Хятадын эрдэмтэд саяхан шинээр олж илрүүлсэн нэгэн загасны төрөл зүйлээ Өмнөд Солонгосын “Blackpink” хамтлагийн гишүүн Женнигийн нэрээр нэрлэжээ. Ийнхүү к-попын түүхийг бүтээлцэж буй Женни дахин нэг салбарт нэрээ мөнхлөв. Хар, шар өнгөтэй, хумсны толионоос томгүй хэмжээтэй шинэ төрөл зүйлийн загасыг эрдэмтэд Хятадын гурав дахь том гол болох Сувдан голоос илрүүлжээ.
Тус загасыг “Brachygobius jennie” гэж нэрлэсэн юм. Учир нь уг загасыг олж илрүүлсэн эрдэмтэн Тянь Жянянийн хувьд “Blackpink”-ийн Женни байнгын урам зоригийн эх үүсвэр нь байжээ. Тэрбээр Женнигийн дуунуудыг байнга сонсдог бөгөөд түүний нэрийг загасанд өгсөн нь дуучны эерэг нөлөөллийг онцолж буй хэрэг гэжээ.

Тянь Жянян 2025 оны дөрөвдүгээр сард “Brachygobius jennie” загасыг анх олж илрүүлсэн байна. “Brachygobius jennie” загас дэндүү жижиг хэмжээтэй учир Тянь Жянян тэднийг жараахай гэж бодсон аж. Гэвч тус загасны онцлог шинжүүд нь бүс нутагт огт ажиглагдаагүй, давтагдаагүй тул шинэ төрөл зүйл гэдгийг нь гадарласан байна. Ингээд их сургууль болон лабораторийн хамтрагчидтайгаа “Brachygobius jennie” загасыг нарийвчлан судалж эхэлжээ.
Судалгаа шинжилгээний эцэст “Brachygobius jennie” загасыг төрөл зүйл дундаа, мөн Хятад улсад олдсон хамгийн жижиг хэмжээтэй загас болохыг тогтоосон.
Дашрамд дурдахад, шинжлэх ухаанд нэрээ мөнхөлсөн к-поп од зөвхөн Женнигээр дуусахгүй. Тодруулбал, Тайландын эрдэмтэд 2023 онд нэгэн ховор төрлийн цэцгийг мөн л “Blackpink” хамтлагийн гишүүн Лисагийн нэрээр нэрлэсэн байдаг. Мөн энэ оны эхээр Европын эрдэмтэд Мьянмарт хадгалагдаж байсан 100 сая жилийн настай шавжийг Өмнөд Солонгосын “Stray Kids” хамтлагийн нэрээр нэрлэжээ. Учир нь тус шавжны ер бусын хумстай урд хөл нь “Stray Kids” хамтлагийн өвөрмөц позтой төстэй байсан аж.

