Amjilt.com мэдээллийн вэб сайтыг хаасантай холбогдуулан ЕАБХАБ-/Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага/-ын хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч Дуня Миятович мэдэгдэл гаргасан байна. Ингээд түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Вена, 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр – ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч Дуня Миятович Монголын Amjilt.com мэдээллийн вэб сайтыг хаасанд түгшиж буйгаа өнөөдөр илэрхийллээ.
“Вэб сайтыг хаах нь шүүмжлэлийг нухчин дардаг бөгөөд ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах хүсэл зоригийн эсрэг үйлдэл юм” хэмээн Миятович мэдэгдэв. “Дээрх үйлдэл нь мөн чөлөөт хэвлэлийн тулгуур болох эрэн сурвалжлах сэтгүүл зүйд айдас хүйдэс бий болгодог.”
7 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын Харилцаа, холбооны зохицуулах хороо (ХХЗХ) Amjilt.com вэб сайтыг хаажээ. ХХЗХ-ноос тус сайтынханд Монгол Улсын Ерөнхий сайдтай холбоотой шүүмжлэлт нийтлэлийг устгах талаар албан бус хүсэлт тавьсаны дараа энэ үйл явдал өрнөжээ. Amjilt.com вэб сайтын удирдлага тухайн нийтлэлийг устгаагүй байна.
Гэсэн хэдий ч ХХЗХ дээрх үйлдэлтэй холбоотой мэдэгдэл гаргаагүй, мөн Amjilt.com вэб сайтынханд ямар нэгэн албан хүсэлт тавиагүй бөгөөд зохиогчийн эрхийг зөрчсөн гэдэг үндэслэлээр хаагдсан зөрчилтэй домайны жагсаалтдаа оруулжээ.
“Засгийн газрын зохицуулагч байгууллага нь олон нийтийн эрх ашигт нийцсэн мэдээлэл олж авахад саад учруулж буй нь түгшээж байна” хэмээн Миятович хэлээд “Олон нийтийн ач холбогдолтой бүхий л асуудлын хүрээнд олон ургальч хэлэлцүүлгийг хөхиүлэн дэмжихийг эрх баригчдаас шаардаж байна” гэв.
ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч нь ЕАБХАБ-ын оролцогч 57 улсын хэвлэл мэдээллийн хөгжилд ажиглалт хийдэг. Мөн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон хэвлэлийн эрх чөлөөний зөрчлийн талаар сануулга өгч, ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах хүсэл зоригтой бүрэн нийцэж, дэмжин ажилладаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.osce.org/fom ,
Twitter: @OSCE_RFoM болон facebook.com/osce.rfom.
Эх сурвалжийг доорх холбоосоос үзнэ үү:
http://www.osce.org/fom/121076