байх даа. Өөрийнхийгөө биш юм гэхэд нөхрийнхөө нэр хүндийг бодох хэрэгтэй шүү дээ, Бас ч гэж олны танил хүн байна, энэ чинь хэмээн хэллээ. Түүний дохиог ойлгосон би ч хоёрдахь шилтэйгээ задалж дээжийг нь ахлахт баривал тэрээр хундагатайг авч баруун гартаа намбатайхан барьснаа арга хэмжээн дээр үг хэлэх гэж байгаа хүн шиг хоолой засан,
-Харин тийм, нөгөө л эрт гэрлэх! Эрт гэрлэх л алаад байгаа хэрэг. Банзарын эхнэр нь ч гэсэн ялгаагүй, амьдралын сайн мууг үзсэнийхээ дараа гэр бүлийн амьдрал зохиосон бол юу гэж ингээд нөхрөө хардаж харамлаад, сүүдэр шиг байнга дагаж амьтны хэл ам болохов дээ. Асуудалд хүлээцтэй, тэвчээртэй хандана. Амьдралд янз янзын л юм байдгийг хүлээн зөвшөөрнө шүү дээ. Хоёрдугаарт гэвэл, ер нь хүүхнүүд чинь даврамтгай улс. Болж өгвөл хатуухан гараар үзэж, явах суухыг нь зааж өгч байх л хэрэгтэй гэв. Ахлахын энэ үг, шинээр өргөсөн сархад хоёрын дараа ярианы сэдэв ч бас зугуухан өөрчлөгдөж, хөөрхий жүжигчин Банзар, түүний эхнэр хоёрын "чихийг амраалаа". “Лекц” хоёрдугаар хэсэгтээ шилжжээ. Яг л миний хундагалж буй дарааллаар үг хэлэх ёстой юм шиг Цэрэн яриаг үргэлжлүүлж:
-Ер нь бол Азид хамгийн жаргалтай, эрх чөлөөтэй эмэгтэйчүүд манай Монгол хүүхнүүд л байна. Орос ах нарын социализмаас монгол эрчүүдэд учруулсан нэг хор уршиг энэ юм даа. Азийн өндөр хөгжилтэй гэгддэг Япон Солонгост гэхэд эхнэрүүд нь ажил ч хийх эрхгүй шахам, хоолоо хийж, хүүхдээ өсгөөд гэртээ суудаг. Орой бүр нөхрийгөө ажлаас ирэнгүүт сайхан халуун усаар хөлийг нь угааж өгдөг гэж байгаа шүү дээ. Ардчилал, хүний эрх гээд яривал Япон Солонгос манайхаас илүү гарна уу гэхээс дутахгүй. Тэгэхэд тэнд тэрнийг чинь эмэгтэй хүн дарлагдлаа, эрх нь зөрчигдлөө гэж үзэхгүй л байна шүү дээ" гээд мөн л хуруугаа инчдэв. Алдарт" вот так" хэмээх үгээ хэлэхээ ч тэрээр бас мартсангүй.
-Хэ хэ, манайд бол байхгүй ээ, юун орой ажлаас ирэхэд хөл угааж өгөх! Хаашаа алга болж, хэнтэйгээ цэнгэж яваад ирэв чи гээд эхлэнэ биз дээ хөөрхий. Гуравдугаар зөвлөх ийн хэлээд хошигнон инээх гэсэн авч олигтой болсонгүй, дагаж инээх хүн ч гарсангүй. Ганцхан хормын өмнө инээж наадаж байсан тэр хүний санаа алдах нь харин танхимд тодхон сонсогдлоо.
Түрүүнээс хойш лекц сонсох, сөн түших үүрэгтэй байсан би энэхүү нам гүмхэн байдалд эвгүйцэн ярианд оролцож,
-Япон Солонгос гэснээс энэ лалын шашинтай улсуудын эрчүүд тэднээс ч илүү жаргалтай юм биш үү. Хөрөнгө мөнгө нь байгаад тэжээж чадвал хэд хэдэн эхнэр авч болдог гэсэн. Нэгэнтэй нь жаахан муудвал нөгөөдөх уруу нь оччихно. Лал эрчүүд чинь харин атаархмаар улсууд биш үү хэмээн үг өдвөл Цэрэн энэ юу хэлэв гэсэн шиг над уруу нэг том харснаа
-Тэнд чинь манайх шиг тийм гэр бүлийн хэрүүл маргаан гэсэн ойлголт бараг байдаггүй байх аа даа. Гэр бүлийн асуудлаа шашныхаа сургаалиар зохицуулаад өгчихсөн байдаг гэсэн. Тэр номлолоор нь бол мусульман гэр бүлд өрхийн тэргүүн нь бараг бурхан гэсэн үг. Эр нөхрийн хэлсэн үг хууль журам болно. Эр хүний хийж буй үйлдлийг эм хүн шүүмжилж буруутгах ёсгүй, эрчүүдийн ажилд бүсгүйчүүл хөндлөнгөөс оролцох эрхгүй. Тийм болохоор тэндхийн эрчүүлд бидэн шиг “Яагаад оройтов?. Чи яагаад архи уув.? Чи хэнтэй уулзав, хэнтэй утсаар яриад байна ? гэхчлэн “ байцаалтанд” орох зовлон байхгүй. Эрчүүдэд ийм зовлон учрахгүй байна аа гэдэг чинь гэр бүл хэрүүл маргаангүй байхын хамгийн гол үндэс шүү дээ. “Вот так “ гээд хуруугаа инчдэв.
