Монгол Улсын Ардын уран зохиолч, төрийн шагналт яруу найрагч Ш.Сүрэнжавтай уулзаж ярилцлаа. Ш.Сүрэнжав найрагчийн урын санд “Ерэн баатрын дууль”, “Гар”, “Хилийн зүг”, “Дуулганд ургасан цэцэг” зэрэг Халх голын дайны тухай, эх орон, тусгаар тогтнолын сэдэвт шүлэг, найраглал олон бий. Тэрээр эх орныхоо торгон хилд олонтаа очиж онгод авьяасаа хөглөн, найраг шүлгээ тэрлэж явжээ. Тэр ч байтугай Дорнодын хязгаарт үхэрчин болж явсан сонин түүхтэй нэгэн. Түүний “Ерэн баатрын дууль” найраглалыг үе үеийн хүүхэд багачууд цээжилж өссөн билээ. Бидний ярилцлага энэ найраглалын тухай яриагаар эхэлсэн юм.
-“Ерэн баатрын дууль” найраглалаа та хэдэн онд бичсэн юм бэ?
-“Ерэн баатарын дууль” найраглалыг би 1963 онд 25-тай байхдаа бичсэн. Тэр жил зохиолч С.Удвал гуай, “Энхтайваны манаа”-г бичсэн Ц.Уламбаяр гуай, “Хилчин” найраглал бичсэн Ц.Цэдэнжав гуай бид Халхын голд очсон. Дайн тулаан болсон газар анх гишгэж үзээд, тэр домогт түүхт нутгийн хөрс шороо нь сэтгэлд шивнээд л энэ найраглалыг бичсэн. Тэр цагаас хойш олон жил өнгөрчээ. Энэ найраглалаар маань хилийн цэргийн нэг уран уншигч залуу клип хийсэн байна лээ. Улсын хил гэдэг үнэхээр сайхан. Анх тэгж явахдаа би эх орны хилийн сайхныг мэдэрсэн. Буйрын мандлаар хиллэдэг гэж тэгэхэд анх сонсоод, Буйрын бараа харагдмагц л шүлгийн эхний мөрүүд сэтгэлд ургаж байсан.
“Сүүдэр тохой шиг Буйрын гүйдэл түргэн долгис
Сүрэг загасны сэрвээ шиг гүвэлзэж байдаг хязгаар
Сүүмийх тэнгэрийн хаяан дор миний нутгийн бараа
Сүхбаатарын цэрэг шиг хилийн торгон овоо” гэж бичиж байлаа. Сүхбаатарын цэрэг шиг гэхээр бахархалтай сонсогдож, сэтгэлд их дотно санагдаж, түүнээсээ хөглөгдөж байв.
-“Ерэн баатарын дууль” найраглалаа Халхын голд очоод ганц өдрийн дотор бичээд уншиж байсан гэдэг байх аа?
-Шууд бичээд л уулзалт дээр уншиж байсан. Би “МОНЦАМЭ”-д ажилд орж, радиогийн сурвалжлагч болоод анхны томилолтоо авч явсан нь тэр. Тэндээс С.Удвал гуайгаас үнэлгээ авсан байх. Дараа жил нь 1964 онд надад Монголын зохиолчдын эвлэлийн 100 тоот үнэмлэх өгсөн. Ж.Бадраа гуай надтай цуг элссэн. Бодвол 99 эсвэл 101 тоот үнэмлэх гардсан байх. Ямар ч байсан энэ найраглалаараа би зохиолч болох хүн юм гэдгээ хүмүүсийн сэтгэлд хэлсэн байх гэж боддог. “Ерэн баатарын дууль”-аа биччихээд тэр орой нь Халхын голын дунд сургуулийн уулзалт дээр уншсан. Ц.Цэдэнжав гуай “Чиний “Ус” шүлэгт арай хүрэхгүй юм. Гэхдээ сайн шүлэг болж” гэсэн. С.Удвал гуай “Би чиний үүнийг сонсоод нулимс гарлаа” гэж байв. Намайг урамшуулж байна л гэж тухайн үед бодсон. Одоо бодоход үнэнээсээ хэлсэн юм билээ. Бусдын нутгийн төлөө, хүний зол жаргалын төлөө амиа өгнө гэдэг ардчилал ярьж хийрхэн, дэмий донгосохтой адилгүй. Би “Ерэн баатрын дууль”-даа үүнийг л гаргахыг зорьсон.
