Тим Бёртон бол Холливудын хамгийн өвөрмөц өнгө аястай найруулагчдын нэг. Готик хэв маяг, хар хошигнол, үлгэрийн ертөнц, этгээд дүрүүдийг хослуулсан бүтээлүүдээрээ тэрбээр кино урлагт өөрийн гэсэн давтагдашгүй ертөнцийг бий болгожээ. “Beetlejuice”, “Edward Scissorhands”, “Batman”, “The Nightmare Before Christmas”, “Sweeney Todd”, “Alice in Wonderland” зэрэг бүтээлүүд нь түүнийг дэлхийн кино урлагийн содон найруулагчдын нэг болгосон юм.
Тэрбээр өнөөдөр 68 нас хүрч байна.

Тимоти Уолтер Бёртон 1958 оны наймдугаар сарын 25-нд АНУ-ын Калифорни мужийн Бөрбанк хотод төржээ. Багаасаа зураг зурах, аймшгийн болон уран зөгнөлт кино үзэх дуртай байсан тэрбээр бусад хүүхдүүдээс арай өөр сонирхолтой нэгэн байв.
Ялангуяа 1950–1960-аад оны аймшгийн кинонууд, тэр дундаа жүжигчин Винсент Прайсын тоглосон бүтээлүүд түүнд хүчтэй нөлөөлсөн байна. Хожим Прайс Бёртоны уран бүтээлийн ертөнцөд чухал байр суурь эзэлж, “Edward Scissorhands” кинонд тоглосон нь тэдний хамтын ажиллагааны хамгийн дурсамжтай жишээ болсон юм.
Бёртон Калифорнийн Урлагийн институтэд анимэйшнээр суралцаж, 1980 онд төгсөөд “Walt Disney Studios”-д анимэйтороор ажиллаж эхэлжээ. Гэвч студийн уламжлалт арга барил түүнд төдийлөн тохирсонгүй. Түүний доторх этгээд, харанхуй, төсөөллийн ертөнц өөрийнхөөрөө илэрхийлэгдэхийг хүсэж байлаа.

1982 онд Бёртон “Vincent” хэмээх богино хэмжээний хүүхэлдэйн киног бүтээжээ. Винсент Прайсын уран бүтээлээс санаа авсан уг бүтээлд аймшгийн зохиол, хүүхдийн төсөөлөл, хар хошигнолыг хослуулсан нь Бёртоны хожмын бүтээлүүдийн хэв маягийн эхлэл болсон юм.
Үүний дараа тэр 1984 онд “Frankenweenie” богино киног бүтээсэн бөгөөд энэ нь Франкенштейний түүхийг хүүхдийн өнцгөөс, харин Бёртоны өвөрмөц хошин бөгөөд гунигтай өнгө аясаар өгүүлсэн бүтээл байв.

1985 онд Бёртон “Pee-wee’s Big Adventure” киногоор бүрэн хэмжээний найруулагчийн карьераа эхлүүлжээ. Харин 1988 оны “Beetlejuice” түүнийг жинхэнэ утгаар нь олонд таниулсан бүтээл болсон байна.
Майкл Китон, Алек Болдуин, Жина Дэвис нарын тоглосон уг кино үхэл, сүнс, хачирхалтай ертөнцийг хар хошигнолтой хослуулсан бөгөөд Бёртоны найруулагчийн “гарын үсэг” гэж хэлж болохуйц дүрслэлийн хэв маягийг бий болгожээ.

1989 онд Бёртон “Batman” киног найруулж, Майкл Китоныг Бэтмен, Жек Николсоныг Жокерын дүрд тоглуулсан нь тухайн үеийн супер баатрын киноны хэв маягт томоохон өөрчлөлт авчирсан юм.
Тэр Бэтмений ертөнцийг хүүхдийн үлгэр шиг хөнгөн бус, хар бараан, готик, нууцлаг орчинтойгоор дүрсэлжээ. Кино асар их амжилт олж, нээлтээ хийснээс хойших эхний 10 хоногтоо 100 сая ам.долларын орлого давсан анхны кино болсон байна.
1992 онд Бёртон Майкл Китонтой дахин хамтран “Batman Returns” киног бүтээж, энэ удаа “Catwoman” болон “Penguin” зэрэг дүрүүдээр дамжуулан илүү бараан, сэтгэлзүйн өнгө аясыг бий болгосон юм.

