Буржгар үс, улаан даашинз, нүүрэмгий зан нь Карменыг чимдэг шиг Ц.Арюнад ч энэ дүр төрх тун дажгүй зохидог юм билээ. Тайзны голд “манаргаж” үзэгчдийг байлдан дагуулдаг цыган бүсгүй Кармены дүрээр олноо танигдаж буй ДБЭТ-ын гоцлооч Ц.Арюнатай ярилцлаа. “Таны нэрийг заримдаа монголчлоод Ариунаа гэж бичдэг юм билээ гэж ярилцлагын төгсгөлд асуухад “Ариунаа олон шүү дээ. Би бол Арюна. Нэг үсэг нь ч гэсэн өөр хэвээрээ байг” гэж хариулсан.
Санасан бодсоноо шулуухан хэлчихдэг энэ буриад эмэгтэйг гэргийгээ болгож, Монголд авчирсан хүн нь Н.Баярхүү. Тэд 12 жилийн өмнө гэр бүл болсноор Ц.Арюна “манай хүн” болсон. Тэрбээр Улаан-Үдийн хөгжмийн коллеж, СУИС-ийг дуулаачийн мэргэжлээр дүүргэсэн юм билээ. “Риголетто” дуурийн Маддалена, “Евгений Онегин”-ий Ольга, “Чингис хаан” дуурийн Сохатай хатны дүрээр үзэгчидтэй учран золгодог энэ бүсгүйтэй танилцана уу.
-ДБЭТ-т хэд дэх жилдээ ажиллаж байгаа билээ?
-Зургаан жил
-Нөхөртэйгээ гэрлэж, Монголд ирээд хэдэн жил болов?
-12 жил болжээ. Би нөхөртэйгээ Улаан-Үдийн хөгжмийн коллежид хамт сурч байсан юм. Коллежийг улаан дипломтай төгсөөд, Санкт-Петербугийн консерваторийн нэгдүгээр курст орсон жилээ бие давхар болж, бид гэрлэсэн. Дөнгөж эхний жилдээ сурч байсан учраас сургуулиа орхисон.
-Дараа нь энд ирээд СУИС төгссөн байх нь ээ?
-Хүүхдээ төрүүлээд, гурван ой хүрснийх нь дараа СУИС-д орж, гавьяат багш Д.Дашиймаагийн удирдлагад мэргэжлийн дуулаач болсон. Багш маань бас буриад хүн. Аавтай маань нэг сумынх. Багшийн маань ханийг монголчууд сайн мэднэ дээ, ардын зураач Ч.Гунгаасүх.
-Танай театрын ерөнхий зураач байсан хүн. Одоо хоёр хүүхэд нь аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн ДБЭТ-т ажиллаж яваа байх аа.
-Тийм ээ.
-ДБЭТ-ын дуучин болох нь хэр хэцүү даваа байсан бэ?
-Амаргүй ээ, өндөр шалгууртай. Манай ангид 58 оюутан сурч байснаас 10-аад нь шалгаруулалтад оролцож, Э.Бумхүү бид хоёр тэнцсэн. Ари, романс дуулж шалгуулдаг юм. Саяхан манай Э.Бумхүү соёлын тэргүүний ажилтан цолоор шагнууллаа.
-Дуучин хүн үзэгчдийнхээ өмнө дуулах бүрдээ л дахин дахин шалгалт өгдөг байх аа. Танд тэгж санагддаг уу?
-Мэдээж байнга бэлтгэлтэй байж, сайн дуулах нь чухал. Ажилд орсон эхний таван жилдээ туршлагажиж, том хэмжээний дүрд дуулахад бэлтгэдэг зарчимтай. Саяхан бид Стэнфордын их сургуулийн профессор Жин Дон Кэйн урилгаар АНУ-д очиж, “Реквием”-д дуулаад ирлээ. 1200 хүний суудалтай, Христийн сүмд дуулсан. Үнэхээр гайхалтай тоглолт болсон.
-Багаасаа л дуурийн дуучин болно гэж мөрөөддөг байв уу?
-Зургаан настайдаа анх энэтхэг кино үзээд урлагт дурласан. Энэтхэг бүсгүй болно гээд духныхаа голд мэнгэ зурчихаад дуулж, бүжиглэнэ. Хөгжмийн анхны дурлал эндээс эхтэй. Үүнээс гадна манай ээж, аав хоёр дуурийн дуучин шүү дээ.