-Тэр үед ер нь уулзалт, үдэшлэг дээр шүлэг найргаа их уншдаг байсан биз?
-Байнга уншина. Д.Тарваа гуай бол бүхэл бүтэн найраглал уншина. Тэр үед шүлэг найраг гэдэг бидний цээжинд, сэтгэлд байсан. Сэтгэлээс гарсан юм чинь гайхалтай. Одоо ч залгамж залуу үе бас сайхан бичиж байна.
“Насны гэгээ харцанд нь байдаг
Начны дэвээ харцаганд нь байдаг
Гэрийн хойморт багтахгүй
Хилийн офицер та нар” гэж Ц.Хулан сайхан шүлэг бичсэн шүү дээ. Хилийг эмэгтэй хүн хүртэл тэгж хайрлаж байхад эрчүүд тэднээс дутахгүй хайрлах учиртай.
-Таны номуудыг уншиж байхад хилийн тухай, цэрэг эх орны сэдэвтэй олон уран бүтээл байдаг. Тэр дундаас онцолж хэлбэл ямар шүлэг, найраглалаа дурдах бол оо?
-Би “Дорнын хилийн дуулал” гэж найраглал бичсэн. Мөн “Торгон хилийн зүг” гэж дуу байдаг. Тэр дууг Н.Гантулга их сайн дуулж байгаа. Анх Ардын жүжигчин Д.Жаргалсайхан дуулсан.
“Хилийн зүг юуны тулд хэний төлөө цэрэг эрс
Бүхээгтэй ногоон машинаараа бүрэнхий үдшээр хаачна вэ” гэж эхэлдэг. Биднийг амар амгалан нойрсч, зарим нь архинд шартаж хэвтэхэд цэрэг эрс эх орноо хамгаалахаар явж байгаа нь сэтгэл догдлуулсан. Түүнд хөгжмийн их авьяастан Төмөрийн Чимиддорж гуай ая оруулж нэг үе Монголын бүх аргил хоолойтнууд дуулж байсан. Олон жил дуулагдаж байна.
-Энэ дуу их сонин түүхтэй бүтсэн гэдэг байх аа?
-Манай гэр 120 мянгатад байдаг юм. Тэр үед залуу ч байсан, зуу жаахан татчихдаг байсан. Нэг удаа би шартчихаад өглөө эрт дотор муухан гадаа зогсч байлаа. Гэрлээ асаасан бүхээгтэй ногоон машинууд Энхтайваны гүүрээр цуваад л. Зарим нь ингээд шартаад байж байхад цэрэг эрс хилийн зүг явж байгаа нь сэтгэл хөдөлгөж эхний мөрүүд цаасан дээр буусан. Оросын цэргийг хөөж гаргасан тэр явдлаас өмнө бичсэн дуу шүү дээ.
“Умар зүг Сибирийн замд
Урт цуваа үелэн хөврөөд
Дуулгаа дуулсан цэрэг эрчүүд
Дуугаа дуулсаар хаачна вэ
Дархан орныг минь хамгаалан тулалдаж
Даяар олныг минь өмгөөлөн зогсч
Атаат дайсныг өвдөглөн дарсан
Анд нөхөд минь буцаж явна” гэж… Дээр үеийн дуунууд ер нь их үйл явдалтай. “Малчин охин”, “Болзоо” гээд л бүгд үйл явдалтай. Энэ бол дууны нэг үеийн өнгө аяс, эрэмбэ. Бүгд л хүний сэтгэлд бууж байсан. Амьдралтай дуунууд байсан.
-Шүлгээ биччихээд Т.Чимиддорж гуайд та өөрөө өгсөн үү, эсвэл хөгжмийн зохиолч өөрөө олж авсан уу?
