Хоёр найз өдрийн зоогоо барьж дуусав. Цайны газрын цонхоор олон хүнтэй цэцэрлэгт гудамж илхэн харагдана. Парисын зуны оройн дулаахан салхи гудамжаар яваа хүмүүсийг өдөн сэвэлзэж хаа нэг тийшээ моддын сүүдэр, чухам хаашаа урсана вэ гэдгийг нь хэн ч сайн мэдэхгүй сарны туяа туссан гол ус, шөнийн цохны гэрэл, алтан гургалдай дуулах алс тийш урин байгаа мэт тэдэнд санагдаж байлаа.
-Хөгширч байна даа, явж өглөө… Мөн ч уйтгартай байхчив. Урьд ийм сайхан орой хамаг биений цус буцлах мэт л байдагсан. Одоо ч уйтгарлаж гунихаас ондоо юмгүй болжээ. Ээ дээ, амьдрал гэдэг чинь юу гээчийн хурдан өнгөрдөг эд вэ! Гэж Анри Симон урт гээч нь санаа алдан хэллээ. Симон дөчин тавтай, гэвч бие нь хэдийнэ хүндэрч толгой халзарч эхэлжээ.
Пьер Карнье нь түүнээс арай ахимаг, гэхдээ бие хатингар ихэд сэргэлэн ажээ. Тэр найзынхаа үгийг өлгөн аваад ярьсан нь,
-Найз минь, би ч ялгаагүй хөгширчээ. Харин түүнээ ер ажиж мэдээгүй явсан юм. Би бол хэзээ ямагт хөгжилтэй, амьдралын баяр баясгалантай, дээр нь эрүүл саруул хүн л дээ. Өдөр болгон хүн өөрийгөө толинд хараад байх юм бол цаг хугацаа гээчийн ул мөрийг ажиж мэдэхийн арга байхгүй. Цаг хугацаа зугуухан, нэгэн жигд урагшилж байдаг эд болохоор царай зүс ч мөн л адилхан тасралтгүй хувирч хэрхэн өөрчлөгдөж вэ гэдгийг нь бид олж харахгүй өнгөрнө. Тийм янзаар хоёр гурван жил өнгөрлөө ч энэ хугацаанд он жилийн эвдлэн сүйтгэсэн бүхнийг үзээд бид үхтлээ гутарна гэж байхгүй. Тийм их хувирлыг олж үзэх ч үгүй. Харин хагас жил тольдохгүй жишээтэй явах л юм бол урсах цаг гээч ямар аюултай эд болохыг сая мэдэж жинхэнэ цохилт авна даа!
Хөөрхий эмэгтэйчүүдийн хувьд цаг ямар аугаа их үнэтэй гэж бодноо! Тэднийг санахаас ч би өрөвдөнө. Хүүхнүүдийн хувьд бүхий л аз жаргал, хүч чадал, хамаг амьдрал нь ганцхан гоо сайхнаасаа шалтгаалах атал түүний нь байх хугацаа арван жил ч хүрэхгүй.
Иймэрхүү байдлаар би хөгширснөө өөрөө ч мэдээгүй явлаа. Өөрийгөө бараг л жаахан хөвүүн мэт санаандгүй явахад нас минь тавь руу хэлтийчихсэн байсаан. Би өвчин эмгэг хүрнэ гэдгийг хэзээ ч хаана ч үзээгүй, сэтгэл хачин амгалан, аз жаргал дүүрэн явжээ. Гэвч миний өтөл нас намайг зүүдлээ ч үгүй байхад маш аймшигтай байдлаар гэнэтхэн ирсэн юм. Би хагас жил орчим үхтлээ гутарч, яая гэхэв дараа нь хувь заяатайгаа эвлэрсэн хэрэг. Би бусад эрчүүдийн адилаар сав л хийвэл дурлаж явсан ч жинхэнэ ёсоор нэг л удаа дурласан юм аа.
Би тэр бүсгүйтэй дайны дараахан одоогоос арван хоёр жилийн өмнө Этретэд далайн хөвөөнд уулзаж билээ. Өглөөгүүр хүмүүс усанд шумбаж байхад тэндэх наран шарлагын газар шиг таатай сайхан газар өөр ямар ч нутагт лав байхгүй биз ээ. Түүнийг тойрсон цав цагаан цохио хад, хүмүүс “хаалга” гэж нэрлэдэг дугуй дугуй хунхуйтай, нарлагын газар нэг их том биш тах хэлбэрийн хэвгийдүү газар байсан юм. Цохионы нэг нь маш сүрлэг аварга том сарвуу шиг хошуу нь далай руу түрж орсон, нөгөө нь дугуй хэлбэртэй намхан тул том руугаа харан суугаа мэт харагдана. Цохионы хошууны хэсэг хайргаар хучаастай.