-Нээрэн энэ мусульман эрчүүд атаархмаар золигнууд шүү. Тэдний заншлаар эхнэр хүн нөхрийнхөө өмнө явж ч болдоггүй юм гэсэн хэмээн Ганбат хэлээд биднийг тойруулан харав. “Зохиолч инженер” маань таг дуугүй, нэг л бодлогоширсон харагдана. Гуравдахь зөвлөх яриагаа үргэлжлүүлж,
-Би өнөөдөр сайтаас нэг онигоо уншлаа. Хэ хэ. Нэг лалын шашинт эмэгтэйн араас нөхөр нь нэлээд зайтай дагаж явна гэнэ. Тэгсэн бурхан асууж байна гэнэ. Хөөе, Омар чи яагаад эмэгтэй хүний ард явж, аллахын сургаалыг зөрчиж байгаа юм бэ? гэсэн мань эр харин “ Наад сургаалыг чинь зохиож байх үед газарт мина булдаггүй байсан юм аа. Патима аа, чигээрээ яв яв гэсэн гэнэ” Онигоо яригч бид хоёр инээж, харин нөгөө хоёр маань дуугарсангүй. Магадгүй энэ онигоо их энгийн байсан болохоор байнга бясалгаж, философидож байдаг Цэрэн, ахлах Нямхүү хоёрт тэгтлээ инээдтэй зүйл биш санагдсан бололтой. Бид хоёр ч тэгсгээд инээхээ зогслоо. Өрөөнд нэг л нам гүм чимээгүйхэн байдал үүсчээ. Энэ бол лекц өндөрлөж байгаагийн шинж. Уламжлал ёсоор нэлээд халамцсан гурван зөвлөхөө ээлжлэн гэрт нь хүргэж өгөөд харьдаг билээ, би. Угаасаа ч таксигаар явахаар манайх хамгийн цаана байдаг болохоор зам зуураа нөгөө гурваа гэрт нь оруулаад өгчих нь тийм ч хэцүү ажил биш л дээ. Эхлээд ахлах гэртээ буулаа.
Орцны хаалгаар орж явахдаа тэрээр надад хандан” За байз, одоо өнөөх чинь хаана хэнтэйгээ уучихав гээд яншина байх даа. Чи ахыгаа оруулж өгөөд Мөрөн эгчтэйгээ мэндлээд гарахгүй юу хэмээн царайчлангуй харж байна. Түрүүхэн надад гэр бүлд эр хүний эзлэх байр суурийн тухай лекц уншиж байсан тэр хүн гэхэд даанч үнэмшимгүй санагдана. Ахлах зөвлөхийн гэргийн хаалгаа тайлахыг нь хүлээн зөөлөн тогшиж зогсох зуураа би дахиад хоёр ч айлын хаалгыг иймэрхүү маягаар тогшино гэдгээ, бас ахлахын эхнэр шиг шууд л аашилж зандарч, хашгичин угтахгүй ч нөхрөө угз татан оруулаад ууртай гэгчээр хаалгаа тас хийтэл хаадаг нэг эмэгтэй, хаалгаа тайлчихаад шууд л цаашаа эргээд явчихдаг, нөхрийг нь өрөөнд нь оруулаад орон дээр нь хэвтүүлчихээд гарахад хүртэл гэр оронд нь юу ч болоогүй мэт цаад өрөөнөөсөө толгой ч цухуйлгадаггүй бас нэг айлын эзэгтэйтэй нүүр учрахаа бодон жаахан зүрхшээж байлаа. Гэвч энэ бүхний дараа нь, өнөөдөртөө хамгийн сүүлд очих тэр л айлын хаалгыг хэрхэн тогшихоо би мэдэхгүй байлаа. Зөвлөхүүдийнхээ өнөөдрийн лекцийн тухай эргэцүүлж хичнээн бодоод ч би дөрөвдэх хаалгыг хэрхэн тогших тухай заавар олж чадсангүй.
www.URLAG.mn