Эмэгтэй хүний ихэмсэг зан,нарийн мэдрэмж, сэтгэл татам байдлыг өөртөө агуулсан сайхан бүсгүйчүүдийн нэг нь УГЖ, УДЭТ-ын жүжигчин Ж.Оюундарь яахын аргагүй мөн билээ. Энэ удаа түүнтэй ярилцаж, дотоод ертөнцөд нь бага ч гэсэн нэвтрэхийг хүссэн билээ.
-Балетчин болохыг хүсдэг байсан бяцхан охины тухай эргэн дурсаач…?
-Хүүхэд нас их сайхан байжээ, ээж аавынхаа гар дээр бэлэн юман дээр их сэтгэл амар өссөн. Манайх 120 мянгатад байлаа. Ах нарынхаа найзуудтай нийлдэг эршүүд хэрнээ дуу хуур бүжиг наадамд дуртай байсан. Ээж аав хоёроороо их бахархаж театрын уран бүтээлчдийг биширч хүндэтгэдэг театраас салдаггүй урлагт хайртай хүүхэд байсан. Галмандах багшийн “Нарны дуулал” хамтлагт явдаг байхдаа анх “Галт тэрэг” дууг бид нар дуулж Монцамэ агентлагт бичүүлсэн. Ээж аавынхаа буянаар ном их уншсан. Ах эгч нартайгаа уралдаж ном уншаад ханын самбар дээр уншсан номныхоо нэрийг тэмдэглэж байгаад сарын сүүлээр ээж аав хоёр шүүнэ.Ялагчийг театр руу дагуулж явдаг байсан. Театр явахын тулд их л хичээдэг байж дээ.
-Номын урамшуулал их авсан уу?
-Ер нь их авдаг байсан шүү. Ээж аав биднийг яг нас насаар нь харгалзаж ном авч өгдөг. Том үсэгтэй арай уншихад хялбар номыг нь би их уншдаг байлаа.
-Ном их уншдаг болохоор онц сурлагатан байсан биз дээ?
-Хаа байгаа газраа л ном уншиж явдаг болохоор их мэдээлэл мэдлэгтэй байсан. Наймаас есдүгээр ангидаа хамгийн их номонд дурлаж байлаа. Дэлхийн сонгодог зохиолуудыг бараг бүгдийг нь дуусгасан даа. Тэгээд 10 дугаар ангид ороод шалгалт эхлээд л номноос бага багаар хөндийрсөн.
-Бүжигтэйгээ хэр нөхөрлөв дөө?
-Пионерийн ордны дугуйланд бүртгүүлж байсан.Гуравдугаар ангидаа Ленинградын балетын сургуульд явуулах хүүхдүүдийг шалгаруулахад нь орсон ч тэнцээгүй. Нэлээд махлаг хүүхэд байсан болохоор авьяастай хэдий ч хасагдсан. Гэсэн ч би тэр үед урлагийн хүн болохоор зориг шулуудсан байсан юм. Яагаад гэвэл багаасаа аав ээж хоёрыгоо дагаж театр байнга очдог. Гэртээ ирэхээр Гантөмөр, Лувсанжамц, Түмэндэмбэрэл, Ичинхорлоо гээд л мундаг жүжигчидтэй нэг байранд амьдардаг. Тэгээд л баяр болохоор Ичинхорлоо гуай тор дүүрэн чихэр барьж айл болгоны хүүхдүүдийн авьяасыг нь шалгаад бэлэг өгдөг. Тэр бэлгийг авах гэж их хичээж бэлддэг байсан. Зусланд гарсан ч бас л тэд нартай хамт байдаг байсан болохоор үнэхээр урлагт хайртай болсон.
-Анагаахын сургуулийн хуваариа орхиод театрт орсон юм уу?
-10 дугаар ангиа төгсөхөд “улаан шугам”-аар би Унгарын Анагаахын дээдийн хуваарь авсан. Гэхдээ би урлагийн л хүн болохыг хүсч театрт орж жүжигчний гараагаа эхлүүлсэн юм. Удалгүй УБДС-д ороод СУДС руу шилжсэн. Сүүлд төгсөхдөө бид нар СУИС гэж төгссөн. Хамгийн анх нэгдүгээр курст Доржсүрэн багшийн шавь нар байлаа. СУИС руу шилжээд Лхасүрэн багшийн гар дээр ирсэн. Өлзийхүү, Сарантуяа, Дэмидбаатар, Хүрэлхүү, Бямбацогт гээд олон авьяастнуудтай нэг үеийнх. Хоёрдугаар курсээсээ л тайзан дээр гарч үзэгчидтэй харьцаад сурчихсан байсан. Манай ангийнхан их мундаг байлаа. СУИС-ийг 5 уран бүтээлтэй төгссөн анхны анги. Багш нар маань биднийг их сайн сургасан гэж боддог.
-Оюутан байхдаа олон найзтай байсан уу?
-Их олон найзтай байлаа. Гэхдээ тэр дундаасаа хоёр охинтой их дотно нөхөрлөж ирсэн. Дэлгэрмаа гээд арван жилээсээ найзалсан эмч бүсгүй, нөгөөдөх нь манай “Өнгөт инээд”-ийн Сарантуяа. Бид гурав багаасаа үерхсэн их сайхан найзууд. Бас “Хувьсал” продакшны Уранчимэг, Драмын театраас Сарантуяа эгч гээд их сайхан найзууд бий.
