Найруулагч, “Сэмүүн” студийн захирал Б.Баяр Дэлхийн адууны өдрийг тохиолдуулан Монголын хадны зураг дахь морины дүрслэлийг онцлон толилуулж буй “Туурайн цуурай” үзэсгэлэнгээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнгөрсөн баасан гараг /2026.06.05/-т нээлээ.
Эртний хад чулуунд мөнхөрсөн адууны дүрс нь нүүдэлчдийн аж төрөхүй, сэтгэлгээ, соёл иргэншлийн үнэт өв, хүн ба хүлэг морины салшгүй холбоо, нүүдэлчдийн өв соёлын мөн чанарыг таниулж буйгаараа онцлог юм.
Энэхүү үзэсгэлэнд найруулагч, судлаач Б.Баярын олж цуглуулсан 500 орчим адуутай холбоотой хадны сүг зургаас 50 гаруй зургийг шилж сонгон танилцуулж байна.
Эртний хад чулуунд мөнхөрсөн адууны дүрс нь нүүдэлчдийн аж төрөхүй, сэтгэлгээ, соёл иргэншлийн үнэт өв, хүн ба хүлэг морины салшгүй холбоо, нүүдэлчдийн өв соёлын мөн чанарыг үзэгчдэд хүргэж буй юм.

“Туурайн цуурай” үзэсгэлэнгийнхээ талаар найруулагч, судлаач Б.Баяр “Би 2001 оноос хойш Монгол орны хадны зургуудыг гэрэл зурагт буулгаж ирсэн. Өнөөдрийн байдлаар 3000 гаруй зураг цуглуулж байгаад одоо тоогоо алдсан байна. Үүнээс зөвхөн адууны дүрслэлийг ялган сонгох нь тун амаргүй ажил байлаа. Эхэндээ 1500 орчим зураг сонгож үзсэн. Гэвч энэ тоо хэтэрхий олон байсан учраас археологич, доктор Ц.Төрбаттай хамтран ажиллаж, сонголтыг 250 зураг хүртэл цөөлөв. Дараа нь дахин шүүж, тэрэгтэй адууны дүрслэл, дайн байлдааны сэдэвтэй зургийг хассаар эцэст нь 100 гаруй зураг үлдсэн. Үүнээс дахин нарийн сонгож, нийт 50 орчим бүтээлийг үзэсгэлэнд дэлгэсэн. Энэ үзэсгэлэнгээр дамжуулан Монголчууд үнэхээр адууны гүн өв соёлтой, адуугаа эрхэмлэн дээдэлдэг ард түмэн болохыг харуулахыг зорьсон” гэлээ.
Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 12-ныг хүртэл үзэгчдийн хүртээл болно.