-Т.Чимиддорж гуай өөрөө олж авсан байсан. Тэгээд энэ л надад таарах юм байна гээд ая хийгээд дууны уралдаан зарлахад нь өгсөн гэсэн. Тэр уралдаанд Чойжилсүрэнгийн “Монгол, Зөвлөлтийн найрамдал” гэж дуу түрүүлсэн. Гэвч тэр дуу хэзээ ч дуулагдаагүй. Уралдааны шүүгчид гэдэг хэзээд булхайтай ажил хийж байдгийн жишээ энэ. Уралдаанд байнд ч үгүй банзанд ч үгүй үлдэх хамаагүй, энэ дуу л хүнд хүрч одоо дуулагдаж үлдлээ. Түүнээс уралдааны хэдэн шүүгч хахуульд нь архи аваад шийдэж байдаг асуудал биш. Дууны амьдрах чадвар бол ерөөсөө хүмүүсийн аманд орж аялагдахад л байгаа юм. Тийм учраас миний ёс суртахуунд харш учир би амьдралдаа шүүгч хийж үзээгүй. Надад зохидог ч үгүй, чаддаг ч үгүй.
-Халхын голд анх очоод “Ерэн баатрын дууль”-тай, уран бүтээлийн ганзага дүүрэн ирж байж. Түүнээс хойш дорнод хил дээр олон удаа очсон уу?
-1963 онд анх Халхын голд очсоноос хойш би хилээр өвлийн цагт ч явж л байлаа. С.Удвал гуай даргалаад л хоёр гурван ч удаа явсан. Түүнээс хойш хил дээр олон удаа очсон. Хуучин нийгмийн үед биднийг хилээр их явуулдаг байв. Хамгийн сүүлд МАХН-ын Төв хорооны дарга Адъяа даргалж, “Баян Монгол” чуулгатай хамт өмнөд хилийг бүтэн тойрсон. Ялангуяа Халхын голд би 12 удаа очсон. Мөн манай хөгжмийн хоёр алдартан, төрийн хошой шагналт Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нартай хамт, утга зохиол шүүмжлэгч, доктор Ц.Хасбаатар гуай даргалаад хилээр явж байлаа. Алдарт Дамдин хурандаа газарчлаад Онгоны отрядад очсон чинь Б.Дамдинсүрэн гуай бид хоёрыг “Хүндэт хилчин” болгосон. Л.Мөрдорж гуай 24 дүгээр отрядад очиж “Хүндэт хилчин” болж байлаа. Бидэнд сүүлд “Онц хилчин” хүртэл өгсөн. Уран бүтээлийг маань үнэлж өгсөн хэрэг шүү дээ. Торгон хил дээр биеэрээ зогсоогүй ч сэтгэлээрэ зогсч байсныг бодолцсон хэрэг байх. Энэ мэтээр хилд олон очсон. Халхын голд хамгийн сүүлд очиход Л.Дандар гуай бид хоёрт тусгайлан “УАЗ-469” гаргаж өгсөн. Нэг нь манай Халхын голын баатар, нөгөө нь Халхын голын тухай бичсэн хүн гээд л хүндэлсэн. Тэгээд бид хоёр оргоод, тэдэнд олдохгүй хоёр хоног явж, хөгшин залуу хоёр сайхан найзалсан. Би Л.Дандар гуайг баатар авахад сэтгэл догдлоод шөнө нь нойргүй сууж “Алаг морьтой хүн” гэж найраглал бичиж шууд радиогийн долгионоор цацсан.
“Зүү шиг балчир хүүхэд Авдарбаяны
Зүлгэн дээр нь мөлхөж байхад
Зүр шиг шалмаг эр Халхын голын
Элсэн дээр нь торойж явж дээ” гэж бичиж байв. Л.Дандар гуай олон жил орон шоронд орж зэврээд магтаал, урмын үг бага сонссон болохоор соргог байсан байх. Дараа нь манай радиогийн сэтгүүлч Батсуурийн Халтараар газарчлуулан ирж надтай танилцсан. Тэгэхэд Дандар гуай Авто батальоны орлогч, хошууч цолтой байсан. Дараа нь хурандаа болсон. Тэр үеэс бид хоёр их найз болсон. Дандар гуай их сонин юм ярина. “За, Сүрэнжав минь үхмээр үе их тохиолдоно. Үхэж л болохгүй шүү. Би амьд л байсан тулдаа энэ бүхний ард ийм цол авлаа. Хүн гэдэг чинь хазайхад ямар муухай үг хэлж, яаж түлхдэг гэж санана. Одоо надад магтаал хэлээд, юм бариад гүйж байгаа улсын тэн хагас нь хазайхад түлхэлцсэн улс” гэдэг байв. Морь гэдэг тэнгэрлэг хийморьтой амьтан гэж ярина. Би шинэ сүлдийг батлалцахдаа Л.Дандар гуайн тэр үгийг эш татаж байсан. Халхын голын дайнд морин атаканд орж байхад их бууны сум морины толгойг тасдаад хаячихад толгойгүй морь тэр чигээрээ эрчээрээ давхиад бүслэлтийн цагаригийн гадна гарч унаж эзнээ аварсан гэдэг. Тиймээс морь их тэнгэрлэг амьтан учир сүлдэндээ оруулах ёстой гэж Үндсэн хууль батлахад зүтгэж байж хагас зэрэмдэг гэлээ морь авч үлдсэн нь цаанаа учиртай. Тэр үед бодитой морины дүрс оруулахгүй гэж муйхарлаж зүтгэж байв.
