Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо
Өв соёл

Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо

Урлаг Урлаг03/08/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн зуны адаг Хөхөгчин хонь сарын арван есөн буюу өчигдөр /2026.08.02/ Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол Чөчү хайрхны тахилгат овоонд боллоо.

Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцов. Тахилгын өмнөх орой Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдийн лам нар Итгэл, Санжаанамсиг, Зүгдор, Тамжаджав, Хорвоонжиг, Сэртүв, Одсүрэн, Шагжтүв болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа.

Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирлээ. Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Хөвсгөл аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа.

Лам, хуврагууд ном уншиж, дун, хэнгэрэг зэрэг хөгжим эгшиглүүлэн овооны эздийг урин залах зан үйл үйлдлээ. Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын бүжигчид лусыг баясгаж хатдын бүжиг бүжиглэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монголчуудын мянга мянган жилийн түүхтэй уул овоо, ус мөрний тахилга бол эх дэлхий, элгэн нутгаа хайрлан хамгаалах үзэл санаа, үүрэг, хариуцлага бөгөөд улсын үндэс болсон газар нутгаа тамгалан тогтоож, өв соёл, үүх түүх, зан заншлаа ирээдүй хойчдоо өвлүүлэн уламжлуулах төрийн их ёслол гэдгийг тэмдэглэлээ.

Олон мянган жилийн тэртээгээс хүн зон, амьтан, ургамал, амьтай бүхнийг ундаалан тэтгэж ирсэн Хөвсгөл нуураа монголчууд “Далай ээж” хэмээн нэрийдэж, ижий шигээ дээдлэн хүндэтгэдэг түүхэн уламжлалтайг дурдав.

Байгалийн унаган төрхийг хадгалах, экосистемийг хамгаалахад монголчуудын уул овооны тахилга өндөр ач холбогдолтой хэмээн үзэж, ЮНЕСКО-гоос “Уул овоо тахих монгол зан үйл”-ийг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Дэлхийн жагсаалтад бүртгэснийг тэмдэглэлээ. Мөн төрийн тахилгат хайрхдын судалгаа, шинжилгээг хийлгэж, тахилгын уламжлал, зан үйл, дэг ёс, уул, усны онцлогийг нь тодруулан судалж, сурталчлан таниулж байгааг онцлов.

Тэрбээр Хөвсгөл нуурын эх, хүү 13 овооны тэнгэр, Цогт охин тэнгэрийн дүрт лус, найман аймгийн нөхөд төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлэн, ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлаж, эх дэлхий этүгэн газраа рашаан усаараа мөнхөж тэтгэж байхыг сүслэн даатгалаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Э.Золбоо Хөвсгөл нуурын лус, савдагт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Хөвсгөл аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Л.Төмөрбаатарт гардуулан өглөө.

Соёлын тэргүүний ажилтан Б.Нарандэлгэр “Далай ээжийн магтаал”-ыг хайллаа. Дараа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх идээ будаа, амттаны дээжийг хангай, дэлхийд өргөлөө. Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан П.Амарсайхан “Монгол далай” дууг дуулж, лус, савдагт хүндэтгэл илэрхийлэв. Хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Хөвсгөл аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг буцаан заллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх овооны өмнө мэхийн ёсолж, лус, савдагт дахин хүндэтгэл үзүүлснээр төрийн тахилгын ёслол өндөрлөлөө.

Манай улсын гадаргын цэвэр усны нөөцийн 70 гаруй хувийг бүрдүүлдэг, Төв Азийн гадаргын цэнгэг усны эх, нэн ховор араатан, жигүүртний өлгий нутаг болсон  нуурын цэвэр цэнгэг, ариун дагшин байдал, унаган төрх, ургамал, амьтан, түүх, соёлын дурсгалыг хадгалан хамгаалах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлигийг Гал морин жилд буулгасан.

Нуурыг хамгаалах санаачилга гаргасны дагуу нуурт живсэн усан онгоц, машин, техникийг 2021-2025 онд татан гаргасан юм. Ингэснээр 50 мянга орчим литр шатахуун, тос, тосолгооны материал, аюултай хог хаягдал нууранд алдагдахаас сэргийлж чадсан.

Энэ жил Хөвсгөл нуурын орчмыг цэвэрлэх хоёр сарын аян өрнүүлж, нуурыг судлах Олон улсын төв байгуулаад байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Дэлхийн өвд бүртгэгдсэн Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газруудад хамгаалалтын бүс тогтооно

30/07/2026
Өв соёл Урлаг

Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ

30/07/2026
Өв соёл Урлаг

Долоон бурхан одны тахилга болно

30/07/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“The Memory of Seeing” үзэсгэлэн дэлгэлээ

03/08/2026

Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо

03/08/2026

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

03/08/2026

Жорж Клунигийн гэр бүл ой хээрийн түймрийн улмаас Францын өмнөд хэсэг дэх гэрээсээ нүүлгэн шилжүүлэгджээ

02/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.