Тэрнийг явсан гэдгийг мэдээд тэгтлээ их харамссангүй ч сэтгэл нэг л аягүй.
Тэр бид хоёрын унталгын өрөөний том цонх нэг их салхигүй байхад нааш цааш савагдан пансан хөшиг салхинд дэрвэнэ. Дөнгөж саяхан л энд байсан Сондорын түрхдэг анхилуун сүрчигний дууссан шил шалан дээр өнхөрч харагдана.
Намайг үүдэнд сүх ишлэх санаатай мод харуулдаад сууж байх хооронд түүнийг хоёр давхарын цонхоор гараад зугтачихна гэж хэн санахав. Сүүлийн үед манай хашааны хавиар орсгой шүдтэй хоёр залуу харагдах болсон ч “урд газрын нөхдүүд үү дээ” гэснээс нэг их юманд тооцоогүй би анх арванзургаахан настай тас хар нүдтэй, ялимгүй дорсгой шүдтэй тэр нь заримдаа өхөөрдмөөр харагддаг байсан тэр жаахан ариухан охин, нас бие гүйцсэн бүсгүй болоод нисээд явчихана гэж зүүдлээ ч үгүй хийж байгаа юмандаа нэг улайрахаараа тэр чигээрээ суудаг зангаараа хөлсөө бурзайлган удаан суусан.
Мэдээж би түүнд анхнаасаа ухаангүй дурлаж хайртай болсон юм байхгүй. Эр хүн ер нь дөч дөхөж байж ухаан санаа тэгширч эр хүний шинж бүрддэг бололтой.
Яг л ийм насан дээрээ би баруун аймаг луу хориод хүнийг нэг фургонд чихэж аваад л дуу аялаад л гараад өгсөн. Хэдэн хүнээ очих газар нь хүргээд санаа амарч нуруу тэнийсэн би танил хөгшиний захьсан хамрын тамхийг авахаар бас ойр зуурын юм цуглуулахаар зах оров.
Ховдын зах дээр ид хөл хөдөлгөөнтэй үед хэсэг казах залуучууд нэг хүнийг ихэд чарлуулан зодож хөл бөмбөг тоглох аятай яргалан байхтай таарав.
Орилон чарлах нь илжиг мэт харваас хятад хүн аж. Тэрхэн зуур хужаа ч гэсэн миний аав шиг хөгшин хүн байна гэсэн бодол зурсхийж тэр залуусыг ая эвээр холдуулан явуулж өнөөх муу хужааг өргөж босгов.
Гэтэл түрүүнээс нааш би хараагүй болохоос хогийн савны цаагуур ороод халтартлаа уйлсан арван тав зургаа орчим насны нимгэн ултай шаахайтай охин гүйн ирж өвгөнийг тэвэрч аван уйлав.
Өвгөн ч удаагүй. Үнэр танар гэж авахын аргагүй ялаа шумуул үймсэн гэртээ орны бүтээлгийн тамтаг нөмрөөд хэвтэж байхдаа над руу гал нь буурч сүүмийсэн зовиуртай харцаар харан басхүү хятад хүний хуурамч инээмсэглэл арай ядан нүүрэндээ тодруулаад монгол хэлээр “Миний охиныг чи ав, багад нь би ажил тараад явж байхдаа лангуун дээр уйлаад хэвтэж байхад олж авсан юм аа, энэ хүн болох учиртай шүү” гээд амьсгал хураасан.
Гэртээ дагуулж очлоо гээд өөчлөөд байх эхнэр хүүхэдгүй, гоочилж харах хөршүүдгүй хотын захад ганцаараа тал шиг том хашаа хоёр давхар байшинтай би түүнйиг гэртээ авч ирэхээсээ нэг их сандарсангүй. Харин хааяа ирж гэр цэвэрлэж хоол хийж өгдөг Урнаа ирвэл яанаа гэж эмээж байв.
Охин анхандаа надтай ярихаас жийрхэн гадаа гараад суучихдаг байснаа сүүлдээ яриа хөөрөөтэй болж хоол унд хийн мантуу жигнэн хавар болоход хашаанд ногоо тарьж өдөржингөө бөхөлзөн ажиллах болов.
Ингэж хятад хүнд ясны дургүй би найзуудынхаа адилаар хорьтойдоо гэрлэж эхнэр авсан бол ийм охинтой байхаар байсан даа гэмээр шалмагхан хөдөлгөөнтэй ч нэг л хэврэг шаазан шиг харагдах хятад охинтой болов.
Гэвч эр хүн гэдэг чинь төрсөн эх, өөрийнхөө охиноос бусдыг эмэгтэй хүн гэсэн нүдээр хардаг хөгийн золиг юм болохоор өнөөх өсөхийн хэрээр харц дагуулсан хөөрхөн амьтан болов.
Түүний Сү Зю нэрийг солин Сондор болгож монгол иргэний үнэмлэх ч авч өгөв.
Төв аймаг руу яваад буцах замдаа машин эвдэрч осгож үхэхийн даваан дээр гэртээ чичирч ирсэн шөнө тэр намайг цурам хийлгүй харуулдан шуба нөмрөөд амбааран дээр гараад зогсож байсан.
Хашааны хаалганы түгжээ торхийн онгойлгож орж ирэхийг минь мэдээд гүйн ирж тэвэрч аваад баахан уйлсан.
Тэр шөнөөс хойш бид хоёр ах дүүгийн харьцаатай байхаа нэгэнт болив.
Дөнгөж сая түүний гарсан байшингийн арын цонхоор урин цагийн зөөлөн салхи сэвэлзэж тэр дор түүний жижигхээн гараараа тарьсан хоёр мод сөөсийтөл нахиалаад мөчир дээр нь нэг шувуу суугаад жиргэж байна.
Одоо ямар хүүхэд маань хордчихно гэх биш гээд нэг тамхи асаан эргэж харахад нүдэнд нэгэн зүйл дутуу харагдсан нь аавын минь аав хүртэл тахин шүтдэг байсан алтан бурхан байлаа.
Түүний чанаж өгдөг нанхиад газрын цайны амт, жижигхэн хөлөөрөө сэм сэмхэн алхсаар ирж нуруу барьж өгдөг жижигхэн гарыг үгүйлэх биш одоо харин ч үзэн ядаж байна.
Тэрхэн зуур би эцэг өвгөдийн минь үе дамжуулан ирсэн шүтээнийг аваад тэжээж асарч хүн шиг хандаж байсны минь төлөө нэг өдөр нүүр буруулан зугтсан түүний хойноос түүнийг оргуулан зугтаасан хоёр орсгой шүдтний араас машинаараа элдэн хөөж цагдаа дуудаж хайлгаад олж ирээд шоронд хатаах юм уу үхтэл нь зодож болно
Гэвч би тэгэхгүй.
Түүний хэвлийд миний хэлтэрхий байгаа. Би намайг хазсан шумуулыг алдаггүй. Яагаад гэвэл тэр шумуул монгол цусны дусал тээгээд нисэж яваа.
Ертөнц дээр нэг дусал ч гэсэн монгол цусыг хайрлая.
www.URLAG.mn