Цохионы ханхай хунхуйд хүүхнүүд цугласнаас тэдний хурц содон өнгийн хувцаснууд нь баялаг сайхан цэцгийн мандал мэт алаглаж байдагсан. Далайн эрэг хөвөө, зүсэн зүйлийн өнгөт нарны халхавч, номин цэнхэр усны мандал дээр нарны хурц туяа гэрэлтэн харц булааж сэтгэл баяр хөөрөөр бялхан цалгим.
Хүүхнүүд далай руу уруудан бууж үелэн давалгаалан айсуй усны долгио тогтох тэрүүхэнд гоё тэрмэн нөмрөгнүүдээ донжтой уран хөдөлгөөнөөр тайлан хаяснаа ус руу хурдханаа алхлан очиж хүйтэн усанд цочиж зогсосхийснээ даруй дасаад явчихна. Тийнхүү харж сонжин суухад тэр бүхэн миний шалгалтад тэнцдэггүйсэн. Хүүхнүүдийг бүхий л зүйлээр нь нарийвчлан шинжинэ шүү дээ. Далайн ус нүцгэн биеийг улам сайхан харагдуулдаг ч гэсэн бүсгүйчүүдийн өө сэв уснаас гарсны нь дараа улам тодорхой харагддаг. Тэгэхэд би нэг эмэгтэйг усанд хэрхэн шумбаж байхыг нь анх хараад л гайхан биширч сайн сайхныг нь бахдаж билээ. Түүнийг яаж ч юугий нь ч сорьж сонжлоо гэсэн тэр бүхнийг бардмаар давсан юм. Хосгүй сайхнаараа бол сэтгэлийг шууд л олзолж эрхэндээ бүрэн оруулдаг тийм нүүр царай гэж байдаг. Хүн болж хүзүү толгой зүүсээр эрж яваа хүнээ одоо л нэг оллоо гэж тэр хүнээ олоод боддог гэцгээдэг билээ. Миний хувьд яг л тийм бодол төрлөө. Эхлээд бид хоёр танилцаж сүүлдээ би түүнд хэзээ ч хэнд ч өгч байгаагүй тийм их сэтгэл татагдах болов.
Сэтгэл санааг минь тэр ёстой нэг хөвсөлзүүлж орхилоо. Хүүхэн хүнд тэгж бүрэн автана гэдэг тамтай боловч аятай сайхан байдаг. Нэг ёсондоо эрүүдүүлэн шаналах мэт ч эцэс төгсгөлгүй аятай сайхан жаргалд умбахын л нэр. Нүдний нь харц, инээмсэглэл, хүзүүн дээрээ буржийсан үс, түүний нь салхинд сэрвэлзэх, нүүр царайнû нь юм бүхэн, тэдгээрийн хамгийн үл ялиг хөдөлгөөн бүгд хосгүй сайхан санагдаж гайхшийг минь баран бүгдийг тэр өөрийн гар хурууны хөдөлгөөн явах суухаараа ч намайг дуртай тийш нь залж, илбэдэж, эдэлж хэрэглэж байгаа юмс нь хүртэл дур булаам этгээд соньхон санагдана. Ширээн дээр хэвтээ гивлүүр, зөөлөн сандал дээр хаясан бээлий нь хүртэл сэтгэлд туйлын энхрий дотно харагдана. Түүний өмсдөг бошинзны ижил өөр хаа ч үгүй. Гоёдог бүрхийг нь өөр нэг ч хүн өмсөөгүй бодогддог байлаа.
Тэр нөхөртэй байсан юм. Нөхөр нь долоо хоногийн хагас сайнд ирдэг ч нэг дэх өдөр буцаад явчихдаг байв. Үнэндээ гэвэл түүний ирсэн байсан хоёр надад ялгаагүй. Түүнийг хардана, түүнээс харамлана гэдэг бодол надад огт үгүй, яагаад тийм байнав гэдгээ өөрөө ч би мэдэхгүй. Гэхдээ ямар ч л гэсэн түүн шиг үл ялих хүн надад үгүй. Миний хувьд түүний чинээ эс тоосон хүн ч бас надад үгүй юмдаг.