-Л.Дандар гуай ямар хүн байв. Та ойр дотно байсны хувьд энэ домогт хүний тухай их зүйл ярих байх даа?
-Их зоригтой хүн шүү дээ, бурхан минь. Домог болсон хүн цөөхөн. Түвдэндорж аварга, Дандар баатар нар бол амьддаа домогшсон хүмүүс. Дандар баатрын тухай дайнд ороход бууны сум даадаггүй. Орой ирээд бүсээ тайлахад нь шар хийгээд унадаг байсан гэж ярьдаг байсан. Энэ мэтээр ард түмэн домоглож зохиож ярьдаг. Үнэхээр зоригтой хүн. Сүүлд бид олон газар цуг явж байсан. Эр улс архи дарс ууна л даа. Яаж ч ууж байсан өглөө нь зүв зүгээр босоод ирнэ. Тэр бол зоригондоо босч байгаа хэрэг.
-Б.Дамдинсүрэн гуай, Л.Мөрдорж гуай хоёртой торгон хилээр дөрөө нийлж явсных хамтарч уран бүтээл хийсэн үү?
-“Хөгжлийн далай эх орон” дууг Л.Мөрдорж гуайтай хамтарч хийсэн. Б.Дамдинсүрэн гуай бид хоёрын “Ангар, Сэлэнгэ хоёр” гэж дуу бий. Б.Дамдинсүрэн гуай дандаа наргиа, наадам болж байдаг хүн байв. Мөөеөг их явуулдаг сан. Тийм наргиан дундаас их сайхан бүтээл төрдөг байсан. Тэр тусмаа хилийн тухай, эх орны тухай бүтээл сэтгэл дотроос гардаг юм шүү дээ. Манай Мөөеө “Түүхт хил” гэж мөнхийн дуу хийсэн хүн. Нэг үе энэ дууг маш их дуулдаг байсан.
“Үүл нүүж цахилгаан бадарсан тал
Үер бууж сүр үзүүлсэн газар
Хэзээнээс алдартай дархан хилийн овоо
Хэн ч халдашгүй Монголын нутаг” гээд л…
Энэ дууны шүлгийг нь Зо.Пунцаг гуай бичсэн.
-Эх оронч үзэл эх орны торгон хилээс эхэлдэг болов уу гэж боддог. Тэр тусмаа уран бүтээлч хүн нүдний цөцгий шиг эмзэг хилийн зурваст очиход үнэхээр онгод хөглөгдөнө биз?
-Гойд л доо, ерөөсөө гайхалтай. Хил гэдэг бол зүрхэн дээр гарсан зураас. Зүрхээ яаж хайрладаг билээ. Түүн шиг хилийг зүрхээрээ мэдэрч байдаг. Сор болсон эрс хил дээр очдог байлаа. Хилийн цэргийнхэн гэдэг цаанаа л хийморьтой, жавхаатай улс байсан. Би цэргийн алба хаагаагүй хүн. Гэхдээ цэргийн сэтгэлтэй байсан, манай үеийнхэн. Манай П.Бадарч ч гэсэн алба хаагаагүй. Сүүлд Овоотод хоёр жил офицер байсан. Мань хүн “Есөн эрдэнийн орон”, “Нулимст борхон болжмор” гэх мэт олон бүтээлээ хил дээр бичсэн. Хил гэдэг уран бүтээлч хүнд их онгод хайрладаг. Би Халхын голын отряд, Сүмбэрийн заставт олон очиж байсан. Монгол Улсын баатар С.Төмөрбаатар гуайн заставт очиж байлаа. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэж нэг үг бий. Үнэхээр би депутат болж туг ч барьж байлаа. Халхын голын тухай “Дуулганд ургасан цэцэг” гэж шүлэглэсэн роман бичнэ, материал цуглуулж, амьдрал судална гээд томилолт аваад Халхын голын сайн малчин Түдэв гуайн очоод тугал хариулаад явж л байсан.
