Таван жилийн өмнө цуглуулж боловсруулсан олон арван шинжилгээ судалгааны болон түүхийн баримт материалд үндэслэн гаргасан Ханбогдын түүх, соёлын өвийг танилцуулсан шинэ ном уншигчдын гар дээр очиж байна.
Өмнийн говийн байгаль, соёлын өвийг хамгаалахад чиглэгдсэн Оюутолгой ХХК-ийн “Соёлын өвийн хөтөлбөр”-ийг 2009 онд боловсруулах явцдаа олон улсын судалгааны багийнхан арвин баримт материал бүрдүүлжээ. Тус багийнхан цуглуулсан арвин их баримт материалаа эмхэтгэн боловсруулж, нягтлан судалж олон түмэнд, ялангуяа энэ нутгийн хөрсөн доороо болоод дээрээ арвин их өв соёлыг тээж ирсэн Ханбогд нутгийн зон олонд зориулж “Ханбогдын түүх, соёлын өв” номыг гаргасан байна. Энэхүү ном нь Ханбогд сум дахь нэн эртний амьдралын ул мөр-Палеонтологийн дурсгал, Ханбогд сумын нутаг дахь Археологийн дурсгал, Ханбогд сумын түүх, нутгийн иргэдийн ахуй амьдрал дахь түүхэн уламжлал, зан заншил, төрх байдал, Оюутолгойн орд зэрэг бүлгүүдээс бүрджээ.
Ном бүтээсэн Судалгааны багийн ахлагч, доктор, профессор Б.Гүнчинсүрэн “Бид өнгөрсөн үеийн бахархал, ирээдүй цагийн итгэлийг буй болгохын тулд цэвэр судалгааны үндэслэл бүхий уг бүтээлийг туурвисан юм. Хээрийн судалгааны нөр их ажил, архивын баримт, аман түүхийн хосгүй ховор мэдээ зангийг уялдуулан орон нутгийн “жишиг түүх” бичих зорилт тавьж ажилласан” хэмээн ярилаа.
Энэ наймдугаар сард тэмдэглэх Ханбогд сум байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан уг номыг Оюутолгой компани санхүүжүүлж, хэвлүүлсэн юм. Монгол Улсын “Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн”, академич Д. Төмөртогоо “Ханбогдын түүх, соёлын өв” номын мялаалгын үгэндээ “Эртний чулуун зэвсэг, хад чулууны бичээс, булш бунхан, хөшөөдурсгалаас аваад нутаг орноо цэцэглүүлэн хөгжүүлж байгаа өнөөцагийн говьчуудын хөдөлмөр бүтээл, ололт амжилтыг багтаасан эрдэмшинжилгээний энэхүү томоохон бүтээлийг туурвисан эрдэмтэддээтөрөлх нутгийнхаа түмэн олны өмнөөс талархалаа дэвшүүлье” хэмээн онцолжээ.