-Жүжигчин болохыг ээж, аав чинь хэр дэмжсэн бэ?
-Өө, ёстой дургүй. Тэр тусмаа аав бол бүр дургүй хүлээж авсан. Яагаад гэвэл жүжигчний мэргэжил хэцүү, бас зохиол ирэхэд эмэгтэй жүжигчдийн дүрийн тоо бага хоёр гуравхан байдаг. Бид нар мэргэжлээсээ 14 хоног л холдоход форумаа алддаг байнга л өөрийгөө дайчилж ажиллах хэрэгтэй. Ийм болохоор бараг гэр бүл, үр хүүхэдтэй болох ч эрхгүй гээд аав их эсэргүүцсэн.
-Та хүүхдээ жүжигчин болно гэвэл яах вэ?
-Одоо л ээж, аавыгаа ойлгож байна. Урлагийн салбарт ажиллах сайхан хэдий ч маш хэцүү болохоор би лав хүүгээ жүжигчин болохыг зөвшөөрөхгүй.
–Сургуулиа төгсөөд хамгийн анх ямар дүрд тоглосон бэ?
-Армийн театрт анх очоод “Аянгын бороо” жүжгийн Сипаны дүрд тоглож байхдаа давхар Английн зохиолч Эй Ничигийн “Худалч эхнэр” инээдмийн зохиолын гол дүрд тоглосон. Хоёр эсрэг гол дүрийг хоёр талд гаргах гэж их хичээж ажилласан. Хоёулаа их сайн жүжиг болсон. Уран бүтээлийн багийнхан мундаг найруулагч жүжигчид байсан болохоор тэр л дээ. Төгсөөд би их сайхан хүмүүсийн гар дээр очсон болохоор одоо ч баярлаж явдаг. Гавьяат жүжигчин Тунгалаг эгч, Мөнхдорж найруулагч нар бол миний амьдралын гарааг эхлүүлсэн хүмүүс. Театрт итгэж авсан нь Тунгаа эгч. Жүжгийн гол дүрийг итгэж өгсөн нь Мөнхдорж найруулагч. Энэ хүмүүсийн гар дээрээс уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн.Тийм болохоор миний өмнө их сайхан дардан зам нээж өгсөн агуу уран бүтээлчдэд баярлаж явдаг.
-Аавтайгаа хамт кинонд тоглоход ямар байв?
-Аавтайгаа тоглосон кино тун цөөхөн шүү. 10-аад л уран бүтээлд хамтарч ажилласан. Нэг их ялгаа байхгүй, яг л бусад жүжигчдийн л адил байдаг байсан.
-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?
-Долоон найруулагчийн долоон өөр жүжгийн 5-ыг нь үзэгчдэд хүргэсэн. Хамгийн сүүлд Батнайрамдалын “Манекен” жүжгийн ард гараад дараагийн жүжгийн сургуулилтаа хийж байна. “Нора” жүжгийн нэгдүгээр хэсгийг тоглочихсон, одоо хоёрдугаар хэсгийг тоглохоор бэлдэж байна. Бас “Өчигдөр” жүжгийн бэлтгэл ажил, хоёр киноны урилга гэх мэт ажил нэлээд байна. Амралтаараа бид кинонд тоглодог болохоор зохиолоо уншаад завгүй л байна.
-Үзэгчдийн шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Шүүмжлэлд их дуртай шүү. Үзэгч түмэн бол бид дутагдлаа олж харах толины тусгал байдаг. Тусгалаа харж сонсох нь бидний үүрэг. Гэхдээ тэр дундаас үнэн зөвийг ялгаж ойлгох нь зүйтэй.
–Хэцүү мэргэжил болохоор шантарч байсан үе бий юу?
-Шантарвал юмны ард гарч чадахгүй шүү дээ. Гарах гарц хаа нэгтээ хэзээд байдаг. Тэр гарцыг л олох хэрэгтэй. Шантрах юм бол гарч чадахгүй шүү дээ.
-Гэр бүлийнхээ тухай ярина уу?
-Ээж, хүү хоёртойгоо амьдардаг. Миний хүү одоо нэгдүгээр ангид сурдаг, Майдар гэдэг. Хувийн шалтгаанаас болоод нөхрөөсөө одоогоор тусдаа байгаа. Ах,эгч нарын хувьд дөрөв нь салбар салбарынхаа тэргүүний ажилтан, чадварлаг хүмүүс байдаг.
-Таныг гитар ,хулсан хуураар тоглодог гэж сонссон?
-Хулсан хуурыг би яг тоглодог гэж хэлж чадахгүй, сурч байгаа юм. Юмыг төгс сайн эзэмшсэнийхээ дараа чадна гэж хэлэх нь зүйтэй байх. Гитарыг бол ахаараа жинхэнэ “эмээ, өвөө, бясаа гурвыг” заалгаж сурсан. Сонсголоороо сурсан болохоор нот мэдэхгүй. Бас хүүхдийн ордны дугуйланд гитар тоглож дуулдаг байсан болохоор ер нь гайгүй ганц хоёр дуу тоглочихно.
Э.Анударь
Эх сурвалж: ace.mn