-Таныг Халхын голын ялалтын ойгоор телевизийн нэвтрүүлэг хөтөлж байсан гэж сонссон?
-Зөвлөлтийн нэрт яруу найрагч Константин Симонов Халхын голын 30 жилийн ойгоор Монголд ирсэн. Ч.Чимид гуай бид хоёр ганц ч цаас харалгүйгээр телевизээр 45 минутын нэвтрүүлэг хөтөлж байлаа. Тэр нэвтрүүлэгт “Брестийн цайз”-ыг бичсэн С.Симирнов, Рихард Зоргегийн тухай бичсэн Михайл Колесников, Халхын голд хэвлэгдэж байсан “Баатарлаг улаан арми” сонины эрхлэгч байсан Давид Ортенберг, Халимагийн зохиолч Давид Кугультинов нар оролцож байсан.
-Нэгэнт тусгаар тогтнолын баталгаа болсон эх орны торгон хил, эр цэргүүдийн тухай ярьсных хоёулаа Алтайн сүрлэг үүлс бат цайз болон сүндэрлэх баруун хязгаарын тухай ярихгүй өнгөрч болохгүй байх аа?
-Би баруун хилд хэд хэд очсон. Төмөрбат хурандаа Б.Доржпалам, Ш.Дулмаа, С.Оюун биднийг дагуулж баруун хилд очсон. Нисдэг тэргээр Сутайг нар зөв тойрч хараад цаашаа явж Байтагийн Их Хавтагт Хөхийн Даржаагийн заставт очсон. Яг Байтаг дээр Б.Гивааны застав дээр очиж байлаа. Өмнө нь газраар машинтай явж Ховдын Булган сумаас эх оронч Мадриг гуай газарчлаад бас Байтагт очсон. Байтагт очоод Гурван баатрын өндөрлөг дээрээс Бүдүүн Харгайтын голыг харж, хаагуур нь дайсан орж ирснийг Мадриг гуайгаар яриулж байсан. Байтагийн чулуу яг байлдаан болсон газраа тостчихсон байдаг. Тэр нь хүний цус арилалгүй тос даагаад борлочихсон хэрэг л дээ.
-Эх орны хил гэдэг ямар эмзэг нандин зүйл болохыг тэнд очсон хүн л мэдрэх байх даа?
-Хилийн чулуу бүхэн данстай, бүртгэлтэй байдаг. Генерал Б.Цэдэн-Иш гуай бол хаана ямар уул, овоо байгааг бараг чулууг нь тоолж мэддэг, Манжийн үеэс эхлээд хил хаагуур яаж тогтоосныг цээжээр хэлдэг. Хилийн зурвас бүгдээрээ цээжинд нь байдаг хүн байлаа. Хилчин хүн гэдэг ийм л байх ёстой. Тиймээс би хилийн зурвас зүрхэн дундуур гардаг гэж боддог. Ю.Цэдэнбал даргын үед хилийн зурвас тогтоосныг янз бүрээр ярьдаг боловч хамгийн зөв зүйл байсан. Урд хөрштэйгөө хамгийн зөрчилтэй байсан үед хил тогтоосон юм шүү дээ. Хүнд эх оронч сэтгэл байж хил хязгаараа хайрлана. Эх орон гэдэг анх амьсгалсан агаар, ундаалсан ус, хүлэг моринд анх дөрөөлөөд харсан уулс юм. Тэр бүхнээ хайрлахаас эх орноо хайрлах сэтгэл эхэлнэ гэдгийг ухамсарлах хэрэгтэй.
Г.Сонинбаяр
Эх сурвалж: Eagle.mn