Бид та бүхэндээ нэгэн уншигчийнхаа илгээсэн, уран бүтээлээс цуврал болгон хүргэж байна. Энэхүү чөлөөт уран бүтээлчийг маань Э.Соёлбаатар гэдэг бөгөөд өөрийн зохиосон шүлэг, эрэгцүүлэмжээ олны хүртээл болгохыг зорьжээ. Өчигдөр та бүхэндээ түүний дотоод ертөнцийн үүд хаалга болсон шүлгийн сангаас хүргэсэн бол өнөөдөр "Хүний доторх Хүн" эргэцүүлэмжийг толилуулъя.
Хүний доторх Хүн / Сүхбаатарын Эрдэнэ “ Human ” зурагнаас төрсөн эргэцүүлэл /
Энэ хорвоод хүн болж ирсэн цагаасаа эхлээд л ямар нэг шахалтан дор өөр хэн нэгэн болсон мэт санагдаж байв уу? Та үгүй гэж хэлэхийг хүссэн ч за хэмээн толгой дохисон үйлдлүүд таны үнэ цэнийг тоосонд дарагдуулж байна. Тэр тоос бол танд нийгэм өгсөн эргээд та нийгэмд харуулж байгаа тэр зүйл. Таныг зүхсэнийг зүхэх, хараасныг хараах, хариугаа яг адил аргаар авч хүчтэйгээ харуулах гэсэн хүн сүргийн авир. Энэ яг л байх ёстой юм шиг Сохорын газар сохор гэгчид итгэн явсаар бид өөрсдийгөө харанхуйд алдана.
Харанхуйн дунд сүүдэр алхаж байна гэж төсөөлье та хаана байна. Хэн ч таныг хайгаад олохгүй тийм газар та өөрийнхөө жинхэнэ төрхийг нууж бусдын өнгөнд ууссан сүүдэр болов. Та хэзээ энэ бол би гэж хэлдэг вэ? Мэргэжил сонгох, ажил хийх, хүнтэй гэрлэх энэ бүхэнд таны сонголт байсан уу? Ямар хувцас өмсөх, үсээ яаж засуулах, хэн нэгэнд хэлсэн үг энэ бүхэнд та л мэдрэгдэх ёстой. Миний бодол их олон жил надаас үүнийг асууж байлаа. Харин миний ганц алдаа бол би хариултыг нь бусдаас хайдаг байсанд байгаа юм. Хэн сайхан амьдарч байна түүний замаар явж, хэн хүчтэй харагдаж байна түүний аргаар тэмцэж, хэн одоо манлайлж байна түүнийг л дагадаг байлаа. Гэвч энэ бол би биш миний чадвар тэс өөр зүйлрүү намайг татаж тийшээ явахаар тэмүүлж байна. Тэр зам хаана хүргэх, намайг хэн болгохыг зөв танихын тулд ухамсар ажиллаж байна. Энэ яг л цамцныхаа товчыг тайлаад эрх чөлөөг хашгирах гэж байгаа мэт боловч үүний цаана ёс суртахуунлаг хязгаар бий.
Зураач Сүхбаатарын Эрдэнэ “ Human ” хэмээх бүтээлдээ энэ зөрчлийг харуулжээ. Түүний тайлбарт: Хүмүүн бид нэг талаасаа байгалийн бодьгал нөгөө талаасаа human being буюу дээд ухамсрын цогц юм. Өөрийн доод ухамсараар үйлдэгдэх араатан шинж, шунал хүсэл, уур хилэн айдасаа даран human being буюу хүн болоод ухамсараар хандах түүнийгээ чөлөөлөхийг хичээж буй хүний дотоод зөрчил
Орчин цагийн уран зургийн хөгжил нь тухайн зураачаас сэтгэлгээ, дотоод ертөнцийн баялага агууламжийг шаарддаг болсныг та олон зурагнаас харж болно. Харагдаж буй бүхэн үнэн бус түүний мөн чанарыг таних нь үнэн юм. Нэг зураас нэг үнэнийг ч илэрхийлж болох.
Бүтээлд харанхуйг ялах гэж хичээж буй хүний үнэ цэнийг шар гэрлийн өнгөөр илэрхийлжээ. Хэрэв энэд ямар нэгэн бие махбодийн хүч чадал, тэмцлийг үзүүлэх гэж байсан бол дүрслэл өөр байх байлаа. Харин ухамсрын дотоод тэмцэл учир тайван өрнөж байв. Тухайн хүн аль дуу хоолойг сонсож төвлөрөх нь л ялалтанд хүргэж үүнээс дараагийн үйлдэл гарах болно.
Нийгэмд нэг хэсэг нь хүн шиг байхыг хичээж байхад хатуухан хэлэхэд нөгөө хэсэг нь мал шиг явдаг. Үүний эсрэг тэмцэхийн тулд би таныг уулнаас бууж ирсэн Заратустра шиг бай гэж хэлэхгүй. Зөвхөн өөрийнхөө дотоод гэрэлд итгэж, чадварыг нь таниж ирээдүйг нь сайхнаар төсөөл, энэ зорилго түүнд хүч өгч та тэмцэлд бэлэн болно.
Эртний нэгэн сэтгэгч “хүн хэзээ ч ганцаараа байдаггүй” тухай хэлжээ. Түүнийхээр гадны зочин манайд ирэх үед бид 3 уулаа болдог. Тиймээс бүдүүлэг тэнэгүүд намайг уусгаж чадахгүй, тэд намайг ганцаардуулж ч чадахгүй. Миний доторх хүн надад эрч хүч, эр зориг, билиг оюунаа хайрладаг гэжээ.
Амьдрал танд би бол тэмцэл гэж хэлж байна. Үүнийгээ өдөр бүр амжилтын жишээгээр харуулж байна. Хоосноос баян болж, зовлонгоос жаргал бүтээж, тэнэгээс гүн ухаантан болсон хүмүүсийн тэмцлээр нотолж байна. Хэрэв та харанхуйд шигдсэн бол оргилд хүрэх шат бий шатаар өгсөхөд эр зориг, эрч хүч, оюун ухаан хэрэгтэй. Үүний нэгий нь ч та гаднаас хайгаад олохгүй.
www.URLAG.mn