-Таны аавыг Буриадын ардын жүжигчин гэж дуулсан ?
-Миний аавыг Баяр Цыденжапова гэдэг. Буриадын ардын жүжигчин, баритон бий. Өдий хүртэл дуулсаар яваа. Ээж минь надтай ижил меццо сопрано хоолойтой. Тийм болохоор намайг Улаан-Үдийн дуурийн театрт өссөн гэж болно.
-Хэрэв та Санкт-Петербургийн консерваторийг дүүргээд, тэндээ ажилласан бол илүү алдарших байсан гэж боддог уу?
-Магадгүй ээ, гэхдээ би одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. Амьдралд аз жаргал бэлэглэх бүхэн надад бий. Сайн хань, хөөрхөн охин, дуртай мэргэжил гээд надад дутуу зүйл үгүй. Хүмүүсийн хувьд бага зүйл байж болох ч, би 32 насандаа мөрөөдлийнхөө дүр буюу Карменд дууллаа. Болохгүй зүйл гэж байдаггүй юм байна. Ирээдүйд дуулж болох олон сайхан дүр байна. Мэргэжилдээ би хязгааргүй хайртай.
-Яг одоо Монголын дуурийн урлагт шинэ үеийн давалгаа үүсээд байгаа бололтой. Тэдний дунд Та тод гялалзаж байна.
-Баярлалаа. Дуучид үнэхээр залуужсан. Залуучуудын нэгэн шинэ үед багтан, энэ театрын шалгуурыг даван орж ирсэндээ их баярладаг юм.
-Олон улсын хэмжээний уралдаан, наадамд оролцож, өөрийгөө сорьдог уу?
-ЗХУ-ын ардын жүжигчин Дугаржав Дашиевийн нэрэмжит уралдаанд 2005 онд Улаан-Үдэд очиж оролцсон. 2006 онд Д.Банди багшийн нэрэмжит уралдааны тэргүүн шагналыг Ч.Энхтайвантай хамт хүртсэн. 2011 онд Москвад ЗХУ-ын ардын жүжигчин Галина Вишневскаягийн нэрэмжит уралдаанд оролцсон. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2012 онд зохион байгуулсан Д.Банди багшийн нэрэмжит уралдаанд оролцож, гуравдугаар байр эзэлсэн.
-Та юунаас хамгийн их эрч хүч мэдэрч, урам зориг авч, уран бүтээлээ хийдэг вэ?
-Зүгээр л мэргэжилдээ хайртай болчих. Тэгвэл хийх зүйл аяндаа тодорхой болдог. Би ч бас хийхийг хүссэнээ хийж, оролдож, судлаад л явна. Мэргэжилдээ хайртай учраас зогсолтгүй эрэлхийлж, урагшилж байна. Чадварлаг, шилдэг олон дуучдыг сонсож, тэдний хэмжээнд хүрэхгүй ч ойртож дуулахыг зорьдог. Би ОХУ-ын дуучин Ирина Архиповаг сонсох дуртай. Түүний дуулсан бүх партыг сонссон.
-Өнгөрсөн хавар Улаан-Үдэд Монголын дуучид очиж тоглосон. Энэ бүрэлдэхүүнд нь Та багтсан. Олон жилийн дараа эх нутагтаа очиж дуулах ямар байсан бэ?
-Цагаан сарын үеэр “Монголын алтан хоолойтнууд” тоглолт Улаан-Үдэд болсон. Сургууль төгссөнөөсөө хойш нутагтаа анх удаа очсон нь тэр. Намайг тайзан дээр гарахын өмнө “Энэ манай буриад бүсгүй. Агуу Монголын театрт дуулж, эх орноо сурталчилж явна” гэж зарласан. Миний амьдралын аз жаргалтай өдрүүдийн нэг нь тэр байсан. Аав, ээжийнхээ насаараа ажилласан театрт, тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан ардын болон гавьяат жүжигчдийн өмнө дуулах сайхан байсан.
-Тоглолтын дараа тэднээс олон сайхан урмын үг сонссон уу?
-Тийм ээ, сайхан байсан. Оюутан байсан үеэс хойш намайг сонсоогүй байсан учраас өссөн байна гэж магтсан. Дараа намайг Карменд дуулахыг урьсан.
-Кармен та хоёр их адилхан дүр төрх, зан араншинтай юм шиг ээ. Найруулагч ч тэгж харсан байх.
