Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзвэр»Өнөөдөр хүүхдийн баяр
Үзвэр

Өнөөдөр хүүхдийн баяр

Урлаг Урлаг01/06/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зургаадугаар сарын нэгэн. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Гэвч бид хүүхдийн баяр хэмээн хэлж заншиж, хүүхдүүд ч хүсэн хүлээж, хөөрөн догдолдог энэ өдөр бяцхан үрс маань аав ээж, эмээ өвөө, ах эгчдээ дураараа эрхлэн наадаж, амттанд умбаж ёстой л эрхээ эдэлнэ.

Түүх сөхье. 1924 онд анх “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдаж, 1925 онд Женевт болсон хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалтаас зургаадугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэжээ.

1959 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталсан ба энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал бусад хүний эрхийн талаарх болон олон улсын эрх зүйн баримт бичигтэй уялдаатай байлаа. “Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдлыг харгалзан, түүнийг төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалтыг, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалтыг шаарддаг” гэж заасныг НҮБ анхааралдаа авч хүүхдийн эрхийн тусгай конвенц байх шаардлагатай хэмээн үзсэн байна. 1989 оны арваннэгдүгээр сарын 20-нд Хүүхдийн эрхийн тухай конвенц НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар батлагдаж, үүнд дэлхийн 191 орон нэгдэн орсон нь эдүгээ хамгийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн Конвенц болж чаджээ.

1925 оны тавдугаар сарын 8-нд манай улсад Их зохиолч Д.Нацагдорж журмын нөхдийн хамт санаачлан хүүхдийн байгууллага, хөдөлгөөнийг бий болгосон түүхтэй. 2002 оны зургаадугаар сарын 1-нд Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах Үндэсний арван жилийн Хөтөлбөрийг /2002-2010/ Монгол Улсын Засгийн газар хэлэлцэн баталж, хэрэгжүүлсэн юм. Хүүхдийн эрхийн өдрийг өдгөө дэлхийн 40 гаруй орон өргөн дэлгэр тэмдэглэж байна. Ингэхдээ өөр өөрсдийн онцлог, уламжлал, ёс заншлаар. Тухайлбал, Украин улс маш өргөн цар хүрээтэй наадам зохион байгуулж, шилдэг хүүхдүүдэд Засгийн газрын шагнал олгодог. Польш улсад үзвэр үйлчилгээ, худалдааны газрууд хүүхдүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчилж телевиз зөвхөн хүүхдэд зориулсан нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэдэг байна.

Мозамбик улсын Засгийн газраас зорилтот бүлгийн хүүхдүүдэд амин дэм, амттан өгдөг аж. Харин Лаосчууд хүүхдийг сүмд мөргүүлж, элдэв муу ёрын сүнсийг үргээх зорилгоор хонх цохидог уламжалтай. Дараа нь гэр бүлээрээ цуглаж баярлацгаадаг. Никарагуа улс өргөн дэлгэр тэмдэглэдэггүй ч ерөнхийлөгч нь хүүхдүүддээ зориулан мэндчилгээ дэвшүүлдэг. Европын зарим улс орон хүүхдийн баярыг өөр өөр өдөр тэмдэглэдэг. Тодруулбал, Германд есдүгээр сарын 20, Кубад долдугаар сарын эхний ням гарагт, Бразилд аравдугаар сарын 12, Мексик улс дөрөвдүгээр сарын 30, Япон, Өмнөд Солонгост тавдугаар сарын 5-нд, Турк дөрөвдүгээр сарын 23, Нигерь улс тавдугаар сарын 27, Иранд аравдугаар сарын 8, Камерунд арванхоёрдугаар сарын 25, Египет, Финлянд, Канад, Ирланд улсад арваннэгдүгээр сарын 20-нд тус тус тэмдэглэдэг байна.

Манай орон хүүхдийн баярыг үндэсний хэмжээнд, амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөн орны нэг. 1952-1994 онд Хүүхдийн баяр, 1995 оноос Эх үрсийн баяр, 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр 2026 оны энэ өдөртэй золгож буй нь энэ.

Өнөөдөр “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн өдөрлөгийг Төв талбайд 10:00 цагаас зохион байгуулна. Энэ үеэр нийт есөн өртөөгөөр дамжуулан байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, эмчийн үзлэгт хамрагдах, эх, хүүхдийн амрах хэсэг, урлагийн тоглолт, мюзикл жүжиг, баярын парад зэргийг үзэх боломжтой аж. “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн өдөрлөгийг НЗДТГ-аас санаачлан нийслэлийн 20 гаруй байгууллага хамтран зохион байгуулах юм. Мөн “Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баярыг Хүй долоон худагт долоо дахь жилдээ зохион байгуулна. Хүүхдэд монгол ёс заншлаа таниулах, өвлүүлэн үлдээж, түгээн дэлгэрүүлэхийг зорьдог тус баярын үеэр уламжлал болсон хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сур харваа, гүйлтийн тэмцээн, хүүхдийн сагсан бөмбөгийн тэмцээн болохоос гадна морь унах эдлэх ёс, монгол ахуй соёлыг танилцуулах юм. Үндэсний хүүхдийн баяраар цэвэр агаарт өөрийн майхан асартайгаа байрлан урлагийн тоглолт үзэж, нэгэн өдрийг гэр бүл найз нөхдөөрөө тэмцээн уралдаанд оролцож хөгжилдөн өнгөрүүлэх боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзвэр Урлаг

Төв талбайд “Хаки”, Хүй долоон худагт “Монгол хүү” нэртэй хүүхдийн баяр болно

30/05/2026
Үзвэр Урлаг

Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Баярлалаа ээжээ” тоглолтод урьж байна

28/02/2026
Үзвэр Урлаг

Монгол хөгжмийн цуврал тоглолт “Хурмаст тэнгэр”-т саатаарай

27/01/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр хүүхдийн баяр

01/06/2026

Ордуудын зургаадугаар сарын зурхай

01/06/2026

ФОТО: “Царцаа Намжил” жүжгийн дүрүүд

30/05/2026

Б.Нарандэлгэр: Монголын уламжлалт хэл хуурын музей байгуулахаар ажиллаж байна

30/05/2026

Төв талбайд “Хаки”, Хүй долоон худагт “Монгол хүү” нэртэй хүүхдийн баяр болно

30/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.