1990 онд гарсан “Edward Scissorhands” бол Тим Бёртоны уран бүтээлийн хамгийн алдартай кинонуудын нэг.
Жонни Деппийн бүтээсэн Эдвард бол гарын оронд хайчтай, хүмүүстэй адилхан амьдрахыг хүсдэг боловч нийгэмд гадуурхагдсан залуу. Гаднаасаа аймшигтай мэт боловч дотроо эмзэг, сайхан сэтгэлтэй энэ дүрээр Бёртон “өөр байхын үнэ цэнэ”, ганцаардал, хайр, нийгмийн гадуурхлын тухай өгүүлжээ.
Энэ кино Жонни Депптэй Бёртоны олон жилийн уран бүтээлийн хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан юм.
Бёртон, Депп хоёрын хамтын ажиллагаа Холливудын хамгийн танигдсан найруулагч–жүжигчний хамтралуудын нэг болсон. Тэд “Edward Scissorhands”-ээс гадна “Ed Wood”, “Sleepy Hollow”, “Charlie and the Chocolate Factory”, “Sweeney Todd”, “Alice in Wonderland”, “Dark Shadows” зэрэг олон бүтээлд хамтран ажилласан.
Ялангуяа 1994 оны “Ed Wood” кинонд Депп бодит амьдралын найруулагч Эд Вүдийн дүрийг бүтээсэн бөгөөд Бёртон амжилт, бүтэлгүйтэл, уран бүтээлч хүний мөрөөдлийн тухай хар цагаан өнгөөр өгүүлсэн байна.

1993 онд Бёртоны нэртэй холбогдох хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болох “The Nightmare Before Christmas” дэлгэцнээ гарчээ.
Stop-motion буюу кадр бүрийг тусад нь хөдөлгөж зураг авдаг аргачлалаар бүтээсэн уг мюзикл хүүхэлдэйн кино нь Halloween болон Christmas-ийн ертөнцийг хослуулсан өвөрмөц бүтээл байв. Бёртон өөрөө найруулагч биш, продюсерээр ажилласан ч киноны үзэл санаа, дүрслэлийн ертөнцөд түүний нөлөө асар их байсан.

2007 онд Бёртон “Sweeney Todd: The Demon Barber of Fleet Street” мюзиклийг кино болгон бүтээжээ. Жонни Депп Сүини Тоддын дүрд, Хелена Бонэм Картер хатагтай Ловеттын дүрд тоглосон байна. Кино Бёртоны дуртай харанхуй уур амьсгал, хөгжим, аймшиг, хар хошигнолыг нэг дор нэгтгэжээ.
2010 онд тэр Льюис Кэрроллын алдарт зохиолоос сэдэвлэсэн “Alice in Wonderland” киног найруулсан бөгөөд Жонни Депп Мад Хэттерийн дүрийг бүтээжээ. Кино дэлхийн хэмжээнд томоохон амжилт үзүүлж, Бёртон өөрийн готик дүрслэлийн хэв маягийг асар том уран зөгнөлт ертөнцөд нэвтрүүлсэн юм.
Түүний дараагийн томоохон бүтээлүүдэд “Big Eyes” (2014), “Miss Peregrine’s Home for Peculiar Children” (2016), “Dumbo” (2019) зэрэг кино багтана.

Тим Бёртон бол зөвхөн найруулагч, продюсер, зохиолч төдийгүй зураач юм. Түүний зураг, уран бүтээлийн үзэсгэлэн 2009–2010 онд Нью-Йоркийн “Museum of Modern Art”-д тавигдаж, 700 гаруй зураг, уран зураг болон бусад бүтээлийг олон нийтэд танилцуулжээ.
Энэ нь Бёртоны киноны дүрслэлийн ертөнц хаанаас бий болдгийг ойлгоход чухал. Түүний кинонд гардаг этгээд дүрүүд, мушгирсан модод, хачирхалтай байшингууд, урт мөчтэй хүмүүс, гунигтай инээдэмт ертөнцүүд нь киноноос өмнө түүний зурган дээр амьдарч байжээ.
Тим Бёртон Холливудын “томьёо”-г дагаж амжилтад хүрсэн найруулагч биш. Харин өөрийнхөө этгээд, харанхуй, хүүхэд насны төсөөллөөс бүтсэн ертөнцийг олон сая үзэгчидтэй хуваалцаж чадсан уран бүтээлч юм. Тиймээс Тим Бёртон бол харанхуйг айдас биш, гоо зүй болгож чадсан найруулагч. Түүний бүтээсэн ертөнц бусад найруулагчийн кинотой андуурагддаггүй бөгөөд энэ нь түүнийг орчин үеийн кино урлагийн хамгийн өвөрмөц дүрслэлтэй уран бүтээлчдийн нэг болгосон гол шалтгаан юм.