-Баярлалаа. Манай нөхөр “Чи ёстой л Кармен” гэдэг юм. Би ширүүн үедээ ширүүн, хайрлахдаа хайрладаг эмэгтэй. Төстэй зантай байдаг юм шиг ээ. Меццо сопрано хоолой ч бас эршүүд, хүчтэй. Тэгэхээр цоглог, “галзуу” ч гэмээр юм уу. Залуудаа бүр илүү “галзуу” байсан юм. Одоо бол “болохгүй шүү” гэж өөрийгөө жаахан хорьдог болсон. (Инээв)
-Танай охин аав шигээ хөгжмийн мэргэжил сонгосон гэл үү?
-ХБК-ийн төгөлдөр хуурын ангид сурч байгаа. Миний дуулдаг дуурийн бүх хэсгийг мэддэг юм. Бага байхаасаа дуурь үздэг болсон. Сүүлийн үед арай орчин үеийн хөгжим сонирхох болсон байна.
-Танай нөхөр тоглолтыг тань байнга үздэг үү?
-Тоглолт болгонд ирнэ, үзнэ, шүүмжилнэ, магтана. “Кармен” дуурийг үзсэнийхээ дараа “Би ийм хүнтэй гэрлэсэн юм байна. Яг тохирч байна” гээд л магтсан.
-Анх хүний нутагт ирээд, найз нөхөдтэй болж амжаагүй үедээ шантарч байв уу?
-Хэцүү байсан. Залуу хүн болохоор хайраа дагаад Монголд ирсэн. Баярхүү сайн хүн байсан учраас аав, ээж минь ч дагаад явахыг зөвшөөрсөн. Нөхөр маань найзуудтайгаа танилцуулж, намайг энд дасгахын тулд үргэлж ойр байсан. Дараа нь СУИС-д орж бүр олон найзтай болсон. Би азтай хүн. Миний хань бүх амьдралыг маань авч явж байна. Энэ хорвоо дээрх хамгийн үнэтэй эрдэнэ бол нөхөр, охин хоёр минь. Би мэргэжлээсээ илүү гэр бүлдээ хайртай. Зарим дуучин гэр бүлээсээ илүү карьераа чухалчилдаг. Би сайн нөхөртэй учраас түүнийгээ хүндэтгэн, аз жаргалтай, гэр бүлтэйгээ амьдрахыг хүсдэг.
-Таныг хоол их сайхан хийдэг гэж дуулсан юм байна. Бас “Фэйсбүүк” хуудаснаас тань олон салатны зураг харсан.
-Би хоол хийх дуртай. Найзуудаа урьж, дайлах дуртай. Уянга (ДБЭТ-ын гоцлооч, гавьяат жүжигчин) маань хааяа “Арюна танайд очиж хоол идье” гэдэг юм.
-Гарын хоол гэвэл?
-Узбек плов, борщ.
-Узбек плов үзэмтэй байдаг бил үү?
-Үзэмтэй, самартай гээд төрөл бүрийн жор бий. Манай хүн плов, борщинд дуртай. Бас монгол хоолондоо дуртай. Өчигдөр, өнөөдөр хоёр бороотой байсан учраас өглөө банштай цай хийсэн.
-Та гурав гэртээ орос, монгол хэлээр хольж ярьдаг уу?
-Ихэвчлэн оросоор ярьдаг. Манай нөхөр орос хэлийг надаас илүү мэддэг. Орос хэлээр бичигдсэн мэргэжлийн ном уншиж, орос суваг үзнэ шүү дээ. Хамтран ажилладаг орос найз нар олонтой.
-Орос, монгол хүн юугаараа ялгаатай, бас төстэй вэ?
-Орос хүн их задгай. Толгойд орж ирсэн бодлоо шууд илэрхийлж чаддаг. Харин азиуд, тэр дундаа монголчууд жаахан бүрэг. Би анх энд ирэхдээ тийм “галзуу”, илэн далангүй байлаа. Нөхрийнхөө зөвлөгөөг сонсож, бага багаар өөрчлөгдсөн.
-Та дуурь дуулахаас гадна өөр ямар төрлийн хөгжим, дуу сонирхдог вэ?
-Би Улаан-Үдэд сурч байхдаа эстрадын дуу дуулдаг байсан. 20 настай байхдаа мэргэжлийн чадварлаг дуучдыг сонсоод дуурийг сонгосон. Хааяа хэдэн орос дуу дуулна шүү.
Ж.СОЛОНГО/Өнөөдөр/