Тэгэх мөртлөө гэргийд нь би ямар их хайртай байв аа! Тэр минь ямар их царайлаг, ялдам, эелдэг, зөөлөн, танхил залуухан байж вэ! Жинхэнэ залуу нас, үзэсгэлэн гоо, хольцоогүй ариун сайхны цогцлол байжээ тэр! Бүсгүй хүн гээч ямархан гоё, тансаг, үзэсгэлэнтэй гоолиг, ер бусын гайхамшигт бодгаль болохыг урьд нь тийм хурцаар хэзээ ч мэдэрч байсангүй. Энэ бүсгүйн хувьд биеэрээ дур булаам сайхан, ялдам энхрий бүхний бýëýã тэмдэг байсан юм.
Хацар уруулын нь хэлбэр, хөөрхөн чих, бяцхан хамар… Энэ бүхэн ямар гоё, зохицон нэгдэж хэчнээн үзэсгэлэн төгс болдог юм бэ гэдгийг би урьд даанч ойлгож явсангүй. Энэ бүх явдал гурван сар хэртэй үргэлжилсний эцэст би арга барагдан зовж шаналсаар салан Америк орохоор явсан билээ.
Гэлээ ч гэсэн түүний тухай бодол бүхнийг ялан дийлэгчийн ёсоор миний сэтгэл зүрхнээ байсаар байлаа. Дэргэдээ байхад тэр намайг яаж дураараа эзэгнэн байлаа тэртээ алс явахад ч мөн л адил захиран байлаа. Тэгсээр он жилүүд ч өнгөрлөө. Харин түүнийг мартсан минь үгүй. Танил энхрий дүр нь нүдний өмнө улмаар зүрхэнд минь амьдрах болсон юм. Би түүнийг яг хуучин хэвийн энхрий дотно, тэгэхдээ амьдралдаа болж өнгөрсөн хамгийн үнэтэй, хамгийн баяртай сайхан үйл явдлын ёсоор амгалан сэтгэлээс дурсаж явах болсон юм.
Àрван хоёр жил гэдэг хүний амьдралд юусан билээ? Хормын төдий зай-тэгээд л мартаж орхилоо, гүйцээ! Он жилүүд бие биенийхээ араас яаралгүй тэгснээ хурдан бас аажуу уужуу, гэтэл бас довтлоод, ерөнхийдөө нэгэн хэмээр залхуутай гэлдрэх мэт боловч гялсхийгээд л өнгөрөх юм аа. Өнгөрсөн цаг хугацаа тийнхүү маш хурднаар ард үлäэвч үлдэх мөр нь даанч бага, мөнхөд салан одож, тэднээ эргээд харъя гэвч юу ч үгүй, юу болж өнгөрсөн, яагаад өвгөрч хөгшрөв гэдгээ чи өөрөө ойлгох ч аргагүй байнам.
Этретийн наран шарлагын газар болж өнгөрсөн явдлаас хойш хэдхэн сар л өнгөрсөн юм шиг надад санагддаг байлаа. Өнгөрсөн хавар би нэгэнтээ Мезон-Лафит орж найзындаа өдрийн цай уухаар явах болов. Галт тэрэг хөдөлсөн дор нэгэн бүдүүн хатагтай дөрвөн охиныхоо хамт орж ирлээ. Би түүнийг зэрвэс харвал эл “эмэгчин тахиа” сар мэт дув дугуй нүүртэйн дээр, маш тарган, туузаар чимэглэсэн сүрлэн бүрхээр гоёсон нэгэн ажээ. Хатагтай хурдан явснаасаа болоод түхэлзэн амьсгаадаж мөддөө тайвширсангүй. Сүүлдээ хүүхдүүд нь шуугилдан ярьцгааж эхэллээ. Би сонин эргүүлэхээс өөр юу ч анзаарсангүй. Бид Аньер өнгөрөөд явж байсан юм. Тэгтэл хатагтай гэнэт надаас асууж байна.
-Өршөөгөөрэй ноёнтоон, та ноён Карьне мөн үү?
-Тийм ээ, хатагтай.
Энэ үгийг сонсоод тэр цайлган сэтгэлтэй бүсгүй хүний ёсоор сэтгэл ханасан мэт удтал инээсэн ч түүний инээдэнд ямар нэг гуниг нуугдан байх шиг санагдлаа.
-Та танихгүй байгаа юм уу?
Би хэлэх үггүй болж эргэлзэв. Би түүний царайг хаа нэгтээ үзсэн юм шиг санагдаад байсан юм. Гэвч хаа үзсэн билээ? Хэзээ байж болох вэ? Тэгээд би түүнд,
-Харин тийм ээ, … тийм ч гэж дээ. Яриа байхгүй урьд нь бид уулзаж байсан санагдах юм. Тэгсэн мөртлөө таны хэн бэ гэдгийг санадаггүй…
Хатагтайн царай үл ялиг улсхийх шиг болов.
-Жюли Лефевр яагаав.
Би ийм айхтар цохилт урьд өмнө хэзээ ч авч байсангүй. Тэрхэн хоромд миний бүхий л зүйл бүрмөсөн сөнөчих шиг л санагдлаа. Миний нүдийг хааж байсан ямар нэгэн хөшиг хийсэн унаж цаанаас нь ямар нэгэн аймшигтай, балмагдан цочмоор зүйлс гараад ирэх шиг л надад санагдав. Нөгөө бүсгүй маань одоо энд суугаа нь энэ байжээ.! Энэ их бүдүүн, хаа ч тааралдаж л байдаг эмэгтэй тэр маань мөн гэж үү? Бидний уулзаагүй жаалхан хугацаанд энэ маань дөрвийн дөрвөн охин төрүүлчихсэн байх гэж! Энэ олон жаахан амьтас ч гэсэн одоо надад эх шигээ л гайхширлыг минь төрүүлж байна. Эд нар эхийнхээ эд эс байсан, одоо тэгэхэд хэдийнэ өсч том болоод амьдралд байр сууриа эзэлчихсэн байдаг байна.
Гайхаад барамгүй үзэсгэлэнтэй, аалигүйтэн эрхэлж энхрий зөөлөн аашилж явсан энэ маань одоо нэгэнт өнгөрчээ. Бид ердөө өчигдөрхөн бие биенээсээ салан одоцгоосон шиг санагдах атал одоо энэ маань ямархан хүн болчихоод суух нь энэ вэ? Ийм юм амьдралд байж болно гэж үү? Миний зүрх гэнэт хатгуулан өвдөж түүнтэй зэрэгцэн байгальд өшин хорсох сэтгэл зангиран түүний эвдлэн сүйтгэгч хүчнийг бодохоос уур хилэн минь бадран байлаа. Мэгдэж гүйцсэн би түүнээд харан байснаа гараас нь барин автал миний нүдээр нулимс дүүрээд ирлээ. Энэ бол би түүний залуу насыг үгүйлэн уйлж буй минь юм. Би бас энэ бүдүүн хатагтайг нэгэнт огт танихгүй байгаа болохоор түүний үүрд үгүй болсны нь төлөө уйлав гэхнээ ч болно. Түүний сэтгэл ч гэсэн ялгаагүй ихэд хөдөлж надад дараах яриаг ярьсан юм.
-Нээрээ би тийм их өөрчлөгдөж үү? Хамаг юм өнгөрдөг хойно яая гэхэв дээ. Би ээж, зөвхөн л ээж тэгэх тэгэхдээ жинхэнэ ээж шиг ээж, болсныг чи харж байгаа биз дээ. Үүнээс бусад бүх зүйл баяртай, бүгд дууссан! Миний бодоход бид уулзалдаагүйсэн бол та намайг санах ч үгүй байх нь ээ. За тэгээд, өөрөө ч гэсэн зөндөө өөрчлөгджээ. Эхлээд би таныг буруу хүнтэй андуурч байна гэж бодсон. Өөрөө був буурал болчихож. Арван хоёр жил өнгөрчих гэж дээ ер! Арван хоёр жил өнгөрчихөж! Одоо манай том охин хэдийнээ арав хүрчихсэн.
Би охиныг нь харлаа. Түүний царайд ээжийн нь нэгэн цагийн гоо үзэсгэлэнгээс эрхбиш юухан хээхэн тодрох мэт ч тодорхойгүй, одоохондоо хэлбэржиж гүйцээгүй ямар нэг төрх бас илхэн байв. Амьдрал надад хачин хурдан алсад ухаан малгайгүй цахилан яваа галт тэрэгтэй л адилхан санагдсан юм. Бид нар явсаар Мезон-Лафитд хүрч ирлээ. Би өөрийнхөө нэгэн цагийн дурлалт хүний гарыг үнсэж үлдэв. Түүнд хэлэх гэтэл ёс болсон, шал дэмий хэдэн үг л санаанд маань орсон юм. Би дэндүү их тэвдэж ярья, хэлье гэхнээ ч чадахгүй байлаа. Үдэш нь би гэртээ гав ганцаараа суухдаа өөрийгөө толинд удтал харав.
Харж харж эцэст нь би урьд хав хар живэр, хав хар үс нүүр царай минь ч ялгаагүй ямар гээчийн залуу цогтой байснаа сэтгэлдээ хэв хэвээр нь дүрслэн санасан юм. Би хэдийнээ өвгөрч гүйцжээ. Амьдрал минь үүрд баяртай!